Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан түүхэн гэрэл зураг болон товч мэдээллийг хүргэж байна.
Улсын анхдугаар их хурал 1924 оны 09 дүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд нээгдэж халхын 4 аймаг, Дөрвөдийн 2 аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ.
Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 15 минутанд санал нэгтэй баталжээ. Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 95 жил болж байна.
Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.
Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=32805
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих