Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана гэсэн үг байдаг. Харамсалтай
нь.бид сэрэмжлүүлсэн энэ үгний утгыг бүрэн ойлгож амьдралдаа хэрэгжүүлж
чаддаггүй. Бие өвдлөө гэхэд эмч рүү биш шууд л эмийн санд очдог болсон.
Манай улсын эмийн үйлдвэрүуд хэрэглээний нийт эмийн 20-25 хувийг
дотооддоо л үйлдвэрлэдэг. Үлдсэн нь импортоор орж ирдэг гэсэн судалгаа
бий.
Бид эмийн сангаас эм худалдан авахдаа тухайн эм хэр баталгаатай эсэхийг нягталж асуугаад байдаггүй. Сайндаа л нэр болоод үйлдвэрлэсэн он, сар, өдрийг л хардаг. Бас тухайн эм ямар сав баглаа боодолтой байна гэдгийг ч анхаараад байдаггүй. Уг нь энэ бол анхаарлаасаа холдуулж болшгүй асуудал. Эмийг хэрэглэсний дараа биед ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй бол тэгсхийгээд мартдаг. Саяхан цахим хуудсаар анальгин гэсэн тариаг худалдан авсан иргэн ампуль дээр нь наасан байсан цаасыг хуулж үзэхэд гентамицин гэсэн хаяг гарч ирлээ хэмээсэн байв. Үүгээр ч зогсохгүй хугацаа нь дууссан байсан гэж сэрэмжлүүлсэн билээ.
Уг мэдээллийг цахим хуудсаар гарсны дараа иргэдийн дунд эргэлзээ гарч эхлэв. Үнэхээр тийм явдал болсон эсэхийг тодруулахаар "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийн хажууханд байрлах "Цомбо" эм ханган нийлүүлэх төвийг зорилоо. Тус эм ханган нийлүүлэх төвд хоёр эмийн санч ажиллах аж. Үйлчлүүлэгч олон байсан учраас түр хүлээлээ. Ингээд зүүн талын цонхонд суух эмийн санчаас уг мэдээллийн талаар лавласан юм.
ШИЛ БАЙХГҮЙ УЧРААС АРГАГҮЙ ЭРХЭНД ӨӨР ШИЛЭНД САВЛАСАН
-Саяхан
нэгэн иргэн танай эмийн сангаас анальгин тариагаар худалдаж авчээ.
Тэрээр ампуль дээрх анальгин гэсэн бичгийг хуулахад шилэн дээр
гентамицин гээд бичсэн байж. Түүнчлэн шилэн дээрх он сар хугацаа нь
хэдийнэ дуусчихсан байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Оросоос
оруулж ирдэг байсан анальгин (50%-2 мл) тарилгын эрэлт үүссэнээс болж
манайд уг тариа тасарсан юм. Гэтэл манайд эрэлт их байдаг. Эмнэлэг,
эмийн сангуудаас ч хүсэлт их ирсэн. Харин манай байгууллага өөрсдөө
үйлдвэрлээд, савлах савлагаа байхгүй учраас гентамицины 2 мл бүхий бор
шилэнд савласан юм. Тухайн үед манай захиалсан шил хараахан ирж амжаагүй
байсан юм л даа. Эмнэлгийн байгууллагуудад анальгин яаралтай хэрэгтэй
байсан учраас ийнхүү өөр шилэнд савласан. Ийм л учиртай. Өөр шилэнд
савласан болохоос дотор нь байгаа нь анальгин мөн.
-Гентамицин тарианы шилэн дээрх хугацаа нь дууссан байсан гэсэн?
-Тийм
ээ, тунг савлаад үлдсэн байсан шиллдээ. Агуулахад гентамицин тунгийн
ампуль байсан. Аргагүй эрхэнд анальгин тунг савлаж битүүмжилсэн. Манайд
тарианы ампуль ирэхдээ онгорхой ирнэ шүү дээ. Тэгж байж л бид тариагаа
савлана. Савласны дараагаар өөрсдөө битүүлдэг.
-Энэ тариаг одоо худалдаж байгаа юу?
-Үгүй. Хэрвээ хэн нэгэнд энэ тарианд эргэлзээ төрвөл манай "Цомбо" эм ханган нийлүүлэх төв дээр аваад ирээрэй. Бид солиод өгнө.
-Тарианы шилэнд өөр тариа хийх нь зөв үү. Ингэх тохиолдол хэр их гардаг вэ?
-Мэдээж
ингэж болохгүй . Тухайн үед шаардлагатай байсан болоод л хийсэн. Ер нь
сав баглаа, шилийг солих тохиолдол тэр бүр гараад байдаггүй.
"Цомбо" эм ханган нийлүүлэх төвөөс ийнхүу хариулт авлаа.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга н.Цэнд-Аюушаас тодруулав.
ХАЯГ, ШОШГОНЫ ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН УЧРААС БҮГДИЙГ НЬ УСТГУУЛСАН
-Тарианы шилэнд өөр тариа савлаж тарьсан мэдээлэл гарчээ. Та үүнийг сонсов уу?
-Манайд
энэ талаар мэдээлэл иргэдээс ирсэн. Бид мэдээллийн мөрөөр шалгалт хийж,
зөрчлийг арилгуулсан. Үйлдвэрлэгч компани нь гентамициний шилэнд
анальгин хийж, "анальгин" гэсэн наалт наагаад худалдаанд гаргачихсан
байсан. Ингээд үүнийг худалдаж байсан эмийн сангуудаас буцаан таталт
хийлгэж, бүгдийг устгуулсан.
-Одоо энэ тариаг гадуур худалдаж байгаа юу?
-Үгүй.
ЭМ ТАРИАНЫ САВ, БАГЛАА БООДЛЫГ МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ
Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнээс бас тодрууллаа.
-Гентамицины шилэнд анальгин хийж худалдсан байна. Энэ нь стандарт зөрчсөн үйлдэл үү?
-"Цомбо"
эмийн үйлдвэрээс манайд өнөөдөр /өчигдөр/ материалаа ирүүллээ.
Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан гэсэн байна. Эм тарианы сав,
баглаа боодлыг манайх хариуцахгүй. Мэргэжлийн хяналтын газар хариуцна.
-Стандарт зөрчсөн бол ямар арга хэмжээ авах вэ?
-Буруутай
нь хяналтын байгууллагаар тогтоогдвол манайх хариуцлага тооцдог. Манайд
ирүүлсэн мэдээнд тариануудыг устгалд оруулсан гэсэн байна лээ гэв.
Эм бол хоол биш. Тэр тусмаа тариа бол нэг ёсны хор. Гэтэл энэ асуудалд хайнга хандаж байна гэдэг аюул гэхэд хилсдэхгүй байх. Ундааны саванд бор цай савлаж байгаа биш дээ. Анальгин нь хүчтэй өвдөлтийн үед өвчин намдааж, тайвшруулах үйлчилгээтэй юм байна. Харин гентамициныг нянгийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд тунг хэтрүулэн хэрэглэвэл чих дүлийрэх сөрөг нөлөөтэй. Тэс өөр үйлчилгээтэй байгаа биз. Ийм байхад "Шил нь дууссан учраас аргагүй эрхэнд савласан" гэдэг бол тайлбар биш.
Бид аливаа асуудалд их хайнга ханддаг дутагдалтай хүмүүс. Бэрхшээлийг амсч байж л ойлгодог. Энэ удаа ч яахав, азаар асуудал гарсангүй өнгөрлөө. Хэрвээ гайгүй байлгүй дээ гэсэн сэтгэлээр юм бүхнийг монголчлоод байвал нэг л өдөр аюулын харанга дэлдэхийг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа эмийн савлагаа.нэр хаягыг өөрчилж болохгүй. Холбогдох хяналтын байгууллагууд нь энэ чиглэлээр байнга шалгалт хийж байхад илүүдэхгүй болжээ. Иргэд ч эм.тариа авахдаа сайн шалгаж авч байя. Яагаад гэвэл.манайд ямар ч баталгаа алга. Уг нь аналыины саванд анальгин л байх ёстой билээ.
Ж.Отгончулуун /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих