Бид бүхний бишрэл залбирлыг бүрнээ хураасан Хан уул минь ээ.
Ачлал буян ивээл тусаа хүртээсэн Хайрхан уул минь ээ.
Их талын эзэн түмнээ тольдсон оргил тэргүүн Овоо минь ээ.
Сүсэглэн дээдлэх өргөлийн өчлөө оршооё.
Өндөр дээдсийн түүхнээ Улхан алдрын данстай
Өргөн талын зооноо холын сүрлэг бараатай
Гэгээн сэцэн Ханы голомт залгасан ноёдын
Гүн хүндлэл, чин сүсгийн бишрэлтэй
Айлтгал эгээрэл болгоон тунгаах чадалтай
Аврал энэрэл хүртээн соёрхох шидтэй Хан уул минь.
Билгийн чандад хүрсэн номын их мэргэд
Бишрэлийн ухаарал, сүсгийн буянаар таалах
Шүтэхийн язгуур тахилга судар, уншлага сангаа
Шүлэглэн зохиож, ая дангийн эгшиглэнтэй өвлүүллээ.
Өнөөдөр бид шашин номын ёс, уламжлалаа дээдлэн
Өгөөмөр буян, өлзий хишгийг тань хүртэхээр
Ачлалт уулынхаа эзэн тэнгэр, савдаг сахиус хотол бүгдийг
Амьдчилан залж, хүмүүнчлэн харилцаж
Тахилга сан, ая дан, тавил тайлгаар таалан цэнгүүлье
Аливаа хүсэл эгээрлээ болгоон соёрхохыг айлтган залбиръя
Алдал ослоо өршөөн хэлтрүүлэхийн хүлцэл өчье.
Унаган байгалиа хадгалан хамгаалах төрийн бодлого
Уул усаа бишрэн шүтэх шашин номын сургаал эвсэх
Хос ёсны барилдлага хотол олны сэтгэл, үйлд шингэн
Ард олон цөмөөрөө төрийн хуулиа хүндэтгэн дагая
Ариун номоо дээдлэн шүтэж, ач тусыг ашидад хүртье.
Байгаль орчин, газар шороотойгоо зөв сайхан харьцаж
Баялаг нөөцийг хайрлан, ариг гамтай ашиглаж
Онгон дагшин тогтоц, унаган төрхийг хадгалахад
Олон түмэн, иргэн бүхний үүрэг эрхэм чухлыг айлтгая
Хан уул Таны тавил тайлга тахилга сангийн ёслол
Нэгэн их сав нутгийн эзэд сэлтэс лус савдгийг аргадахын учир
Дөрвөн зүг найман зовхисын газар орноо бишрэн дээдэлье.
Дорнод нутгийн уугуул суугуул зон олон
Ирүүл, одуул иргэд цөмөөрөө Хан ууландаа
Цацлын дээжээ өргөн
Сэтгэл итгэл, бишрэл залбирлаа даатган
Ачлалын буян, энэрэлийн ивээлийг хүртье
Хайрхан Хан уул минь ээ
Зон олны минь заяа буян
Цог хийморийг тэгшитгэн бадрааж
Хур бороог цагийн аясаар хайрлаж
Өлөн зудыг өнөд холтгож
Буянт малын өгөөж хишгийг арвитгаж
Буурал дээдсийн буурийг бататгаж
Эмгэг өвчин, элдэв тотгор
Гай зовлон, гамшиг аюулаас
Авран ивээхийн сацуу
Төрийн үйл өөдрөг сайн
Түмний сэтгэл амгалан байхыг сүсэглэн
Өчлөөн өчиж, цацлаан цацаж мөргөе.
Ард иргэн бүхэнд эрүүл энхийн жаргал хурж
Айл гэр, ажил үйлс тэгш сайхан бадарч
Орон нутаг зон олноороо
Хөгжин мандахын ерөөл өргөж
Эцэг тэнгэр, этүгэн эхэд бишрэн мөргөе
Хурай хурай хурай
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30867
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих