Олон улсын цэргийн шинжлэх химийн зэвсгийн шинжээч, цэргийн шинжлэх ухааны доктор, хурандаа, Нобелийн Энх тайваны шагналт багийн гишүүн Д.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Монгол хүн нобелийн шагнал хүртсэн мэдээллийг сонсоод монгол хүн бүр баярлаж, бахдаж байлаа. Таньд юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа.
-Шагналаа 2013 онд авсан гэсэн. Яг ямар амжилтаараа та энэ шагналыг авсан бэ?
-Би ганцаараа шагнагдсан юм биш. Өнгөрсөн оны аравдугаар сард манай байгууллага буюу Химийн зэвсгийг хориглох байгууллагыг Нобелийн хороо Энх тайваны шагналаар шагнахаар шийдвэрлэснээр бид шагналаа авсан авсан. Шагналаа авчихаад Монголдоо ирж амжаагүй. Маш их томилолтоор явдаг учраас амжихгүй байж байгаад саяхан ирлээ. Энэ бол нэгдүгээрт хамт олны, багийн шагнал. Тус байгууллагад 1997 оноос хойш ажиллаж байсан генерал н.Хүрлээ, хурандаа н.Нармандах, н.Ганбаатар бид бүгдийн хамтын шагнал. Бүгдээрээ ижилхэн хувь нэмэр оруулсан. Цаашлаад манай зэвсэгт хүчний офицерууд, зэвсэгт хүчний химийн зэвсгийн офицерууд, удирдлага, монгол хүмүүсийн, Монголын ард түмний оруулсан хувь нэмэр гэж ойлгож болно. Энэ бол хамтын шагнал юм.
-Ярилцлагаа таны бага насны үеэс эхэлье гэж бодлоо. Та Завхан аймгийн Ургамал суманд төрж өссөн гэсэн. Бага насандаа ямархуу хүүхэд байв?
-Уг нь бүх хичээл дээрээ онц авдаг байсан. Гэхдээ хааяа сахилгагүйтээд муу авдаг, сахилгагүй хүүхэд байсан. Найм, аравдугаар ангиа онц төгссөн. Тэгээд гадаадын цэргийн дээд сургуулийн хуваарийг конкурсгүй аваад, Тамбовын цэргийн дээд сургуульд зургаан жил сурсан. Бага насны амьдрал хөдөө өссөн. Ялангуяа найман нас хүртлээ сумын төв ч орж үзээгүй байлаа. Ууланд хонь хариулж байгаад сургуульд сурах гэж сумын төв орж үзэж байлаа. Дараа нь аймгийн төв рүү сурах гэж очоод, хойшоо Тамбовын цэргийн сургууль руу явж байлаа. Манай аав намайг дунд сургуульд байхад нас барсан. Бид ах дүү олуулаа учраас аавын гүйцэтгэж байсан бүх үүргийг найм, есдүгээр ангиасаа л хийгээд эхэлсэн. Аав хүн ямар ажил хийдэг, тэр бүгдийг хийж байсан. Ялангуяа тэмээний эрэлд явах их хэцүү. Манайх долоо, найман тэмээтэй. Тэмээгээ эрээд 200, 300 км газар морьтойгоо, ганцаараа, хээр хоноод явдаг байлаа. Бага насны энэ сурсан зүйлс, хатуужил өдий зэрэгт ажиллаж, амьдрахад их тус болдог юм билээ.
-Бага насны энэ хүмүүжил, өссөн орчин нөхцөл олон улсад хүнд хэцүү, үүрэг гүйцэтгэхэд том давуу тал болдог байх. Та НҮБ-ын харьяа ГАГ дахь химийн зэвсгийг устгах олон улсын байгууллагад ажиллаж байгаа. Ер нь хэчнээн орны эрчүүдтэй мөр зэрэгцэж ажиллаж байна вэ?
-Яг химийн зэвсгийн шинжээч мэргэжлээр 20-оод орны 30-аад хүн ажиллаж байна. Нийтдээ бол 100-аад шинжээч бий. Манайх гурван төрлийн шинжээчтэй. Яг химийн зэвсэгтэй гардаж ажилладаг нь би байна. Дараа нь шинжилгээ, анализ хийдэг шинжээч бий. Мөн химийн технологи өндөр хөгжсөн оронд очиж, химийн үйлдвэрийг шалгадаг гэсэн гуран төрлийн шинжээч байдаг. 2005 оны тав, зургаадугаар сард би шалгалт өгч, тэнцээд орсон. Ингээд үндсэндээ есөн жил тасралтгүй, 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон төрлийн шалгуур, шаардлага тавигддаг. Тэр бүгдийг багаасаа сурсан зүйл, мэдлэг боловсрол, чадвараараа л давж байна. Олон хүн шантраад, замаасаа буцдаг. Монгол хүний нэг онцлог бий. Монгол хүнд давахгүй даваа, дасан зохицохгүй орчин, чадахгүй мэдэхгүй зүйл гэж байхгүй. Би тэгж боддог. Монгол хүн болсноороо, Монгол Улсаа төлөөлж тэнд ажиллаж байна гэдгээрээ их бахархаж явдаг.
-Иракт ажилласан монгол цэргүүд ярьдаг шүү дээ. Гадаа дэлбэрэлт болоход монголчууд зэвсгээ аваад гардаг бол гадаадынхан өөрсдийгөө эхэлж хамгаалахаа бодоод, бараг л нуугддаг гэх зүйл ярьдаг. Таны ажиллаж байгаа газарт ч бас иймэрхүү зүйл тохиолдох уу?
-Маш их тохиолдоно. Бүх зүйлд баримтлах зарчим гэж байдаг. Монголчуудын хувьд хамгийн гол зарчим нь бусдын төлөө. Яг тэр зарчмаараа л явдаг. Ялангуяа тусгай хамгаалалттай объектод ажиллаад, хоёр, гурван сар болоход барууны мэргэжилтнүүд сэтгэл санаагаар унахаас эхлээд асуудал гарна. Тэд чинь орой болгон л бааранд сууж байдаг хүмүүс шүү дээ. Тэрийгээ санаад байдаг юм шиг билээ. Хааяадаа бямба, ням гарагт хот руу явуулдаг. Тэгэхэд нь би гадныхныг явуулчихдаг юм. Өөрөө ганц ч удаа хот руу явалгүй хоёр, гурван сар болчихдог. Монгол хүн бол үргэлж л бусдыгаа гэж явдаг. Бусад нь болж байвал бид яах вэ. Зарим үед шинжээчид хүрэхгүй, ажлыг сунгаж үлдээдэг. Нэг сараар ч юм уу үлдэх шаардлагатай болоход хэн ч үлддэггүй. Гэтэл заавал нэг хүн үлдэх ёстой шүү дээ. Би гараа өргөөд "Би үлдье” л гэдэг. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй.
-Таны төрсөн эгч яруу найрагч Д.Сумъяа бил үү?
-Сумъяа гээд яруу найрагч, эрдэмтэн зохиолч. Одоо Шинжлэх ухааны академийн Түвд судлалын тасгийн даргаар ажиллаж байна. Бид ах дүү 10-уулаа. Хотод ганц нэг нь бий. Үлдсэн нь дандаа Завхан, Завхан аймгийн Ургамал сум, Алдархаан гэх зэрэг. Бүгд л мал маллаж, ногоо тарьж байна. Манай төрсөн дүү энэ өвөл цагаан сараар улсын аварга малчин болсон байна лээ. Би сая онгоцноос буугаад шууд Завхан руу явсан. Очиж гурав хоноод, дүүдээ баяр хүргэчихээд ирсэн.
-Ер нь яаж яваад, химийн зэвсгийн шинжээч гэдэг энэ мэргэжлийг сонгох болчихов оо?
-10 жилд долоо, наймдугаар ангиас химийн хичээл ордог шүү дээ. Химийн хичээлээр ангидаа ч, сургуульдаа ч хамгийн сайн нь байсан. Манай төрсөн эгч Д.Цагаанхүү химийн багш хүн л дээ. Тэгээд сургуульдаа ч, гэртээ ч химийн хичээл заалгадаг байлаа. Тэр их тус болдог юм билээ. Ингээд химийн инженер болъё гэсэн чинь цэргийн сургуульд л химийн инженерийн хуваарь байсан. Үндсэндээ цөм, химийн инженер мэргэжлээр орост найман жил сурч төгссөн.
-10 жил гаран ажилласан гэсэн. Таны ажил их л цаг наргүй, хүнд хэцүү байдаг байх. Нутаг орондоо ирээд сайхан амарч чадаж байна уу?
-Цаг наргүй ажиллана. Химийн зэвсэг устгах конвер чинь нэг хөдлөө л бол зогсохгүй, 24 цаг шүү дээ. Амралтаа аваад томилолтоор явах уу, эсвэл Монгол явах уу гэхэд нь томилолтоор явъя л гэдэг юм. 10 жил тэгж яваад, их ядардаг юм байна.
-Олон улсад ажиллаж байхад тухайн орны онцлог, ёс заншилд зохицож ажиллана гэхээр хэцүү юу. Би таныг НҮБ-ын үндсэн дөрвөн хэлийг эзэмшсэн, дээр нь бас хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг гэж сонссон. Энэ бүгдийг та өөрөө сонирхоод суралцаж байна уу, эсвэл ажлын шаардлагаар сурч байна уу?
-Ер нь бол ажлын шаардлага. Бид дэлхийн бүхий л оронд ажиллана. Тухайн оронд очоод хэлийг нь мэддэг байхад маш том давуу тал болдог. Хятадад очоод хятадаар, Арабын орнуудад очоод тэр хэлээр нь ярьчихна. Ганцхан англи хэлээр ярьдаг барууны шинжээчид байдаг. Тэдэнд орчуулга хийгээд өгчихнө. Тэгэхээр тэнд монгол хүний үнэ цэн өсөөд ирдэг. Өмнө нь таньж, мэддэггүй байхдаа Ази хүн, эсвэл Монгол гээд бага зэрэг доош нь дарах гээд байдаг. Тэр зан чанар нь арилаад ирж байгаа юм. Өөрийнхөө мэдлэг боловсрол, чадвараар үлгэрлэхээр хүмүүс өөрсдөө аяндаа хүндлээд ирдэг. Би энэ зарчмыг баримталж ажилладаг.
-Та хамгийн удаан хугацаагаар хаана ажиллаж байсан бэ. Ажиллаж байгаа газар бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, дүрэм журамтай л байдаг байх. Тэр бүгдийг мөрдөж ажиллах ёстой байх?
-Энэтхэгт бараг гурав, дөрвөн сар ажиллаж байсан. Бидний баримталдаг зарчим, дүрмэнд ч бий. Тухайн улсынхаа хууль дүрэм, ёс заншлыг сайн сахиж, хүндэтгэх ёстой. Энэтхэгт ядахдаа хоол идэхдээ л үхрийн мах идэхгүй байх ёстой. Үхрийн мах иднэ гэдэг нь энэтхэгчүүдийг доромжилж байгаа хэрэг болчихно. Эсвэл Арабын орнуудад ажиллаад, арабуудтай явж байгаад хажууд нь гахайн мах идвэл тэднийг доромжилно гэсэн үг. Гэх мэтчилэн идэх уухаа хүртэл тухайн улс орондоо зохицуулах ёстой.
-Их судалгаа хийдэг гэсэн үг үү?
-Аль нэг тийшээ томилолтоор явахаасаа өмнө бид долоо хоног бэлддэг. Энэ хугацаандаа интернэтээр тухайн орны тухай бүх зүйлийг судалдаг. Зам харгуй, агаарын температур гэх мэтчилэн. Бүх зүйлийг судалсныхаа дараа очоод үүргээ гүйцэтгэдэг. Миний хувьд тэр байтугай онгоцноосоо буугаад буудалдаа очиж хоночихоод, өглөө эрт босоод тухайн буудлынхаа эргэн тойрон, бусад дүүрэг, хорооллуудаар нь яваад, хаана, юу байна вэ гэдгийг бүгдийг нь мэдээд авчихдаг. Нэг ёсондоо цэргийн ёсоор туршуул хийчихэж байгаа юм. Тэгээд орой ажил тараад ийш, тийшээ явах болоход би бүгдийг нь мэдчихсэн байж байдаг.
-Та хэчнээн улсад ажиллаж байсан бэ?
-20-оод оронд ажиллаж байсан. Химийн зэвсэгтэй Орос, Америк, Ливи, Сири гэсэн дөрвөн улс руу голцуу явна. Дээрээс нь сургалт гэх мэтчилэн бас бус зорилгоор ийш, тийшээ явна. Зарим улс орнуудын хувьд химийн зэвсгээ устгаад дуусчихсан учраас явахаа больчихсон байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар бол эдгээр дөрвөн улс руу л явж байгаа.
-Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд уран, шар нунтаг гээд л маш их ярьж, хэлж байгаа. Нэг хэсэг нь үүнийг ерөөсөө оролдож болохгүй гээд, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэх жишээний. Та яг энэ салбарт ажилладаг, химийн зэвсэгтэй ажилладаг хүний хувьд энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Үй олноор хөнөөх зэвсгийн гурван төрөл байгаа. Нэгдүгээрт, цөмийн зэвсэр, хоёрдугаарт химийн зэвсэг, гуравдугаарт бактерлогийн зэвсэг. Энэ гурав бол үндсэндээ миний мэргэжил гэж ойлгож болно. Цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн зэвсгийг цөмийн зэвсэг гэнэ. Цөмийн урвалаас ялгаран гарах энерги маш олон төрлийн хөнөөх чадвартай. Хэдэн зуун жилээр урвалд орж, газар орныг хордуулдаг. Химийн зэвсгийн хувьд химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт хэрэглэнэ. Химийн хорт бодис бие организмд нөлөөлж, үхэлд хүргэх зорилготой зэвсэг гэсэн үг. Бактерлогийн зэвсгийн хувьд био, вирусээр хийгдсэн зэвсгийг хэлж байгаа юм. Монгол Улс болон дэлхийн хамтын нийгэмлэг энэ гурван зэвсгийг гурвууланг нь бүрэн утсгахын төлөө зорьж ажиллаж байна. Манай байгууллагын хувьд зөвхөн химийн зэвсгийг бүрэн утсгах, дэлхий нийтийг химийн зэвсгээс ангижруулах үндсэн үүрэгтэй ажиллаж байгаа. Манай улсын хувьд химийн болон бактерлогийн зэвсэг хэзээ ч байгаагүй. Цаашид ч байхгүй. Ямар нэгэн байдлаар байх ямар ч үндэс байхгүй. Орос химийн зэвсгээ устгаад дуусаж байгаа. Хятад бол химийн зэвсэг байхгүй. Мэдээж том гүрнүүдийн хувьд цөмийн зэвсэгтэй байна. Гэхдээ Орос Америк хоёр харилцан зөвшилцсөний үндсэн дээр цөмийн зэвсгээ асар их хэмжээгээр багасгаж байгаа. Тэгэхээр дэлхий нийтийн хамтын нийгэмлэг, хүн төрөлхтний зорилго бол ерөөсөө л энэ үйл олноор хөнөөх зэвсгийг бүрэн устгах. Үүний төлөө бүх сайн санаатай байгууллага, хувь хүн, улс орнууд зүтгэж байна. Энэ бүхний эн тэргүүнд манай Монгол Улс анхнаасаа явж байгаа.
-2017 он гэхэд даян дэлхий даяараа химийн зэвсэггүй болно гээд байгаа?
-Цаг хугацааны хувьд дахиад бага зэрэг сунгаж магадгүй. Үүнийг гишүүн орнуудын хурлаар шийддэг.
-Та хамгийн сүүлд Сирид очиж химийн зэвсэг устгасан гэсэн. Яг хэдий үед, хэр хугацаагаар тэнд ажилласан бэ. Хэлэх боломжтой юу?
-Бидний шилжилт хөдөлгөөн, хаана, хэдий хугацаагаар ажилласан нь нууцын зэрэгтэй байдаг учраас зөвшөөрөлгүй ярьж болохгүй л дээ. Таны түрүүний асуусан асуултад хариулахын хувьд манай байгууллагын хоёр дахь үндсэн зорилго нь энхийн зорилгоор химийн үйлдвэрийг хөгжүүлэх, үүнийг дэмжих. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн бас нэг зорилго нь ч мөн ялгаагүй. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн байдаг. Тийм учраас олон улсын хууль журам, стандартын дагуу Монгол Улс химийн үйлдвэр, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд болж бүтэхгүй гэх зүйлгүй. Энэ бол миний хувийн бодол.
-Ерөнхийдөө бол шар нунтгаа л ашиглана гээд байгаа?
-Ганцхан Монгол Улс шар нунтаг, уран олборлоно, атомын цахилгаан станц барина гээд байгаа юм биш. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд шар нунтаг, уран олборлож, атомын цахилгаан станц барьж, цөмийн хог хаягдлыг хүртэл устгаж байна. Энэ бүгдийг гагцхүү ном журам, стандартынх нь дагуу л хийх ёстой.
-Та өөрөө их хортой нөхцөлд ажилладаг хүн. Энэ бүх хор, аюулаас өөрийгөө яаж хамгаалж байна вэ?
-Бидний баримталдаг бас нэг зарчим. Ажлаа сайн хийхээсээ өмнө өөрийнхөө аюулгүй байдлыг хангах. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг химийн хорт аюулаас хамгаалах нь миний гол зорилго. Дараагийн асуудал нь хэчнээн химийн зэвсэг байна гэдгийг тоолох, устгах гэх мэт. Тийм учраас манай байгууллагын хувьд ч бас биднийг хамгийн өндөр үнэтэй, найдвартай хувцас, хэрэглэлээр хангадаг. Мэдээж 10 жил химийн зэвсэгтэй ажиллахад эрүүл мэнд, сэтгэл санаанаас эхлээд тодорхой хэмжээнд нөлөөлсөн л байж таарна. Гэхдээ тодорхой хэмжээ хязгаар гэж бий. Тэр хэмжээ хязгаараас хэтрэхгүй л бол бие организмд хоргүй л гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.
Л.Энхдэлгэр
эх сурвалж: eagle.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих