МЗЭ-ээс зохион явуулсан утга зохиолын шилдгийг шалгаруулах "Алтан ед-2014" наадмын баримтат уран зохиол төрөлд зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэхийн "Цагаан морины домог" ном шалгарсан билээ. Уг номд багтсан "Санги ах" өгүүллийг энэ удаагийн "Уянгын тойрог" буландаа толилуулж байна.Аяа, Алтай минь,
Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн
Тээж явдаг шүү, сэтгэлдээ..
Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн
Тээж явдаг шүү, сэтгэлдээ..
Энэ
дууны түрлэгээр чихээ мялаасан хэн бугайн ч хөндий цээжинд эх орон нь
завилж ээл хайраар дүүрэн хорвоогийн уянгыг эхийн сүү мэт залгилдаг
билээ л. Бас энэ дуу бидний дунд Санги ах минь бага зэрэг майжигнан
алхсаар явж байна, амьд байна гэдгийг илтэд сануулнам. Нэгэн их яруу
найрагчийн "Амьд мөртлөө үхсэн хүн байх юм, үхсэн мөртлөө амьд хүн байх
юм" гэж дуу алдсан нь юутай их үнэний ортой билээ. Л.Гүнсэнгийн шүлэг
"Зулай цагаан Алтай" бол чухамхүү Санги ах минь (Урлагийн гавьяат
зүтгэлтэн Ч.Сангидоржийг хэлж байна) өөрөө юм. Тэр өнөөдөр ч, хойшид ч
амьдарсаар яваа бус уу. Энэ дууны дайтай олон уран бүтээл нь үүний бат
нот шаглаас болж зүрхнээ мэлсхийнэм. Бид жаахан хуншгүй болж яваа
үндэстэн гэдгээ хааяа бодмоор. Ямарваа авьяастнаа амьд байхад нь
ойшоохгүй атлаа хорвоогоос буцсан хойно нь хачин их магтан дуулж,
дурсамжийн сувс бөмбөрүүлдэг. Харин миний хувьд өөр өө. Яагаад гэвэл би
Санги ахыгаа амьд, гэгээн тунгалаг ахуйд нь хүндлэн дээдэлж, өргөн
магтаж, үнэний хөлс нэвчсэн үгийг нь олонд хүргэсэн нь цөөнгүй бий. Ийм
эрх, боломжийг миний сэтгүүлзүйн ертөнц, сонины редакци олгосон
юм! Үүнийг ам бардам өгүүлэхэд оройтохгүй. 2003 оны хаврын хонгор
өдрүүдийн нэгэн байсан санагдана. Шинэхэн сэтгүүлч болоод удаагүй намайг
тоож мань эр ярилцлага өгөв. Үүний өмнөхөн Санги ах маань
Ай.Төмөр-Очирын "Дэнхэр цэнхэр тогоруу" дуугаараа "Морин хуур" наадмын
тэргүүн шагналыг хүртчихсэн их л бардам, ёстой л Алтай уулын хүрэн
бүргэд шиг дүүлэн байсан цаг. Анхны "Морин хуур"-ын шагналаа 1987 онд
Д.Банзрагчийн "Монгол далай" дуугаар гуядан авч байсан юм билээ. Тэр
мөрөө гэлжийлгэн эрүүгээ өргөсхийн намайг ширтсэнээ,
-Өглөөнөөс хойш
утасдаад байсан хүү юү. "Зууны мэдээ"-д ороод хэр удав. Нөгөө хэн (манай
сонины хэдэн хүний нэрийг тоочоод) байна уу. Ашгүй чи утасддаг сайн
хэрэг болов. Эхнэр гэрээс гаргахгүй байсан юм. Ярилцлага өгнө гээд л виз
авлаа шүү гэхчлэн урсгав. "За ярилцлагаа эхлэх үү дээ" гэлээ. Духаа
атируулж, шанаагаа тулснаа "Эхлээд миний биеийг сайжруулна даа" гэж
байна. Ойлголоо. Зуун грамм захиалснаар бид хоёрын яриа өрнөж, бэргэж
цэрвэх ч багасав. Гэтэл нөгөө ресторанд хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал
гуай орж ирснээр хэрэг бишдэж ярилцлагын маань хувь заяа тун бүрхэг болж
ирлээ. Өдөржингөө би үнээ дагасан тугал шиг Санги ах тэргүүтэн хөгжмийн
зохиолчдыг дагаж явсаар өдрийн нарыг барав. Орой салахдаа урамгүйхэн,
дотроо ууртай байлаа. Юу ч бичээгүй дуу хураагуураа цүнхнийхээ мухарт
шидээд алхтал Санги ах хойноос дуудаж байна. "Дүү минь, өршөөгөөрэй.
Маргааш өглөө манайд хүрээд ир" гэж байна. Маргааш нь түүний гэрт хийсэн
ярилцлага чамбай бөгөөд хээ хуартай болсон юм.
Үүнээс хойш би лавтайяа
4-5 удаа түүнээс ярилцлага авсан санагдана. Мань эр сүүлдээ "Одоо нэг
тайлангаа тавьчих уу даа" гэдэгсэн. Үнэндээ надаас өөр сэтгүүлчид
ярилцлага өгөх нь ховор байсан шүү. Эхнэр нь их сайхан хүн л дээ. Гэрт нь яваад ороход идээ будаа, цай цүй болсноо нөгөө өрөөнд ороод бидэнд зав чөлөө олгоно. Нэг удаа тэднийг ортол Санги ах маань урдаас хэдэн хуудас цаас сарвайгаад "Энийг урд шөнө хийчихлээ шүү дээ, хар даа" гэж байна. Би ноот мэдэх биш. Мань эр хэлж байна. Хөгжмийн зохиолчтой уулзах гэж байгаа юм бол ноот мэддэг л байх ёстой. Сэтгүүлч та нар ер нь их сулхан амьтад шүү. Түүхч хүнтэй түүх мэдэхгүй бол, эдийн засагчтай эдийн засгийн мэдлэггүй бол яаж ярилцах болж байна гэснээ "Урьд шөнө энэ аялгуу ерөөс нойр хүргэдэггүй. Тэгээд шөнө босоод хусчихлаа даа" гээд төгөлдөр хуурынхаа ард суугаад сонордуулав. Их уулсын чинад нар гулсан ороод хөндий цээж аугаа ихээр хүүшлэн буй гэмээр хүчирхэг гунигийг цээжинд төрүүлсэн ая байсан юм. Би буйдан налаад гүнзгий амьсгаа авлаа. "Догь шүү" Ингэж хэлэв. "Догь байгаа юм бол мөндөл аваад ир" гэж байна. Жижиг шилтэй сархдыг мань хүн тэгж нэрлэдэг юм. Ийнхүү шөнө төрсөн бүтээлийг нь өлгийдөж авав. Санги ах над руу сард дор хаяж хоёроос гурван удаа ярьдаг сан. Тоглоом, шоглоом нь тойрог, хил хязгаараа алдчихсан эр шүү. Түүнийг нь энд үл дурдана. Бид хоёрын дунд үлдэх учиртай юм. Утасны цаанаас "Сайн уу, хулгайч аа. Юу байна. Муу өвгөнийгөө мартжээ" гээд л хөврүүлж эхэлнэ. Голдуу л гэрийнхээ утаснаас ярина.
Бид хоёр нөхөрлөөд гурав дөрвөн жил болж байв. Нэг удаа "Чи ер нь намайг Санги ах аа гэхээ боль" гэж байна. Би явуулсхийгээд "Тэгээд, хулгайч аа гэж байх уу" гэчихэв. Мөн л хүзүүгээ гилжийлгэн шанаагаа тулснаа "өвгөөн, хөгшөөн гэвэл яасан юм бэ" гэж байна. Би бодлоо. Санги ах бол аавтай маань чацуу, 1939 оны хүн л дээ. "Яаж болох вэ. Та том, мундаг хүн. Амны салиа нь арилаагүй миний бие таныг үеийн юм шиг дуудвал алдас болно" гэлээ дээ. Мань эр долоовор хуруугаараа чичлээд "Чи бид хоёр нанчидын наана цаана ч байв, нарийн ширийн юмаа ч хоёр биендээ хов болголгүй холбож явсаар өдийг хүрэв. Ер нь хулгайч минь, чи намайг өвгөөн гэхэд чамаас юу хэлтэрчих гээд, ойччих гээд байгаа юм бэ" гэж ширүүлэв. Хэд хоноод гэрийнх нь утас руу залгалаа даа. Мань эр ер нь гар утас хэрэглэдэггүй шахуу байсан юм.
"Сонин сайхан юу байна даа, өвгөөн" гэлээ. "Хэн бэ чи" гэж байна. "Өвгөн чинь байна аа" гэлээ. "Нэрээ хэлэхгүй бол утсаа салгалаа
шүү" гэж сүрдүүлж байна. "Цогоо л байна шүү дээ" гэж дуугаа өндөрсгөлөө.
"Аан, өвгөний чинь чих ойрд хатуураад чиний дууг сонссонгүй ээ" гэж
байгаа юм. Бас гүйлгээ ухаантай, зальтай эр шүү. Ерөөс би Санги ахыгаа
биологийн насаар надаас ахимаг ч оюун ухаан, сэтгэлгээнийхээ насаар
надтай чацуу байсан гэж боддог. Өөрөө ч хэлдэг юм. Би залуустай нөхөрлөх
дуртай. Үеийн хэдтэйгээ уулзахаар дандаа л зовлон тоочоод, намрын шарласан гунигаар хувцасласан амьтад явах юм. Чамтай уулзахаар сайхан байдаг юм гээд нүднээсээ оч гялалзуулан инээгээд гараа өвдгөн дээрээ тавьчихна.
Сэтгүүлч миний хувьд хоёр сайхан ахимаг найзтай байсан юм. Хоёулаа урлагийн гавьяат зүтгэлтэн. Нэг нь Хатанбаатар ван буюу Л.Эрдэнэбулган ах л даа. Нөгөө нь бурхны оронд одоод хоёр жил болж байна.
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрэх нь юуных вэ..
Санги ахын маань сэтгэл Алтай уул юм, Өөрөө ч Алтай уул шигээ амьдарч чадсан билээ. Түүнийг 1960-аад оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Хатан тунамал Туул" тэргүүтэн олон түмний зүрхэнд хөвсөн 500 гаруй дуу бүтээснийг хүмүүс мэднэ. "Хамгийн сайхан ээж", "Хүүгийн бодол","Миний ээж тэмээчин" зэрэг 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл байдаг билээ. Мөнөөх "Хирошима 1945", "Рихард Зорге" зэрэг симфони уран сэтгэмж, "Халх гол" симфони найраглал, симфони удирдтгал, төгөлдөр хуурын сонатууд, ардын дууны 60 гаруй найруулга, прелюди 50 гаруй, жүжиг киноны хөгжим зэрэг дан хөгжмийн олон арван бүтээлийг нь нэг бүрчлэн өгүүлэх аргагүй. Төгөлдөр хуурт зориулсан 3,4,11 дүгээр сонатууд нь Ч.Сангидорж хэн бэ гэдгийг тод харуулна. Энэ бүхнээс илүүтэйгээр төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өгүүлснээр нутаг усаа дуулж, магтаж, хайлж байж л эх оронч байж чаддаг гэдгийг энэ эрхэм хүмүүн олон бүтээлээрээ баталж, бусдыг уриалсан юм гэсэн нь надад тун оносон үг санагдаад байдаг юм.
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрэх нь юуных вэ..
Санги ахын маань сэтгэл Алтай уул юм, Өөрөө ч Алтай уул шигээ амьдарч чадсан билээ. Түүнийг 1960-аад оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Хатан тунамал Туул" тэргүүтэн олон түмний зүрхэнд хөвсөн 500 гаруй дуу бүтээснийг хүмүүс мэднэ. "Хамгийн сайхан ээж", "Хүүгийн бодол","Миний ээж тэмээчин" зэрэг 50 гаруй хүүхдэд зориулсан бүтээл байдаг билээ. Мөнөөх "Хирошима 1945", "Рихард Зорге" зэрэг симфони уран сэтгэмж, "Халх гол" симфони найраглал, симфони удирдтгал, төгөлдөр хуурын сонатууд, ардын дууны 60 гаруй найруулга, прелюди 50 гаруй, жүжиг киноны хөгжим зэрэг дан хөгжмийн олон арван бүтээлийг нь нэг бүрчлэн өгүүлэх аргагүй. Төгөлдөр хуурт зориулсан 3,4,11 дүгээр сонатууд нь Ч.Сангидорж хэн бэ гэдгийг тод харуулна. Энэ бүхнээс илүүтэйгээр төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өгүүлснээр нутаг усаа дуулж, магтаж, хайлж байж л эх оронч байж чаддаг гэдгийг энэ эрхэм хүмүүн олон бүтээлээрээ баталж, бусдыг уриалсан юм гэсэн нь надад тун оносон үг санагдаад байдаг юм.
Ерөөс түүний энэ хандлага олон яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучныг энэ зүг рүү хонгор салхиар хөтөлсөн буй за. Тэр нээрээ л эх оронч нэгэн л дээ. Хэт үндсэрхэх үзэл цухуйлгасан миний нийтлэлүүдийг хэдийнэ олоод уншчихсан байх нь бий. Одоо буугаар биш, үзгээр, үгээр, хөгжмийн
аялгуугаар л эх орноо хамгаална даа, бид хоёр гээд инээх авай. Сайхан
байж шүү. Надад нийтлэлийн санаа их өгнө. Нийгмийн дотор болж буй
өөрчлөлт, улс төрийн тэмцэл болоод эдийн засаг, соёлын хүрээнд болж буй
өчүүхэн ч чичирхийллийг тэр ерөөс анддаггүй байжээ гэмээр. Энэхүү
өгүүлэлдээ би түүний уран бүтээлийг нь үнэлж цэгнэх зорилт тавиагүй юм.
Тэгж чадах ч үгүй билээ. Харин түүний дотоод ертөнц дэх эмзэглэл, эр хүний гудиггүй чанарыг нь л дэлгэх гэж үг хэлхэн буй нь энэ л дээ, хөөрхий.
Нэг удаа мань эр над руу утас цохив. "Өвгөөн миний муусайн найз нар" гэдэг нэвтрүүлэгт би орохоор болов. Төдөнд болно. Миний хамгийн залуу найз нь чи болж таараад байгаа юм. Бэлэн байгаарай" гэлээ. Харин би бэлэн байж чадсангүй. Эрдэнэт рүү ажлаар явж таарчихав. Үүнээс хойш төд удалгүй миний утас дуугарлаа. Мань эр залгаж байна. Халуун юманд хүрэх гэж буй аятай халгасаар байж авсан даа. Нөгөө өвгөөн, хөгшөөн гэдэг нь сураггүй алга болжээ. "Муу хулгайч аа, новшийн пэ.. чамайг буудна даа, би" гээд бөөн цухал болов. Нэвтрүүлэгт ирж орсонгүй гээд үнэн голоосоо Гомдчихжээ. "Өршөөгөөрэй дөө" гэлээ. "Хуцалгүй нэг мөндөл, үгүй ээ нэг томоохон юм аваад ир. Ирэхээр чинь ална даа" гэж байна. Ганц лонх юм халааслаад очиж "алуулж" билээ.
Санги ахын гэр бүлийг төгөлдөр хуургүйгээр, хөгжимгүйгээр хэрхэн төсөөлнө. С.Сансаргэрэлтэх, С.Саянцэцэг болоод загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нарыг монголчууд үгүйлээд байсан үе. 2005 оны үе байсан санагдаж байна. Хүүхдүүд тань хаана, юу хийж амьдарч байна вэ. Энэ талаар надад тодорхой мэдээлэл өгөхгүй юм бол хэнд өгөх вэ гэж тулгалаа. Тэдний тухай мэдээлэл олсон сэтгүүлч гэдэг мэдээж улаан дарцаг өргөж таарна. Мань эр хэсэг дуугүй сууснаа "Чи дотроо л бодож бай. Хэлье, хэлье. Харин сонинд гаргавзай. Цагаан хэл ам хүрчихнэ. Цаашилбал өвгөн чинь эхнэрт тархидуулна, хүүхдүүд аашилна. Саянаа маань Ижлээтэйгээ Испанид, Сансаргэрэлтэх нөгөө дүүтэйгээ Америкт байгаа. Саяхан Линкольны их театрт тоглолтоо сонирхуулжээ. Үгүй ээ, мөн их тэнгэрлэг юм боллоо доо гэж шивнэх шахуу хэлж билээ.
Хүүхдүүдийнхээ талаар элдэв юм сонин хэвлэлд яриад байдаггүй нь
сайн аавын хайр, үр хүүхдээ гэсэн эцгийн бүлээн зовинол байгааг би мэдэж
байлаа. Хожим С.Саянцэцэг, С.Сансаргэрэлтэх нар Монголд ирээд буцахад
Монголын сониноос хамгийн түрүүнд ярилцлага авч дөнгөв. Үүнийг Санги ах
"зохицуулсан" хэрэг л дээ. Нэг удаа мань эр хэлж байна. "Зүрх өвдөөд
байдаг болов. Бас даралт ихсэх төлөвтэй. Сархад хүртэхээ болихоос" гэж
байна. -Би дэмжсэн - маягтай үг чулуудав. Юутай ч өндөрлөж буйн тэмдэг
болгоод бага сага ходоодоо баярлуулна аа" гэж билээ. Яльгүй
халамцахаараа "Над шиг дууны хөшөөтэй хулгайч Монголд байна уу. Бүр
хоёрын хоёр хөшөөтэй гээч" гээд бардамнана. Энэ үедээ хүүхэд шиг хөөрүү
болчихдог юм. "Зулай цагаан Алтай", "Монгол далай" хоёроо хэлж байгаа
хэрэг. "Зулай цагаан Алтай" дууны хөшөөг нээх ёслолд оролцоод ирэхдээ
бөөн дурсгалын зураг татуулснаа надад өгч, би хэдэн мөр хэлхэн. сониндоо
тавьж билээ. Ингэж омгорхож байснаа гэнэт эрүүгээ тулаад, уруулаа
жимийгээд таг болчихов. Түүнийг дагаад чимээгүй болчихвол "Хөөе, чи
яагаад дуугаа хураачихав аа. Цог нэмэх ёстой болохоос бус хасах ёсон
үгүй" хэмээн өндөлзөнө. Тэгснээ "Авгай аваач ээ, хулгайч аа! Хоёр ихэр
хүүхэд төрүүлэх жорыг нь заасугай би" гэж алиална. Нэг удаа мань эр
эхнэртэйгээ хамт Америкт хэдэн сар болчихоод ирэв. Хүүхдүүд дээрээ очсон
хэрэг. Бид хоёр уулзлаа. Сансаргэрэлтэхийнхээ тоглолтыг л сайшааж ярив.
Харин Америкийг муулж байна. Жинхэнэ золбинчуудын орон юм. Гаднаа гяланцаг
дотроо паланцаг гэсэн үг. Гоёмсог өндөр байшингуудын араар нь би зориуд
тойрч очиж үзлээ. Манайхан шиг хог новш, баас шээсэндээ хутгалдсан юм
шив. Манайтай адил зам энэ тэр нь нэл онгорхой цоорхой л байна. Ер нь
шүтээд байх юм алга. Монгол шиг газар орон ч хаа ч алга даг гэж шогширч
байсан. 2012-оны хавар би "Тзнгэрийн хүү" жүжгээрээ драмын урлагийн
шилдгийг шалгаруулах "Гэгээн муза" наадмын алтан цом хүртэж, гран-пригийн эзэн болсон юм. Мань эр баяр хүргээд "Чамайг би өдөж шодож, уурлуулаагүй бол тэнгэрт гарахгүй байсан шүү. Одоо буугаад ир" гээд нөхөрсгөөр дал мөр алгадав. Тэгээд хоёулаа нэг аймгийн театрт дуулалт жүжиг тавина аа. Хөг аялгуу нь цээжинд үүрлээд болдоггүй. Зохиолыг нь энэ хавар бичээрэй гэж байна. Урдаас нь "Хөрөнгө мөнгөө хаанаас босгох вэ" гэж гоншигонов. Аймгийн театрын тайзан дээр хэдэн хана дугуйлаад гүйцээ. Ойлгов уу гэж билээ. Би ч дуртайяа толгой дохив. Харамсалтай нь бид хоёр дуулалт жүжгээ бүтээж амжаагүй билээ. Тэр хавар би санамсаргүйгээс болж нэлээн сүрхий бэртсэн юм. Хөлөө хугалан Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа энэ талаар дуулгахаар Санги ахын гэр рүү нь утас цохилоо. Эмэгтэй хүн авч байна. "Аав маань эмнэлэгт ухаангүй байгаа. Бие нь гэнэт муудаад биднийг сандаргаад байна" гэсэн түгшингүй хариулт авлаа. Ижлээ нь билүү Ихрээ нь билүү байнга утас авдаг байв. Би гэнэт их айж билээ.
"Ах минь, анд минь намайг орхиод явчихгүй байгаа даа". Өдөр бүр л гэр рүү нь залгасаар байсан авч ухаан орохгүй нь ээ гэсэн хариулт авсаар арав гаруй хоногийн дараа бурханы оронд одлоо гэсэн харуусалт сургаар найдлагаа цоожлов. "Манай аавын биеийн байдлыг хоёр хүн л дандаа сураглаж асуух юм" гэж Ихрээ охин нь байх аа, надад хоолой зангируулан утасны цаанаас өчиж байсан. Нэг сарын дараа миний бие суга таягтай эмнэлгээс гарахад намайг "Хөөе амьд уу, хулгайч аа. Нэг ийм санаа байна" хэмээдэг анд минь тэнгэрийн оронд очсон байсан юм.
Тэвэрч таныг даахгүй ч гэсэн Тээж явдаг шүү, сэтгэлдээ.. "Зулай цагаан Алтай"-г сонсох бүрийд зүггүй яриатай, алиахан, шооч Санги ах минь зэрэгцэн алхаад нөхөрсгөөр дал мөр алгадан буй шиг санагддаг билээ.
Дарь-Эх 2014.09.16
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7546
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих