Улсын
нийслэл Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, их хотын түүхэн
дурсгалт газрууд тэр хэрээр арчигдан алга болсоор байх аж. Нийслэл
хотдоо хүрэлцэн ирсэн хөдөө орон нутгийнханд бол хаашаа л харна зай
завсаргүй шахам шавааралдуулан барьсан загвар үзэмж тааруу барилгууд,
толгой эргэж шалавхан зугтахын түүс болмоор олон машин тэрэг, дуу
шуугиан... Энэ их хотын эртний түүх өнөөдөр балран баларсаар байх ажгуу.
Хөдөөнөөс ирж суурьшсан нь байтугай, хотод төрж өссөн гэх өнөөгийн
залуучууд чухам хаана ямар түүхэн дурсгалт газрууд байсныг өнөөдөр шижим
ч мэдэхгүй болж хоцорсон. Тиймээс тэдгээр түүхэн орон зайг сануулан
таниулах үүднээс түүхчдийн туурвисан өгүүллээс хүргэж байна.
Их хүрээ гэх нэгэн орон зайд анх ямар 1855-1892 оны үеийн ”Их хүрээ” гэсэн зурагт их хүрээг Баруун Сэлбэ гол дээр, голынхоо зүүн гарт ихэнх, голынхоо баруун гарт багахан хэсэг гэж тэмдэглэсэн нь 1912 онд Жүгдэр зураачийн бүтээсэн "Монгол улсын нийслэл хүрээ” гэсэн зурагтай харьцуулахад "Их хүрээ” гэж нэрлэсэн нь зөвхөн их хүрээний төв дунд байсан "Зүүн хүрээ” гэдэг лам нарын хорооллыг заасан бол их хүрээний зүүн өмнөд Зүүн сэлбэ голын баруун гарт хүрээн дэхь хэрэг шийтгэх Амбан Түшээт ханы яам, Мөн голын зүүн гарт хүрээн дэхь хэрэгт шийтгэх манж сайдын яам гэсэн хоёр хэсгийг 1912 оны зурагт нилээд хэдэн хороолол хэсгүүдийн төв дунд "Зүүн өмнө хороо” гэсэн ерөнхийлсөн нэг нэр бичсэн байна.
Судалгаанаас үзвэл энэхүү ерөнхийлсэн нэрийн доторхи хэсгүүдийг 1912 оны үе буюу түүнээс хойш Амбан ханы хороо, сангийн яамны хороо, цахарын хороо, жонон вангийн хороо, О-вангийн хороо, Эрдэнэ вангийн хороо гэх мэтээр хэсэг хэсгээр нь нэрэлдэг байсан бололтой. Амбан ханы хороо. Манж чин улсын үед их хүрээн дэхь амбан түшээт ханы яам буюу Монголчуудын нэрлэж заншсанаар их хүрээнд суудаг Монгол амбаны газрын нэрээр тэнд ажилладаг их бага тушаалын Монгол түшмэд бичээч нарын үүсгэсэн хашаа хорооллоос ийм нэр үүссэн байна. ХХ зууны эхэн үеийн амбан хааны хороо гэсэн хэсэгт эдүгээгийн Монголын соёлын төв өргөө, хэвлэлийн "АДМОН” компани, Монгол улсын үндэсний их сургууль, Монгол улсын техник шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль зэрэг гол төлөв шинжлэх ухаан боловсролын байгууллагууд байрлаж ажилладаг билээ.

1909 онд хүрээн дэх хэрэг шийтгэх амбан түшээт ханы яамыг өргөтгөн хоёр давхар тоосгон барилга баригдсаныг хүрээнийхэн Сань-Дуо албаны байр хэмээн нэрэлсэн нь ар монголд сууж байсан Манж чин улсын сүүлчийн амбан байр гэсэн ойлголт бөгөөд Сань-Дуо амбан хэрэг дээрээ энд биш Сэлбэ голын зүүн эрэгт орших хүрээн дэх хэрэг шийтгэх манж сайдын яамны байранд суудаг байжээ. 1911 он 12 сарын 16 буюу шинэ тооллын 12 сарын 29-ний Баасан гаригийн морин цагт Зүүн хүрээний төв дундах ордны газарт VIII Богдыг Монгол улсын эзэн хаанд өргөмжлөн их ёслолыг хийх үеэр олноо өргөгдсөн Монгол улсын төрийн захиргааны төв байгууллага болох яамдыг ч байгуулж, сайд нарыг тохоож томилжээ. үүнд: Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам (тэргүүн сайд нь да лам Цэрэнчимэд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ).

Энэ яамны байрыг эхний үед хуучин хүрээн дэх хэрэг шийтгэх амбан түшээт ханы яамны байр хавьд байгуулсан боловч удалгүй Богд ханы өвлийн ордны зүүн талд шилжүүлэн байрлуулж хожим улсын Дээд, Доод хурлын байртай нэгтгэсэн нь 1912 онд үйлдсэн зурагт "Ерөнхий яам” хэмээн тэмдэглэгдсэн байна. Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайд нь Чин ван Ханддорж) энэ яамны байрыг Амбан ханы хорооны нүүрэнд эдүгээгийн Монгол улсын Боловсролын их сургуулийн хичээлийн төв байрны зүүхэнтэй байжээ. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайдаар нь Түшээ гүн Чагдаржавыг томилжээ) энэ яамны байрлал нь эхний үед гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны зүүн талд байгаад хожим Зүүн сэлбэ голын зүүн гарт голлон байрладаг болжээ. Цэргийн хэргийн бүгд захиран шийтгэх яам ( тэргүүн сайдаар нь чин ван Гомбосүрэнг томилжээ) байрлал нь Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны зүүн гарт байсан бол шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам (тэргүүн сайдаар нь Эрдэнэван Намсрайг) томилж эхний үед Дотоод, гадаад, сан, цэргийн (дөрвөн) яамны арын гудамжинд (эдүгээгийн багшийн коллежийн хавьд) байрлуулсан байдаг. 1912 онд үйлдсэн "Нийслэл хүрээний ” зурагт олноо өргөгдсөн Монгол улсын төрийн таван яамны байрыг албан яамны үүдний ямпай бүхий үүдээр нь таньж мэдэж болохоор тэмдэглэсэн байдаг.
Манж чин улсын сүүлчийн амбан Монголоос хөөгдөхдөө зүүн Сэлбэ голын зүүн эрэг дээрх ордноос хүрээн дэхь Орос улсын консулын газар очиж тэндээсээ Хиагтаар дайран Орос улсын нутгаар дамжин Монголоос бүр мөсөн зайлжээ. Манжийн амбаныг хөөгдсөний дараа 1909 онд бариулсан байранд нь тусгаар тогтносон Монгол улсын гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны төв хэлтэс байрлаж байв. Энэ хэлтэс нь элдэв гэрээ бичгүүдийг хадгалах, бусад яамдтай хамтарсан албан хэргүүдийг хадгалах сургуулийн хэргийг хавсран явуулдаг байжээ.

Тус яам их хүрээнд байсан Манж сургуулийг халаад оронд нь "Монгол –Орос хэл бичгийн сургууль”-ийг 10 хүүхэдтэйгээр анх байгуулж гадаад хэргийн хамаг хэргийг шийтгэх яаманд харьяалагдаж, хуучин манж амбаны хоёр давхар хөх тоосгон байшинд байрлуулав. Энэ сургууль удалгүй "Жинхэнэ дунд сургууль” болон өргөжиж 60-ад суралцагчидтай болж, Монгол, хятад, орос, манж, англи таван хэл үздэг сургууль болжээ. Энэ сургуулийн багш нар нь Эрдэнэбханов, Дашняв, Цэвэгжав, Абушеев нар байжээ. 1921 оны 7 сарын 10-аас энэ байшингийн дээд давхарт Монгол Ардын засгийн газар, доод давхарт нь уг сургууль хэвээр байж Ишдорж, Хазгаев нар багшлах болжээ. Тус сургуульд 1921 оноос өмнө Гүрсэд, Дамбадорж, Жадамба, Цэрэнгомбо, Цэрэндоржийн Юндэн өөр сургуулиас шилжиж ирсэн Хорлоогийн Чойбалсан, Хадын Насанбуян нар суралцаж, энэ сургуулиас Х.Чойбалсан, Гүрсэд нар Эрхүү хотод суралцахаар Орос улсад одож байжээ.
1921 оны 11 сараас энэ байшингийн дээд давхарт МАХН-ын Төв хороо хуучин Гоожингийн өндрийн тэндээс шилжин ирэхэд Монгол ардын засгийн газар доод давхарт нь байрлах болсон байв. 1922 оны 1 сарын 7-нд Намын төв хурлаар Монгол нутгаар тархсан Зөвлөлт Оросуудын эсрэг элдэв яриа цуурхалыг зогсоох тухай хэлэлцээд энэ асуудлыг Богд хаанд уламжилж Намын төв хорооны тогтоолын оронд Богд хааны зарлиг гаргуулвал илүү их ач холбогдолтой хэмээн тогтоод Богдтой уулзаж, зарлиг гаргуулах ажлыг Сүхбаатар,Баваасан нарт даалгажээ.
Энэ хоёр тэр өдрөө Богд хаанд бараалхахаар очиход тэрээр Сүхбаатарыг хүлээн авч зарлиг гаргаж өгсөн гэдэг. 1924 онд энэ байшинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-ын анхны үндсэн хуулийг баталж энэ хурлаар Монголын нийслэл хүрээг 1924 оны 11 сарын 26-ны өдрөөс Улаанбаатар хот хэмээн нэрлэсэн түүхтэй. 1930-аад онд Намын төв хороо засгийн газрын байрны баруун талд зэрэгцүүлж барьсан хоёр давхар байшинд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо голлон байрлах болжээ.

1935 оны тавдугаар сарын 4-нд нэгэн их барилгын суурийг дээрх хоёр барилгын баруунтайх чөлөөнд зэрэгцүүлэн тавьсан нь 1936 оны 1 сард ашиглалтад орж энд МАХН-ын төв хороо, МХЗЭ-ийн төв хороо,Монголын үйлдвэрчний эвлэлийн, хотын нам, эвсэл, үйлдвэрчний байгууллагууд байрлах болжээ. Энэ барилгыг 60000 төгрөгийн хөрөнгөөр барьсан гэдэг. 1951 онд эндээс Намын төв хороо нь одоогийн төрийн ордонд шилжиж байрлаж, энэ барилга дангаараа Улаанбаатар хотын намын хорооны барилга болжээ. 1956,1957 оны үеэс хуучин манж амбаны (1909 онд бариулсан) сууцных болон дэргэд нь барьсан жижиг хоёр давхар барилгуудыг буулгаж энэ газар долоон давхар зочид буудлын барилгыг барьж "Улаанбаатар зочид буудал” хэмээн нэрэлсэн бөгөөд Улаанбаатар хотын намын хорооны барилгыг 1980-аад онд буулган шинэ барилга барьсан нь одоо МАХН-ын төв байр болоод байна. Дээрхи барилгуудын арын гудамжийг 1940 өөд онд "Молотовын гудамж” хэмээн нэрлэх болов.
XVIII зууны үед үүссэн энэ гудамжнаа XIX зууны үед өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Шижир баатарын удмын хүн Жүн Ван Юндэндоржийнх суудаг байсан бол ХХ зууны эхэн үед хичээнгүй бэйс Б.Цэрэндоржийнх болон намын төв хорооны дарга байсан Дамбадорж түүний эцэг Цэрэн-Очир зайсан буюy Бадарчин зайсангийнх, арын гудамжуудаар нь Гэлэгсэнгэ Гүрсэдийн зэрэг бичгийн хүмүүсийн гэр хашаа байсан. 1921 оны наймдугаар сарын 23-нд Монголын бошгыг халах залуучуудын эвлэлийн анхны зохион байгуулах хурал, одоогийн НИК компанийн байрны баруун хойхно байсан Гүрсэдийн хашаанд хуралдаж шинэ Монголын залуучуудын анхны байгууллага анх байгуулагджээ. 1912 онд Түшээт хан аймгийн дархан чин вангийн хошууны харьяат Жонон ван Ширнэндамдин амбан ханы хорооны баруун, талд шинэ хашаа бариулжээ. Жонон ван Ширнэндамдин нь 1912 онд Гадаад яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж тэргүүтэй олноо өргөгдсөн хаант Монгол улсын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Орос улсад очоод Оросын сүүлчийн хаан II Николайтай уулзаж, Оросын засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж явсан бол 1921 оны 10 сарын эцсээр Зөвлөлт оронтой гэрээ хэлэлцээр байгуулж С.Данзан тэргүүтэй ардын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж В.И. Ленинтэй уулзаж зөвлөлт засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж явсан Монголын нэрт дипломатч хүн байжээ.
Жонон ван хашаагаа 1924 онд судар бичгийн хүрээлэнд худалдасныг тус хүрээлэн 1925 онд Ардыг гэгээрүүлэх яам, оюутны сургуульд шилжүүлжээ. Ийнхүү нэгэн айлийн хашаа нэгэн сургуулийн хашаа болж хувирснаар хашаа нь томорч сургуулийн хичээлийн "Г” хэлбэрт дан тоосгон барилга барьжээ.

Хожим оюутны сургууль нь өөр байр нэртэй болсноор энд МУИС-ийн оюутны байр, УБИС-ийн багш ажилчдын байр, дүрслэх урлагийн газар зэрэг байгууллагууд байрлах болов. Жонон ван Ширнэндамдингийн хашааны зүүн талаар Сэцэн хан аймгийн далай вангийн хошууны хурц гүн Магсаржав, түүний хүү алдарт дуучин Дугаржав нар суудаг байв. 1927-1929 онд хуучин Жонон ван Ширнэндамдингийн хашаа буюу тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны хойд талын өргөн чөлөөнд Герман инженер Г.Дебель, зөвлөлтийн инженер Г.Н. Барановский нарын зохиосон зураг төслөөр улсын хэвлэлийн хорооны давхар барилгыг ашиглалтанд оруулсан байна. Тэгээд 1946 онд тус үйлдвэрийг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор шагнаж 1948 онд Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. 1920-иод оны сүүлчээр хуучин "Залрах зам” дээр буюу өөрөөр хэлвэл улсын хэвлэлийн хорооны давхар барилгын баруун талд "Ардын цэнгэлдэх хүрээлэн”-гийн том барилга барьж энэ хоёр том барилгын хоорондуур хойш чиглэсэн гудамжийг "Мартын наймны гудамж” хэмээн нэрлэсэн нь эдүгээгийн "Их сургуулийн гудамж”-ны эхлэл болжээ. 1930,1940-өөд онд "Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан ардын цэнгэлдэх хүрээлэн буюу төв театрын барилга 1940 оны сүүлээр галд эрсэдсэнээр Улсын төв театрын барилгыг шинэчлэн барих тухайн асуудал гарч энэ тухай тогтоол шийдвэр гарсаны дагуу 1946 оны 6 сарын 28-нд хуучин Жонон ван Ширнэндамдингийн хашаа буюу тэр үеийн Улсын Их сургуулийн оюутны байрны урд тал, Намын төв хорооны байрны баруунтайх их чөлөөнд Улсын төв театрын шинэ барилгын суурь тавьж, 1946-1949 онд барьж дуусаад Октябрийн хувьсгалын 32 жилийн ойгоор ашиглалтанд оруулснаар Улсын дуурь бүжгийн академик театрын шинэ түүх эхэлжээ.

Ийнхүү нийслэл хотын маань энэ хэсэг шинэчлэн өөрчлөгдсөөр Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэх үйлдвэрийн хойд талд 1950-1970-аад оны үед Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургуулийн барилга болон улсын архивын хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухаан мэдээллийн төв, Анагаах ухааны дунд сургуулийн байруудыг барьснаар хуучин Зүүн хүрээний зүүн өмнө хороо харчууд буюу Амбан ханы хорооны баруун хэсэг өөрчлөгдөн одоогийн "Хүмүүнлэгийн дээд сургууль”, Монголын үндэсний төв архив, Шинжлэх ухаан, мэдээллийн төв, хэвлэлийн "Адмон” компани, оюуны өмчийн газрын нэгдсэн байр, "НИК” компаний байрууд бий болжээ. Үүнтэй холбогдон 1940-өөд оны үеийн "Молотовын гудамж” байрлалаа өөрчлөн хойшилж Улсын хэвлэлийн комбинат, Анагаах ухааны дунд сургуулийн урдуур шинэ гудамж үүсч Богумер Шмералийн нэрэмжит болсныг 1990-ээд оноос өөрчлөн "Ерөнхий сайд Амарын гудамж” нэртэй болгосон.

Бас 1985 онд Соёл Шинжлэх ухааны төв ордон буюу /Соёлын төв өргөө/-ний их ордыг урьд Жүн Ван Юндэндорж, Жонон ван Ширмэндамдин, хичээнгүй бэйс (ерөнхий сайд байсан) Б.Цэрэндорж, орчуулагч түшмэл (намын төв хорооны дарга байсан) Ц.Дамбадорж, алдарт дуучин, төрийн зүтгэлтэн М.Дугаржав, түүний эцэг нэрт хуульч Хурц гүн Магсаржав, Богд хаант засгийн жилүүдэд Амгалангаас шилжиж ирээд түр сууж байсан зайсан Цэрэн-очир, Бадарчин зэрэг нэгэн үеийн эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүсийн аж төрөн сууж байсан хуучин гэр хорооллын хэдэн гудамжны буурин дээр байгуулагдсан нь тохиолдлын хэрэг мэт боловч нэгэн цагийн их хүмүүсийн аж төрж, ажил хийж явсан газар шороон дээр шинэ цагийн шинжлэх ухаан, соёл урлагийн их барилгууд барьсан нь уламжлал юм шиг болжээ. Амбан ханы хорооны зүүн хэсгийн нүүрэн талд олноо өргөгдсөн хаант Монгол улсын төрийн таван яамны байранд 1921 оны 7 сарын 10-нд Ардын засгийн газрын шинэ яамдууд орсон байна. 1929 оноос Ардын засгийн газрын Дотоод яамны урд талд "Сангийн яамны барилга” гэсэн зориулалтаар хоёр давхар тоосгон барилга баригдаад дөнгөж дуусмагц түүнд 1921 оны үндэсний хувьсгалын 10 жилийн ой тохиосонтой холбогдон БНМАУ-ын засгийн газар, гэгээрлийн яам, Шүүх яам, Эрүүлийг хамгаалах яамд байрлаж байгаад хэдэн жилийн дараа яамд нь тусдаа байртай болж, ганцхан засгийн газар нь үлджээ. Тэгээд 1944 онд Засгийн газрын хоёр давхар байшинд нэг давхар нэмж гурван давхар болгоод 1945 оны 4 сард маршал Чойбалсангийн албан тасалгааг 3 давхрын баруун дээд талын өрөөнүүдэд нүүлгэн оруулж 1945 оны 5 сарын 9-ний ялалтын баярыг маршал Чойбалсан тэр өрөөндөө тэмдэглэн өнгөрүүлсэн болно.

Дараа нь 1951 онд Засгийн газар одоогийнхоо ордонд шилжин байрлах болсноор хуучин байр нь энэ оноос Улсын багшийн институтын хичээлийн төв байр болж ирснээс хойш өнөөг хүртэл УБИС-ийн нэгдүгээр байр хэвээр байна. Энэ байрны зүүн хойд талд буюу хуучин засгийн үеийн Дотоод яамны хашаанд 1921 оны 7 сарын 10-нд том гэр барьж Автономит Монголын засгийн газар, төрийн яамдыг тамга, тэмдэг бичиг хэргийг Ардын эрхт хэмжээт цаазат засгийн эрх мэдэлд шилжүүлэн өгөх түүхт ёслол болжээ. Энэ түүхт үйл явдал болсон газарт тус сургуулийн оюутан, залуучуудын дурсгалын тэмдэг тавьсан ба УБИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны баруун хананд "Хорлоогийн Чойбалсан 1935-1951 онуудад энэ байшинд ажиллаж байсан” гэсэн үгс бүхий дурсгалын самбар байрлуулсаны хойхно талд нь "Болгарын болон олон улсын ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн В.Коларов МАХН-ын IX их хуралд 1934 онд оролцож байв” гэсэн бас нэгэн дурсгалын самбар бий. В.Коларовын оролцсон энэ хурал тус байрны 201 тоот танхимд хуралдсан түүхтэй. УБИС-ийн зүүн тал буюу хуучин Гадаад цэргийн яамны байр байсан газар 1930-аад оноос багшийн сургууль, дараа нь Цэцэрлэгийн багшийн техникум, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт,сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллагууд байрлаж байсан.

Энэ хүрээлэнгийн зүүн талаар хойш орсон гудамж нь бүр ХХ зууны эхэнд үүссэн, тэр үеийн амбан ханы хороо, Цахарын хороодыг хоорондуур нь заагласан гудамж байв. Цахарын хороо. Цахарын болон амбан ханы хороог заагласан гудамжны урд эхэнд 1930-аад онд барьсан "Төмрийн заводын ажилчидын байр”ын гурван давхар орон сууцны байшин буй эндээс хойш Сэлбийн голын баруун эрэг дагуу байрлалтай багахан гэр хорооллыг "Цахарын хороо” хэмээн нэрэлдэг байсан Энэ хороонд Манж чин улсын шинэ засгийн бодлогыг тууштай эсэргүүцэж тэмцсэн Өвөр Монгол, Баргын ард түмний тэмцлийн удирдагчид, "Зоригт баатар” , Тогтох тайж түүний хамтран тэмцэгч "Түрэмгий баатар” Баяр гүн, 1912 онд Монгол улсад дагаар ирж, Ховд Улиастайг манжийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцлийг удирдсан Баргын Манлай баатар ван Дамдинсүрэнгийн зэрэг эрэлхэг тэмцэгчид 1911 оноос хойш аж төрөн сууж байжээ. Мөн тус хорооны дэвсгэрт буюу хуучин Худалдааны техникумын архантай Д.Сүхбаатарын ойр хамаатан Будын Даваагийнх байсан.
Манай улсын банк санхүүгийн анхны зүтгэлтэн, тоо бүртгэлийн газрын анхны дарга Даваа нь 1919-1921 онуудад Данзан, Сүхбаатар нарын удирдсан Монголын хувьсгалт байгууллагын үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж байжээ. Сан Дотоод гадаад цэргийн дөрвөн яамны арын гудамжинд байсан Шүүх яамны хамар хашаанд академич Ш.Нацагдоржийн өвөө, Монгол төрийн нэрт түшмэл Балданцэрэн гүнгийнх байсан бол энэ гудамжны эхэнд 10 хүүхэдтэй "Цахилгаан мэдээний сургууль” байгуулж, Богд хаант Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр дэргэд нь 50 номертой телефон хороог 1915 онд Амгаланбаатараас энд шилжүүлэн байрлуулсан.

1921 оны намар Монгол ардын засгийн газрын шийдвэрээр ардын засгийн анхны бага сургуулийг телефон хорооны дэргэдэх сургуулийн байранд түшиглэн байгуулсан нь манай нийслэлийн одоогийн гуравдугаар дунд сургуулийн эхлэл байжээ. Шүүх яамны арын гудамжаар 1940-өөд онд 1921 оны партизан пулемётчин Бямбынх суудаг байв. Бямбын эхнэр Эрдэнэчимэг дурсан ярихдаа "Нэгэн удаа Лосол гуай бид хоёр Хэнтий аймагт ажлаар явах үедээ хүзүүнийхээ зүүлт чимгийг хотод буй гэртээ мартчихсаныг минь Чойжин сахиусаа залаад л аваад ирж байсан. Үнэнхүү ид шидтэй хүн байж билээ” хэмээн Д. Лосолыг дурсан ярьж байсан гэдэг. Шүүх яамнаас баруухантай нэгэн хашаанд бүр 1910-аад оны эхээр Баяр гүнгийнх нэг хэсэг сууж байгаад "Цахаруудын хороо”-нд хашаа байшин төхөөрч тохижсоныг 1921 оны 7 сарын эхээр Ардын засгийн газар (Баяр гүнийг Барон Унгерны цэрэгт орсон гэж) хураан авчээ.

1922 онд энэхүү хашаа байшинг Д.Сүхбаатарт өгөхөөр шийдвэр гарсныг тэрээр "Би Хиагт орчимд эзнийг нь цэргүүдээрээ алуулчихаад одоо өв хөрөнгийг нь авахгүй” хэмээн татгалзсан учир Сүхбаатарт өөр хашаа байшин өгсөн баримт буй. Шүүх яамнаас хойш одоогийн Биеийн тамир, спортын ордны жаахан урдуур Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны засаг ноён Хурц ван Түдэнгийн орд харш байжээ. Түдэн нь хошуу олноо ихээхэн чирэгдүүлж, дарлан зовоосны учир 1919 онд хошууны ардууд Автономит Монголын Шүүх яаманд заалдаж бичсэн заргын бичгийн эцэст 75 ард гарын үсгээн зурахдаа ийм заргын тэмцлийг анх хэн санаачилж удирдсан болохыг нууцлахын тулд гарын үсгээн дугуйлан нарны цацраг байдалтайгаар зурцгаасан гэдэг. Энэ 75 ардын дотор Хурц ван Түдэнгийн хатан явсан Даваажавын гарын үсэг байдаг. Хурц вангийнхаас хойш хэдэн гудамж өнгөрөөд Хүрээний амбан ханы хорооны хойд зах буюу өөрөөр хэлвэл Зүүн хүрээний мөргөлийн замын урд талын гудамжны дунд хавьд Ардын засгийн Гэгээрлийн яамны анхны сайд Онхот овогт Сангажавын Жамьян гүнгийнх суудаг байжээ. 1919 оны үед Жамьян гуайнхыг энд байхад 11 сарын 16-нд Улсын дээд, доод хоёр хурал Сюй-Шу-Чжаны харгис тулгалтаар Монголын тусгаар байдлыг монголчууд өөрсдөө устгасан тэр орой хэсэг эх орончид Жамьян гүнийнд цуглан хуралдаад "Шашин үндсээ хамгаалах хэрэгт амь бие эд хөрөнгөө хайрлахгүйгээр тэмцэхээ” санал болгож 16-17-нд шилжих шөнө Богд хаанд бараалхахад Богд хаан зөвлөгчтэйгээ зөвлөсний эцэст дээрх саналыг дэвшүүлж очсон С.Данзан, Д.Догсом нарыг талархан дэмжиж энэхүү эх оронч санаанаасаа бүү шантар,харин одоо тэмцвээс дайсан хүчтэй учир жаахан болгоомжлох хэрэгтэй гэж зөвлөөд Данзан, Догсом хоёрыг боов, чихрээр шагнаад ордноос гаргасан гэдэг.

Тэр цагт хаан эзний гараас чихэр боов авна гэдэг бол чухамхүү тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил утгатай зүйл байв. Монголын "хувьсгалчид” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн дундаас Жигмэддорж, Сүхбаатар, Лосол нар Жамьян гүнтэй багш шавийн барилдлагатай, Лосол нь бас тэдний хүргэн нь байв. Лосолын анхны эхнэр Жамьянгийн охин Чимэдийг Илдэн ван Доржпаламын хүү Пунцагцэрэнжалбууд Богдын зарлигаар булааж аваад өгчихсөн явдал Лосолыг дээдэстээ сэтгэл дундуур явахад хүргэв. Энэ үед түүх шастир ярилцах зэргээр лам Бодоо ч Жамьянгийнд олон удаа ирсээр түүнийг бүлэгтээ элсүүлэн авч улс үндсээ хамгаалах хэрэгт хамтран тэмцэх болжээ.
Тийм ч учраас Жамьян гуайн дотно танил, журмын нөхөр Д.Бодоо нь 1921 оны 7 сард Ардын эрхт Монгол Улсын Ерөнхий сайд болсноосоо хойш ажилдаа дөхөж Амбан ханы хороонд Жамьян гуйн урдахь гудамжны зүүн үзүүр хавьд хойш харсан үүдтэй нэгэн хашаанд нүүж иржээ. Энэ үед Бодоогийнд Х.Чойбалсан суудаг байсны дээр Бодоогийн эхнэр Янжин гэгч байв. Удалгүй Х.Чойбалсан ч Бодоогийнхоос өрх тусгаарлаж Богдын сойвон Цэвээнлхазадын охин Бортолгойг авч Жамьян гуайн суудаг гудамжны зүүн үзүүрийн урагш харсан үүдтэй нэгэн хашаанд айл болон суужээ. Энэ мэтээр Амбан ханы хороо, Цахаруудын хороо нь аль дээр цагаас Монголын бичиг, цэргийн түшмэл, эх орончдын оршин суудаг хороод байсан бөгөөд эдгээр хүмүүс улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн ч төдийгүй монголын соёл, шинжлэх ухааны түүхэнд ч их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс юм.
1921 оны намар Жамьян гүнгийн хашаанд Монголын шинжлэх ухааны анхны байгууллага "Судар бичгийн хүрээлэн” байгуулагдаж, дарга нь Жамьян гүн болжээ. Тэрээр Монголын түүх, хэл бичгийн судалгааг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий ном, судар цуглуулсны хамгийн дорвитой нь Ганжуур, Данжуурын бүрэн эх боть зохиолыг 1925 онд Бээжинд байсан Халхын сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянтын номын сангаас эх орны нийслэлд авчирсан явдал юм. Энэ ажилд Жонон ван Ширнэндамдин зуучилж Жамьян гуайд тусалсан байдаг. 1921,1922 онд Д.Бодоогийн гэр байсан энэ газрын орчимд эдүгээ Боловсролын их сургуулийн хичээлийн гуравдугаар байр болон Монголын залуучуудын соёлын төв ордон, усан бассейн зэрэг соёл хүмүүжлийн газрууд буй. Сангийн яамны хороо. Их хүрээний дундуур хойноосоо урагш урсаж өнгөрдөг хоёр голыг хоёуланг нь Баруун, зүүн сэлбэ хэмээн нэрлэдэг байсан.

Улаанбаатар хотыг шинэчлэн байгуулах явцад баруун сэлбэ дарагдаж 1966 оноос "Их тойруу” гудамжийн гадуур шуудуу болж "гол” нэрээн алдсанаар одоо зөвхөн зүүн сэлбэ голыг л Сэлбэ гол хэмээн нэрлэдэг болоод байна. Зүүн сэлбэ гол нь XIX зууны эцэс, ХХ зууны эхэн үед Сангай үйлчний буюу зүүн харчуудын, Луусангийн зүүн дамнуургачны Дарсны, Ногоочны, Цахарын, Амбан ханы урд, хойд гүүрүүд болон Луусангийн зүүн дамнуургачны, Дарсны, Ногоочны, цахарын Амбан ханы урд хойд гүүрүүд болон луусангийн гүүр л хамгийн томоохон нь байлаа. Луусангийн гүүр байсан газрын орчимд өнөөдөр нийслэлийн Их тойруу гудамжны буюу зуун айлын гүүр, Дарсны гүүр байсны орчимд одоо Залуучуудын өргөн чөлөөний буюу Зүүн хонгилын баруун гүүр байдаг.
Амбан ханы хойд гүүр нь хүрээний бусад гүүрүүдийн нэгэн адил XIX зууны үед Зүүн хүрээ Маймаа хот (Амгаланбаатар) ын хоорондын зам харилцааг сайжруулах зорилготойгоор барьсан гүүр юм. ХХ зууны эхэн үеэс олны зорчих энэ гүүр, машин тэрэгний хөдөлгөөн ихэссэнтэй холбогдон улам улмаар хөгжсөөр 1946 онд баруун жигүүрт нь хоёр чулуун арслан тавьснаар "Арслантай гүүр” хэмээх нэртэй болжээ. 1958 онд модон гүүрийн оронд 40 метр урт, 18 метр өргөн төмөр бетон гүүр барьсан нь энэ болно. Хоёр чулуун арслан бол ямар нэгэн сүмийн үүдний арслан биш Сэлбийн зүүн гарт (одоогийн 21 дүгээр дунд сургуулийн орчимд) байсан "Хүрээнд сууж хэрэг шийтгэх манж сайдын яам”-ны гол ордны үүдэнд байсан хоёр чулуун арслан гэдэг.
1919 оны намрын нэгэн өдөр Автономит Монгол Улсын Сангийн яамны түрээсний түшмэл С.Данзан олон жилийн өмнө Орос газар байх үедээ (монголын ойн баялаг судлах Оросын хааны газарзүйн нийгэмлэгийн экспедицед хэлмэрчээр явж байхдаа) дотно танилцсан (тэр үед газарчаар явж байсан) Д.Догсомтой Амбан ханы хойд гүүрийн аманд уулзаж хуучин танил хоёр тухайн үеийнхээ Монголын улс төрийн байдал, Хятадын түрэмгийлэгчдийн түрэмгийлэл зэргийг шүүмжлэн ярилцаж олон цаг зогсоосны эцэст Данзан нь Гоожингийн гудамжны зүүн хойд үзүүрт буй хойшоо харсан том, жижиг хоёр хаалгатай хашаандаа ороход Догсом нь мөн гудамжнаа суудаг Дэндэв гүнгийнд оржээ.
XIX зууны үед Гоожингийн гудамжийг хувийн худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг Хайтан гэгч анх үүсгэжээ. 1920 оны үед Хайтаны хашаа дурдсан гудамжны баруун жигүүрт хойноосоо гуравдахь хашаа байсан. Энэ хашаанд Хайтаных байшинд суудаг. Мөнхтөмөр гэгч Монгол эхнэртэй, тэр нь Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харьяат Даваагийн ойрын хамаатан учир түүний бэлбэсэн эхнэр Хишигтийнхийг хашаандаа суулгасан. Бас энэхүү Хишигт нь Сүхбаатарын дүү Долгоржавыг үрчилж авснаараа урагсаж 1909 онд Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдингийнх энэ хашаанд орж суух болжээ. Хашааны эзэн (Хятад цахарын эрлийз) Хайтан нь хашааныхаа зүүн талд гудамжруу цонхтой жижиг дэлгүүрээрээ алдаршин энэ гудамжийг 1912, 1913 оны үеийг хүртэл "Хайтаны гудамж” гэж нэрлэж байсан.

Богд хаант засгийн жилүүдэд энэ гудамжны урд аманд Сангийн яамны ойн түрээс бичдэг газар буй болж энэ ажлыг Монголд анх сэдэж байсан орос сургагч .А. Козин (1879-1956)-ы нэрээр хүрээнийхэн "Козингийн яам”, тус "яам”-ны түрээсийн түшмэл Данзан энэ гудамжинд суух болсон зэргээс гудамжны нэр (Козин нь Гоожин болж) сунжраад Гоожингийн гудамжны гэх болжээ. Энэ гудамжинд 12 айл суудаг байснаас заримыг дурдахад баруун жигүүрийн хойд талд Дамбын Чагдаржавынх , Зүүнхүрээний сэцэн тойны аймагт хамаатныхаа нэг ламынд суудаг энэ ламын хувийн хашаа. Ардын түр засгийн анхны Ерөнхий сайд агсан энэ хүнийг1922 онд 42 настайд нь хэлмэгдүүлээд хашааг нь Абидаев гэгч авчээ. Мөн жигүүрийн гуравдахь хашаанд 1909 онд нүүж орсон Сүхбаатарын эцэг Дамдин 1920 оны 3 дугаар сард өөд болжээ.
Мөн жигүүрийн урд үзүүрт байсан Лувсаншаравын хүү Намхайцэрэн 1926, 1927 оны үед Герман улсад сургуульд явж гүүрийн инженер болж ирээд Хэрлэнгийн дээд, доод хоёр гүүр болон Яармагийн, Онгийн голын, Хурхын, Ивцгийн гүүрүүдийн зураг төслийг зохиож бариулсан байна. Гүүр барилгын инженерийн зураг төслийн зэрэгцээгээр бодит амьдралыг уран зургийн аргаар харуулдаг их авьяасаараа Намхайцэрэн гуай алдаршиж Монгол улсын ардын зураачийн алдрыг хүртжээ. Ардын зураач Намхайцэрэн гуайн ээжийг тэр хавийнхан "Хог эхнэр” хэмээн хочилдог том ахыг нь бас лам, дундах нь монгол бичигтэй хар, эдний зүүн хамар хашаанд суудаг "даатуу зайсан” хэмээх Содномжамбынх бас 3 хүүтэй, том нь лам, дундах нь монгол бичигтэй хар хүмүүс байсан бол эднийхний хамар хашааны Хунданхүү гэдэг айлд үргэлж дуу хуур шанз хуучир эгшиглэсэн зочид гийчид олонтой байсан Даатуу зайсангийн бага хүү Бавуу нь Герман улсад 1926,1927 оны үед сургуульд явж ирээд Гоожингийн гудамжны зүүн талд байгуулсан төмрийн заводод ажиллаж байгаад дараа нь багш болж улмаар Монгол улсын гавьяат багш болж алдаршжээ. Төмрийн заводыг манай улс Герман улсын тусламжтайгаар байгуулсан.
Заводын конторыг нь Германы уран барилгын хэлбэрээр герман хүмүүс барьсан. 1929-1930 оны үед энэ үйлдвэрийн гол орчуулагчаар зохиолч Д.Нацагдорж ажиллаж байжээ. Гоожингийн гудамжны зүүн жигүүрийн хойд үзүүрт байсан Данзангийн хашаанд 1920 оны 3 сард (мөн жигүүрийн урд үзүүрт байсан Хүүхэн хэмээгч Тэгшжаргалын Дамдингийн хашаанаас) Д.Сүхбаатарынх нэгэн шөнө нүүж иржээ. Энэ үеэс Данзангийн урдахь хамар хашааны Чойдоо гэгч ганц бие эр нууц бүлгэмийн үйл ажиллагааг дэмжиж нууцыг нь хамгаалах болсны дээр 1920 оны 6 сарын 25-нд Данзан, Сүхбаатар нарын хашаанд Монгол ардын нам анх мэндэлжээ.
Чойдоогийнхоос урагш Цэрэн төвдийнхийг алгасаад Төрмөнх гэдэг айлын хашаанд 1912,1920 оны үед түүний ах, Монголын хувьсгалт байгууллагын гишүүн, Богд хаант Монгол улсын цэргийн зэвсгийн газрын дарга Өлзийбаярын Дэндэвийнх суудаг байсан. Энэхүү Дэндэв 1922 онд хэлмэгджээ. Гоожингийн гудамжны урд талын хоёр давхар байшинг 1919 онд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд тэр үеийн Богдын "Өндгөн сүргийн нутаг ” одоогийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд анх бариулсан байна.
Хожим энд байсан Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Засгийн газрын ерөнхий сайдын сууцны хоёр давхар хоёр байшингийн нэгийг Цэргийн яаманд нөгөөг сангийн яаманд шилжүүлснээр Сангийн яаманд шилжсэн энэ байшин нь Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн нэрийн дор Сангийн яамны "Гадаад хүүгийн хэлтэс” энэ байшинд байрлаж байв. Энэ хэлтэс нь "Аливаа хүнд түрээслэн олгох, дэлхийн баялаг, ус голын ашгийн түрээсийг хураах, дотоод хүүд шилжүүлэх ба эрхлэн захирах, үзэж шийтгэх, түшмэл албаны орыг томилох ” зэрэг албан үүрэгтэй байжээ. Ийм албан үүрэгтэй хэлтэс байрлаж, энэ ажлыг С.А. Козин зөвлөн явуулж байсан учраас тэр үед аливаа хоёр давхар байшинг "өндөр” гэх хүрээнийхэн тодорхойлдог байсан болоод ч "Гоожингийн өндөр” гэж нэрлэх болжээ. Энэ байшингийн нэгэн тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар бас байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсны дээр Хятадын түрэмгийлэгчид Богд хааныг энэ байшинд авчирч 1920 оны10 сарын 25-наас 12-14 хүртэл гэрийн хорионд байлгажээ. Дараа нь 1920 оны 7 сарын 10 хүртэл Монгол ардын түр зсгийн газар байрлаж байгаад 11 сараас Цэргийн их даргын сургууль байгуулж, сургагчаар нь 1912 онд Монголд уригдан ирсэн ардчилсан үзэлтэй П.М. Толпыгиныг томилсон байдаг. Тэр үед П.М. Толпыгин, 1923 оноос Зөвлөлтийн эмч П.Н. Шастиных сууж ажиллаж байсан байрыг 1997 онд "Монгол бөхийн өргөө”г барих далимд буулгажээ. Гоожингийн гудамжны баруун, баруун өмнөд тал, Сэлбэ голын зүүн хөвөө дагаад 1778 оны үеэс Их хүрээнд сууж хэрэг шийтгэх сайд Манж амбаны газрын албан байр, харьяа газруудынхаа хамт байрлаж байсан бол 1912 онд Богдхаант Монгол улсын Цэргийн яамны харьяа газрууд, 1919 оны намраас хятадын гамин цэргийн штаб "Силанпугийн яам ” 1921 оноос "Цэргийн бэлтгэл” хэмээн нэршсэн Монгол ардын цэргийн арын албан газар, Санхүүгийн сургууль зэрэг байгууллага газрууд байрласаар байгаад 1960-аад оноос оюутны хотхон, 21 дүгээр дунд сургуулийн барилгуудыг барьжээ. Бас энэ хавьд байсан хуучин Сангийн яамны зарим хэлтсийн байрыг түшиглэн Санхүүгийн техникум байгуулагдаж нэг хэсэгтээ "Гоожингийн өндөр” нь тус сургуулийн оюутны дотуур байр болж байжээ. 21 дүгээр дунд сургуулийн зүүхэнтэй хүрэн дүнзэн байшинд 1938 оны 9 сараас Ю.Цэдэнбал санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, Сангийн яамны дэд сайд байсныхаа эхний саруудад аж төрөн сууж байжээ.
Санхүүгийн сургуулийн шинэ барилгыг сул газар 1956 онд бариулжээ. 1922 онд жанжин Сүхбаатарын тушаалаар Гоожингийн өндөрийн хойд талд энэ гудамжны аманд байгуулсан "Цэргийн граж” нь 1932 оноос Цэргийн тээх нэвтрүүлэх хороо болон томорч намын товчооны дарга, батальоны комиссараар Дашийн Дамба 1932-1938 онд ажиллаж байжээ. Энэ үед тус хороо нь Тэмээн батальон, үхэр тэрэгний батальон, Автобатальон, Авто засварын газар, Авто сургуулийн дивизион гэсэн 5 хэсгээс бүрдэж байжээ. Тэмээн батальон нь Лүнд, Үхэр тэргэн батальон нь Батсүмбэрт байгаад Жаргалантад очсон, Автобатальон нь хотод байсан ба Сүхбаатарын дүү Долгоржавын нөхөр механик Дэндэв энд жолооч байсан. Түүнээс гадна хулгар Жамц, хөгшин Жамц, ишгэн Раднаа, Наваанжамба нарын зэрэг жолооч нар байжээ.








Сэтгэгдэл бичих