Саяхан Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг, 71Б байрны 84 тоотод
БНХАУ-ын хоёр иргэний амь насыг шунахайн сэдлээр хөнөөж, 210 сая
төгрөгийг нь дээрэмдэн аваад зугтсан хэрэг гарсан билээ. Гэмт
хэрэгтнүүдийн мөрөөр 700 гаруй цагдаа шуурхай хөдлөн эрэн сурвалжилсны
үр дүнд, гэмт этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутгаас баривчлан
саатуулаад байгаа билээ. Хятад хүн ч гэсэн адилхан л амьдрах гэж яваа
хүн учраас тэдний амийг хөнөөсөн хэргийг сайшаан магтах явдал огт
байхгүй гэдгээ юуны өмнө тайлбарлах нь зүйтэй. Харин энэхүү хэргийн
дараа БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс улс төрийн өнгө аястай сануулга гаргаж, мөн
Монгол улс дахь хөрөнгө оруулагчдын "Зун Хуа" нийгэмлэгээс Монголын
өдөр тутмын сонинуудын тэргүүн нүүрээр дамжуулан нэн даруй хэрэгтнүүдийг
хатуу шийтгэхгүй бол, Монгол-Хятадын харилцаа эрс хурцадна гэсэн далд
анхааруулга бүхий мэдэгдэл гаргасан нь ихэзхэн анхаарал татаж байна.
Уг мэдэгдлийн заримаас толилуулбал "Хуулийн дагуу хэрэгтэнг хатуу шийтгэхийг юуны өмнө сануулж, энэхүү хүн амины хэрэг нь Монгол улсын нийгмийн бүхий л салбарт том цохилт боллоо" гэсэн байгаа юм. Мөн "Үүний зэрэгцээ уг хэрэг Хятадын, тэр байтугай олон улсын олон нийтийн дургүйцлийг хүргэн, олон Хятадын дотоодын байгууллага болон ард иргэд олон улсын нөхдийн уур хилэнг хүргэж, мөн анхааралдаа авч...."3ун хуа" нийгэмлэгээр дамжуулан Монголын засгийн Засгийн газар болон нийгмийн бүхий л салбарт шударгаар хэрэгтэнг хатуу шийтгэж өгөхийг хүсэж байгаа....БНХАУ-ын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хууль ёсоор хамгаалж байхыг хүсэн шаардаж байна" гэсэн айхтар үгсийг дурджээ. Охорхон бодолтой хэдэн шунахай нөхдийн үйлдсэн хүн амины хэргийг яагаад ийнхүү улс төрийн дээд хүрээнд аваачтал томруулан өсгөх ёстой болов оо? Жирийн ард иргэд энэүү мэдэгдлийг "Хятадууд чанга дуугарч эхэллээ" хэмээн таагүйхэн хулээн авч байгааг дурдах нь зүйтэй. Хэрэгтнүүдийг мэдээж толгойг нь илээд өршөөхгүй, Монгол улсын хуулийн дагуу л хатуу шийтгэнэ.
Гэхдээ хятадуудын хүсээд байгаа шиг хуулийн хатуу шийтгэл буюу цаазаар хороох ялаас манай улс татгалзаад зургаан жил болж байгаа билээ. Тиймээс хамгийн хатуу шийтгэл болох 30 жилийн ял оноовол "Зун Хуа" нийгэмлэгийн шаардлагад үл нийцлээ хэмээн бухимдаж эхлэх үү? Ер нь уг хэргийн улмаас амиа алдсан "Жижгээ" хочит Ван овогт чинь улс гүрнээрээ шахуу босож ирээд өмөөрөхийг бодоход нэлээдгүй "Том" нөхөр байсан юм биш үү? Монголд 22 жил хууль бус наймаа эрхэлсэн гэхээр Хятадын суурин тагнуулын загалмайлсан эцэг байсан юм биш биз гэх мэт хар сэжгийг өөрийн эрхгүй олны дунд бий болгож байгаа аж. Самрын наймааг манай улс хориглоод нэлээд олон жил болж байгаа болохоор хууль бус наймааны тоонд гарцаагүй орно. Түүнээс гадна урд хөршид ч гэсэн манай улсын иргэд амь насаа алдаж, сураггүй алга болж, хүний наймаанд өртөн зугтааж ирэх явдал цөөнгүй гардаг.
Тэр байтугай хятад иргэн Монгол улсад ажиллаж амьдарч байхдаа Дорноговь аймагт нэгэн монгол иргэнийг машинаар хөөн дайрч, амийг нь хохироосон хэрэг гарч байсан юм шүү. Мэргэжлийн хяналтын барилга дээр ажиллаж байсан хятадууд төрийн цагдааг хэсэг залуусын хамт зодож бэртээн тахир дутуу болгочихоод ямар ч ял зэмгүй нутаг буцаж л байсан. Тэгэхэд манай улсын том том хэвлэлүүд тэргүүн нүүрэн дээрээ мэдэгдэл гарган эсэргуүцэж, "монгол хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаал" хэмээн Хятадын ЭСЯ-нд хандаж байл уу? "Зун Хуа" нийгэмлэг тэр үед яагаад өөрийнхөө танхай иргэдийн эсрэг хатуухан хэдэн үг хэлээгүй таг дуугүй байсан бэ? гэх мэт олон асуултууд гарч ирж байна. Эцэст нь дурдахад, хууль бусаар оршин сууж, хууль бус наймаа эрхэлж байгаад өртсөн хүн амины хэрцгий хэргийн өмнөөс Хятад улс ч Шинжаан Уйгарынхаа хэргийг шийдэж байгаа аятай, Монголын хууль эрхзүй, шүүх, хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүртэл хошуу дүрж, нөлөөлөх гэж оролдсоныхоо учрыг "Зун Хуа" нийгэмлэг болон Хятадын ЭСЯ удахгүй тайлбарлах биз ээ гэж бодож байна. Онцлон ганц жишээ дурдахад, "сайтуудаар тархсан сэтгэгдлийг хазаарлах" гэсэн анхааруулга байна. Чухамдаа бол, Монгол улс нь БНХАУ шиг хэвлэлийн хатуу хаалттай улс биш, хэвлэн нийтлэх нээлттэй эрх чөлөөтэй, бүрэн тусгаар тогтносон улс гэдгийг л дээрхи хүмүүс мартаад байх шиг.
НОЦТОЙ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих