Шинэ цагийн эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэх, музейн үзмэрийн зүйлсийг цуглуулах, хадгалах, дэлгэн үзүүлэх ажилд оройлон оролцож байсан Зөвлөлтийн эрдэмтэн, монгол судлаач А.Д.Симуков нь 1927-1929 онд Судар Бичгийн Хүрээлэнд музейн эрхлэгчээр, 1929-1932 онд СБХ-ийн газрын зураг байдлын алба болон музейн хэргийг хавсран ажиллаж байжээ.
Тэрбээр 1902 оны дөрөвдүгээр сарын 29-нд төрсөн байна. Багаасаа байгалийн ухаан, түүний дотор газарзүйг сонирхон судалж, Н.М.Пржевальский, П.К.Козлов, С.Гедин нарын бүтээлийг амтархан уншиж, Төв Азийн уудам нутгаар жуулчлан газарзүйн нээлт хийхийг мөрөөдөж, бүр гимназид суралцаж байхдаа зэлүүд нутгаар аялж, үе тэнгийнхэнтэйгээ хамтран "Байгаль судлаачдын нийгэмлэг" байгуулж, фенологийн ажиглалт хийж явжээ. Тэрбээр гимназиа төгсөөд М.В.Ломоносовын нэрэмжит Цахилгаан-механикийн дээд сургуульд элссэн байна. Түүнийг хоёрдугаар дамжаанд суралцаж байхад нь нэрт эрдэмтэн П.К.Козлов Төв Азид дахин аялах болсон тухай мэдээ түгжээ. Үүнийг олж сонссон Симуков сургуулиа орхин энэ экспедицид орохоор шаргуу хөөцөлдсөн гэдэг. Энэ тухай түүний гэргий М.А.Симукова "Аялалд оролцохыг хүссэн олон арван хүн өргөдлөө өгсөн юм гэдэг. Тэднээс шалгаруулж дөрөвхөн хүн авсаны нэг нь Андрей байлаа. Тэрбээр амьд ахуйдаа үүгээрээ байнга бахархдаг байсан" хэмээн хожим дурсан бичжээ. Ийнхүү Төв Азийг судлах А.Д.Симуковын урт бөгөөд бартаатай зам эхэлсэн түүхтэй.
П.К.Козловын экспедицид ажиллаж байхдаа тэрбээр цаг уурын ажиглалт хийж, байр зүйн зураглал үйлдэж, ургамал болон амьтны аймгийн судалгаа хийж, Ноён ууланд орших Хүннүгийн үеийн хиргэсүүрүүдийн малтлагад гар бие оролцож явсан аж.
П.К.Козловын экспедиц 1926 онд эх орондоо буцахын өмнөхөн Судар Бичгийн Хүрээлэнгийн дарга Ж.Цэвээн түүнд Монголд үлдэж ажиллах санал тавьсан ажээ. Андрей Дмитриевич энэхүү саналыг хүлээн авч 1927-1939 онуудад Судар Бичгийн Хүрээлэнгийн Газарзүйн салбарын эрхлэгчээр ажилласан байна. Тэрбээр үндсэн ажлаасаа гадна Улсын музейн эрхлэгч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн зөвлөх, Цаг уурын товчоо болон Гэрэл зургийн салбарын эрхлэгчээр хавсран ажиллаж байв.
А.Д.Симуков нь манай оронд 16 жил ажиллах хугацаандаа долоон экспедиц, бас багавтар долоон аялал зохион байгуулсан бөгөөд БНМАУ-ын Судар Бичгийн Хүрээлэнгийн Газарзүйн салбарыг удирдаж байхдаа машин, морь тэмээгээр нийт 30 мянган километр зам туулжээ. Түүний зөвхөн халуунд халж, хүйтэнд хөрж, хээр гадаа явсан хугацаа нь гэхэд 33 сар болж байна. Тэрбээр Монголд амьдрах хугацаандаа олон арван бүтээл туурвисны дотор "БНМАУ-ын атлас" /1934/ бүтээлээрээ "Алтан гадас" одон хүртжээ.
Түүний үндсэн бүтээл бүтэн жарны турш дарагдсаны эцэст 2007 онд Японы Осака хотноо анх хэвлэгдэн гарсан. Тэгэхдээ орос хэлээр нийтлэгдсэн аж. Энэ судлаач Төв Азийг судласан Оросын их жуулчин Н.М.Пржевальский, Г.Е.Грумм-Гржимайло, Г.Н.Потанин, П.К.Козлов нартай нэгэн жагсаалтад бичигдэх гавьяатай хүн боловч үндсэн бүтээлүүд нь олны хүртээл болоогүй учир байр сууриа эзлэх боломжгүй байв. Иймд, түүний бүтээлийн эмхэтгэл хэвлэгдсэн явдал нь А.Д.Симуковын гэгээн дурсгалыг мөнхөлж, Төв Азийн газарзүйн судалгааны түүхэнд өөрийн гэсэн орон зайгаа эзлэх бололцоо олгосон буянтай үйлс болсон билээ.
Тэрбээр "БНМАУ-д 12 жилийн турш гүйцэтгэсэн ажлын дүнгийн тухай" илтгэлдээ Судар Бичгийн Хүрээлэнд шилжүүлж буй 50 бүтээлийнхээ нэрийг жагсаасан байдаг. Түүнчлэн энэ жагсаалтад ороогүй "Хэнтийн тайгаар", "Зэрлэг тэмээний оронд" найрууллууд, "Орчин үеийн Монгол Улс" нэртэй кино зохиол, илтгэл, санал зэрэг 50 орчим бүтээл бас байдаг ажээ. Зарим архивт түүний монгол хэл дээр, уйгаржин бичгээр туурвисан гар бичмэлүүд хадгалагдаж байдаг, нэг тайланд нь "цэрэг дайны сэдэвтэй ажлууд" байдаг тухай цухас дурьдсан нь бий. Халхын голын тулалдаан дөхсөн үед энэ хүний газарзүйн өргөн мэдлэгийг ашиглаагүй байж таарахгүй, 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараахан хэвлэгдсэн зохиогч нь тодорхой бас бус ном бүтээл байдаг, нууц нэрээр бичсэн өгүүлэл байдаг гэх мэтийг харгалзаж үзвэл түүний бүтээлийн жагсаалт цаашдаа шинэ шинэ бүтээлээр баяжих нь маргаангүй. Тийм ч учраас академич Ц.Пунцагноров "Андрей Дмитриевич Симуков том бөгөөд гайхамшигтай эрдэмтэн байв. Өөрийнхөө ахар богино амьдралдаа амжиж туурвисан бүтээлээс нь үзэхэд, Оросын эрдэм шинжилгээний сургуулийг төлөөлдөг Пржевальский, Козлов, Грумм-Гржимайло, Потанин, Обручев зэрэг аваргуудтай түүнийг зэрэгцүүлэн тавих ёстой. Симуков тэдний үйл хэргийг тууштай үргэлжлүүлсэн юм" хэмээн өндрөөр үнэлэн бичсэн билээ.
Улсын музейн даргаар 1934-1935 онд ажиллаж байсан Н.Дэндэв абугай дурсан өгүүлэхдээ "Эрдэнэ зуугийн өмнөх Баруун Хүрээний нэгэн жижигхэн модон дуган шиг, орой дээрээ догтой байшинд хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Эрт дээр цагаас түүнийг тусгай лам нар харж хамгаалсаар ирж. Засгийн газраас "Уг тугийг заавал авч ир" гэж даалгавар өгсөн тул Симуков бид хоёр авч ирэх болсон. Тэр учраа тэндэхийн лам нарт хэлсэн чинь өнөөх лам нар нь өгөхгүй гэж эсэргүүцэн сүүлдээ бүр зодолдохдоо тулсан. Өнөөх уурссан олон лам нарын ая эвийг олж аргалж байгаад тугийг авч тэндээсээ бараг зугадах шахам явж Улаанбаатар хотод ирснээр мөнөөх туг хожим түүхийн музейд заларсан түүхтэй" гэжээ.
Монголчууд "Усыг нь уувал, ёсыг нь дага" гэдэг. Энэ зүйр цэцэн үгийг А.Д.Симуков тууштай дагаж, заримдаа монгол дээл, түрийтэй гутал, эсгий малгай өмсч, хэт хутга зүүж явдаг байв. Монголчуудын ёс заншлыг сайн мэддэг, төлөв төвшин, хээгүй, хэнтэй ч болов үг ярианы сэдэв олж, наргиж наадаж чаддаг хүн байжээ. Бас шатар, даалуунд дуртай, айраг, давстай ногоон цай уудаг, шаардлага гарвал монгол маягаар хонь ямаа төхөөрчихдөг хүн байсан гэдэг. Найр наадмын дугараа ирэхэд голдуу "Бөмбөр мод" дуулдаг байжээ. Тэрбээр Москва хот руу илгээсэн нэгэн захидалдаа "Хаяа нийлсэн айлын хүмүүс цуглараад айраг сөгнөж... дуу эгшиглэн, уудам талын сонин сайхан ая бүхий уртын уянгат дууг сонсож суух юутай цэнгэлтэй вэ. Би дуу чагнаж суух тун ч дуртай. Энэ хүмүүсийн аж амьдрал, дур хүсэл, жаргал зовлонг андахгүй мэддэг болсон тул дуугий нь сонсон цэнгэн суух эрх надад бий" гэж бичиж байв.
1939 оны есдүгээр сарын 19-ний өдөр Зөвлөлтийн Армийн бүлэглэлийн Тусгай хэлтсийнхэн түүнийг баривчилж, "гадаад улсын эрх ашгийн төлөө тагнуул хийсэн" ял тулгаж, "ардын дайсан" гэж зарласан байна. Тэгээд тусгай хамгаалалттайгаар Улаан-Үдийн шорон руу хүргэж, тэнд 16 сар хорьсон юм билээ. Улмаар Новосибирск, Архангельскаар дамжуулан Автономит Коми улсын Печорын шорон руу шилжүүлжээ. А.Д.Симуков 1942 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "зүрх нь зогссон" гэсэн оноштойгор тэнд таалал төгссөн ажээ. "Гэмт хэргийн бүрдэл байхгүй" учир 1956 онд түүнийг бүрэн цагаатгасан юм.
"Монголын гэрэл зураг мэдээлэл" сэтгүүл
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=6888
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих