Халхын голын дайныг алаг морьт Л.Дандар баатаргүйгээр төсөөлөхийн
аргагүй. Энэ дайны түүхэн ялалтын 75 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр
тэмдэглэж ахуй цаг дор түүний хүү Дандарын Ганбаатартай ярилцсанаа
уншигч танаа сийрүүлэн хүргэж байна. Дандар баатрыг Монгол түмэн оюун
санаа, сэтгэл зүрхээрээ өмчилсөн. Тийм ч учраас "Дандар баатрын хүүхэд”
гэх үнэн худал нь үл мэдэгдэх хүмүүс гарч ирсээр авай. Тэгвэл баатраар
овоглосон ганц хүүтэй нь ийнхүү уулзан ярилцах завшаан тохиов. -
Сайхан намаржиж байна уу Та?
-Сайхаан сайхан. Дорнодчууд та бүхэндээ Халхын голын дайны ялалтын баярын мэндийг дэвшүүлье.
- Дандар баатрын хүүгийн хувьд аавынхаа талаар сэтгэлд үлдсэн дурсамжаа хуваалцаач.
- Манай аав ер нь даруу талдаа хүн байсан даа. Хүмүүс зөвхөн өөрийг нь биш, хамт дайтаж явсан хүмүүсийг нь хүндлээсэй гэж хүсч явдаг байсан. Зарим нэг хүн " чи бол цусан гавъяатай баатар” гэх мэтээр ярихад "чи битгий тэгж ярь. Тэр дайнд бүгд л цусаа урсгасан. Би ганцаараа байлдсан биш. Дампилыг, Данзанваанчигийг, Экэйг цусаа урсгаагүй гэх үү” гэж ихэд дургүйлхэж байсныг би чихээрээ сонсч л явсан. Хүний хувьд бол нийтэч хүн байсан. Ялангуяа хүүхдэд их сайн. Хаана л явна хүүхдүүд тойруулаад суучихсан тоглож наадаж суудагсан.
- Дандар баатрыг шаггүй шатар тоглочихдог, морь сайн уядаг хүн байсан гэж сонссон юм байна.
- Аав шатрыг бол с
айн
тоглоно. Би ч энэ спортоор хичээллэж спортын дэд мастер цолтой. Одоо
шатрын клуб байгуулаад 10 гаруй жил хүүхэд залууст зааж сургаж явна даа.
Манай аав морийг бол мэднэ ээ. Дорнод аймагт азарга, их нас, соёолон
насны морьд уядаг байлаа. Улсын наадамд 10 орчмоор давхидаг байсан нэг
бор морь нь Дорнод аймгийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн.
Хэнтийн Галшарын Жамц гэдэг өвгөний хар соёолон Дорнодод түрүүлээд буцах
гэж байхад нь аав тухайн үеийн ханшаар 4000 төгрөгөөр авч байлаа. Хар
морь Дорнодын наадамд хоёр түрүүлж 3 айрагдсан. Би чинь 5 настайгаасаа
уяа морь унаж байлаа шүү дээ.
Дорнод аймагт нэг хэсэг амьдарсан гэдэг?
- Дорнодод 1952 онд ирээд 10 гаруй жил энд амьдарсан. Энэ хооронд барилга конторын дарга, гал сөнөөгч, жолооч зэрэг ажлыг хийж байгаад хөдөө гарсан.
- Дандар баатрыг хөдөлмөрийн баатрын болзол хангаж байсан гэж сонссон юм байна?
- Налайхын уурхайд ажилд оръё гээд очиход нь улс төрийн хэрэгтэн гээд аваагүй юм билээ. Бэрхийн уурхайгаас жонш зөөдөг жолооч байхдаа хөдөлмөрийн баатрын болзол хангасан гэдэг. Гэхдээ өгөөгүй л дээ.
- Дандар баатрын хамгийн дотно найз нь хэн байв. Халхын голын дайнд мөр зэрэгцэн дайтаж явсан олон л хүнтэй ойр дотно байсан байх. Х.Чойбалсан, Лхагвасүрэн жанжин, Бумцэнд гуай гээд.
- Аав дайнд хамт оролцож явсан нөхдөө ихэд хүндэлж харьцдаг хүн байсан. Нэг нутаг усных болоод ч тэр юм уу, Лхагвасүрэн жанжинтай сайхан нөхөрлөдөг байсан. Ёстой насны найзууд байсан даа. Лхагвасүрэн жанжны дүү Зундуй нь аавын 6-р дивизийн салаан даргаар ажиллаж байсан гэдэг. Харин Чойбалсан гуай аавд их сайн байсан юм гэдэг шүү. МАХН-ын 10-р хурлын хүлээн авалт дээр Чойбалсан гуай аавыг Ю.Цэдэнбалтай гуайтай танилцуулж байсан байхав дээ. Бал дарга "алив баатар, нэг татчих” гээд стаканаар архи хийгээд тулгасан гэж ярьдаг байсан.
- Та дайн тулааных нь талаар ааваасаа асууж байв уу. Юу ярьдаг байв?
- Аав дайны талаар ер нь ярихгүй дээ. Гомбожав генерал нэгэнтээ "Дандараас үг сонсох хэцүү дээ” гэж байсан. Найз нөхдийнх нь ярианаас бага сага юм олж сонсч байсан.
- Нэгэн үе баатар маань бүх цол хэргэмээ хураалгаж, хэцүү нэртэд хүртэл орж хэлмэгдэж явсан. Энэ талаар та хэр сайн мэдэх вэ?
- Тэгсээн. Налайхад ял эдэлж байхдаа ажиллаж байсан юм билээ. Тэгсэн Туулын ойр орчмын айлуудаас гомдол ирж гэнэ. Яасан гэхээр "Үхэр мал алга болоод байна. Дандар баатар л идээд байна” гэсэн гэдэг. Тэгсэн харин нөгөө хоригдлууд чинь айлын мал хулгайлж иддэг байна. Газар дээрээ баригдахаараа "өө би Дандар баатар байна шүү дээ” гэхээр л тавиад явуулчихдаг байж. Ингээд аавыг шалгатал хулгайд ямарч холбогдолгүй нь тогтоогдсон. Буцаад шорон руу нь явуулах гэтэл аав "би эргэж тэнд очоод яахав, ахиад л нөгөө Дандарууд чинь гараад ирнэ шүү дээ” гэж. Тэгсэн "за тэгвэл та баруун хязгаарт очиж Оспантай тулалд” гэсэн юм билээ. Ингээд толгойтын баруун салаанд хэд хоног гэр бариулаад хэвтэж. Хэзээ цэргээ өгөх юм бол гээд хүлээгээд байтал нэг өдөр "за баатар, бэлтгэл хангагдсан биз дээ. Одоо мордоно доо гэж. Цэрэг хаана байна, би ямар цэргүүдтэй явах юм бэ гэтэл, та найзуудаасаа авахгүй юу гэсэн гэдэг. Ингээд шоронгоосоо арваад хүн сонгож аваад Оспаныг дарахаар явжээ. Дандаа ял эдэж байгаа тухайн үеийн сайн эрчүүд шүү дээ. 100-150 бодын хэрэгт холбогдсон нөхдүүд. Ингээд Шинжааны нутагт нэвтэрсэн гэдэг.
- Арван хэдүүлхэнээ юу?
- Тийм гэсэн. Оспан чинь их зальтай хүн байж л дээ. Тэнд байна гэсэн мэдээлэл аваад очихоор л хоёр гурван Оспан мордоод давхидаг. Алийг нь гэж танихад хэцүү. Даалгавраа гүйцэтгээд буцаж явахдаа отоонд орж л дээ. Гэнэт өөдөөс нь бууны ам харлаад харагдахаар нь аав чангаар хашгирахтай зэрэгцээд буу тачигнаад явчихаж. Манайхан ч отоог нь сэтлээд гарч. Гарсан хойноо аав "за бүгдээрээ амьд уу, шархадсан хүн байна уу гэхэд бүгд зүгээр. Харин аавын цэрэг өмдний калпиг сэт буудсан байсан гэдэг. Энэ талаар "ачааны хар” хочтой Дашравдан гэдэг хүн ярьж өгсөн юм.
- Баатар хэдэн онд цагаадсан билээ?
- 1964 онд цагаадсан. Уг нь бол хэлмэгдэхдээ хурандаа цолтой байсан. Харин буцаад цол хэргэмээ авахдаа хошууч цол авсан. Тэгэхэд аав надад хандаж " аав нь харин зүүж үзээгүй цолоо зүүлээ шүү дээ” гэж байсныг тод санадаг юм. Аавыг зарим хүн хоёр дахь удаагаа баатар болсон хүн гэж ярьдаг. Цагаадаад буцааж баатар цолоо авсаныг нь бэлгэшээдэг хэрэг байх.
- Сая манай аймагт болсон баярын жагсаал дээр Дандар баатрын эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг харууллаа. Яг өөрийнх нь үү.
- Тийм ээ. Аавын сэлэм, нөмрөг, малгай зэргийг энд авчирсан юм. Аав минь амьд сэрүүндээ сумынхаа хөдөлмөрчдийн хурал дээр сэлэм, нөмрөг хоёрыг минь суманд үлдээгээрэй гэж захиж байсан юм. Төрсөн суманд нь аавын болон Халхын голын дайнд оролцож байсан дайчдад зориулсан орон нутгийн судлах музей байгуулсан. Бүрэгхангай суманд аавын нэрэмжит шагнал хүртэл бий болсонд талархаж явдаг даа.
- Энэ жил Дандар баатрын мэндэлсэний 100 жилийн ой тохиож байгаа юм байна?
- Тийм ээ, энэ жил аавын минь мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг Булган аймаг, Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод өргөн дэлгэр тэмдэглэсэн. Манай охин Гангамөрөн "Алаг морьт Дандар” сангийн тэргүүнээр ажилладаг. Уг сан 15 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Халхын голын дайнд эх орноо хамгаалж тулалдсан баатруудын гавъяаг өнөө үеийн хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой юм.
- Цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа. Н.Мөнхсайхан. /Дорнод сонин/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих