Халхын голын ялалтын яруу алдарт 75 жилийн ойн
түүхэн баярт өдрүүдэд тохиож байна. Энэ түүхэн ялалтын өдрүүдэд ахмад
дайчид 75 жилийн тэртээх ялалтын түүхийг дурсаж, мөр зэрэгцэн тулалдаж,
халуун амиа өгсөн дайчин нөхрөө нулимстай дурсаж сууна. Үүний зэрэгцээ
тэдний хойч үе болсон залуу халаа ч өнөөдөр эх орон дуудахад бэлэн
байгааг дуулгасан юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахмад
дайчид үүнийг дурсч залуу халаа болсон дайчдаараа бахархаж байна. Тус
анги нь маршал Х.Чойбалсан болон Монгол Улсын 10 баатраар овоглож,
тэдний дайчин замналыг үргэлжүүлж яваа томоохон анги нэгтгэл юм. Энэ
ангийн түүхт 90 жилийн ой тохиож, ойн хүрээндээ олон бүтээлч ажлыг
хэрэгжүүлсэн байх юм.
Өнөөдөр олон улсад ч тэр энхийн төлөө нэгдэж, зэвсэгт хүчийнхэн зэр зэвсэг, цэргийн эрдэмд мэргэшихийн төлөө чармайж байгаа ч зэр зэвсэг агсахаасаа илүүтэй эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Энх цагийн бүтээн байгуулалтад яг л нэгэн далны тэртээ эх орныхоо төлөө тулалдаж явсан тэр л халуун цуст хөвгүүдийн замналаар гар бие оролцож байгааг сайшаахаас өөр аргагүй хэмээсэн.
Тиймээс ахмад дайчид маань эрийн хат суулгаж, эр цэрэг болгосон Зэвсэгт
хүчний 016 дугаар ангид яг л энэ бүтээн байгуулалтыг иж бүрнээр нь
цогцлоосныг шагшин магтацгаасан юм. Номын сангаас эхлээд штабынхаа
байрыг хүртэл анги нэгтгэлийнхээ хүчээр шинэчлээд барьчихсан. Тэр ч бүү
хэл шинэхэн цэргийн байр дагуух 300 гаруй метр хар зам тавьж, 2000 метр
хашаа татсан гээд дурдаад барахгүй олон бүтээн байгуулалтыг ахмад дайчид
бахархан ярьсан. Үүний зэрэгцээ тус ангийн захирагчийг ёстой л залуу
хүний эрч хүчээр ажиллаж байгааг яриан завсарт хавчуулахын зэрэгцээ
зэвсэгт хүчний салбар, анги нэгтгэлүүдийг яг ийм замналаар удирдаж явах
нь нүдээ олсон зүйл хэмээлээ.
Тус ангийн захирагчийг манай улсын хамгийн залуу генерал Л.Онцгойбаяр гэхээр дайчин нөхөд төдийгүй эгэл ардууд ч гадарлах болов уу. Цэргийн сургуулийн хатуу дэг жаягийн дагуу суралцаж төгссөн шинэхэн офицер алдарт Зүүнбаянгаас эхлээд Эрдэнэт, Улаанбаатар хотын анги нэгтгэлүүдэд ажиллаж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ залуухан генерал цэргийн анхан шатны байгууллагаас анги захиртлаа дэвшин суралцаж хат суусан нэгэн гэдгийг ч ахмад дайчид яриан завсарт дурдсан.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй Сиерр Леон, Ирак, Чад улсуудад энхийг сахиулах багийн бүрэлдэхүүнийг удаа дараа амжилттай удирдаж, Монгол цэргийн суу алдрыг дэлхийн тавцанд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ч бид сайн мэднэ. Ахмад дайчид цааш өгүүлэхдээ "Өнөөдөр манай батлан хамгаалахын салбарт, зэвсэгт хүчинд ийм замналаар явсан удирдагч ховор доо. Аливаа зүйлийг анхан шатнаас нь эхлүүлж, шат бүртээ амжилт дагуулж явсан хүн л чухал болсон цаг. Тэр тусмаа манай батлан хамгаалахын салбарт ийм хүн хэрэгтэй. Улс орны хамгийн чухал салбар болох батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд өнөөдөр ийн замналаар явсан генерал байгаа эсэхэд ч эргэлзэж байна” гэсэн юм. Нөгөө талаар ид хийж бүтээхийн замаар гал цогтой яваа залуухан удирдагч тун ховор байгааг огтхон ч нуусангүй.
Хал үзэж халуун чулуу долоосон ахмад дайчид ийнхүү нэгэн тугийн дор нэгтгэж явсан ангийнхаа 90 жилийн ойн баяраар урилга өвөрлөн очоод шилдэг удирдагчийн бүхий л ажиллагаанд ам сайтай, сэтгэл хангалуун иржээ. Залуу эрч хүчтэй, ид хийж бүтээхийн төлөө явж байгаа генералыг хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай гутаах, гүтгэх асуудал байна. Ийм хүнийг дэмжиж ажиллах учиртай ч "тамын тогооны үлгэр" ярьсаар байгаад ахмад дайчдын хувьд ихээхэн эмзэглэж байгаагаа дуулгасан юм.
Н.Дөл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих