Гэвч идэр есийн жавар тачигнаж эхлэх мөчид манай улсын ихэнх нутагт цасгүй хараараа гэх мэдээллийг Цаг уурын хүрээлэнгийнхэн орой бүр цэнхэр дэлгэцээр өгөх юм. Хашир малчдын яриагаар бол өдий үеийн өнгөөр өвлийн ааш аягийг шинжиж болдоггүй, харин арванхоёрдугаар сарын сүүлээр тохиох цагаан морин өдөр тэнгэр хангай нэг биш бол жар хоногийн зуд болдог гэнэ.
Ямартай ч хоёр сарын урьдчилсан төлөв байдлаар баруун зүгийң нутгаар, гуравдугаар сард нутгийн зүүн хэсгээр ахиу цас унах аж. Энэ нь өнгөрсөн зун гандуу, бэлчээрийн гарц муу байсан газруудад эрсдэл дагуулж мэднэ. Ялангуяа, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэгт өвөлжиж буй малчид анхааралдаа авчихад гэмгүй болов уу. Бас Архангай аймгийн зарим сумд, Хэнтийн өмнө талын ганц нэг сум бага зэрэг гандуу зуншсан шүү дээ. Зуншлага муу гарсан малчдын сонорт дуулгахад Отрын долоон бүсийг та бүхэнд санал болгож байгаа юм билээ. Баян- Өлгий, Увсынхан Ачит нуурын отрын бүсдээ. Завхан, Ховдынхны тухайд Завхан аймгийн Дөрвөлжин сумын отрын бүсийг эртхэн зорьчиход алзахгүй.
Харин малчдын сайн мэдэх Багахайрханы отрын бүс рүү Говь- Алтайн малчид нэлээд нүүдэллэж буй сураг байсан. Мөн түүнчлэн Говь- Алтай, Баянхонгорын зааг нутаг дахь Бор Аргалантын отрын бүсийг нэрлэж болох агаад наашлаадТөв, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийнхны тухайд Чилэнгийн, Хөх дэл гэж сайхан бүс байгаа. Ер нь хангайнхан алзахгүй дээ. Булганы Дашинчилэн, Баяннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутагт хэд хэдэн Отрын бүс бий. Үүнээс гадна хэн бүхний сайн мэдэх Хэрлэнбаян-Улаан байна. Жилийн жилд төв болоо зүүн аймгийнхны аминд ордог сайхан хангай. Дорнод аймаг дахь Чойбалсангийн отрын бүс ч түүнээс дутахааргүй.
Адуутай айлууд голдуу оторлодог юм билээ. Дорноговь ч бас хоосонгүй. Аргагүйдвэл Балхын бүсийг зориод очсон байхад малын сахал хөдөлгөөд байх вий. Дашрамд дуулгахад, Ховдынхон энэ өвлөөс Завхан, ГовьАлтай руу нүүдэллээд байх шаардлагагүй болсон гэнэ лээ. Дарви суманд отрын бүсийг шинээр бий болгосон гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд мэдээлж байсан. Иймээс бидэнд морин жилийн өвлийг онд мэнд тарган тавтай давах боломжууд байна. Гагцхүү нэгэн зорилгын дор өвөлжиж буй малчид минь бие биеэ бүү хажиглаарай. Жилийн жилд л бэлчээр нутгаа булаацалдсан,сум орон нутаг нь гадны малчдыг ад үзэх, бэлчээр, усаараа хавчиж хяхсан, мөнгө нэхсэн гэх мэдээлэл дуулддаг. Газар нутаг, хангайн хишиг гуравхан сая хүндээ хангалттай шүү дээ. Эвтэй бол хүчтэй гэдэг дээ.
Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Ч.Чулуунцэцэг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6860
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих