
Мянга мянган оны уртад халиуран давалгаалсаар буй хиаг, хялганын толгой өвдөг чацууран ганхах агаад өлчир торниун буйгаа илтгэх мэт тэргүүнээ тэнгэр өөд өргөх нь зуны сарууд бороо хур элбэг байсныг илтгэх аж. Гандаж гундах нь яагаа ч үгүй хөмөл, таанын хурц үнэр ханх тавьж, өчигдрийн бороонд өнгө зассаныг үзвэл тал нутгийн намар шувтрах болоогүй аж. Торж саатах юмгүй тал газрын салхи хуйлран хуралдах үүлсийг өрнөөс дорно руу туух агаад тэр зүгт тэнгэр газар уулзан учирч, уусан сүлэлдэх мэт зэрэглээтэн үзэгдэх нь соньхон. Үзье гэвээс үүнээс өөр дүр зураг үл буух дорнод Монголын талд хойно урдаа орон цувах хоёр жижиг тэрэг, дунд оврын хоёр автобус уудам талыг хагалан хуваасан урт замыг захлан зогсвол аппарат мөрлөсөн хүмүүс ар араасаа цуван бууцгаав. Цайлахаар цайдам талын дунд үдэлсэн аяны хүмүүс эзгүй талд инээд наргиан дэлгэж, хөл хөөр болох бөгөөд туулах замынхаа тэхий дунд ирээд буй нь энэ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ)-ноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зурагчдын хөтөлбөрт хамрагдаж, эх орны зүүн хязгаарт дөрөө мултлах завшаан тохиосон билээ.
Орос, Монгол, Хятад, Япон, Солонгос, Турк зэрэг зургаан орны гэрэл зурагчид нийлсэн 26 хүнээс бүрдэх баг Халхын голын ялалтын тэгш ойг тохиолдуулж "Өнөөдрийн Монгол”-ыг зураглахаар дорно зүгт мордсон хэрэг.
Цай цүү болон бужигнах олны дундаас сугаран гарч, тэнгэр мэт тэнэгэр талыг ажихуй тэр гэх тэмдэггүй уудам хязгаар цэлийнэ. Кыргызийн нэрт зохиолч Чингиз Айтматовын "Цаазын тавцан” романыг уншиж бараад үйл явдал өрнөдөг Моюнкумын талыг сэтгэлдээ зураглаж, "Хэзээ нэг өдөр тэр уудам талын дунд тэрий хадан унаад, тэнгэр ширтэн өдөржин хэвтэнэ дээ” хэмээн бодож байснаа санав. Ер юунаас болдгийг мэдэхгүй ч тал нутаг намайг тайтгаруулдаг. Тийм ээ, нүдэнд торох юмгүй нүцгэн тал надад амар амгалангийн орон шиг санагддаг. Тиймдээ ч дорнод Монголын уудам талыг үзэнгээ 80 жилийн тэртээх түүхэн ялалтын өлгий нутагт хөл тавьж, ялсан ардын амьдрал ахуй, дайн тулааны намтар хууч, түүхэн газар орон, хөшөө дурсгал, хүн зонтой уулзан учирна гэхээс сэтгэл санаа тогтож өгөхгүй явав. Ийн бодолд дарагдсаар эргэн замдаа гарлаа. Цаг хугацаа зогсчихсон гэлтэй эзгүй ханхай оргих өргөн тал өмнө минь зурайна. Сэтгэл санаа уужирч, ухаан бодол уудам талын хаа нэгтээ тэнэж оджээ.
ЧОЙБАЛСАН ХОТ
Хотоос гарсаар хоёр дахь өдрийн орой, нар буусны дараахан Чойбалсан хотод хөл тавив. Аяншиж ядарсан замын хүмүүс зочид буудлаараа ч оролгүй оройн хоол идэхээр онгорхой газар хайж явсаар хотын захад иржээ. Автобуснаас буув уу үгүй хуучин цагт баригдсан нь илт үйлдвэрийн бололтой барилга нүднээ тусах бөгөөд хамаг цонхыг нь хааж тагласны дээр хаалганд нь зэв идсэн гинж зүүж, бахим цоожоор даруулжээ. Нэлдээ шар тоосгоор өрж босгосон мөнөөх барилгын ханан дээр "ялалт” гэх үгийг улаан тоосгоор шигтгэсэн нь нүднээ содон тусна. Эл нутаг оронд энэ мэт "ялалт” гэх хаяг, шошготой үйлчилгээний газар, албан байгууллага мундахгүй бөгөөд музей, театр, цайны газар, зочид буудлаас аваад жижиг мухлаг хүртэл "ялалт” гэх нэрийг ярьж тохирсон мэт үүд хаалгандаа хадсан байх. Түүхэн ялалтын өлгий нутаг юм хойно арга ч үгүй биз ээ. Гэвч сайрхах ялалтын цаана бодит байдал ямар байгааг ярих хүн цөөн аж. Хуучин цагт Эрдэнэт, Дархан хоттой эн зэрэгцэн хөгжиж, зүүн бүсийн тулгуур төв, Зөвлөлт-Монголын найрамдлын бэлгэ тэмдэг гэгдэж байсан Чойбалсан хот өөрчлөгдөж гавьсан зүйлгүй өнөө л янзаараа үзэгдэх аж. Нэгэн цагт их бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэр заводууд өргөжин тэлсээр Монгол Улсын тэргүүний аймаг болж байсан гэвэл өнөө итгэх хүн ховор болжээ. БНМАУ-ын хөгжил дэвшлийн оргил үе болох 1960, 1970-аад онд дулааны цахилгаан станц, Адуунчулууны нүүрсний уурхай, Мах комбинат, Хүнсний комбинат, Ноос угаах үйлдвэр, техник туслалцааны барилга тресс, Нефть хангамжийн газар, гадаад худалдааны дамжлага бааз, худалдаа бэлтгэлийн удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, хивсний үйлдвэр гээд тоймгүй олон үйлдвэр, аж ахуйн газар шил шилээ даран босож, зүүн бүсийг бүхий л талаар тэтгэж байв. Гэтэл өнөөдөр дээрх олон үйлдвэрийн газраас хуруу дарам цөөн хэд нь үлдэж хоцорсон бөгөөд бусад нь хувьчлалаас хойш үйл ажиллагаа нь зогсож, дээр дурдсан барилга шиг үүд хаалгаа үдүүлжээ. Аймгийн төвийн баруун хойно үзэгдэх балгасны оройд ёрдойх төмөр яндангаас нэгэн цагт хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон үйлдвэрийн хар утаа олгойдон байсан гэж төсөөлөхөд зүүд зэрэглээ мэт санагдах аж.
Өнгөрсөн онд Чойбалсан хотын 80 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд хотын гэрэлтүүлэгт анхаарч 200 сая төгрөг зарцуулж, Найрамдал паркаас хэрлэн голын эрэг хүртэл гэрэлт гудамжтай болжээ. Өнгө өнгөөр алаглах гудамж талбай уван цуван ирэх гадна, дотны жуулчдын нүдийг хужирлах хэдий ч гаднаа гяланцаг гэгчийн үлгэр мэт санагдана.
80 жилийн тэртээ энэ газар оронд халдах дайсныг дарсан ч ардчиллаас хойш мөнөөх "дайсан”-уудаараа зам гүүрээ бариулахаас аваад элдэв тусламж гуйснаа дурдвал дуусахгүй. Өнөө харах нь ээ тухайн үед халх голын дайнд оролцсон гурван улсын хоёр нь их гүрнүүдийн эгнээнд бичигдэж, дэлхий дахины улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, техник технологийн хөгжлөөрөө гайхагдаж байна. Гэтэл бид 80 жилийн дараа өсч дэвжсэн гэхээс илүүтэй уруудан доройтсон мэт санагдана. Саяхан даа, 1990-ээд оны эхээр Зөвлөлтөөс авдаг татаас тасарч, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй болоход 60-хан жилийн өмнө ялагдлын цагаан туг өргөж байсан ард түмэн гурил будаанаас өгсүүлээд эрвийх дэрвийхээр тусламж үзүүлж байв. Тухайн үеийн тусламжаар олгож байсан, бөөрөн дээрээ японы далбаа бүхий хуурай сүүний төмөр сав одоо ч хөдөөгийн айлуудад үзэгдэх нь бий. Энэ мэт элдвийг эргэцүүлэн явахад өдгөө бидний өмчлөн сайрхах ялалт үнэндээ ялагдал мэт санагдсаныг нуух юун. Ингэж хэллээ гээд эрхгүй гоморхож тунирхах хүн олон гарах биз. Гэвч нэрэн дээрээ ялсан гэх боловч нэдэр дээрээ бид ялагдсан ажээ.
Ийнхүү ялах, ялагдахын тухай бодолд дарагдсаар Чойбалсан хотоос хөдөлж, зорьж яваа халх гол сумынхаа зүг хүлгийн жолоо залав. Улаанбаатар хотоос 1000 км, Чойбалсан хотоос 360 км алслагдсан буйдхан сумын төв хүртэл мөн л өргөн уудам тал үргэлжлэх аж. Буйр нуураас зүүн урагш зурайх замд дайчин алдрын бэлгэ тэмдэг болсон элдэв хөшөө дурсгалууд хөврөх бөгөөд Монгол орны зүүн хязгаарын жижиг суурин болох халх гол сум руу хөтөлнө.
Үргэлжлэл бий.
ЗГМ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих