Энэ
удаагийн дугаарын зочноор Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын захирал
Г.Цоггэрэлийг урилаа. Тэрээр чуулгын захирлаар ажиллаад хоёр жил болж
буй ч уран бүтээлийн ургац арвинтай, уран бүтээлчид нь ам сайтай
байна.
-Уран бүтээлчдийн улирал иржээ. Танайх өвөл цагийн нээлтээ энэ амралтын өдрүүдэд хийх гэж байна уу?
-Манай хамт олон энэ зун 100 гаруй хоног тасралтгүй тоглолт хийж бараг Гиннесийн номд орохоор ажиллалаа. 190 уран бүтээлч маань өдөр бүр 18 цагаас тоглож гадны жуулчдад Монголын үндэсний урлагаа гайхуулж, эх орноо сурталчлах үүргээ сайн биелүүлсэн. Зун манайхаас өөр урлагийн байгууллага ажилладаггүй шүү дээ. Манай чуулгагүйгээр төрийн концерт, наадам, гадаад дотоод зочдын арга хэмжээ, айлчлал болдоггүй. Наадмын дараа бид "Алтаргана” наадмыг зохион байгуулж хийсэн. Төр засгаас бидний ажлыг дээд зэргээр үнэлсэн.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга шинэ уран бүтээл болох "Морьтон Монголын аялгуу” хүндэтгэлийн тоглолтоор өвөл цагийн нээлтээ хийж байна. Арваннэгдүгээр сарын дундуур "Оройн дээд” уран бүтээлээ тавина.
-2012 онд анх чуулгын захирлаар ирснээс хойш та уран бүтээлчдээ цаг завгүй ажиллуулах болжээ. Хамт олон ямар сэтгэгдэлтэй байна?
-Манайх бол үндэсний урлагийн гайхамшиг, онцлогийг харуулдаг мэргэжлийн байгууллага. Тиймээс шинэ соргог уран бүтээл хийх хүсэл тэмүүллийг хөглөх ажлуудыг захирлын хувьд хийж явна. 2012 онд "Их хуралдай” нэртэй Үндэсний оркестрын 50 жилийн ойгоо хийлээ. 2013 онд миний санаачлан зохион байгуулж хийсэн "Монголын их хатад” тоглолт тавьж "Гоо марал” шагнал авсан. Сайн бүтээл гэж үнэлэгдсэн учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон төрийн том айлчлалуудыг дагаж 2011 оны турш гадаад орнуудаар явж тоглоод ирлээ. Энэ бол манай хамт олны сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн уран бүтээл юм.
Энэ жилийн хувьд "Жалам хар”-ыг хөгжмийн бүтээл болгож гаргалаа. Хөгжмийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын "Дуун хээтэй наадам”-ыг хөгжмийн бүтээл болгон клипжүүлээд гаргалаа. Уран бүтээл маань ид ундарч байна. Хамт олон маань хийсэн уран бүтээлээсээ урамшин сэтгэл зүрхээ нэгтгэн нэг зүг рүү харж ажиллаж эхэлсэн нь бидний хамгийн том амжилт байлаа.
-Таныг ажлаа авсны дараа ярилцаж байхад чуулгын нэрийг сольж "Монголын үндэсний урлагийн их театр” болгоно гэж байсан. Нэрээ сольж, гэрээ барьж чадсан уу?
-Бодсоор ярьсаар л явна. Манай төрийн түшээд, УИХ-ын гишүүд дотор Үндэсний урлагийн их театртай болчих юмсан гэсэн сэтгэл зүрхтэй хүн бий гэдэгт найдаж л байна. Театраа барих газрын асуудлыг шийдүүлж чадахгүй хоёр жил явлаа. Энэ асуудлаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ч ярилцсан. Шийдэж өгөх болов уу гэж горьдож байна. Монголчуудын өв соёл нь гэр оронгүй байж болох уу. Үнэндээ одоо бол манай чуулга гурван өрөө байрны халаасны өрөөнд хөөгдөөд амьдарч байна. Монгол Улсад драмын театр, Дуурийн театр байх ёстой нь мэдээж. Гэвч хамгийн түрүүнд Үндэсний урлагийн их театр байх ёстой. Газрыг нь шийдээд өгчихвөл ард түмэн нэг хонь, ямаагаа бариад ирнэ. Хотынхон нь өдрийн хоолны мөнгөө илүүчлээд ч болов босгочихно. Орчин цагийн шаардлагад нийцсэн Монголын бахархал болсон алдартнуудын хөшөө дурсгал, цэцэрлэгтэй сайхан театрыг мөрөөдөж байна. Монгол хүн л бол энэ театраа босгохын төлөө өөрсдийн чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэдэг.
-Нэг тайзыг хоёр театр ээлжилж хэрэглэнэ гэдэг уран бүтээлийн тоо, чанарт ч нөлөөлдөг байх. Хэрвээ хүсч мөрөөдөж байгаа театраа барьчихвал танайд ямар өөрчлөлт гарах бол?
-Тайз хүрэлцээгүй учраас тайзны бэлтгэл дутуу байдаг. Өөрийн байртай болчихвол уран бүтээл чанартай гарна. Тоглолтууд нэмэгдэнэ. Улсад оруулдаг орлого илүү нэмэгдэнэ. Мэргэжлийн байгууллагууд тодорхой хэмжээний орлого оруулах төлөвлөгөөтэй байдаг. Би чуулгын даргаар ирснээсээ хойш өгсөн төлөвлөгөөг нь давуулан биелүүллээ. Бид байргүй, мөнгөгүй гээд шалтаг тоочоод суугаад баймааргүй байна. Харин ч хэлсэн мөнгөнөөс нь илүүг оруулахын төлөө ажилладаг. Манайх шиг орлогоо давуулан өгдөг ижил төрлийн байгууллага Монголд байхгүй байх.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын өнгө царай, орлого ашиг ямар байгаагаас биднийг хэрхэн ажиллаж байгааг харж болно. Яаж уран бүтээл хийж ард түмнийг байлдан дагуулах вэ, яаж ашигтай ажиллуулах вэ гэдэгт бүгд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байна.
-Та орлого ашгаа давуулан биелүүлдэг гэж байна. Гэтэл эдийн засгийн хямарчихсан, хүмүүсийн амьдралын түвшин доошилж байгаа үед жижигхэн зах зээл гэгддэг Монголд урлагаар мөнгө олох боломж байна гэж үү?
-Монголд зах зээл бий. Хүнд сэтгэл зүрх байгаа цагт, өөрөө хүссэн л бол тэр зүйлдээ тэмүүлж зорьж заавал биелүүлдэг байх хэрэгтэй.
Төрд ажилладаг хүн зоригтой, мөрөөдөлтэй, зорилготой байх ёстой юм байна. Мэдээж Үндэсний урлаг хүнд юу өгөх, ямар хүмүүжил олгох ёстой гэсэн дотоод болон гадаадад хийсэн судалгаа байх хэрэгтэй. Хамгийн чухал нь хамт олон нэг сэтгэл зүрх, зорилготой байх ёстой. Энэ бүхнийг бодож ашигтай ажиллаж чадлаа. Бидэнд гадаад зах зээл гэж бөөн мөнгө байгаа шүү дээ. Юм хийж байгаа хүний алдаа харагддаг, юм хийгээгүй хүн цэвэрхэн байдаг гэдэг. Тиймээс би 200-аад хүнийнхээ эрч хүч, энергид итгэж бүхнийг бүтээхийн төлөө дайрч байна.
-Удирдагч хүнд хамт олныг хөдөлгөх арга барил байх ёстой. Таны хувьд энэ 200-аад хүнийг яаж араасаа жагсааж чадав?
-Урлаг бол харгис, өөрийн гэсэн хуультай байдаг. Гэхдээ цаг нийгэм өөрчлөгдөхийн хэрээр уран бүтээлчдийн ч сэтгэхүй өөрчлөгдөж байна. Нэг баг болж, нэг сайн уран бүтээлийн төлөө ажиллая гэж хичээдэг болсон. Туг барьж урд нь алхаж байгаа хүн ч гуйвж дайвалгүй, замаасаа гаралгүй урагшаа л тэмүүлэх ёстой. Манай хамт олон нэг баг болж чадсанд л бидний амжилт байгаа юм. Би өрөөндөө суугаад байлгүй уран бүтээлчдийн дунд орж ажилладаг. Тэд маань ямар сэтгэлзүйтэй байна, бие нь өвдөж үү, гэр бүлд нь асуудал гарч уу гээд бүгдэд оролцдог. Тиймээс уран бүтээлчид маань надтай ойр дотно байдаг. Би чуулгынхаа цөм болсон уран бүтээлчдээ хайрлаж, хамгийн түрүүнд жижүүртэйгээ мэндэлж, цэвэрлэгчээ хүндэлдэг.
-Танай чуулгын цалин хэр нэмэгдсэн бэ. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарна гэж та ярьж байсан?
-Урлагийнхны цалин бол инээдтэй шүү дээ. Хүн бүр л мэдэх байх. Урлагт хайртайдаа зүрх сэтгэл нь театртаа байдагтаа л уран бүтээлчид маань ийм бага цалингаар амьдарч байна. Гэхдээ цалинг нь нэмж хасах эрх надад байхгүй. Улсаас тогтоосон цалингаа л манай уран бүтээлчид авч байна. Сая 15 хувь нэмэгдсэн. Мэдээж ашиг орлого олж байгаагийн хувьд тодорхой хэмжээний шагнал урамшууллыг нь шийдээд явдаг. Манай чуулгад ажилд орохыг хүссэн хүмүүс нэмэгдсэн. Тоглож буй уран бүтээлийнх дэвшил, хөгжил, гадаадад хийж буй тоглолт, урамшуулал гээд олон зүйл хэрхэн сайжирч өөрчлөгдөж байгааг бусад хүмүүс харж байна. Уран бүтээлчдийн эндээ байх сонирхлыг хөдөлгөх, ажлаа хийх сэдлийг өгсөн. Энэ л байгууллага оршин тогтнох үндэс юм. Би үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтарч ажилладаг.
-Монголд уран бүтээлчдийн авьяасыг маш багаар үнэлдэг. Энэ байдлыг өөрчлөх боломж байна уу?
-Энэ бол миний мөрөөдөл. Үнэхээр авьяас, чадвартай хүнээ дардаг байгууллага зөндөө байна. Би урлагийн хүрээнд ажилладаг, гэр бүлээрээ урлагт ажиллаж байна. Миний хань УДЭТ-ыг 1990 оноос хойш нуруун дээрээ үүрч явсан. Байгууллагаа хүнд үед бүх жүжгийн гол дүрийг бүтээж ирсэн гэдгийг би хаана ч хэлдэг. Гэвч театр нь үнэлээгүй. "Хувьсал” продакшнаас бүх амьдралынх нь үнэлгээ явсан байдаг. Энэ мэтчилэн урлагийн хүмүүс олон зүйлээрээ хохирч байна. Манай чуулга дээр ийм байдал давтагдах ёсгүй. Хэн хамгийн авьяастай, сайн ажиллаж байна тэр хүн хамгийн өндөр цалин урамшуулал авч, хамгийн сайхан амралтыг эдэлж, гадаад дотоод явах боломжийг нээх зэргээр би тэр хүнд үйлчилнэ. Аль ч салбарт ийм зарчим үйлчлэх ёстой шүү дээ. Үнэхээр сайн л ажиллаж байвал нэг хүн жил бүр байгууллагын аварга болж яагаад болохгүй гэж. Үнэхээр сайн дүрүүд бүтээсэн л бол "Гэгээн муза”-г хэдэн ч удаа авч яагаад болохгүй гэж. Гэтэл одоо бол шагнал гэдэг ээлжээ хүлээсэн зүйл болж. Ийм шударга бус байдлаас болж уран бүтээлчдийн зүрх сэтгэл мохдог. Гол зорилгоосоо ч няцдаг юм.
Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих