/Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаанаас хийсэн тэмдэглэл/
Дорнод аймгийн ИТХ энэ сарын нэгэнд эхэлж хоёр өдөр үргэлжиллээ.
Хуралдаан эхлэхийн өмнө Нутгийн удирдлагын холбооны дээд шагнал болох
"Соёмбо” шагналыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр
бүтээлтэй ажилласан зарим төлөөлөгчдийг шагнасан. Төлөөлөгч Б.Өлзийбаян,
Ц.Буяндэлгэр, Н.Хүрэлбаатар, С.Итгэл нарыг уг шагналаар шагнасныг
хурлын дарга Р.Зоригтбаатар гардуулсан.
Энэ удаагийн хуралдаанаар 2014 оны аймаг орон нутгийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийн биелэлтийг дүгнэх, 2015 оны аймаг орон нутгийг хөгжүүлэх
үндсэн чиглэлийг батлах, 2015 оны аймгийн төсвийг батлах, хурлын
төлөөлөгчдийн тайлан, аймгийн хөгжлийн сангийн тайлан, аудитын тайлан,
хурлын тэргүүлэгчдийн тайлан, концессын гэрээний жагсалтыг батлах,
аймгийн хөгжлийн сангийн тайлан, хилийн 0306-р ангийг МУ-ын баатар
П.Чогдонгийн нэрэмжит болгох, зарим газар нутгийг улсын тусгай
хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэх байлаа. Хурал өглөөний 09 цагт
68,5 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хурлын дарга нээж дотоод дэгээ
танилцуулан баталснаар эхний асуудал хэлэлцэгдсэн. Хилийн цэргийн 0306-р
ангийг Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит болгох асуудлаар санал
хураалт явуулж төлөөлөгчдийн зуун хувийн саналаар дэмжигдсэн.
Хуралдаан эхлээд удаагүй байхад аймгийн тамгын газрын гадаа Ардчилсан
намынхан жагсаал зохион байгуулж Засаг дарга С.Ганбатыг огцруулах
асуудлыг хурлаар оруулах шаардлага хүргүүлсэн. Хурлын явцад энэ талаар
чимээгүй байсан боловч төлөөлөгч Н.Энхболд -Сая Ардчилсан намаас хуралд
нэг бичиг ирсэн дуулдлаа. Төлөөлөгчид болон, хуралд хамаатай зүйл оруулж
ирсэн бол бидэнд танилцуулна уу хэмээн хурлын даргад хандсаны дагуу
Р.Зоригтбаатар дарга албан шаардлагыг уншиж танилцуулсан. Албан
шаардлагад Засаг даргыг огцоруулах асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэхийг
шаардсан байлаа. Энэ асуудал тэгсхийгээд намдсан. Ахин хурал дуустал
сөхөгдөөгүйг бодвол АН, МАН-ын төлөөлөгчид аль аль нь Засаг даргын
суудлаар оролдохгүй байхаар шийдсэн бололтой. Дээгүүрээ хоёр нам хамтран
засаг барихаар болж байгаа нь ч нөлөөлсөн биз.
Ингээд Хялганат хээрийн бүс нутаг болох Хөх нуур, халхын таван уул,
цагаан хоолой, Ташгайн таван уул, Мэнэнгийн цагаан хоолой, Баянцагааны
тал, Буйр нуур зэрэг найман газрыг улсын тусгай хамгаалалтад авах
асуудлыг хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Энхцэцэг танилцуулж
хэлэлцүүлсэн. Эдгээр газрууд нь аймгийн нөөц газраар бүртгэгдсэн, тусгай
хэрэгцээнд зориулсан газар нутгууд гэнэ. Төлөөлөгчид эдгээр газар
нутгийг улсын хамгаалалтад авсанаар ямар үр ашигтай талаар асууж лавлаж
байсан.
П.Мөнхтөр төлөөлөгч улсын тусгай хамгаалалтад авчихаар бидэнд ашиглах
эрх байхгүй болчихно. Энэ цаашдаа мал аж ахуй газар тариалан хөгжүүлэхэд
саад болох магадлалтай гэж болгоомжилсон бол Ш.Баттөмөр төлөөлөгч Хөх
нуур, Буйр нуурыг аймгийн тусгай хамгаалалтад авч үлдэе гэсэн саналыг
гаргасан. Ингээд энэ асуудал олонхийн дэмжлэгийг авч чадалгүй
хойшлогдсон.
Үүний дараагаар бодлогын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг
хэлэцэж баталсан. ИТХ-аас энэ жил бодлогын хорооны ажлыг сайжруулж
гишүүдийн идэвхийг хангах тал дээр түлхүү ажиллах зорилт тавиад байгаа
талаар хурлын дарга хэлсэн. Ингээд бодлогын хороог шинээр байгуулсан
бүтцийг танилцуулсан.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Хөгжлийн сангийн тайланг Засаг
даргын орлогч М.Бадамсүрэн танилцуулж хэлэлцүүлсэн. Энэ сан нь аймгийн
нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны компаниудын хандив,
бусад хандивлагчдын мөнгөөр бүрддэг юм байна. Одоогоор манай аймагт үйл
ажилагаа явуулдаг Газрын тосны гурван компанийн ашиглалтын талбай бүрээс
жилд 50 мянган доллар орж ирдэг юм байна. Петро Матад компаниас бусад
нь энэ жил дээрх хандиваа өгсөн байна. Тухайллбал Петро Чайна Дачин
тамсагаас 450 сая, Эм пи ай компаниас 88 сая, Хас банкны жижиг дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн хүү 15,5 сая төгрөг уг санд
орсон байна. Хөгжлийн сангийн үлдэгдэл 260,7 сая төгрөг үлджээ. Хөгжлийн
сангаас Баянтүмэнгийн морь барианы газрыг нүүлгэж тохижуулахад 76,6,
агаарын шугам татаж тог цахилгаанд холбоход 18, морин уралдаан зардалд
59,4, Халхын голын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд 40,5, цагдаагийн
газрын дэргэдэх хүүхдийн талбайд 10, АЗДТГ-т хүндэтгэлийн гэр авахад
18,1, "Дорнод нутагт тавтай морил” ном, альбомын хамт 14,9, Цэнгэлдэх
хүрээлэнгийн зүүн талын хайрган хучилттай зам зогсоолын хамт тавихад 20,
Их хурд наадмын хандмвлагчдын хүлээн авалтад 2,9, Япон улсад БОЭТ-ийн
хоёр эмч сургалтад хамрагдахад 2,3, Тайваньд нэг эмч элэг судлалаар
явахад 3,5, "Дорнод нутагт тавтай морил” DVD, бэлгийн уутны хамт 3, Зүүн
хойт азын уулзалтад оролцогчдод 2,6, ИТХ-ын даргын нэрэмжит багш нарын
илтгэлийн уралдаанд 4,8, хөрш гурван улсын үзэсгэлэн худалдаа, аялал
жуулчлалын өдрүүдийн зардал 25, Улаанбаатар хотноо зохиогдсон Дорнод
аймгийн өдрүүд арга хэмжээнд 25, "Сарьсан багваахай” дуурийн уран
бүтээлчдийн хотод тоглосон зардал 18, багийн ажлын зардал 1, Тусгаар
тогтнолын талбайд байрлуулсан дэлгэцийг суурилуулах зардалд 8,5,
Цагдаагийн газрын камер угсрах зардалд 5 сая төгрөгийг зарцуулсан талаар
тайланд дурдагдлаа.
Аймаг хөгжлийн сангийн тайлантай холбогдуулан төлөөлөгчид асуулга тавьсан.
Батзориг төлөөлөгч сангийн журам тодорхойгүй байна. 2014 онд яг хэдэн
төгрөг орохоос хэд нь ороод байгааг лавласан. М.Бас-Эрдэнэ төлөөлөгч Их
хурд наадамд хандивлагчдын өгсөн мөнгөний зарцуулалтыг яагаад тавиагүй
талаар болон АЗДТГ-т авсан шинэ гэрийн талаар сонирхсон. Хуучин гэр
байсаар байтал заавал ийм өндөр үнээр шинэ гэр авах хэрэг байсан эсэхийг
тодруулсан. Мөн Хас банкны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн
зээлийн хүүг эргэлтэд оруулж байх саналыг гаргасан. Төрийн сангийн
хэлтсийн дарга Базаррагчаа эдгээр асуултад хариулахдаа -хандивлагчдын
мөнгөний зарцуулалт байгаа. Тодорхой журмын дагуу зарцуулагдсан. Гэрийн
хувьд хуучин гэрийг арчлахад их зардал ордог. Зөвхөн бүрээсийг нь
солиход л гэхэд 1,5 сая төгрөг зарцуулагддаг. Дээр нь нүүж суухад
хүндрэлтэй, кран энэ тэр хэрэг болдог учраас 6 ханатай хүндэтгэлийн гэр
авсан гэж тайлбарлав. Мөн хөгжлийн сангаас нийтдээ 271,5 сая төгрөгийн
зардал гарснаас хандивын 185,5 сая, ОНХС-аас 50 сая төгрөгийн зардал
гарсан гэлээ.
Төлөөлөгч Н.Энхболд – Гурван улсын аялал жуулчлалын өдрүүд гэдэг зүйлийг
арай өргөн цаг хүрээ, ач холбогдолтой хийж баймаар байна. Яг хэдэн
төгрөг юунд зацуулснаа дэлгэрэнгүй тавих хэрэгтэй. Энэ жилийн арга
хэмжээ болоод Улаанбаатар хотод болсон Дорнодын өдрүүд олигтой болоогүй.
Хянган аймгийнхан манай аймгийг давж харьцаад байгаа нь хөршүүдээ татаж
чадахгүй байгааг харуулж байна гэсэн утгатай шүүмжлэл хэлсэн. Тэрээр
цааш нь Дорнод аймаг өөрсдийгөө сурталчлах тал дээр маш муу ажиллаж
байна. Сүхбаатар аймаг энэ жил пиар хийсээр байгаад олны анхаарлыг татаж
чадсан. Бид аймаг орон нутгаа орон даяар сурталчлах хөрөнгө мөнгө
төсөвлөх хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр бүтээн байгуулалтын ажлуудаа гаргаж
баймаар байна гэсэн саналыг тавьсан.
Харин тайлбарыг ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий – Хувцас загвар, бизнесийн
форум уулзалт, үзэсгэлэн худалдаа гэсэн гурван үйл ажиллагаанд дээрх
хөрөнгө зарцуулагдсан гэлээ. Засаг дарга нэмэлт тайлбар хийхдээ –олон
улсын чанартай үйл ажиллагаа явуулахад мөнгө санхүү их ордог. Яг үнэндээ
25 сая гэдэг бол бага мөнгө. Маш ядмаг төсөв гэдгийг онцолсон. Харин
П.Мөнхтөр- Хянган аймгийг Улаанбаатартай холболоо гээд муу юм болохгүй.
Харин ч тэнд зах зээл бий гэв. Ц.Буяндэлгэр- ОНХ сангийн хөрөнгийг
арвижуулах тал дээр ямар бодлого барьж байна?, хэдий болтол гадны хэдэн
компанийг нурууг нь авсан морь шиг маажаад байх вэ? гэж асуусан. Мөн
дээр нь хандив дэмжлэг өгдөг, ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийг
биелүүлдэг байгууллага аж ахуй нэгжүүдээ урамшуулах, алдаршуулах зүйтэй
гэсэн саналыг ч тавьж байсан. Эдгээр саналыг М.Бас-Эрдэнэ, Н.Энхболд
нарын төлөөлөгчид дэмжиж байлаа

Хурлын завсарлагааны дараа Хурлын дарга Р.Зоригтбаатар Тэргүүлэгчдийн
тайланг тавьсны дараагаар Дорнод аймгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийн биелэлтэд дүгнэлт өгөх асуудалд хэлэлцэгдлээ.
2014 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх гурван бодлого 159
чиглэлийн биелэлт 94,3 хувийн хэрэгжилттэй гэсэн дүгнэлтийг төлөөлөгчдөд
танилцуулсан. Үүнийг зарим төлөөлөгчид хөрсөн дээр буусан дүгнэлт биш
байна гэж байсан хэдий сүүлд дүгнэхдээ 100 хувь хангалттай гэж дүгнэсэн
билээ. Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байхад зарим төлөөлөгчид
жижиг сажиг шийдвэрлэсэн асуудлуудаа хамтатгаад ийм өндөр хувь гаргаж
болохгүй. Яг нийгэм эдийн засгийн хөгжилд бодит биелэлээ олсон
ажлуудаараа дүгнэх хэрэгтэй гэсэн үг хэлж байлаа. Тайланг сонсож байхад
бэлгийн замын болон хавдрын өвчлөл хотын дунджаас 4,8 дахин их,
сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас өссөн зэрэг таагүй мэдээлэл байлаа. Мөн
хамгийн их яригдсан сэдэв Боловсролын салбар байлаа. Аймгийн
Боловсролын газрын даргын үйл ажиллагаа, удирдах арга барилыг нэлээд
хэдэн төлөөлөгч шүүмжилж байсан.
Л.Хишигтогтох төлөөлөгч- Аймаг хүний хөгжил тэр тусмаа боловсролын
салбарт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Багш хөгжлийн хөтөлбөрийн
хүрээнд яг юу хийсэн юм. Энэ тайланд Түшиц цэцэрлэгийн багш нарыг
сургалтад хамруулсан гэснээс өөр юм алга байна. Ер нь Боловсролын газрын
даргын зүй бус алдаатай тушаал шийдвэрийг анхаармаар байна. БСГ-аас ЕБ
сургуулиудад хүргэсэн албан даалгавартаа " багш нар бэлгэсийн ариун
цэврийг сахь” гэсэн зүйлээ засах хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүд одоо
залуу багш нараа шоолж байна. Ингэж буруу үлгэр дууриал үзүүлж болохгүй
шүү дээ. Мөн төсөв хэмнэх нэрээр жижүүрүүдийнхээ цалинг хассан. Энэ
талаар надад ажилчдаас нь гомдол ирсэн нь энэ байна гэж үзүүлэв.

Төсвийг хэмнэхдээ ажилчдын тэр тусмаа доод тушаалын ажилчдын цалингаас
хасахгүй байхыг Засгийн газраас анхааруулаад байхад ийм алдаатай шийдвэр
гаргаж байна. Үүнээс болж тус газрын жижүүрүүд сар бүр 44 мянган
төгрөгөөр хохирч байгаа гэдгийг сануулсан.
Халхголоос сонгогдсон төлөөлөгч М.Уртнасан – Өнгөрөгч өвлийн манай
суманд гарсан зудад нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөл 50 хувьтай гэж
бодлогын хороогоор орж байсан. Гэтэл гүйцэтгэл дээр 70 гээд ороод ирэх
юм. Энэ төслийн үлдэгдэл 100 саяыг энэ жил үргэлжүүлэх үү, мөн орон
нутагт нь тендерийг зарлаж сонгож шалгаруулалтаа явуулахгүй бол холоос
ирж малаа авна гэдэг малчдад хүндрэлтэй байдаг гэлээ. М.Бадамсүрэн дарга
энэ асуултад хариулахдаа – Уг хөтөлбөр энэ жил дууссан. Ирэх онд
хэрэгжинэ. Хувийг алдаатай гаргасан байна. 33 хувьтай байгаа. Орон
нутагт тендерийг зарлахаар нутгийн аль нэг мянгат малчид малаа шахах
гээд байдаг учраас энд зарлаж байгаа гэж хариулсан. Үндсэн чиглэлийн
биелэлтийн тайланд алдаа оноотой тоон үзүүлэлт нэлээд байгаа нь
анзаарагдсан. Хувь нь өндөр гарсан зарим ажил бараг хийгдээгүй талаар
төлөөлөгчид лавлаж байлаа. Монгол дайчдын хөшөөний цэцэрлэгжүүлэлт огт
хийгдээгүй байтал 90 хувь гэж гарсан байна энэ ямар учиртай юм гэж
М.Бас-Эрдэнэ төлөөлөгч лавласан.

Энэ асуултад үнэлгээ өгөх тусгай аргачлалын дагуу хийсэн. Энэ
аргачлалаар бол хийх тушаал гаргаснаас эхлээд үнэлгээ өгдөг гэсэн
хачирхалтай тайлбар хийгдсэн. Үнэндээ ойлгоогүй. Махчилбал нэг шон
хатгасан байхад л ажил хийгдсэн гэж үнэлдэг бололтой. Энэ ажлыг шууд
худалдан авах гэрээгээр хийсэн ч гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлээгүй
юм билээ.
Тайланг товчхон сийрүүлбээс Засаглалын ил тод байдлыг хангах тал дээр
нэлээд олон ажил хийгдсэн талаар тайланд дурдагдсан. Иргэдийн саналыг
сонсох нээлттэй утсанд давхардсан тоогоор 8000 гаруй иргэд ханджээ. 11
нэгэн суманд иргэний танхим ажиллуулж 9 суманд нээлттэй утас ажиллуулсан
байна. Хөрш орнууды хамтын ажиллагаа өргөжсөн. малын хулгай 26,5 хувиар
буурсан үзүүлэлтүүд байв. 1441ажлын байр бий болгосноос
Төлөөлөгчдийн зүгээс энэ онд тавигдсан Ялалт, Зангиат хорооллын замууд
чанарын шаардлага хангахгүй байгаа талаар шүүмжилж байсан.
Л.Хишигтогтох
төлөөлөгч утааг багасгах зорилгоор оруулж ирсэн утаагүй зуух, утаа
хэмжих багаж хаана байгааг асуулаа. Засаг дарга хариулт өгөхдөө –Утаа
бууруулах 50 ширхэг зуух аймгийн төвд тараагдсан. Үр дүнгийн мэдээлэл
одоохондоо ирээгүй байна. Утаа хэмжих багаж ирсэн хэдий ч зарим нэг
дагалдах хэрэгсэл ирээгүй байж байгаад саяхан ирсэн гэсэн мэдээлэл
өгсөн. Мөн бэлгийн замын халдварт өвчний тухайд ганц энэ жил биш сүүлийн
10 гаруй жилийн турш ийм үзүүлэлттэй яваа. Үүнийг дан ганц эрүү мэндийн
байгууллагатай холбож ойлгож болохгүй. Иргэдийн өөрсдийнх нь боловсрол,
мэдлэг, ариун цэвэр сахих нь хамаатай ихээхэн хамаатай гэлээ.
Ялалт, Зангиатын замуудын хувьд гүйцэтгэх компаниуд ирэх жил засвар
үйлчилгээг бүрэн хариуцна гэдгийг авто тээврийн газрын дарга хариулт
болгосон. Хөлөнбуйрын 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн төсөв царцаагдсан
шалтгааныг тус сумаас сонгогдсон төлөөлөгч Ганхуяг асуусан. Энэ
цэцэрлэгийн талаар хот орох болгондоо хөөцөлдсөн гэж засаг дарга
учирлав. Гол шалтгаан нь төсөв нь хэтэрхий өндөр байгаагаас холбогдох
газрууд нь царцаагаад байгаа юм билээ. Нийтдээ тэрбум 250 саяын төсөв
байгаа нь улсын хэмжээнд ийм үнээр боссон цэцэрлэг байхгүйтэй холбоотой
бололтой. Энэ жилийн цэригйн албанд татагдах үзлэгээр нийт цэргийн
насныхны арав гаруй хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй гэсэн тоо гарчээ.
100 хүний 16 нь тэнцсэн гэсэн үг. Энэ шалтгаан үнэхээр бодит уу гэдгийг
судлахыг төлөөлөгчид сануулсан. Энэ онд нийтдээ 1441 ажлын байр бий
болгосноос 435-ыг нь зуучилж 1876 байнгын ажлын байр бий болгосон талаар
хөдөлмөрийн хэлтэс мэдээлсэн.

Ц.Буяндэлгэр төлөөлөгч төсвийн мөнгийг хамаагүй зарцуулж байгаад
шүүмжлэлтэй хандаж байлаа. Жишээ нь нэг дуучны тоглолтод гэхэд л 5 сая
төгрөг Засаг даргын нөөцийн сангаас гаргсан байсан. Энэ мөнгийг тусламж
нэн шаардлагатай таван өрхөд өгчих боломж байсан. Дээр нь газар
өмчлүүлэх, эзэмшүүлэх талаар хууль зөрчсөн захирамжууд, яамны хүнийг
өөрийнхөө зөвлөхөөр сонгосон зэрэг алдааг засаг дарга гарсан хэмээн
шүүмжилж байсан ч нэг их газар авсангүй. Үндсэн чиглэлийн дараагаар
аудитын тайланг хэлэлцээд энэ өдрийн хурал завсарласан.
Хоёр дахь өдрийн хурал 2015 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийг батлах хэлэлцүүлгээр эхэлсэн. Боловсролын салбарын тухайд
мэргэжилтнүүдийг сэлгэж ажиллуулна гэсэн зүйлийг ойлгохгүй байна. Тэс
өөр мэргэжлийн хүмүүсийг сэлгээд ажил дээшүүлэх биш нураагаад хаячих юм
биш биз гэсэн болгоомжлолыг Б.Өлзийбаян төлөөлөгч асууж байсан. Тэрээр
мөн тус газрын даргын ёс зүйн асуудлыг ч сөхөөд авсан. Мөн Солонгос,
Японы аль нэгэн мужтай харилцаа холбоо тогтооно гэсэн заалт гадаад
харилцаан дээр байсан. Өмнө нь бид зарим нэгэн мужуудтай харилцаа
тогтоосон ш дээ.. Тэр харилцаагаа сэргээгээд явахыг санал болгосон.
Байгаль орчны чиглэлд ойн хортохн шавьж усгана гэсэн зүйлийг БОГ дарга
Ганбат тайлбарлахдаа –Баян-Уул суманд хийсэн судалгаагаар 1080 га ойд
хортонй шавьж байгааг илрүүлсэн учраас гэрлээр бүсэлж болон хортой
даавуугаар орооох замаар устгах төлөвлөгөөтэй байгаа гэж тайлбарласан.
Цагаан сар угтах баярыг үндсэн чиглэлд тусгаагүй байсныг аймгийн Засаг
дарга тайлбарлахдаа –Энэ жил Алтан-Эмээлд тэмдэглэх учраас үндсэн
чиглэлд оруулах шаардлагагүй гэлээ. Ингээд төлөөлөгчид зарим асуудлыг
үндсэн чиглэлд тусгуулах саналаа хэлсэн.

Тухайлбал Төмөрбаатар төлөөлөгч Силикат хорооллыг жишиг хороолол болгоно
гэж Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон байсан. Энэ утгаараа цэвэр
бохир усны дэд бүтцийн төсөв орж байх шиг байсан. Харин халуун дулааныг
шийдэх зураг төсвийг суулгах өгмөөр байна гэж санал оруулна лээ. Мөн
Батзориг төлөөлөгч 4-7 байшинг ижил өнгөтэй болгох, музейн засварыг
оруулмаар байгаагаа хэлсэн. Ер музейн талаар төсөв хэлэлцэх үеэр
Ц.Буяндэлгэр төлөөлөгч ихээхэн хүчлэсэн. 70 жил солиогүй цахилгааны
монтажтай, МХГ, Онцгой байдлын газраас дүгнэлт гарсан газар шүү дээ.
Хэзээ мөдгүй түүхийн үнэт олдворууд шатаж үгүй болох эрсдэлтэй гэж
сануулж байлаа. Ингээд үндсэн чиглэл батлагдав.
Үүний дараагаар 2013 оны аймгийн төсвийн гүйцэтгэлийн тайланг санхүү
төрийн сангийн хэлтсийн дарга Базаррагчаа тавилаа. Тайлантай холбоотой
асуулга асуугаагүй учир гүйцэтгэлийн төслийг баталсан. 2015 оны аймгийн
төсвийн төслийг уншиж танилцуулав. Ирэх онд ОНХС-д 8,2 тэрбум төгрөг
манай аймагт төсөвлөгдсөнөөс 4,9-ийг нь сумдад хуваарилжээ. Аймгийн Орон
нутгийн хөгжлийн санд 3,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 32 төсөл арга
хэмжээнд зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс гадна Аймгийн төсвийн хөрөнгө
оруулалтаар 2,7 тэрбум төгрөгийн 48 төсөл арга хэмжээ, замын сангийн
хөрөнгөөр 263,3 сая төгрөгийн 5 төсөл арга хэмжээг санхүүжүүлэх юм
байна. Аймгийн төсвийн 2014 оны үлдэгдэлийг 2 тэрбумаар тооцож байгаа юм
байна.
2015 оны төсвийн төслийг танилцуулсаны дараагаар МАН-ын бүлэг завсарлага
авсан. Төсвийн төслийн дараа 2015 оны төсвийн төсөлд өгөх санал
дүгнэлтийг Аудитын газрын дарга Түвдэнням уншиж танилцуулав. Аудитын
дүгнэлтээр бол ирэх онд авто машины татвараас 106,5 сая төг ОНТ-т орох
боломж бий гэлээ. Дорнод аймагт нийтдээ 13737 автомашин, өөрөө явагч
тээврийн хэрэгсэл байгаа гэж Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй
байгаа бол, татварын газарт бүртгэлтэй 12852 авто машин байгаа гэсэн тоо
гарчээ. Эдгээр тээврийн хэрэгслүүдийн 51,5 хувь нь татвараа төлсөн
байна. Өөрөөр хэлбэл 805 тээврийн хэрэгсэл дутуу байна гэсэн үг юм. Иймд
дээрх татвараа төлөөгүй автомашинуудаас албадан татвараа авч чадах юм
бол дээрх 106,5 са төгрөг орох боломжтой гэж үзжээ. Дээр нь зарим сумдын
газар эзэмшүүлэх гэрээгээр орж ирэх мөнгө, торгууль төлөөсөнд орж ирэх
мөнгийг тооцоод 13,7 тэрбум төгрөгийг бүрдүүлэх боломжтой гэж үзлээ. Энэ
тал дээр татварын болон тээврийн байцаагчид идэвхитэй ажиллах
шаардалагатай байгааг сануулсан.
Ийнхүү 2015 оны аймгийн төсвийг хэлэлцүүллээ. Завсарлага авсан МАН-ын бүлгээс Төмөр замын дулааны шугамыг шинэчлэх 100 сая төгрөг, аймгийн ЗДТГ-ын авто паркийн шинэчлэл 160 сая төгрөгийг төсвөөс хасах, 9-р багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах 135 саяын төсвөөс 20 саяыг нь хасаж Буйр нуурыг хамгаалах 20 саяыг, 4-р багийн иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлэх талбайн тохижилтод 40 сая, гурван улсын аялал жуулчлалын өдрүүдийн төсөвийг хангалтгүй гэж үзээд 40 сая болгон нэмэгдүүлж, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад 20 сая, БОЭТ-ийн сэтгэцийн тасагт 15 сая, чөлөөлөх дайны ойг тэмдэглэх зардалд нэмж 5 сая, цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасагт пургон автомашин авах 32 сая, гидролох тооцоонд 10 сая, Матадын машин авах төсөв дээр нэмж 5 сая, Сэргэлэн сумын Галын голын гүүрийн замыг засахад 15 сая, мөн сумын агаарын дамжуулах шугамд 15 сая төгрөгийг оруулсан. Төмөр замын шугамын төсвийг хасах саналыг Н.Энхболд төлөөлөгч ихээхэн эсэргүүцсэн боловч олонхи болох МАН-ын бүлэг хүч түрэн гар өргөснөөр яалт ч үгүй хасагдсан. Тэрээр –Энэ санал иргэдийн саналаар эрэмблэгдээд жагсаалтад орсон зүйл. Гурван ч жил иргэдийн саналаар нэгээр гарч ирдэг зүйл ш дээ. ИТХ-аараа хэлэлцүүлэгдээд Засаг даргын зөвлөлөөр ороод гарч ирсэн төсөв. Тэнд бүхэл бүтэн тосгон хөлдөх аюул тулгараад байна. Ноднин өвөл л гэхэд хэд хэдэн удаа шугам нь буудсан. Ингэж олонхиор түрий бариад шийдээд байх юм бол би энд төлөөлөгч гэж суух хэрэг алга гээд хурлыг хаясан. Тэрээр ИТХ даргад хүүүхэд, залуусын хөгжлийг дэмжих лобби бүлэг ИТХ байгуулсан тухай хэлээд танхимаас гарсан. Төлөөлөгч Ц.Ганбат ч мөн эсэргүүцэж ард иргэдээ бодохгүй зөвхөн эрх ашгаа бодсон төсвийг олонхиороо хүч түрлээ гэж шүүмжилж байлаа. Ингэж хэлэх ч үндэслэлтэй байлаа. Учир нь Н.Энхболд төлөөлөгчийн зүтгүүлээд байсан төмөр замын шугамын төсвийг МАН-ын бүлэг хасах санал оруулсны дараа хурлын дарга энэ асуудалд санал хураалт явуулах гэж байхад МАН-ны төлөөлөгчид "хасагдчихсаан, хасагдчихсан” хэмээн доог тохуу маягтай дуугарч байсан. Энэ нь угтаа санал хураагаад нэмэргүй гэсэн санаа байлаа. Үнэхээр ч хасах санал хураахад олонхи бүгд гараа өргөөд л хасчихсан. Ингээд 2015 оны аймгийн төсвийн орлого 54,7 тэрбум, зарлага 56,7 төгрөгөөр батлагдлаа. Концессын гэрээгээр буюу аймаг орон нутаг өөрсдөө хүч хүрэхгүй, мөнгө хөрөнгө нь бэлэн байхгүй ажлуудаа гадна, дотнын компаниудаар гүйцэтгүүлэх арван ажилд Чойбалсан хотын гэр хороолол руу дэд бүтэц татах, Хан-Уул цогцолбор сургуулийн 928 хүүхдийн хичээлийн шинэ байрны гадна дулааны шугам сүлжээг барих, Хан-Уул цогболбор сургуулийн хичээлийн хуучин байрыг дулааны төв шугамд холбох, Чойбалсан хотын бетон хучилттай босоо тэнхлэгийн автозамуудыг асфальтан хучилттай болгох, шинээр барих, Чойбалсан хотод 14 м өргөнтэй төв зам шинээр барих, Чойбалсан хотод хогны цогцолбор үйлдвэр байгуулах, Хэрлэн сумын 6,10 дугаар багийн ажлын алба, агентлаг, өрхийн эмнэлэгийн барилга, Баянтүмэн суманд хатуу хучилттай автозам, морь барианы газарт автомашины зогсоол барих, Чойбалсан сум хатуу хучилттай автозам, Дашбалбар сумын төвд хатуу хучилттай автозам барих ажлууд багтсан.
Төсөв батлагдахад оруулсан, дэмжиж байсан төсвүүд нь батлагдаагүйд
гонсгор үлдсэн төлөөлөгч олон байсан. Хэдийгээр бүтээн байгуулалт, зам
дэд бүтцэд чамгүй мөнгө суулгасан хэдий ч үрэлгэн шинжтэй төсвүүд нэлээд
байсан. Тухайлбал Гурван улсын аялал жуулчлалын өдрүүдэд 40 сая төгрөг
төсөвлөсөн. Энэ арга хэмжээ жил бүр тоо нь өсөж аймгйин төсвөөс
зулгаасаар. Харин үр дүн нь төдийлөн харагддаггүй. Гэсэн атлаа аймаг
орон нутагт бэлгийн замын халдварт өвчин улсын дунджаас 3-4 дахин их
байхад уг өвчинтэй тэмцэхэд 20-хон сая төгрөг төсөвлөж байх жишээтэй.
Нэг хорооллын чөлөөт цагийн талбай тохижуулахаас бага мөнгө шүү. Аймгийн
музейн хосгүй үнэт, түүхийн дурсгалт зүйлээ хамгаалахад 25 сая төгрөг
харамласан атлаа хорооллын хэдэн хөгшид, хүүхдүүд нарлах талбайд 40 сая
төгрөг өгсөн төлөөлөгчдийг зөөлрүүлж харвал иргэдээ боджээ гэмээр. Олон
жижиг сажиг аар саар зүйлд их наалдуулсан хатуугаар хэлбэл эрх ашгийн
сонирхол давамгайлсан төсөв болчихлоо ч гэж зарим хүмүүс ярьж байлаа.
Ийнхүү бүсээ чангалсан төсөв биш бүгдээрээ хуваах төсөв батлагдлаа. Илүү
сайныг ирэх жилүүдэд харах л үлдлээ.
Н.Мөнхсайхан /Dnews.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих