Ч.ҮЛ-ОЛДОХ
Их хурлын сонгуульд Сүхбаатар аймгаас хоёронтоо сонгогдож төр түшилцсэн эрхэм бол Рэнцэнгийн Буд. Авто замаар овоглож олонд танигдсан тэрээр одоо ч замынхантайгаа ойр явдаг.Сүүлийн үед адууны хийморьт бэлэгшээн улстөрийг орхиж адуучин болсон гэх түүнийг "Өөр мэдээ” онцоллоо.
Бага сургуулийнхаа 80 жилийн ойн баяраар унаган даагаа түрүүлгэсний дараа хүргэн ах улсын сайн малчин Б.Балжинням, эгч улсын сайн малчин Р.Сумъяа нарын хамт.
-Саяхан та телевизээр авто замын салбарын нэг арга хэмжээнд оролцоод гараад байсан, тэр ямар үйл явдал байсан бэ?
-Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Манай автозамчид ойгоо угтаж тодорхой төрөл,чиглэлээр олон ажил хийлээ. Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг 2014 оны эхээр бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн орон тооны гүйцэтгэх захиралтай болж нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэр хүрээнд автозамын салбараас төрсөн удам залгамжилсан инженерүүдийн анхдугаар чуулга уулзалтыг Монголын Автозамчин Залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад гэр бүлээрээ, гурван үеэрээ ажиллаж байгаа таван инженер техникийн ажилтан төрүүлсэн Хөдөлмөрийн баатар Д.Базаргүр, гэр бүл үр хүүхдээрээ гурвуулаа, хоёулаа ажиллаж байгаа зуу гаруй инженер, техникийн ажилтан оролцлоо. Мэргэжлээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлж, тэд нь үр дүнтэй авч яваа олон сайхан инженерүүд цуглалаа. Ахмадуудаас автозамын анхны инженерүүдийн нэг лабораторийн эрхлэгч агсан Д.Доржсүрэн, ахмад инженер С.Ваанийхүү, Т.Баасан,Т. Давааням, С.Дашдондог, Ц.Дагвасүрэн, үе тэнгийн нөхдөөс минь Автозамын газрын орлогч даргаар ажиллаж байсан Ч.Амарсайхан агсан, баруун трестийн дарга Т.Очирхуяг, Гангүүр компанийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвбаатар, Эрдэнэтийн АЗЗАК-н захирал агсан Г.Ганхуяг нарын маань гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо. Бурханы оронд бууриа сэлгэсэн мэргэжил нэгт нөхдийнхөө гэр бүл үр хүүхдийг хараад самсаа шархирч байсан ч үртэй хүн жаргадгийн, сайн хүний үр аавынхаа хийснийг улам баталгаажуулж, хийгээгүйг нь хийж нэг ёсондоо хөшөө босгодог юм байна гэж бахархах сэтгэл төрж байлаа. Мөн энэ цагийн ачааны хүндийг голлон үүрч яваа удам дамжсан авто замчдын төлөөлөл болсон Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж, Д.Баасанхүү, С.Очирбат, Ц.Чулуунбат, Н.Адилбиш,Ж.Батсайхан, Н.Цолмон, Д.Нанзаддорж, О.Мишиг, Х.Хүрэлсүх, Л.Батцоож, Т.Батжаргал, У.Пүрэвжав, Б.Эрхэмбаяр, М.Ганбаатар, С.Авалгаа нарын инженерүүд хүүхдүүдийн хамт оролцсон нь сайхан байлаа. Ер нь манай автозамчид өнөөдрийг хүртэл их зүйлийг бүтээж түүхт ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байна.
-Та олон жил автозамын салбарыг удирдсан. Таны үе одоотой харьцуулахад ямар ялгаа байна?
-Бидний үед хөрөнгө мөнгө хомс байсан.Одоо бол мөнгөний гачаал бараг үгүй болж. Бид тэр үеийн улсын эдийн засгийн нөөц боломжийг дээд зэргээр ашиглаж, мэргэжил нэгт нөхдийнхөө хүчинд тулгуурлан тэднийгээ удирдан зохион байгуулж, зам гүүрийг хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажилласан.Авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна олон улсын тухайлбал, АХБ. ДБ, Японы буцалтгүй тусламж, Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлийн анхны төслүүд эхэлж, төр, засгийн өмнөөс холбогдох яам газруудтай хамтран гэрээ хэлцэл хийж, гарын үсэг зурж эдгээр төслүүдийг эхлүүлж ихэнхийг нь дуусгаж ашиглалтад оруулсан.
Тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд шинэ замыг нээж, ашиглалтад хүлээн авч замчдын хийж бүтээснийг сайшаан магтаж их урам өгч бүх талаар дэмжсэн.
Мөн Мянганы замын их бүтээн байгуулалтын талаар УИХ, Засгийн газрын чухал шийдвэрүүд гарч, Монгол орны зүүн, баруун хязгаарт Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан албаны хүмүүс очиж шавийг нь тавьж, ажлыг нь эхлүүлж байлаа.Тэр бүхэн Монголын ард түмнийг их бүтээн байгуулалтад уриалан дуудсан ажлын эхлэл байж чадсан. Өнөө үед автозамын ажил улам эрчимжиж мөн л хүн болгон шахуу зам ярьж байгаа нь сайн хэрэг.Энэ бол энэ цаг үеийнхний нийгмийн өмнө хүлээсэн нэг ёсны үүрэг зүй ёсны асуудал юм даа.

Мянганы замын ТЭЗҮ боловсруулах баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь.
-Өнөөдөр авто замын ажил жигд бас эрчимтэй явагдаж, үр ашигтай байж чадаж байна уу?
-Аливаа салбарын ажилд жигд ажиллагаа чухал. Нэг жилд нь довтолгоод нөгөө жилд нь зогсоод байвал үндэсний компаниудын жигд ажиллагаа алдагдаж, мэргэжлийн боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөл үгүй болж, улмаар ажил бүтээгдэхүүний чанар доголдоно. 2013 онд нэлээд зам ашиглалтад оруулсан. 2014 онд олон газар замын ажил зогслоо. Ирэх онд бүр ч хүнд байдалд орох төлөвтэй. Замчин хүний хувьд авто зам олноор баригдаж, үндсэн сүлжээ тэлж, замын ажил эрчимтэй урагшилж байгаад баярладаг. Гэхдээ өнөөдөр манай орны эдийн засгийн өсөлт, ард түмний амьдрал ямар байгаа билээ. Ийм үед аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ эдийн засгийн үр ашиг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг нарийн тооцож үзэх учиртай.
-Замын чанарын тухайд та ямар бодолтой байна?
-Нэг үеэ бодвол зам гүүрийн нэгж өртөг нэмэгдэж, автозамын салбарт шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжилтэй боловсон хүчний хангамж сайжирч, мэргэжлийн олон компани бий болж, ажил эрчимжлээ. Замын чанартай холбогдуулан хэлэхэд нийтийн авто тээврийн зориулалттай авто замаар даацаас хэтэрсэн автомашин явуулдаггүй болох хэрэгтэй. Түүнчлэн замын даланг нийтэд нь стандартын дагуу барьсаны дараа хучилт хийдэг технологийн горимыг мөрдөж ажилламаар байна.
-Одоо тэгээд яаж бариад байгаа юм бэ?.
-Замын компаниуд ихэнх тохиолдолд цаг хугацаанд шахагдаж, зам барьж ашиглалтад өгч байгаагаас хучилтын доорх хэсгийг эхэлж барьж хучаад дараа нь хөвөөг нь хийж байгаагаас далангийн нягтрал муу хийгдэж замын хөвөө амархан эвдэрч байна. Үүн дээр хүнд даацын тэрэгнүүд замын хөдөлгөөнд оролцохдоо зам чөлөөлж замын хөвөөн дээр зогсоход замын ирмэг хөвөөнд суулт өгч улмаар ус орж, замын хучилт хөвөөнөөсөө эхэлж эвдэрдэг. Бас нэг анхаарах ёстой зүйл нь шинэ замын хучилтын нягтрал, зузааныг лаборитороор шалгаж тогтоохын тулд барьсан замын хучилтаас сорьц авч цоорхой нүх үлдээж, түүгээр нь ус орж зам эвддэг явдал бий.
-Шинэ замуудаас ирэх жил эвдрэх болов уу?
- Би олон замаар явсангүй. Явсан ганц нэг замыг харахад нэгээс хоёр жилд нэлээд эвдрэх байх. Яагаад гэвэл зам барих норм, стандартыг зөрчиж замын хучилт хийж байна.Бас замын хөвөөг муу индүүдэж, технологи зөрчих явдал байна.
-Хэдийд ч билээ ангир шиг шар хувцастай хүмүүс зам цэвэрлээд замын цас арилгаад явдаг байсан. Одоо хэвээрээ байгаа юу?
-Байхгүй болсон шиг билээ. Тэрийг би анх санаачилж улсын чиглэлийн хатуу хучилттай автозамыг тодорхой урттайгаар хувь хүн, байгууллагад гэрээ түрээсээр хариуцуулан замын арчлалтыг хийлгэж эхэлсэн юм. Тэр үед хотоос гарсан улсын чанартай зам өвлийн улиралд хотын зарим замаас ч гулгаа хальтиргаагүй гэсэн урмын болон сайшаалын үгийг салбарын сайд дарга нар, зам хэрэглэгч авто тээврийнхнээс манай хамт олон нэлээдгүй сонсч байсан даа.
-Тэгээд яагаад алга болов?
-Ер нь төр, засгийн хийгээд аж ахуйн аль ч ажилд уламжлалт, залгамж чанар бараг байхгүй болжээ. Нэг тохиолдлын хүн гарч ирээд л мэдэмхийрээд үгүй хийсэн байх. Монгол орон олигтой хөгжихгүй, ажил урагшлахгүй байгаагийн нэг шалтгаан энэ.
-Ингэхэд та одоо ямар ажил эрхэлж байна вэ.Автозамынхаа салбарт чухам юү хийж байна?
Автозамд тодорхой ажил хийгээгүй ээ.Харин 1998 онд Монголын Авто Замын Инженерүүдийн Нийгэмлэг (МАЗИН) төрийн бус олон нийтийн байгууллагыг санаачлан хэсэг нөхдийн хамт байгуулсан.Одоо тэр л сонгуульт ажлаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ авч явж байна. Мөн МАН-ын хорооны даргын сонгуульт ажлыг хашиж байна.

Монгол Улсын гавьяат барилгачин цол авсаны дараа авто замынхаа төлөөллийн хамт.
-Таныг нэг хэсэг хөдөө гарч адуучин болсон гээд байсан?
-Ер нь бол би их улс төрөөс хөндийрч сүүлийн жилүүдэд төрж өссөн нутаг орон, төрөлх сумандаа адуун сүргийнхээ дэргэд байж, үржил селекцийг нь улам сайжруулж, хурдан удмын угшлын адуу бий болгохыг зорьсон юм.Гэтэл нэг өдөр тухайн үеийн намын дарга Ө.Энхтүвшин дуудаад Сүхбаатар аймгийн намын хороог та л авч явах хэрэгтэй гэж нэг талаас үүрэг өгч, нөгөө талаас хамтран ажиллахыг санал болгосон. Одоо ажлын чөлөө заваар хэдэн адуугаа бөөцийлж, үржил өсөлтөнд нь анхаарч л байна.
-Тэгвэл таны адуу хэр өсч, бас хэр худалж байна даа?
-Би 2011-2012 оны хошой алтан унаганы эзэн байгаа юм. Энэ онд зуун гуч гаруй унага тамгаллаа. Адуу минь өсч бас ч үгүй энэ тэнд гайгүй хурдалж байна. 2013 оны улсын наадамд миний унаган азарга Х.Улам-Өрнөхийн хар, төрийн наадамд аман хүзүүнд давхилаа. Миний унаган адуу Д.Батбаярын хүрэн даага Булган аймагт түрүүлж, шүдлэндээ бүсийн наадамд айрагдлаа.Мөн Ховд, Эрдэнэтийн жижиг том наадмуудад түрүүлж, арвын дотор олон адуу давхисан. Манай унаган адуу Д.Гэрэлбадрахын бор азарга 2014 онд төрөлх Сүхбаатар сумын минь 90 жилийн ойд айрагдаж, аймгуудийн бүсийн наадамд хэд хэд айрагдлаа.Миний их насны хонгор морь Сүхбаатар аймгийн хурдтай сум Халзан, Эрдэнэцагаан сумын болон овоо тахилгын наадамд түрүүлж Сүхбаатар, Уулбаян сумдын наадамд айрагдсан.
-Таныг олон адуу бэлэг, сугалаанд өгдөг гэж ярих юм?
- Би хөдөө төрж өссөн.Мэдээ орсон цагаасаа мал аж ахуй тэр дундаа хурдан мориноос салаагүй. Өөрийгөө нутгийнхаа уул ус, өргөн олон түмний дэмжлэг тусламж, аав ээжийнхээ буян заяа нөмөр нөөлгөөр өдийн зэрэгтэй яваа гэж боддог. Тиймээс малчин аав ээжийнхээ сайхан сэтгэл, сайн үйлс, удам судрыг нь зөв авч явж, хийгээгүйг нь хийж гүйцээхийн тулд сум, аймагтаа ямар нэгэн зүйлээр тус дэм болохыг зорьдог. Өөрийн бий болгосон цөм сүргээсээ үр удмыг нь өргөн олон түмэндээ хүртээж, буян хишгийг нь хуваалцахыг боддог.
-Таны бэлгэнд өгсөн адуу хаагуур байна?
-Аймгийнхаа бүх сумдад сугалаагаар, найз нөхөд, намын журмын нөхөддөө бэлгэнд олныг өгсөн. Бараг бүх аймагт бэлгийн адуу минь очсон. Адуутай болсноос хойш бараг хоёр зуугаад адуу бэлгэнд, сугалаагаар өгсөн.
-Дандаа бэлгэнд өгөөд байдаггүй бас борлуулдаг байлгүй дээ?
-Бэлэглэнэ чиг борлуулна чиг. Өөрөө ч бэлгэнд нэлээдийг авсан. Сүүлийн жилүүдэд ганц нэгээр нь тав арваар нь сэтгэл таарсан хүмүүст борлуулж л байна. Ер нь юм гарч байж ордог, үрж байж үрждэг.
-Та яриандаа өвөг дээдэс, аав ээжээ их дурдах юм. Айлын хэддэх хүүхэд вэ?
-Би аав ээж хоёрыгоо нас ахисан хойно төрж, ээжийнхээ хөхийг бараг 10 хүртлээ хөхөж өссөн, хэнз хүүхэд. Тэр үеийн хэллэгээр тахлай хурга шиг нөхөр явлаа.Нэлээд эрх, их зоргоороо, ааваасаа салдаггүй тэр айлын өнгөтэй өөдтэйг эдэлж өссөн нөхөр дөө.
-Ингэхэд таны аавыг их зоригтой хүн байсан гэж сонссон?
- Аав минь жирийн малчин, цэргийн таван жилийн алба хаасан "Бид ялав” медальтай, сум, аймгийн сайн малчин "Мэнд сүрэгтэн” цолтой хүн байлаа. Багадаа хийдэд шавилж байсан болохоор багагүй уншлагатай, хонины дал түлж мэргэлэхдээ гаргуун, морь сайхан унаж эдэлдэг, бас хамрын шар тамхинаас салдаггүй хүн байсан. Нэлээд шүтлэгтэй түүнээ бусдад биеэрээ үлгэрлэнэ. Тухайлбал, загасыг урт настай, лусын амьтан гэж ихэд бэлэгшээдэг,үүнээсээ болоод гуян дээрээ тамганы дардасны сорвитой байлаа. Цэрэгт байхдаа Буйр нуурын захад очтол хятадууд тороор загас барьж байхтай таарч, барьсан загаснуудаа буцааж тавихыг гуйж л дээ.Гэтэл тэд "Чи загасанд тийм л хайртай, амийг нь үнэхээр гуйж байгаа юм бол өөрийнхөө нүцгэн биен дээр тамгалуул тэгвэл буцааж тавъя” гэж. Аав гуян дээрээ халуун төмрөөр тамгалуулж олон загасны аминд орсон гэдэг.Ингээд бодохоор бас ч зоригтой хүн байж.
-Та ажилсаг, хөдөлмөрч хүнд талтай байдгаа, тийм хүмүүсийг хайрлах тухай ярих юм. Хүний хөдөлмөрийн үнэлэмжийн тухай юу гэж боддог вэ?
-Би хөдөлмөрч хүнийг хүндэлдэг. Бид эхээс долуулаа нэг өргөмөл дүүтэй.Миний ах эгч нараас доод тал нь байгууллагын хөдөлмөрийн аварга, Улсын сайн малчин, Ардын Их хурлын депутат төрсөн байдаг.Миний өсч төрсөн орчин ийм учраас хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, ажилсаг хичээнгүй хүний хийж бүтээснээр бахархаж, аль болохоор дэмжиж урамшуулах улмаар хөдөлмөрийг нь зүй ёсоор үнэлүүлэхэд анхаарч ирсэн.Монгол Улсын Автозамын салбар гурван хөдөлмөрийн баатар, хориод гавьяаттай. Сүүлийн хоёр Хөдөлмөрийн баатар, арваад Гавъяат бас нэлээдгүй тооны хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулахад ямар нэгэн хэмжээгээр оролцож дэмжиж ажиллажээ. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Сүхбаатар нутгаас төрсөн олон хөдөлмөрийн сайчуудыг төрийн дээд цол, одон медалиар шагнуулахад санаачлага гаргаж, гар бие оролцсон. Хүнийг ид хийж бүтээх насанд нь шагнах нь тухайн хүнд эрч хүч, урам өгч улмаар салбарыг нь хамт олныг нь хөдөлгөөнд оруулж ажлыг эрчимжүүлэхэд их түлхэц болдог.

Мянганы замын зүүн чиглэлийн нээлтийн үеэр.
-Сая танай авто замын нэг инженерийн тухай нэвтрүүлэг гараад та магтаад байсан цаад зорилго нь юу байсан юм бэ?
-Магтах ч юу байхав. Бодит үнэнийг л ярьсан. Энэ жил авто замын түүхт 85 жилийн ойн хүрээнд хөдөлмөрийн сайчуудаа тэр дундаа тэргүүний ИТА-г алдаршуулах, шагнал урамшуулалд тодорхойлох явдал МАЗИН-ийн гол зорилт болоод байна. Өнөө үед инженерийн сайн чанартай томоохон барилга байгууламжийг боловсрол мэдлэг өндөр, ажлын туршлагатай эзэмшсэн мэргэжилдээ үнэнч бүтээлч инженер л хийж байна. Тиймээс авто замын салбарын инженерүүдийн ноён оргилын нэг Д.Баасанхүү бол нэгэн үе хот гэдэг их айлын замын ганц трестийг удирдаж олон арван км замыг хот хөдөөд бариулсан хүн. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд хувийн секторт, Дэлхийн банкны төслийн монголын талын удирдагч, салбарын яамны авто замын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж олон зуун км хатуу хучилттай авто замыг хөдөө орон нутагт голдуу хариуцан бариулсны дээр мэргэжлийнхээ дагуу зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компани байгуулан чухал ач холбогдол бүхий нэлээдгүй замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулсан. Үргэлж шинийг эрэлхийлж, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж, ажлын төлөө зарчимч шаардлагыг хэнд ч тавьж чаддаг, нөхөрсөг тусч, олон арван шавьтай, зохион байгуулах ур чадвар сайтай манай тэргүүний инженерийн нэг.Ийм хүнийг магтахгүй өөр хэнийгээ магтах билээ. Улаанбаатар хотын тэр үеийн трестийн дарга нараас манай Д.Баасанхүү л төрөөс шагнал аваагүй үлдсэн байх.
-Яагаад ?
-Ерөөс хүний төлөө төрсөн хүн шиг санагддаг. Бид олон жилийн өмнөөс өөрийг нь төрийн шагналд тодорхойлъё гэхэд би яахав вэ хэдүүлээ энийг Гавьяатад, тэрийг Хөдөлмөрийн баатарт зүтгүүлье гээд өөрийгөө ямагт хойш нь тавьсаар өдий хүрсэн хүн л дээ. Саяхан бид "Одоо таны цаг болсон” гэж баатар гавьяатгүй олон инженерүүд хэлж ятгаж байж нэг баримтат кино хийсэн. Өргөн олон түмэнд гайгүй хүрч байна. Одоо төрийн тэргүүн маань л мэдэх хэрэг. Санаагаар болдогсон бол авто замын ажил эрчимжиж байгаа энэ цаг үед, мөн энэ онд тохиож буй түүхт 85 жилийн ойгоор шинэ хөдөлмөрийн баатартай болбол манай авто замынхны магнай тэнийж ажилд ахиц өөрчлөлт их гарна даа.
-Одоо асуултаа өөрчилье, саяхан танай нутгаас хутагт төрсөн.Та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам тодруулчихаад байхад баяртай хүлээж авалгүй яахав. Халхын тамгатай 13 хутагтын нэг, Богд хаант Засгийн газрын тамгатай долоон хутагтын нэг нь манай Егүзэр хутагт Галсандаш. Хойд дүр нь тодролгүй нэлээд удсан.Энэ цагаан морин жилд тав дахь дүр Данзанлувсанванжил тодорч таван морь давхцуулан биднийгээ баярлууллаа. Хутагтийг Монголд морилж ирэхэд нь угтаж авахаас эхлээд гол арга хэмжээнүүдэд нь оролцож бас Сүхбаатар сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргын хувьд нутгийнхаа залуучуудтай Сүхбаатар суманд морилоход нь хүндэтгэл үзүүлсэн.
-Ингэхэд танай гэр бүлийн хүн олны өмнө тэр бүр ил гардаггүй, Та ч ярьдаггүй, асууж болно биз дээ?
-Манай гэр бүлийн хүнийг Шаравын Оюунгэрэл гэдэг. Надтай нэг үед Унгарт сурч төгссөн. Насаараа Монгол Улсад сууж байсан Унгарын Элчин сайдын Яаманд ажилласан хүн дээ.
Манай хүн чөлөө заваараа ганц нэг дууны шүлэг бичиж биднийгээ болон өөрийгөө баясгаж суудаг юм.Энэ хавар бидний дотнын их хүн Амангаа маань 103 насандаа бурханы оронд заларсан юм.Гэргий маань Амангаагаа амьд сэрүүн байхад өөрт нь зориулан шүлэг бичсэн. Бурхан болсных нь дараа үр хүүхдүүд нь Амангаадаа зориулсан дууны үг бичиж өгөөч хэмээн хүсэлт тавьснаар манай хүн "Амангаа минь” гэдэг дууны үг бичиж Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамьян ая зохиож "Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхбаатар дуулж нийтийн хүртээл болгож байна.Хүний сэтгэлд хүрсэн аятайхан дуу болсон санагдсан, олон түмэнд таалагдах байх аа. Манай нэрт хөгжмийн зохиолчидтой хамтран хэд хэдэн дуу бүтээсэн. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим "Он жилүүд урсан урссаар” гэдэг сайхан дуу хийснийг гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулж олонд хүргэсэн. Хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын хөгжим "Жаахан шаргын нутагт” дууг нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Батцэнгэл дууллаа. Энэ дууг манай Сүхбаатар нутгийнхан их таатай хүлээж авсан. Энэ зун аавынхаа төрсөн нутаг Ховд аймгийн Мянгад сумын 90 жилийн ойд зориулж "Аав ээж минь”нэртэй 12 дууны цомог гаргасан. Манай хүний аав нь Мянгад сумын сум, нэгдлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан юм билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих