Судалгааны "MEC” ХХК Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болон улс төрийн намуудад иргэд ямар үнэлгээ өгч байгааг танджээ. Тус компанийн судлаачид энэ оны гуравдугаар сарын 4-9-ний өдрүүдэд нийслэлийн 1000 иргэнээс санал асуулга авч дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгааны дүнгээс харахад Ерөнхийлөгч болон парламентад суудалтай намуудын рейтинг өнгөрсөн оныхоос буурч, бие даагчдын ард орсон үзүүлэлт гарчээ. Тухайлбал, өөрийн дэмжиж буй УИХ-д суудалтай нам, бие даагчийг нэрлэнэ үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи буюу 36 хувь нь хэнийг ч дэмждэггүй гэж хариулсан байна. Харин оролцогчдын 21 хувь нь бие даагчдыг дэмждэг гэж хариулжээ.

АН-ыг 16, МАН-ыг 18, хувь нь дэмждэгээ илэрхийлсэн байна. Үүнээс харахад УИХ-д суудалтай гол хоёр намын рейтинг бие даагчдынхаас бага байгаа нь өнгөрсөн хугацаанд намууд хэтэрхий амбийц хөөн, улс орноо муу удирдаж, ард иргэдээ орхигдуулж байсан нь харагдаж байна.
Энэ судалгааны дүнгийн анхаарал татсан нөгөө асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг буурсан явдал юм.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг маш муу гэж үнэлэгчид өмнөх оны арваннэгдүгээр сард 10 хувьтай байсан бол энэ сард 19 хувь болж өсчээ. Ерөнхийлөгчийг муу ажиллаж байгаа гэж хариулсан иргэдийн тоо 7 хувиар өсч 28 хувь болсон байна. Харин төрийн тэргүүний үйл ажиллаагааг сайн гэсэн үнэлгээ өмнө нь 20 хувьтай байсан бол энэ гуравдугаар сард 10 болж хоёр дахин буурсан байна.
Түүний өршөөл, уучлал үзүүлж байгаа шийдвэрүүдийг судалгаанд оролцогчдын 62 хувь нь зөв хүндээ үзүүлж чадахгүй байна гэж хариулсан бол 7 хувь нь л дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс харахад Ерөнхийлөгчийн рейтинг буурахад сүүлийн үед гаргасан зарим шийдвэрүүд нь нөлөөлжээ.
Гэвч энэ судалгаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төдийлөн ач холбогдол өгөхгүй нь ойлгомжтой. Учир нь тэр хүссэн хүсээгүй ээлжит албаа өгөх хүн. Түүний хэлснээр одоо тэр хэнд ч тал засах шаардлагагүй, хоёр жил болоод ажлаа өгөх гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх вэ дээ.
Судалгаанд оролцогчдоос дэмжиж буй улстөрчдөө нэрлэхийг хүсэхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгдүгээрт орж, түүний араас УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар оржээ. Харин Ерөнхийлөгч дээрх гишүүдийн ард тавдугаарт нэрлэгдсэн байна.
Мөн уг судалгааны хамгийн таалагддаггүй улстөрчдөө нэрлэнэ үү гэсэн асуултад хамгийн олон хүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг нэрлэсэн бол хоёрдугаарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Засгийн газрын УИХ-ын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар удаалжээ.
Харин Засгийн газрын үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 18 хувь нь маш муу, 27 хувь нь муу, 31 хувь нь дунд, 7 хувь нь сайн гэж дүгнэжээ. Энэ нь оны өмнөхтэй харьцуулахад маш муу гэсэн үнэлгээ нэг хувиар, сайн гэсэн үнэлгээ хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. УИХ-ын үйл ажиллагааг сайн гэж үзэж буй иргэдийн тоо оны өмнөхтэй адил 4 хувь байгаа бол маш муу гэж үзэж байгаа иргэд таван хувиар нэмэгджээ.
Судалгаанд оролцогчдын 83 хувь нь Ноён ууланд олборлолт явуулахыг буруу гэж үзсэн бөгөөд 5 хувь нь дэмжсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг улс төрд эргэж орох нь зөв эсэх талаар судалгаанд оролцогчид хариулахдаа 43 хувь нь түүнийг улс төрд орох шаардлагатай, 27 хувь нь шаардлагагүй гэж үзжээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг сайн гэж үнэлдэг иргэдийн тоо харьцангуй тогтвортой байгаа бөгөөд оны өмнөхөөс 3 хувиар буурч 20 хувь болсон байна.
Сонгууль дөхөхөөр л гэнэт ухаан орж олон түмнээ санадаг эрхэмүүдэд энэ үзүүлэлт нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэх биз ээ. Худлаа амлалт, хуурамч инээмсэглэлээр иргэдээ хуураад дахиад зөөлөн суудалд тухлана гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тэд тэнэг биш!!!




Д.Үржээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих