УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.ТӨСВӨӨ ЗАСАХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ОГТ ХҮСЭХГҮЙ БАЙНА
-Танай бүлгийн зүгээс хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын өмнө эв нэгдлийг илэрхийлэх ёстой гэдэг уриалга гаргасан. Өмнө нь МАН-ын генсек Ж.Мөнхбат ээлжит бус чуулган хуралдуулж Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хариуцлага тооцон огцруулах ёстой гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ хоёр акц зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Одоо үүсээд байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд дүгнэлт хийсэн хэн ч улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэж хэлнэ. Ийм учраас манай намын бүлэг эв нэгдэлтэй байхыг уриалсан юм. Эв нэгдэлтэй байна гэдэг нь хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлийг нүдээ аниад өнгөр гэсэн үг бас биш.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусчихлаа. Ямар дүн тавих вэ?
-Маш муу гэдэг дүн гарах нь тодорхой байсан, үүнийг ч бид хэлж анхааруулж ч байсан. Төгрөгийн ханш унасан, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан, хөрөнгө оруулалт буурсан, эдийн засаг хямарсан өдрүүд үргэлжилсэн хэвээрээ байна. Хамгийн гол асуудал нь ийм үр дүнд хүргэсэн энэ Засгийн газрын бодлогын алдаа хэвээрээ байгаад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвөөс гадуур, УИХ-ын хяналтаас гадна хэрэгжүүлж буй "Чингис" бонд, "Самурай" бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр эдийн засагт олон олон гажуудлыг бий болголоо. Монгол Улсын төсөв, Бондын төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн төсөв гэсэн гурван төсөвтэй болсон. Хэрвээ энэ бүгдийг төсөвт оруулж тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 20 орчим хувь болж байгаа юм. Энэ алдагдал нь макро эдийн засгийн тэнцвэр алдагдахад хүргэж байна. Төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувьд хүрэхэд л бодлогын хувьд улаан гэрэл асч бодлогоо засах хэрэгтэй болдог.
Харамсалтай нь бодлогоосоо гадна тооцоо нь хүртэл алдаатай төсвөө засахыг Засгийн газар огтхон ч хүсэхгүй байна. Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цаасан мөнгө хэвлэж санхүүжүүлсэн. Цаасан мөнгө хэвлэж эдийн засагт оруулснаар үнэ тогтворждог гэж ямар ухаантан нь энэ эрх баригчдад хэлж өгсөн юм бол доо. Мөн Таван толгойгоос нүүрс экспортолж байсан Чалкогийн үйл ажиллагааг зургаан сар зогсоосон, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай учраа олоогүй гээд олон алдаанаас үүдэн төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 16 хувьд мөн хүрч макро эдийн засгийн бас нэгэн тэнцвэр алдагдсан.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
-Ээлжит бус чуулган заавал хуралдах шаардлага бий юу. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал гэсээр байтал ээлжит чуулганаа угтах нь бололтой?
-Зайлшгүй шаардлагатай. Уг нь эдгээр айлчлалын өмнө хуралдаад 2014 оны төсөв, мөнгөний бодлогодоо тодотгол хийчихвэл зүгээр байсан юм. Эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацааг богиносохын тулд энэ Засгийн газар бодлогын алдаагаа нэг өдрийн өмнө ч гэсэн засах л ёстой. Айлчлалууд дууссаны дараа ээлжит бус хуралдаан зарлаж болно шүү дээ.
-Таны ам.доллар цаашид өснө гэж байсан үг биеллээ оллоо. Цаашид ам.долларын ханшийн чангарал хийгээд төгрөгийн сулралтыг хэрхэн харж байна вэ?
-Төгрөгийн ханш унахад хүргэсэн бодлогын алдаагаа засахгүй байгаа учраас л төгрөгийн ханш цаашид унана гэж хэлсэн юм.
УИХ-ын хаврын чуулган хааж байхад 1826 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 1870 төгрөг хүрлээ. Ханш хэд болох вэ гэдэг асуултад хариулахын өмнө манай эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байгаа вэ гэдгийг хэлэх нь чухал.
Төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувь, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 28 хувь, бараа, үйлчилгээний үнийн өсөлт 15.4 хувь, валютын албан нөөц эрс багассан, улсын өр ДНБ-ий 60 хувь давсан байгаагаас үзэхэд манай эдийн засгийн үндсэн суурь бааз ихээхэн хэврэгшжээ.
Ийм нөхцөл байдалтай байгаа үед төгрөг чангарах тухай зүүдлээд ч хэрэггүй.
БОДЛОГЫН АЛДААГАА ЗАСВАЛ ТӨГРӨГ ЧАНГАРАХ БОЛОМЖТОЙ
-Танай нам 2009 онд 1700 хүрсэн ам.долларын ханшийг 1300-д хүргэсэн туршлага бий. Одоо ингэж буулгах боломж бий юу?
-2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг нөлөөгөөрөө 1930 оны хямралын дараа орох том хямрал гэж эдийн засагчид үздэг. Энэ хямрал ч Монголд бас нүүрлэж төгрөгийн ханш унаж нэг ам.доллар 1320 төгрөгөөс 1670 төгрөг хүрснийг та бүгд санаж байгаа байх аа. Тэр үед УИХ, Засгийн газраас бодлогын гурван арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсэн юм.
Нэгдүгээрт, төсвийн тодотголыг хийж, төсвийн зардлыг 25 хувиар бууруулсан. Ялангуяа төсвийн урсгал зардлыг илүүтэйгээр танасан. Хоёрдугаарт, мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг дөрвөн пунктээр нэмсэн. Гуравдугаарт, иргэдийн банкин дахь хадгаламжинд төрийн баталгаа гаргасан. Үндсэндээ энэ гурван арга хэмжээ богино хугацааны дараа үр дүнгээ өгч эхэлсэн дээ.
1670 төгрөг хүрээд байсан ам.долларын ханш гурван сарын дотор л 1350 төгрөг болтлоо буугаад ирсэн юм даа. Ямартай ч бодлогын алдаагаа засаад зөв бодлого явуулж чадвал төгрөгийн ханш чангарах боломж бий.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ИТГЭЛ ҮНЭМШИЛ БИЙ БОЛОХГҮЙ БАЙНА
-Гишүүд та нарын баталсан Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Ашигт малтмалын тухай гээд олон хууль үр дүнгээ өгч байна уу?
-Улс төрийн тогтвортой, ойлгомжтой байдал, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн төвшин ямар байгааг хөрөнгө оруулагч нар харж байж хөрөнгө оруулалт оруулах, нэмэгдүүлэхээ шийддэг. Улсын өр нэмэгдээд байгаа тохиолдолд ирээдүйд татвар нэмэгдэнэ, хууль эрх зүйн зохицуулалтууд өөрчлөгдөнө гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй шүү дээ.
Нэг нам нь гарч ирээд өмнөх Засгийн газрын бодлогоо үгүйсгээд байвал хөрөнгө оруулалт бас л орж ирэхгүй. Хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил бий болохгүй байна даа.
ИНФЛЯЦИЙГ НЭГ ОРОНТОЙ ТООНД БАРИХ БОЛОМЖГҮЙ
-Төв банкны захирлыг огцруулах тухай асуудал яригдаж эхэллээ. Үнэхээр түүнийг огцруулснаар асуудал шийдэгдэх юм уу?
-Энэ Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан гэдгийг одоо бүгдээрээ мэддэг болсон. Тэгэхээр эдийн засгийг унагасан сайд нар, Засгийн газартай эхлээд хариуцлага тооцох нь зүйтэй. Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулчихаад хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нар, Засгийн газар үлдэж хоцорно гэвэл байдал улам л хүндэрнэ.
-Та бодлогын хүүг дөрөв, шаардлагатай бол таван пунктээр нэм гэсэн шаардлагыг төв банкны удирдлагуудад хэлж байсан. Харин саяхан Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүллээ. Ингэснээр ямар үр дүн гарах бол?
-Тийм ээ, төгрөгийн ханш унаж байгаа тохиолдолд Төв банкны бодлогын хүүг өсгөх замаар төгрөгийн үнэ цэнийг нэмэх ёстой юм. 18 сарын л өмнө нэмэх байсан бодлогын хүүгээ бага боловч хэмжээгээр Монголбанк нэмэгдүүллээ. 2009 онд бодлогын хүүг дөрвөн пунктээр нэмэхэд 1670 төгрөг хүрээд байсан ам.долларын ханш нэг улирлын дотор 1350 төгрөг болтлоо бууж байсан юм. 2009 онд бодлогын хүүг өсгөхдөө төсвийн бодлоготой уяж хийсэн гэдгийг эрх баригчид бас тооцох шаардлагатай.
Төсвийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүйгээр дан ганц бодлогын хүүг нэмснээр хүссэн үр дүн гарахгүй.
-Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд багтааж чадах уу?
-Энэ боломжгүй.
-Ардын нам Засагт хамтран орж ажиллана гэсэн яриа газар авч эхэллээ. Хамтрахгүй гэж байсан танай намынхан ч гэсэн үгүй гэж дуугарахаа больж эхэлсэн нь хар дагуулж байна?
-Хамтрахгүй ээ. Сайд нар болон Засгийн газартай хариуцлага тооцох яриа гарах бүрт АН-ыг МАН-тай хамтрах гэж байна гэдэг цуу яриа идэвхтэй тарж эхэлдэг. Хариуцлага тооцуулах гээд байгаа хүмүүс олон нийтийн анхаарлыг өөр тийш чиглүүлэх гэж ийм яриа гаргадаг гэж би ойлгодог.
Э.Энхболд
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=4888
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих