Зүрхнийхээ талыг хулгайд алдчихлаа гэж
Зүүдэлж сэрлээ би
...Дэрэн доороо эрлээ
Дэргэдэх хүнээсээ хайлаа
Зүрхний минь тал
Зүс буруу хүний дотор орчив уу
Харанхуйд тэмтчин байж хайв
Хавьд минь л ойр алга
Халуухан янагийн явдалд орооцолдон
Харийн нэгний цээжинд булгилав уу
Тал зүрхний цохилох чимээ
Яасан бүдэгхэн юм бэ
Танхил насны минь хайрын уяа
Ямар хэврэгхэн байж вэ
Зүрх үрчлээтэж хөгширдөггүй болохоор
Зөвхөн ганцыг биш бусдыг бас хайрлах гэсэн юм болов уу
Зүггүйхэн шохоорхол чамайг хэрэв уруу татсан бол
Зөнгөөрөө буцаад ирэх л байлгүй гэж хүлээе
Гэвч миний зүрх сониноос ,бүтэн байх юм
Гэгэлзсэн сэтгэлээр дахин нэг талыг бэдрэн хайх юм
Ямар хүний зүрхний талыг би ингэтлээ
Янагийн явдлаас харамлан байж хайна вэ
Зүрхнийхээ талыг хулгайд алдчихлаа гэж
Зүүдэлж сэрлээ би
Амилсан бодол амьдрал дээр биелэлээ бүү олог
Анхнаасаа л биднийх байсан зүрх үргэлж бүтэн байг
Цахиурт Овогт Даваасүрэнгийн Наранчимэг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5729
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих