Хүн гэдэг амьтан зовлогоо зовоохгүй шиг байж байгаад л арвин зоос
олоод авчих юмсан хэмээн бодож явдаг төрөлхийн араншинтай амьтан аж.
Энэ зан авираасаа төрсөн цагаасаа эхлэн төө ч холдож салж чадаагүй хүн
бол Хүдэрээ юм. Тэр яаж ийж байгаад амар хялбар аргаар бэлэн зэхээний
юман дээр буучих вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг өнөө цагийн
хүмүүсийн нийтлэг дүр төрхийн нэг. Тэр зангаараа олзыг их бага
гэлтгүй олон ч удаа авч явсан намтартай.
Орос цэргийн ангийнхан хамаг эд хөрөнгө, хогшлоо хаяад явахад хэн ч зориг гарган очихгүй байхад тэрээр ганцаараа лоом жоотуу бариад очиж байсан удаатай. Дараахан нь хятадууд төмөр өндөр үнээр авч байгаа сургаар хашаандаа буулгасан хөсрий хэдэн төмрөө үнэд хүргэж өгчихөөд алгаа үрэн баярлаж байсан нь саяхных. Тэр ер нь ажил хийе гэхээсээ илүүтэй ашиг унагах л зүйл рүү шунгаад орчихдог. Алт хаана хамгийн их гарч байна, тэнд л Хүдэрээ цохиж явна, ашиг унагах ямар наймаа байна, тэнд л нэр нь бичигдэж явна.
Харин өнгөрсөн жилээс эхлэн Хүдэрээгийн төрсөн нутагт өвөг дээдсийн шарил олноороо олдож, өнөөхийг нь улс өндөр үнээр худалдаж авч байгаа тухай яриа сонссоноос хойш тэрээр нойргүй хонох болжээ. Эхнэртээ энэ тухай дуулгаж, дулаан хувцас, дуран авай багаж бэлдүүлэх гэсэн ч эхнэр нь "Одоо байтлаа шарил ухах чинь дутаа юу. Олсон олз чинь амьдралд хүрээд байна, олиггүй ажилд хуруу гараа дүрж яах гэсийн" хэмээн дургүйцжээ. Эхнэрээ ийн дургүйлхэхэд хэсэгтээ азнасан ч ММ агентлагийн "Цагийн хүрд" нэвтрүүлгээр "Булган аймгийн нутагт Хүннүгийн бүхэл бүтэн бунхан илрүүлснийг улс хамгаалалтандаа авлаа. Уг бунханыг олсон малчин залууст улсаас тус бүр нь 70 сая төгрөгийн урамшуулал олголоо" гэсэн мэдээ гарсан нь түүний сэтгэлийг дахин хөвсөлзүүлж орхив.
Дотор сэтгэлд нь цучил төдийхөн байсан түүний шуналыг энэ мэдээ нэг мөсөн түймэр болгон дүрэлзүүлжээ. Ямар ч тооцоо судалгаагүйгээр тэрээр ердөө маргааш нь булш бунхан ухах ажилдаа гарахаар хөдөөг зорьж байлаа. Нутгаа санасан хүний сэтгэлээр очиж буй тэрээр үнэндээ ашиг хонжоо хайж ирж байгааг нутгийнхан нь гадарласангүй. Ялангуяа тэрээр нутгийнхаа хөгшчүүлийнхээр орж, хаана ямар хиргэсүүр байгаа, булш бунхан хаагуур илэрч байгаа эсэхийг тандаж мэдэхээр нэлээд хэдэн өдөр айл айлаар хэсэв. "Явсан нохой яс зууна" гэгчээр хөгшчүүлээс хаана ямар бунхан хиргэсүүр байдгийг ч заалгаад авчээ. Тэдний ярилцах нь газрын гүнээс мөстлөг энэ тэр ч гэнэ үү, тэндээс олдсон эртний хүний шарил нь алтан шаргал үстэй, монхор хамартай байсан гэнэ. Бараг өндөр Гонгороос дутахгүй урт мөчтөй, бас хажуунаас нь ваар, хутга, шилбүүр зэрэг эд өлгийн зүйлс олдсон нь хэдэн мянган жилийн өмнөх олдвор болох нь гарцаагүй мөн гэлцэн ярьцгаасныг Хүдэрээ өөрийн "хард дискэндээ" хэзээ ч мартагдахгүйгээр тэмдэглэж авчээ.
Хөлжиж, баяжих хүслээс өөр онц бодолгүй шахам Хүдэрээ археологийн олдворыг хамгаалж буй нэгэн залуугаас "Та нар энэ аль дивангарт үхсэн хүний өгөр ясыг юундаа хамгаалаад байдаг юм бэ, энэ тэгээд ямар ид шидтэй, хэр үнэ цэнэтэй юм бэ дээ" хэмээн мэдэхгүй хүний царай гарган мэдэн будилан асуужээ. Угтаа тэрээр дээрх олдворуудын үнэ цэнийг мэргэжилтнийх нь амнаас гарцаагүй мэдэж авах нь туйлын зорилго нь байлаа. Өнөөх залуу ч нутаг усны хэнэггүй нэгэн эр байна гэж санасан уу "Маш их үнэтэй. Үүний үнэ цэнийг та бид хоёр илэрхийлж ойлголцож чадахгүй болов уу. Ямар ч байсан ийм олдворыг улс маш өндөр үнээр үнэлж байгаа. Энэ чинь бидний өмнөх түүхийн олон эх сурвалжийг бидэнд хэлж өгдөг юм шүү дээ" хэмээн археологич залуу үнэн голоосоо хэлжээ. Ийм л үг сонсохыг хүсч байсан Хүдэрээд хүссэн хариултыг нь өгсөн болохоор тэрээр ихэд сэтгэл хангалуун тэндээс хөдөлжээ.
Харин одоо ийм хиргэсүүр булш бунхан хаана байгааг яаж олох вэ гэдэгт л анхаарлаа хандуулж эхлэв. Бас л нутаг усын хөгшчүүлээс мэдээлэл цуглуулж, Эртний овоо хэмээх газарт нэлээд хэдэн хиргэсүүр байдаг тухай баттай мэдээ олж мэдэв. Ингээд нэг л өдөр Хүдэрээ "хайгуулчны багажаа" бүгдийг нь үүрч аваад Эртний овоо хэмээх бяцхан уулын өвөр бэлд орших иртэй хүрэн чулуудыг уур омог, уйтгар харууслын илэрхийлэл болгосон юм шиг шовх үзүүрийг нь дээш харуулан шивээлж босгосон эртний булшин дээр очоод царил жоотуу зэргээ сүртэй гэгч нь буулгажээ. Хэдэн ч үе улирч хөрс шороондоо урган төлжсөн нь эс мэдэгдэх догшин хүрэн чулуунд хүрсэн түүний цари, жоотуу зүрхшээн халирах шиг "жин" гэсэн жижигхэн чимээ гаргахаас цаашилсангүй. Хүдэрээд хиргэсүүрийг нурааж олон зуун мянган жилийн өмнөх үхсэн хүний өгөр ясыг гаргаж ирэхэд ядах юмгүй санагдана. Гэвч царил ахин дахин ойж буух боловч хэсэг жаахан газрыг эмтэлнэ үү гэхээс хиргэсүүр бүхлээрээ гарч ирэхэд их л төвөгтэй болж ирэв. Хэд дахин цохиод хартал царил нь махийсан уу гэхээс хүрэн улаан чулууд тарж бутарсан нь үгүй. Хэсэг амарч байгаад цохихоор царилаа өргөтөл хүрэн чулуун дээр хүн сууж байгаа нь харагдав. Харагдаж үзэгдэхгүй хүрээд ирдэг ямар сонин хүн бэ хэмээгээд "Сайн байна уу, сайн явж байна уу" гэтэл цаашаа хараад тамхилж суусан эр эргэн харвал энэ цагийн үеийн хүн лав биш аж.
Өмссөн зүүснээс нь эхлээд өнгө зүсийг нь харахад ёстой Эртний овооны эртний хүн гэмээр. Өнөөх хүн нь ч энэ бодлыг нь бататгах гэсэн мэт "Амгалан морилж явна уу" хэмээн мэндлэх нь нэг л аялга өөр ярих юм гэнэ. Гайхсан Хүдэрээ хариу мэнд ч мэдэж чадалгүй хөдөлгөөнгүй зогсоход өнөөх хүн "Өвөг дээдсийнхээ өлмий оршсон хэвлийг юунд ингэтлээ онгичоов ээ" хэмээн асуув. Хүдэрээ хэдэн төгрөг олох гэж хүрз жоотуугаар зэвсэглэлээ гэлтэй биш. Арга нь барагдахаа "Би эрдэм шинжилгээний ажилтан хүн, хөрс шороо онгичиж, хүн амьтан судалж явдаг юм аа" гэтэл "Олон зууны турш амгалан нойрсч байлаа, олиггүй цөвүүн цаг иржээ дээ" гээд харсаар байтал нүдэн дээр нь уурших мэт алга болчихов. Сүнс, хий үзэгдэлтэй таарсан гэдгээ сүрхий ойлгосон Хүдэрээ ухахаа больё гэтэл төрөхөөс нь эхлээд өдийг хүртэл хамтдаа яваа дотор хүн нь унах ашгаа бодооч хэмээн хатгах нь гачлантай.
Өдрийн хагасыг бодол болон суусан тэрээр ядарсандаа болоод хий юм хараа байлгүй, олз омгийн төлөө хангай дэлхийгээр нэг дэмий тэнэлээ, харж үзэгдсэн хий үзэгдэл нь тааралдаагүй юм чинь одоо энүүхнээс айж тэвдээд юу гэхэв хэмээн шийдээд оройн бүрэнхий болох үеэр хүрэн том чулуунуудыг хүүе гэхийн завдалгүй нүдэж гарчээ. Нэг харсан чулуунууд нэлээд бутарсан байх бөгөөд ахиад жаахан цохиод байрнаас нь хөдөлгөчихвөл алт эрдэнэсээр дүүрэн авдар сав гарч ирнэ гэж зориглосон тэрээр шөнийн харанхуй болохыг ч анзааралгүй нүджээ. Нэг харсан түүнийг тойроод өчнөөн олон хохимой толгой тойрон байх бөгөөд буталсан чулуу болгон нь газар буухдаа хохимой толгой болон буух аж.Сүүлдээ бүр өнөө олон хохимой толгойнууд араа шүдээ тачигнуулан алсаас ойртон ирж байлаа. Хүрз жоотуугаа өмнөөс нь шидээд ч хохимой толгойнууд айх нь бүү хэл харин ч улам урагшлан ирэх нь аймшигтай. Нэг л мэдэхэд өөрийг нь бүсэлсэн хохимой толгойн дайралтыг тэсвэрлэхээ больсон Хүдэрээ ухаан алдан унажээ.
Түүнийг сэрэхэд толгой дээр нь хонх дамрын дуу тачигнаж, арц хүжийн өтгөн утаан дундаас тойрон суусан хүмүүсийн зүс царай нэг ялгаран бас буцаж бүдгэрэн байлаа. Дахин нүдээ нээн эргэн тойрны хүмүүсийг ажиглавал хамаатан садных нь дунд өнөө хүрэн чулуун дээр гэнэт гарч ирсэн эртний хүн сууж байх нь тэр. Хүдэрээ түүнийг хараад л дахиад ухаан нь балартжээ. Ламын айлдсанаар дээдсийн газарт гар хүрснээс хиргэсүүрийн сахиус хилэгнэж саа дайрсан гэнэ. Энэ цагаас хойш Хүдэрээ олз омог хайх нь байтугай орондоо хүлээтэй хэвтэж байдаг өөрийн ухаангүй нэгэн болсон байна. Овоо нэг ухаан орохоороо эртний хүний тухай эцэс төгсгөлгүй ярьсаар ухаан нь балартдаг болсоор олон жилийг үдэж байгаа аж.
Эцэст нь өгүүлэхэд "Хиргэсүүр" ухах гэмт хэрэг сүүлийн 5 жилийн дотор маш хурдацтай хөгжиж байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт Хадат, Бунхан, Хөөрхөн толгой хэмээх гурван хиргэсүүр байдаг. Хажуугаас нь харахад бусад овоо толгодтойгоо ижилхэн хадтай толгой харагдах боловч оройд нь гараад гишгихэд дотроо хөндий, хиймэл уул шиг хиргэсүүр байсан байна. Нутгийнхан уг гурван толгойг хиргэсүүр бунхан гэдгийг эртнээс мэддэг байсан бөгөөд сүүлийн үед дотор нь үнэт эрдэнэ, үнэт метал байж магад гэсэн хомхой сувдаг сэтгэлээр хоёрыг нь тамтаг болтол ухаж орхижээ. Эхлээд Хадат толгойг гар аргаар ухаад орхисон байсан бол өнөөдөр хүнд машин механизм ашиглан энэ овоог тэг дундуур нь хоёр хувааж орхисон байна. Эл хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэмт этгээд аймгийн мөрдөнд өөрийгөө боомилон хороожээ. Өвөг дээдсийнхээ шарил, бунхан хиргэсүүрийг ухсан шуналт этгээдүүд энэ мэт бурхны цээрлэлийг хүртдэг аж.
Эх сурвалж: Одоо цаг сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих