Дээхнэ үед Дорнодоос Нийслэл хот орох гэж бүтэн долоо хоног зарцуулдаг байсан юм гэнэ лээ. Хот хоорондын энэ зам анх 1930-аад онд ЗХУ-ын эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр дурайн тодорч, он жилийн уртад сайжирч, муудаж, салаарч өргөсч явсаар 21-р зуунтай золгосон. Дорнод аймаг маань Мянганы замын хэвтээ тэнхлэгт холбогдож чадаагүй ганцхан аймаг болон үлдсэн ч замын ажил 2015 ондоо багтан дуусч, Улаанбаатар луу хатуу хучилттай автозамаар салхи татуулан давхицгаадаг болох гэж байна.
Одоо бол дундаж хурдтай жолооч нар 8-9 цаг давхиад л хот ордог болсон. Харин хот хоорондын зорчигч тээврийн автобусууд яалт ч үгүй 12-оос дээш цаг яваад байгаа юм. Энэ нь ч аргагүй. Орон нутгийн замд хурд мэдэн давхиж явсан автобусууд удаа дараалан осолдож, олон арван хүний амь нас, эрүүл мэнд хохирсноос болоод Авто тээврийн газар автобусны жолооч нарт 70 км/ц-аас дээш хурдлахыг хориглосон гэсэн. Мөн сансрын хиймэл дагуулаас байршил мэдээлэх GPS төхөөрөмжийг автобуснуудад байрлуулсан тул хэдэн километр цагийн хурдтай явааг нь хянадаг болчихжээ. Тийм ч учраас өглөө гарсан автобус орой эрт ороод ирвэл жолооч нар нь тээврийн газрын диспетчерүүдээс "банга” хүртдэг гэнэ лээ. Олон арван хүний амь насыг гартаа атгаж яваа жолооч нар орон нутгийн зам гэлтгүй, хөдөлгөөний соёл эрхэмлэн, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, "намбатай” давхих болсонд баяр хүргэе.
Автобус нь хот хоорондын аяллын хамгийн тав тухтай унаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Харин цагийн хуваарийн талаар хэлэх нэг санал байна. Манай аймагт саяхнаас Оройн автобусны шинэ хуваарь бий болж, өдөр нь ажлаа амжуулаад шөнөдөө давхин хот орох сайхан боломж нээгдсэн. 16 цагт Чойбалсангаас хөдөлсөн автобус удлаа гэхэд үүрийн 5 цагт л хот орчихож байгаа юм. 2012 онд оройн автобусны үйлчилгээг анх гаргахдаа шороон зам болон засмал замаар явах хурдыг тооцоолж, нийт замд зарцуулах хугацааг товлосон байх. Тэгвэл энэ жилээс шороон зам үгүй болох нь. Ингэснээр хот хоорондын замд зарцуулах цаг хугацаа улам богиносож таарна. Өөрөөр хэлбэл 16 цагт хөдлөсөн автобус 05 цагаас ч өмнө хот хүрэх боломжтой болно.
Хүний амьдрал баялаг учраас хот хоорондын унаагаар янз бүрийн л зорилготой хүмүүс зорчиж яваа. Үүрээр буусан тэд хот доторх нийтийн тээврийн автобусанд сууна гэсэн сонголт байхгүй. За тэгээд үүр цүүрээр морилогсодыг тосдог хүн ч ховор доо. Ингээд л зорьсон газраа хүрэхийн тулд өндөр үнэ хэлсэн шөнийн таксиг хөлөглөж таарна. Таксичид газар мэдэхгүй нэгнээс нь бүр ч өндөр үнэ нэхнэ. Айл амьтан босоогүй, дуг нойрондоо дугжирч байхад хаалгыг нь нүдэж тух алдуулах бас хэцүү. Иймийн учир, автобуснаас буумагцаа өглөө болтол түр байрлах зочид буудал, саун хайдаг хүмүүс маш олон. Үүнийг л оройн автобусны "онцгүй тал” гэж хэлээд байгаа юм. Бусдаараа бол ч "бууз хуушуур” л даа.
Оройн автобус одоогийнхоос жаахан орой замд гардаг болчихоосой. Тэгвэл 16 цагт авто вокзал дээр "Хэзээд бэлхэн” байх гэж 15 цагаас эхлэн хотын замд түгжирч сандрахгүй, өдрийн ажлаа ч хангалттай амжуулж орой нь автобусандаа сэтгэл амар суугаад өглөө нь буумагц автобус, такси аль дуртай унаандаа сууж, очих айлынхаа хаалгыг түгдэрч, сандралгүй тогшин зогсох сайхан боломж нээгдэх болов уу хэмээн боддог юм. Хот хоорондын автобус үйлчилгээний компани, Тээвэр авто замынхан маань Хэрэглэгч хаан гэсэн нэгэн ижил зарчимтай учраас иргэдийнхээ тав тухыг бодолцон ийм шийдвэр гаргахад юу нь болохгүй гэж.
Миний Дорнод сэтгүүл. 2015 он. Дугаар 01 (005)
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих