Францын их зөнч Нострадамус энэхүү ирж буй 2000-н жил үргэлжлэх Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс нэгэн их хаан энэ газар дэлхийд бууж ирнэ, гэхдээ тэр Монголд дахин заларна хэмээн 500-гаад жилийн тэртээ айлдсаныг түүний ном бүтээлд буй олон дөрвөн мөртүүд нотолдог бөгөөд энэ тухай дэлхийн болон Монголын цөөнгүй эрдэмтэн мэргэд, судлаачид тухайлбал Л.Түдэв, Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нар ном бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг билээ.
Миний бие ч мөн энэ тухай нэгэн ном бичсэнийг уншигчид маань санаж буй нь лавтай. Харин энэхүү ирэх Тэнгэрийн их хааны талаар уншигчдаас олон асуулт тавьдаг болохоор тэдгээрийн заримд товчхон хариулт өгөхийг хичээлээ.
Асуулт 1- Тэнгэрээс их хаан заларна гэдэг нь Тэнгэрийн орноос энэ дэлхийд бууж ирсэн нэгэн ариун сүнс хүний төрлийг олж өсч өндийн эрийн цээнд хүрч Тэнгэрийн их хаанаар тодрон гарч ирэхийг хэлж байна уу, аль эсвэл урьд өмнө нь Тэнгэрээс Монголд заларсан их хаадын сургааль номлол, гүн ухаан дахин сэргэн мандах цаг ирэхнээ гэсэн ойлголт уу.
Хариулт- Энэ тухай ярихын өмнө их зөнч Нострадамусын айлдсан гурван онцгой сануулгыг анхааруулъя. Үүнд:
1. Эл хэдэн шад шүлгийг уншваас хичээж гүн болгоо. Аливаа үл мэдэгчид, үл ухагчаас алс хол байлга. Элдэв балай зурхайчид, эрээвэр хураавар тэнэг бүдүүлэгүүд бүү халд.
2. Би хүн тул алдаж эндэж хууртаж болно.
3. Би бичсэн бүхнийгээ манан будангаар хучив.
Одоо энэхүү гуравдахь сануулгаас харвал Нострадамусын зөгнөлийг урьдчилан хэн ч тайлж чаддаггүй бөгөөд гагцхүү болсон үйл явдлуудаар тайлагддагийнх нь нууц энэхүү манан будангаар хучив гэдэгт оршдог нь тодорхой бололтой.
Тэгэхээр доктор Л.Түдэв гуай 1996 онд Монголын анхны зөгнөлт "Дал" сониныг эрхлэн гаргахдаа анхны дугаарын тэргүүн нүүрэнд "1999 онд есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ" гэсэн нэгэн онц сонирхолтой нийтлэл бичиж түүндээ их зөнч Нострадамусын Тэнгэрийн их хаантай холбоотой хоёр ч дөрвөн мөртийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм. Тухайлбал:
Нэгэн мянга есөн зуун ерэн есөн он, долдугаар сар
Ниргэлгийн их хаан Тэнгэрээс буун заларч
Англомуасын их хааныг тэр дахин заяалгамой
Анхнаас нь ч хожим нь ч олзтой Далха засагламуй
Энэхүү нэг дэхь дөрвөн мөртөөс харвал ниргэлгийн гэгдэх их хаан Тэнгэрээс буун ирж Монголын их хааныг дахин тодруулахнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байх шиг.
Харин энэхүү Нострадамусын айлдварт буй ниргэлгийн, аймшигийн, хүчирхийллийн догшин их хаан хэмээн орчуулагдахаас өөрөөр хэлэх аргагүй этгээд үгнээс болж л харийнхан Монголд аймшигт догшин их хаан дахин заларна хэмээн үзэж түүний дэргэд Гитлер, Сталин байтугай Чингис хаан хүртэл өөрөө өвдөг дагжин чичрэхээр тийм харгис хэрцгий нэгэн байх болноо хэмээн өнөөдрийг хүртэл хараар будаж тайлбарласаар байдаг юм. Тийм дээрээс ч ийм аймшигт их хаан 1999 онд бус 2999 онд заларч болзошгүй хэмээн зарим судлаачид үзсэн байдаг. Үнэндээ энэхүү Тэнгэрийн их хааныг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн буюу аймшигийн их хаан бол Эрлэг Номун хаан (Ертөнцийн эзэн, Аллах Тэнгэр, Мөнх Тэнгэр) буюу Дамдинчойжоо, Очирваань, Жамсран зэрэг догшин сахиусуудын аль нэг байх нь ойлгомжтой бөгөөд тэрбээр асар хүчтэй аянга цахилгаан бүхий аадрын үүл хөлөглөн буун ирж их хааныг тодруулахнээ гэдгийг ОХУ-н эрдэмтэн Цебыкдоржиевийн орчуулганд буй Нострадамусын бас нэгэн дөрвөн мөрт болох
Хүндэтгэн ёслохоор Бархасбадийн өдөр
Хөх мөс газар Тэнгэрийг бүрхэнэ
Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос цугларахуй
Мөнх орчлон гайхамшигаар цалгина хэмээх айлдвар бэлхэнээ нотолдог шүү дээ. Тэгэхээр доктор Л.Түдэв гуай Нострадамусын дээрх айлдварыг хөрвүүлэхдээ Монголд залрах Тэнгэрийн их хаан, мөн түүнийг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн их хаан буюу догшин сахиусыг (бурханыг) тусд нь салгаж харуулсан нь харин ч аймшигийн их хаан Монголд шууд залран ирэхээр ухаарагддаг ойлголтыг үндсээр нь өөрчилж их зөнч Нострадамусын чухам юу хэлж нууцалсаныг тайлж чадсан тийм гайхамшигт орчуулга болжээ гэж миний хувьд үздэг юм.
Одоо энд Л.Түдэв гуайн дээрх нийтлэлд буй Нострадамусын айлдсан бас нэгэн дөрвөн мөртийг харцгаая.
Тэгтлээ их хүлээгдсэн тэр эргэж
Тэрслүү Европод бус Азид тодормой
Аугаа Гермесийн үүдэгсэн холбооны нэгнээс
Алс дорнын бүх хаадын дээгүүр тэр мандмуй
Эхний мөрөнд буй тэгтлээ их хүлээгдсэн хүн гэдэгт Будда, Есүс Христ, Мухаммед, Чингис хаан гээд нэрлэвэл бүгд л багтаж болно байх. Харин хоёрдахь мөрөнд буй Европод бус хэмээн зориуд онцолсон нь урьд өмнө нь Европод төрж байсан байж болохыг үгүйсгэх аргагүйд хүргэдэг юм. Цаашилбал гуравдахь мөрөнд буй Гермес бурханыг Л.Түдэв гуай нүүдэлчид малчдыг ивээгч бурхан хэмээн тайлсан байдаг болохоор нүүдэлчний соёл иргэншлээ эрхэмлэн дээдлэгч нэгэн ирэхнээ гэж шуудхан хэлж болно байх. Мөн дөрөвдэхь мөрөнд буй мандмуй гэдэг үг нь нар лугаа адил мандах нэгэн ирэхнээ гэдгийг харуулж буй болохоор ямартай ч аймшгийн их хаан хэмээх цол гуншингүй нэгэн залрахнээ гэдэг нь маш тодорхой бололтой.
Тэгэхээр дээрх "Есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ" хэмээх нийтлэлд буй Нострадамусын дөрвөн мөртүүдээс харвал Монголд залрах Тэнгэрийн их хаан нь бодит бие хүн байж зөвхөн Тэнгэр бурханы өөрийнх нь тодруулалтаар гарч ирэхнээ гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой байгаа болов уу гэж бодогдож байна.
Асуулт 2- Их зөнч Нострадамус Монголд залрах Тэнгэрийн их хааныг дахин заларна хэмээн тодотгосон нь Чингис хаан эргэн залрах нээ гэж ойлгож болох уу
Хариулт: Ер нь Есүс Христ, Мухаммед, Будда тэр ч байтугай их зөнч Нострадамус хүртэл эргэн залрах тухайгаа айлдсан байдгийг бид сайн мэднэ. Харин Чингис хааны эргэн залрах тухайд нэгэн аман домог хадгалагдаж үлдсэн нь "Би 800-н жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр цаг дахин морилох болно" хэмээсэн байдаг юм.
Тэгэхээр эмээлээ гэдсэндээ авна гэдэг нь Монголчууд тэр тусмаа Монголын төрд залрагсад нь хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж ухаанаа уландаа чирэх тийм аймшигт цөвүүн цаг үе тохиож тэр цагт Тэнгэрээс дахин элч илгээхээс өөр аргагүй болохыг зөгнөсөн нь энэ болов уу гэж бодогдож байна.
Харин миний хувьд энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол ямартай ч гэсэн Чингис хаан гэж шууд онцлон хэлүүлэх нэгэн огт биш байх болов уу хэмээн үздэг бөгөөд өөрөөр хэлбэл өнөө цагт Есүс Христ, Мухаммед, Будда, Чингис хаан нар эргэн заларвал чухам ямар аугаа үйл хэргийг бүтээхээр ирэх байв, тэр бүгдийг хамтатган тээж өвөрлөсөн үхрийн бөөр лугаа адил олон бурхадын цогц болсон нэгэн заларч үхрийн бөөрний нууц тайлагдах болноо гэдгээр өөрийн ном бүтээлдээ маш дэлгэрэнгүй тайлбарласаар байдаг билээ.
Тэгээд ч үнэндээ энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол 5000 (таван мянга)-н жилийн тэртээгээс ирнэ гэдгээ Ведийн сургаалийг үндэслэгч Вьясадев мэргэнээр дамжуулсаар байсан төмөрийн эриний төгсгөлд залрах Калки бурхан ирэхнээ гэдэг нь маш тодорхой байдаг юм.
Нөгөө талаар их зөнч Нострадамус Их хааныг дахин заларна хэмээн онцолсоноороо Монгол хэмээгч энэхүү Тэнгэрийн тамга хөх толбот нүүдэлчин үндэстний дунд мянга мянган жилийн зайтайгаар Тэнгэрийн их хаад дахин дахин ээлжлэн заларч дэлхийг төвшитгөх их үүргийг хүлээж үүрдэг шүү гэдгийг онцлон сануулж хэлэх гэсэн ойлголт болов уу гэж бодогдож байна.
Ер нь Монголд Хан хурмаст Тэнгэрийн гурван хүү ээлжлэн залрах тухай эртний домог байдаг бөгөөд хэрвээ гуравдахь нь гарцаагүй мөн бол Монголоор үл барам дэлхийд тохиох хэд дэхь галавын хэд дэхь элч заларч бүрээгээ татах болж буй нь ч маш ойлгомжтой болох буй за.
Асуулт 3- Их хаан нэгэнт Тэнгэрийн онцгой элч болохоор зөвхөн Монголыг гэсэн зорилго өвөрлөж ирэхгүй нь ойлгомжтой бөгөөд харин шинэ мянганы буюу Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс ийнхүү элч зайлшгүй илгээх болсоны цаад нууц чухам юунд байгаа бол
Хариулт- Тиймээ, их хаан зөвхөн Монголыг гэсэн зорилгоор ирэхгүй ээ гэдгийг их зөнч Нострадамусын айлдсан
Өнгөрсөн өдгөөг Бархасбадийн их хүн шүүх болно
Өнийн ертөнц түүний мэдэлд орно
Хуулийг мэдэгч санваартнуудыг хэзээ ч тэр үл хүндэлнэ
Хугацаа жил их долоод ойртоход Гекатомбог (тахилын тоглоом) эхлүүлнэ хэмээх айлдвар бэлхэн нотолдог юм. Тухайлбал хоё дахь мөрнөөс харвал ирээдүйн дэлхий ертөнц их хааны мэдэлд орохнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байна.
Ер нь урьд өмнө нь Монголд Тэнгэрээс заларсан их хаад ч мөн л Монголыг гэхээсээ дэлхий төвшитгөх их үүргийг хүлээ үүрдэг байсан нь өөрсдийн нь түүхээс илт харагддаг ш дээ. Мөн энэхүү дөрвөн мөртийн бусад мөрний утга агуулгыг өөрийн ном бүтээлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахиж хөндсөнгүй ээ.
Харин өнөө цагт энэ дэлхийд чухам ямар учир шалтгааны үүднээс ийнхүү Тэнгэрийн элчийг дахин илгээх зайлшгүй шаардлага гараваа гэдгийг их хаан өөрөө ирж байж л тайлах нь бол ойлгомжтой юм. Гэхдээ нэг зүйлийг онцлоход Тэнгэрээс элч ирнээ гэдэг бол энэ дэлхийд аль нэг улс төрийн хүчний бодлого бус гагцхүү Тэнгэрийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсонд оршдогоо гэдгийг Монголд Тэнгэрээс заларсан их хаадын "Тэнгэрийн зараалаар ирсэн мөрийг минь бүү мөшгихтүн" хэмээх айлдварууд бэлхэнээ нотолдог шүү дээ.
Тэгвэл энэ удаа залрах их хаан ч мөн л Тэнгэрийн зараалаар ирж буй нь нэгэнт ойлгомжтой болохоор хэрэгжүүлэх бодлого чухам юу байх түүний нууцад нэвтрэе гэвэл юуны түрүүнд эхлээд өнөө цаг үеийнхээ өнгө аясыг үнэн зөвөөр олж харахыг хичээх нь үнэнд илүү ойртох болов уу гэж бодогдож байна. Тэгэхээр өнөө цаг үе бол хүн төрөлхтөн хөгжлийн гэхээсээ харин ч мөхлийн байж мэдэх тийм замаар алхаж буй аймшигт цөвүүн цаг үе гэхэд бараг хилсдэхгүй болов уу. Үнэндээ энэ дэлхий дээр өдгөө хүн алга болчихлоо гэдгийг дэлхийн олон эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч ярьж хэлж бичсээр байна. Энэ бол Буддын сургаальд мөнхөрсөн "Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит найман чөлөө учрал бүхий хүн" гэсэн гайхамшигт тодорхойлолтондоо өнөөгийн хүн төрөлхтөн тэнцэхээ больчихсоныг харуулж байна гэж хэлж болно байх.
Нөгөө талаар өнөө цаг үе бол төмрийн самууны аймшигт цөвүүн цаг үе юм. Бидний ухаант өвөг дээдэс "Дэргэдүүр төмөр сарлаг давхилдаж, мөн төмөр могой мушгиралдаж, дээгүүр төмөр царцаа нисэж, тооноор төмөр туурай цухуйх аймшигт цөвүүн цаг үе ирнэ" хэмээсэн байдаг болохоос бус машин тэрэг, онгоц, вагон хөлхөлдсөн хөгжлийн гайхамшигт цаг үе ирнэ гэж огт хэлээгүй шүү дээ. Чухам өнөөгийн энэхүү амьгүй мөртлөө амьтай юм шиг давхилдаж, дэлхий ээжийн минь элэг цөсөөр унд хоол хийгч, хэмжээ хязгааргүйгээр олширч буй аймшигт төмөр хорхой, вируснээс болж л дэлхий хэмээгч энэ гайхамшигт сав шим ертөнц буюу эхийн алтан хэвлий өдгөө мөхлийн ирмэгт тулж ирчихээд буй нь үнэн бөлгөө. Энэ бол мөн л төмрийн эриний задран унах тэр цаг тун ойртсоныг харуулж байна гэсэн үг.
Цаашилбал өнөөдөр хүн төрөлхтөн эх дэлхийгээ амьгүй биет мэтээр ухаарч алт мөнгө, зэм төмөр, нүүрс нефтийг нь авна хэмээн ухаж төнхөж, урж тасдаж, барьж идэж буй нь мөн л өвөг дээдсийн маань үлгэр туульс, домогт мөнхөрсөн "хүн төрөлхтөн эхэсээ идэх аймшигт цөвүүн цаг үе ирнэ" хэмээх айлдвар нь өдгөө ийнхүү биелэлээ бүрэн олж дээ гэхээс өөрөөр нэрлэн дүгнэх аргагүйд хүргэдэг юм. Тэгэхээр энэ бүхэн бол өнөө цаг үеийн өнгө аяс гэдэг нь үнэхээр мөн л бол их зөнч Нострадамусын айлдварт буй "Хүмүүс аймшигт араатан мэт болж амьтан хүн бие биесээ барьж идэх цаг ирнэ, бузар булай садар самуун, оюуны аймшигт түнэр харанхуйлал ноёрхож хэрвээ Тэнгэр бурхан хориг тавихгүй орхих аваас энэхүү дэлхий ертөнц дээр амьдрал (үр шим) үлдэхгүй ээ" хэмээх тэр цаг биелэлээ бүрэн олж төгсгөлдөө хүрч буйг харуулж байна гэж хэлж болно байх.
Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр өнөөдөр ухаант хүмүүний гайхамшигт өндөр хөгжилт соёл иргэншил цэцэглэж байна гэхээсээ харин ч хүн- хүн биш болон хувирагчдын аймшигт зэрлэг оршин тогтнол ноёрхож Тэнгэр бурханы хориг хаалт тавигдахаас өөр гарцгүй болсоныг нотолж байна гэвэл бараг хилсдэхгүй мэт.
Тэгэхээр энэ бүхний үнэн худпыг цааш үргэлжлүүлж сонирхоё гэвэл танд "Ухаант амьтан дэлхий уйлж байна", "Дэлхий ээжийгээ уйлуулсаны төлөөх Тэнгэрийн цааз ялтай хүн төрөлхтөн", "Дэлхий ээжид минь аврал тун ойрхон айсуй" зэрэг ном бүтээл маань нэгийг нэмж хэлнээ гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна.
Ер нь энэ удаа залрах Тэнгэрийн иххаан ямар зорилгыг хэрэгжүүлэхээр ирж буйг дэлхийн зарим эрдэмтэн мэргэд, судлаачид авч үзэхдээ шинжлэх ухааны гайхамшигт шинэ нээлт, хүн төрөлхтөнийг аврах ер гайхамшигт онолын бүтээл бүтээл болох тухай ч онцолдогийг нь дурьдахад илүүдэх юун.
Асуулт 4- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс Мөнх Тэнгэрийн улс болж нэрээ солихын цаад утга учир чухам юунд байгаа бол. Ер нь энэ дэлхийд Тэнгэрийн улс үүсэх тухай эртний ном сударт юу бичсэн байдаг вэ?
Хариулт- Тиймээ, аль нэг орны нэр байтугай хүний нэр хүртэл их далд гүн утга учир, -утгыг агуулдаг биз дээ. Тэгэхээр Монгол улсын нэр анх үүссэн цагаасаа л ямар нэгэн аугаа их дээд үнэнийг (философийг) хүн төрөлхтөнд ухааруулах зорилгоор нэрлэгдэж байсан мэт харагддаг юм.
Энэ ч үүднээс миний бие Монгол улс чухам юуны учир анхлан Мэлхий улс хэмээн нэрлэгдэж, мөн дараа нь Хүн улс бслоод их Монгол улс хэмээсний утга учир чухам юунд оршиж байв. Тэгвэл өнөөдөр Мөнх тэнгэрийн улс хэмээн нэрлэгдэх гээд байгаагийн цаад нууц юунд байна вэ зэрэгт үнэний хариулт эрэлхийлж "2012 онд Мөнх тэнгэрийн улс үүсэж шинэ он тоолол эхлэх үү" нийтлэлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахин хөндөх нь илүүц болов уу гэж бодогдож байна.
Харин Тэнгэрийн улс үүсэх тухайд эртний ном сударт бичигдсэнээр бол Библид: "Еврейн улс мөхсөнөөс хойш долоон үеийн дараа Тэнгэрийн улс үүснэ" хэмээсэн байдаг.
Тэгэхээр энэхүү Тэнгэрийн улс үүсэх тухай айлдварыг Христ шүтлэгтэнгүүд болоод шинэчлэгдсэн Библид тайлбарлахдаа Еврейн улс нь манай эриний өмнөх 600-гаад жилийн тэртээ мөхсөн тул нэг үеийг гурван зуун жаран жилээр хөөж тооцвол 1914 онд долоо дахь үе нь дуусаж Есүс Христ тэнгэрийн орондоо Тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж их хаанаар нь суусан учир тэндээс хөөгдсөн муу сүнснүүд газар дэлхийд буун ирж байна хэмээн үздэгийг бид сайн мэднэ.
Харин энэ үзэл бодолтой миний хувьд санал нийлдэггүй бөгөөд Есүс Христ Тэнгэрийн орноос энэ дэлхийд буун ирж номлолоо айлдсан нь нэгэнт болохоор түүний номлол энэ газар дэлхий дээр л биелэлээ олно уу гэхээс бус Тэнгэрт хэрэгжинэ гэвэл энэ нь дэндүү эндүүрэл болов уу гэж харагдаж байна. Ер нь дээрх айлдварт долоон үеийн дараа гэсэн байх тул өнөө цаг үе бол долоон үеийн дараах наймдахь үеийн зөвхөн дөрөвний (360:4) нэгийг туулж яваа нь үнэн болохоор Тэнгэрийн улс үүсэх хугацаа дахиад ч 70, 80-н жилийн зай байна гэж хэлж болно байх. Мөн Мусилман шашны зөгнөлд ‘‘Цаг хугацааны тоолол дуусахтай давхцаж Тэнгэрээс бурханы элч ирэх бөгөөд тэрбээр шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч нэгэн үндэстэнийг томилж бурханы хаант улсыг үүсгэн дэлхийг нэг удирдпагатай болгоно" хэмээсэн байдгийг С.Оно номондоо онцлон тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр миний бие энэ гайхамшигт зөгнөлийг мөн л энэ удаа залрах тэнгэрийн их хаантай холбон үзэж ном бүтээлдээ тодорхой тайлбарладаг билээ. Одоо энэ бүхнээс харвал Тэнгэрийн их хаан ийнхүү Тэнгэрийн үндэстэн хэмээгддэг Монголчуудынхаа дунд заларсанаар Мөнх тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хошуучилж хөтлөх их үүргийг хүлээж үүрэхнээ гэдэг нь маш тодорхой харагддаг юм.
Тэгээд ч үнэндээ Тэнгэрийн улс үүсэж гэмээ нь Тэнгэрийн хаан энэ дэлхийд заларлаа гэдгийг дэлхий хүлээн зөвшөөхөөс өөр аргагүй болох нь ойлгомжтой буйзаа.
Тиймээ, нэгдэхь мянганы магнай дээр Мөнх Тэнгэрийн хүчин дор хүчирхэг Хүн (Хүннү) гүрнийг байгуулж, хоёрдахь мянганы магнай дээр мөн л мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг үүсгэн байгуулж дэлхийг төвшитгөж явсан энэ аугаа түүхт үндэстэн гуравдахь мянганыхаа магнай дээр ч мөн л Мөнх Тэнгэрийн хүчин дор нэгэн аугаа их дээд улс гүрнийг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хөтөлж тун болзошгүй байна гэвэл хилсдэхгүй бололтой.
Асуулт 5- Тэнгэрийн их хаан Монголын аль нутагт төрж өсч өндийх нэгэн байх бол
Хариулт- Монголчууд бол тусгай даалгавар хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилолт өвөрлөсөн тамгатай элчүүд хэмээн нэрлэгддэг болохоор их хаан Монголын аль ч нутагт төрж өсч өндийж болно хэмээн миний хувьд үздэг юм.
Харин Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нарын орчуулсан ном бүтээлд их хаан аль нутгийн хүн байж болохыг маш тодорхой харуулсан Нострадамусын нэгэн дөрвөн мөрт байдгийг харцгаая.
Усны гурван нэгдэлээс
Бархасбадийг онцгойлон хурим найр үүсгэгч нэгэн мэндэлмүй
Түүний нэр алдар, сүр хүчин яван яван өссөөр
Догшин шуургыг дорноос дэгдээн эх газар далай тэнгист дуурсмой
Тэгэхээр энэхүү дөрвөн мөртөд буй "Усны гурван нэгдэл" гэдгийг дээрх судлаач эрдэмтэд гурван голын бэлчир хэмээн тайлсан байдаг нь хамгийн зөв тайлалт гэж хэлж болно байх. Харин гурван голын бэлчирт төрнө гэдгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв, Булган, Сэлэнгийн нутгаар хязгаарлан ухаарч хэзээ ч үл болох бөгөөд магад ч үгүй хэдэн зуу, мянган жилийн тэртээ гурван голын бэлчирт төрсөн хэн нэгний үр удам өнөөдөр Монголын аль ч нутагт үр удмаа залгамжлуулан үлдээсээр буйг бид үгүйсгэх аргагүй шүү дээ. Энэ бол их хаан Монголын аль ч нутгийн нэгэн байж болох бөгөөд гагцхүү пүрэв гаригт мэндэлсэн нэгэн байх болноо гэдгийг дээрх дөрвөн мөрт харуулах бололтой. Үнэндээ Нострадамус Монголын гурван голын бэлчирийг ийнхүү онцлон дурьдсанаараа их хаан бол ямартай ч монгол хүн байх нь зайлшгүй шүү гэдгийг тодотгосон нь ойлгомжтой буйзаа.
Харин миний хувьд нэгэн таамгийг хэлэхэд их хаан нэгэнт Очирваань бурханы хувилсан дүрийн нэгэн байх нь ойлгомжтой болохоор Очирваань бурханы шүтлэгт уул ус хайрханыг тухайлбал Отгонтэнгэр хайрханыг түшиглэж төрсөн нэгэн байхыг мөн үгүйсгэх аргагүй байдаг юм.
Асуулт 6- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс дэлхийг байлдан дагуулж эзэгнэх ямар дайныг өдөөн турхирч эхлүүлэх бол
Хариулт- Монголчуудын эхлүүлэх их аян дайн чухам юу байх нь гагцхүү их хаан заларсан тохиолдолд тайлагдах нь ойлгомжтой ч гэлээ урьдчилсан таамгуудын аль нэг нь онож болохыг мөн үгүйсгэх аргагүй юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7146
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих