Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 2013 оны дэлхийн тулааны
урлагийн наадмаас алтан медаль хүртсэн У.Бямбажавтай онлайнаар
холбогдлоо.
Тэрбээр АНУ-д зар сурталчилгааны салбарт амжилттай ажиллаж буй нэгэн
юм. "Субару”, "Оракл”, "Виза карт”, "Касперский”, "Хитачи” зэрэг дэлхийд
нэр хүндтэй компаниудын албан ёсны сурталчлагч түүнтэй ярилцсанаа
хүргэе.
-Та сарын өмнө "One direction” хамтлагийн хит болж буй "Steal
my girl” клипэд дүр бүтээжээ. Зураг авалтын саналыг хаанаас тавьсан бэ?
-Энэ клипний триллерийг нь цацсан. Би "Одоо хүртэл үзэж амжаагүй”
байна. Бүрэн хэмжээгээр үзэгчдийн хүртээл хараахан болоогүй. Би
Лос-Анжелест зар сурталчилгааны нэгэн компанитай хамтран ажилладаг юм.
Хувийн менежерээрээ дамжуулан сурталчилгааны зураг авалтад оролцдог. Тэр
л шугамаар энэ клипэд тоглосон.
-Таныг дэлхийн тулааны урлагийн аварга, сонирхогчдын сүмо
бөхийн дэлхийн хошой аварга гэдгээр тань монголчууд андахгүй. Харин
АНУ-д амьдарч, зар сурталчилгааны салбарт хүч үзэж байгааг тань тэр бүр
мэдэхгүй. Америкт олон жил амьдарч байна уу?
-Би энд төвхнөөд найман жил өнгөрчээ. Японд амьдарч болох байсан АНУ-д суурьшин сурталчилгааны салбарт хүч үзэж байна.
-Сүмо бол Японы уламжлалт спорт. Монгол хүн энэ спортын төрлийг хилийн чинадад таниулаад явахад гадныхан гайхдаг уу?
-Гайхдаггүй. Америкт авьяас чадвартай хүнийг үндэс угсаагаар нь тэр бүр
ялгаварладаггүй юм. Америкийн сурталчилгааны компаниуд төдийгүй жирийн
иргэн манай улсыг Чингис хаанаар л мэддэг. Намайг ч бас тэгж хүлээж
авдаг (инээв).
-Дэлгэцийн бүтээлд тоглох, сурталчилгаанд зураг авахуулахад
хувь хүнээс багагүй авьяас шаарддаг. Тамирчин хүн урлагийн салбарт хөл
тавихад юу нь хэцүү байв?
-Жүжиглэнэ гэдэг их хэцүү ажил. Тамирчин болоод ч тэр үү надад зураг
авалтад орох хүндхэн даалгавар байсан. Тиймээс АНУ-д жүжигчний дамжаанд
суралцсан. Одоо бол харин дүр бүтэхээс айхгүй болжээ.
-Та Холливудын уран бүтээлчидтэй найз нөхдийн харилцаатай гэсэн. Кинонд тоглох урилга авдаг л биз дээ?
-Холливудад тийм ч олон найзгүй. Харин танилууд бол бий. Киноны урилга
ирдэг л юм. Гэхдээ урилга аваад шууд зураг авалтад орно гэсэн үг биш.
Шалгаруулалтад оролцсоны дараа агентлагаараа дамжуулж тоглох эсэхээ
шийддэг.
-АНУ гэлтгүй олон оронд ажлын шугамаар зочилжээ. Ер нь хотоос
хот дамжин зураг авалтад оролцоход тамирчин хүний бэлтгэл тасалдах үе
гардаг уу?
-Тамирчин хүнд орчиндоо амархан зохицдог чадвар төлөвшсөн байдаг.
Америк, Монголд гээд дэлхийн хаана ч бэлтгэл хийхэд онцын ялгаа
байдаггүй.
Хотоос хот дамжин зураг авалтад орохдоо түвэгшээж байгаагүй. Миний ажил
шүү дээ. Жишээ нь би өчигдөр орой Лос- Анжелест байсан. Харин өнөө
өглөө Мехикод чипсийн сурталчилгааны зураг авахуулж байна.
-"Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг” гэсэн. Цаашид эх орондоо ажиллаж амьдрах бодол бий юу?
-Байлгүй яах вэ. Би харийн нутагт хөдөлмөрлөдөг ч эх орноо зүрхэндээ
тээж явдаг. Цөөхөн ч гэсэн амралтын өдрөө эх орондоо өнгөрүүлэхийг
хичээдэг юм. Нутагтаа хоёр сар амраад саяхан ирсэн.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих