
Буйр нуурын зүүн талаас 23 км, баруун талаас 20 км-т буюу нуурын эргийн дунд хэсэгт оршдог энэхүү амралтын газраас хийсэн сурвалжлагаа та бүхэндээ толилуулж байна.
Дорнод аймгийн Чойбалсан хотоос 2020 оны 8 дугаар сарын 6-нд Мэнэнгийн тэгш талаар 3 цаг орчим давхисаар Буйр нуурын хөвөөн дэх "Баян буйр" жуулчны баазад ирсэн юм. Энэ нуурын 10 хувь нь БНХАУ-ын нутагт харьяалдаг бөгөөд Монгол Улсад ганц байгаа усан хил юм.

Биднийг Буйр нуурт ирэхийн өмнөх 7 хоногт энд маш их салхитай, бороотой байсан гэнэ. Харин биднийг Буйр нуурын эрэгт ирэхэд цаг агаар маш сайхан байсан нь нэн таатай байлаа. Буйр нуурын ус бүлээхэн, сүү шиг л зөөлөн бөгөөд маш дөлгөөн нуур юм байна.

"Баян Буйр” аялал жуулчлал, амралтын газрын эзэгтэй Даваасүрэнгийн Наран хэмээх ажилсаг шаавай бүсгүй, энд зорин ирсэн биднийг найрсгаар хүлээн авч гэрт байрлуулсан юм. Тус амралтын газар энэ алс хязгаар нутгийнх гэхэд амрагч, жуулчдын ая тухыг хангасан байдал, хийж тохижуулсан ажил, үйлчилгээнээс шууд харагдаж байлаа.

Амрагчдад зориулсан тохилог байр, монгол гэртэй, нуурын эрэгт наран шарлагын зориулалтын ор, сандал, сүүдрэвч, хогийн сав зэргийг байрлуулжээ. Мөн нуурын усанд орох хүмүүст анхааруулсан хязгаарлалтыг улаан, цагаан бөмбөлөгөөр зааглаж өгсөн байв.

Энэ бүхнээс харахад үйлчлүүлэгч жуулчид, амрагчдын ая тухыг олон улсын жишгийн дагуу болгохыг зорьж ажилладаг нь мэдрэгдэж байв. Ирсэн амрагчдад захиалгаар төрөл бүрийн хоол, цай болон цэвэр ус, ундаа, амттан, чихэр, жигнэмэгийн худалдаагаар үйлчилдэг юм байна.

Амралтын өдөр тутмын ажлыг түүртэлгүй хийж байгаа Д.Нарантай орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж яваа гэр бүлийн ажил үйлсийн талаар яриа өрнүүлсэн юм.
-Танайх Буйр нуурын эрэгт "Баян Буйр” амралтын газраа байгуулаад хэдэн жил болж байгаа вэ?
- Анх 2017 онд бид хоёр гурван гэр бариад, гал тогоогоо миний толгойд хүрсэн өндөртэй /150 см/ майханд эхлүүлж байлаа. Өнөөдөр тэр үеийг бодоход ийм болчихоод л байж байна. Алдаа оноогүй юм гэж юу байхав, засч тохижуулж байна. Буйр нуурт ирсэн хүмүүс энэ нутгийн сайхныг мэдэрч, ая тухтай амраад буцвал биднийг гэхээсээ энэ сайхан нутгийн маань нэр гарна, аялагчид манай амралтын газрыг зорьж ирнэ гэж бодож, хичээж байдаг.

-Буйр нуураар өмнөд хөрштэй хил залгаа, бас үнэхээр байгалийн үзэсгэлэнт нутаг болохоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай юм байна?
-Манай нутгийг зорин ирэх хүмүүс гадаад паспортоо аваад ирвэл, энд хэд хоног Буйр нуурын эрэг дээр тухтай сайхан амарчихаад, эндээс ердөө 2 цаг давхиад л Баянхошуу боомтоор хил гараад БНХАУ-ын Амгаланбаатар, Хайлаар, Манжуур хотуудаар очиж шопинг хийж, хөрш улсын хөгжлийг үзэж сонирхоод, аялаад ирэх боломжтой.

-Та өөрөө энэ нутгийн уугуул иргэн үү, гэр бүл, мэргэжлийнхээ талаар танилцуулна уу?
-Би Баянхонгор сумын Баацагаан сумын хүн. Миний төрсөн нутаг говь хангай хосолсон нутаг. Чойбалсан хотын ХАА-н техникумын оюутан байхдаа ханьтайгаа танилцаад энэ нутгийн хүн болсон. Манай нөхөр Чимэддоржийн Нямсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын уугуул. 1984 онд 8 дугаар анги төгсөөд ХАА-н техникумд суралцаж 1987 онд улаан дипломтой онц төгсөж байлаа. Оюутан байхдаа их нийгмийн идэвхтэй, сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга байлаа. Сургуулиа төгсөөд ХААДС-д суралцах хуваарь авсан ч хөл хүнд болж том охиноо төрүүлээд явж чадаагүй. Дээд сургууль төгсөөгүй ч сайхан хань, энэ сайхан нутгийн буянаар ажилтай, аз жаргалтай сайхан амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Та хоёроос гадна энд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Тогооч, 2 туслах ажилчин байна. Нэг охин маань амралтаараа ирээд туслаж байгаа. Хүүхдүүд маань бие даагаад ажил, амьдралд хүрчихлээ. Бид хоёрын хувьд дутах зүйл алга. Тиймээс ч "Гэрээ засаад, төрөө зас” гэдгээр нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор энэ сайхан нутаг, Буйр нуураа түшиглэн амралт, аялал жуулчлалын салбарт ажиллаж явна даа. Бид эхлээд нуурын эрэгт газар авч сумын ИТХ-аар оруулж зөвшөөрөл аваад амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар болж байлаа. Анх газраа авахдаа нуурын баруун тал руу малаа аж ахуйгаа бараадаад, нуурандаа орох, усанд сэлэлт байхгүй буруу газар сонголт хийсэн байв. Харин тэр газраас 2019 онд нүүж энд ирээд тохижиж л байна. Нуурын ус эрэг орчмоор 40 см-ээс 1 метр гүнтэй гүехэн, цэвэр тунгалаг учраас хүүхэд, хөгшид, бүх насны нуурын усанд ороход нэн тохиромжтой. Манай хүн ачааны машинаараа 7 хоногтоо нэг яваад аймгийн төвөөс бараагаа татаж авдаг.

Бидний энд байх 3 хоногт тус амралтын газарт ирэх амрагчид огт тасрахгүй байсан бөгөөд нэг ээлжиндээ 50 шахам хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм билээ.

Буйр нуурын талаар товч танилцуулахад,Дорнод аймгийн Халх гол сумын Монгол Улсын хил дээр орших энэ нуур нь Монголын 5 дахь том нуур бөгөөд далайн түвшнээс 581 метр өндөрт орших 615 ам дөрвөлжин км талбайтай цэнгэг уст нуур юм. Нуурын урт 40 гаруй км, өргөн нь 21 км бөгөөд усны гүн нь дунджаар 6 м, хамгийн гүн нь 16 м хүрдэг. Нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац бүхий Халхын голын ус юм. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуур /БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймагт байдаг/-т цутгадаг. Нуур нь адаг орчмоороо намагтай, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувуу олноороо бөөгнөрөн цугларч өндөглөдөг. Буйр нууранд 45 овгийн, 122 төрлийн 236 зүйлийн шувуу, 49 зүйлийн хөвөгч замаг, 57 зүйлийн хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйлийн тана хясаа, 6 овгийн 34 зүйлийн загас байдаг нь судалгаагаар батлагдаад байгаа аж.
Энэхүү үзэсгэлэнт нуурын эргээр аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутгийнхан болон бусад аймаг, нийслэлээс дотоодын жуулчид олноор ирж амардаг болжээ. Үүнийгээ дагаад нуурын эргээр аялагчид дураараа буудаллаж байгаль орчныг бохирдуулах нь хамгийн тулгамдсан, анхаарал татсан асуудал болоод байгаа аж.
Байгалийн үзэсгэлэнт энэ бүс нутагт орон нутгийн захиргаанаас төдийгүй төр засгаас анхаарал хандуулж тодорхой журам, зохицуулалт хийхгүй бол хэдхэн жилийн дараа нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл байгааг нутгийн иргэд, "Баян Буйр” амралтынхан онцлон хэлж байсан юм.
Тал нутгийн үзэсгэлэнт мэлмий болсон Буйр нуураас баруун зүгт 100 шахам км урт, 60 гаруй км өргөн газар нутгийг хамрах алдарт хялганат тал болох Мэнэнгийн тэгш тал нэн гайхалтай. Мөн энэ нутагт Халхын Сэцэн Хан аймгийн То Ван /1797-1867/-гийн удирдлагаар 1859-1864 бүтээн босгосон Их Бурхант цогцолбор байдаг.

Монгол Улсын хилийн зааг хязгаарт 80 гаруй жилийн өмнө болсон Халхын голын дайны ялалтын түүхийг гэрчлэх ул мөрөө үлдээсэн дурсгалт газрууд оршдог.

Мэнэнгийн тал нутагт Халхын голын дайн болсон түүхэн газруудаар зорчиж ЗХУ-ын Маршал, ЗХУ-ын 4 удаагийн баатар, алдарт жанжин Г.К.Жуковын төв штаб байрлаж байсан газар, Дандар баатар "Улсын баатар" цолоо хүртсэн газарт босгосон түүний хөшөө, 90 баатарын хөшөө, Ялалтын хөшөө, Халх гол /шинэ/ сум, Ялалтын музей гээд дурсгалт газрууд байдгийг бид нэг өдөр явж, үзэж сонирхсон юм.



Халх гол сумын 2 дугаар багт орших байнгын ажиллагаатай Баянхошуу хилийн боомт байдаг. Уг боомтоор зорчин БНХАУ-ын Хайлаар, Амгаланбаатар, Рашаант, Манжуур хотоор аялах боломжтой юм билээ. Харин энэ жилийн хувьд коронавирусний цар тахлын улмаас тус боомт ажиллахгүй, хаалттай байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих