Цаг агаарын дулаарал, хуурайшилт цөлжилт, орчны доройтол зэрэг нь өнөөдөр хүн төрөлхтнийг түгшээж байна. Мөн үүнтэй зуузай холбож яваа хурц асуудлуудын нэг бол дэлхийн асар хурдацтай өсөж байгаа хүн амыг, хоол хүнсээр хангах явдал юм. Энэ бүхнийг даван туулах, тохиолдож буй эрсдэлд дасан зохицох талаар дэлхий нийтээрээ анхаарч зүйл бүрээр оролдож, олон улсын байгууллагууд, орон бүрийн төр засаг, эрдэмтэн судлаачид ёстой л тархиа гашилгаж байх шиг. Гэхдээ тэр бүх ажил чармайлт нь шинжлэх ухаан техникийн дэвшил, боловсронгуй технологид найдлага тавин чухалчилж байна. Энэ ч мэдээжийн хэрэг. Хамгийн дөт зам нь байж ч мэднэ. Гэвч дорвитой ахиц үл гарч, хүнсний хомсдол газар авч харин ч дэлхийн хоол хүнсний хангамжид хиймэл зохиомол (Органик бус)бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт хүч түрэн орж ирлээ. Хиймэл зохиомол хоол тэжээл нь нэг талаар хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангалтыг нэмэгдүүлж байгаа сайн талтай ч нөгөө талдаа бол манай гаригийн янз бүрийн улс орон, үндэстэн ястнуудын олон мянганы турш, өөр өөрсдийн амьдран буй байгаль орчин, ахуйдаа зохицуулж боловсруулан хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнс, тэдгээрийг хийж бэлтгэдэг ардын уламжлал түл давтагдах арга технологийг шахаж бүр устаж үгүй хийх сөрөг нөлөөг авчирч байна.
"FAO” (ХХААБ)-ГИЙН САНААЧЛАГА БА УЛС ОРНУУД
Дэлхийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бодлогыг чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) өнөө цагийн нөхцөл байдлыг анхааран үзэж "Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв газар нутгийн тогтолцоог судлах, бүртгэх, зарлах, хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх санаачлага”-ыг 2002 оноос дэвшүүлж улмаар гишүүн орнуудынхаа хүрээнд тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ нь улс орон, үндэстэн ястнуудын хоол хүнсээ боловсруулан бэлтгэж хэрэглэж ирсэн ардын уламжлалт технологи, эрдэм ухааныг хадгалах, хүнс тэжээлийн эх үүсвэр, нөөцийг нэмэгдүүлэх, органик биш хоол хүнснээс аль болохоор татгалзахад чиглэсэн, цагаа олсон чухал арга хэмжээ болж, хүрээгээ богино хугацаанд тэлж, үр дүнгээ өгч эхэлжээ.Санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар, ЮНЕСКО, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг НҮБ-ын бусад байгууллагууд, Дэлхийн байгаль орчны сан зэрэг олон түншлэгчид нь идэвхтэй дэмжиж, хамтран ажиллаж байна. Энэ санаачилга, үйл ажиллагааны зорилго нь янз бүрийн улс орны ард түмнээс амьдарч буй байгаль орчныхоо өвөрмөц нөхцөлд зохицож дассан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бий болгосон, олон мянган жилийн түүхэн хөгжил ахуйн соёл, хуримтлуулсан туршлага, эрдэм ухааныг сурвалжлан судлаж, бүртгэн баримтжуулах,дэлхий дахинд сурталчилж таниулах, хүн төрөлхтний мэдлэгийн санд нэмэрлэх, энэхүү өв соёлын тогтолцоог иж бүрнээр нь хамгаалж тогтвортой хадгалахад оршиж байгаа аж.
Газар газрын хүмүүс, өөрсдийн амьжиргаагаа залгуулах явцдаа үржил шимтэй, биологийн олон төрөл зүйлээр баялаг нутгийг сонгох, оршин байгаа нутгийнхаа газар зүйн өвөрмөц тогтолцоонд тулгуурлан ямар нэг хэмжээний үйлдвэрлэл эрхэлж өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангахаар шаргуу хөдөлмөрлөж иржээ. Ингэж явахдаа нийт хүн төрөлхтөнд ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв соёлыг бүтээж, нийтлэг жишгийг бий болгосон хэрэг. Тэгэхдээ оршин амьдарч буй газар нутаг, цаг агаар, газрын үржил шим, баялгийн олдоц, уулархаг ба хэт налуулаг байдал зэргийг сайтар судлаж, таатай бус газар нутгийг амьдрал ахуйдаа ашиглах, голчлон газар тариаланд зориулсан арга ухааныг түлхүү анхаарсан байдаг. Ялангуяа цагаан будаа тариалах, загас үржүүлэх, цайны ургамал, жимс жимсгэнэ бусад ховор таримлыг дагнан эрхэлж үе үеийг дамжин уламжилж ирсэн баримт, туршлага Хятад, Япон, Солонгос, Филиппин, Энэтхэг зэрэг Азийн олон оронд элбэг байдаг аж.Жишээ нь Азийн улс орнуудад цагаан будааны аж ахуй, үйлдвэрлэлийн олон мянган жилийн түүхтэй. Цагаан будаа энэ тивийнхний хоол хүнс, амьжиргаанд чухал байр эзэлдэг. Тэр хэрээрээ Азийн ихэнх орнуудын ард түмэн цагаан будааг "Бурхны бэлэг” хэмээн дээдлэн хүндэлдэг соёл, ёс заншил төлөвшсөн хэрэг. Одоогоос 2000 гаруй жилийн өмнөх үеийн Хятадын Хан гүрэнтэй холбогдох олдвор шавар таваг дээр сүрэг загас цөөрмөөсөө цагаан будааны талбай руу сэлэн орж байгааг дүрслэсэн байдаг байна. Хятадын нэгэн (Зеа жин аймгийн Кю ян)тосгонд ердөө 60 гаруй га талбай эзэлсэн цагаан будаа-загасны хосолмол аж ахуй бий гэнэ. Тэнд царцаа, ургамлаар хооллосон загас будааны талбайн хөрсөнд шаардлагатай тэжээл, үржил шимийг өгч, намгархаг усан дундуур сэлж хөрсийг сийрэгжүүлж, усыг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг учраас химийн ямар нэг нэмэлт бордоо хэрэггүй. Мөн ургамлын сүүдэр тэдгээр загасыг нарнаас хамгаалдаг гэхчлэн бие биетэйгээ харилцан шүтэлцээтэй энэхүү өвөрмөц тогтолцоог уг нутгийн тариачид олон үеийн туршид бий болгож ашигласнаар экологийн цэвэр бүтээгдэхүүн болох загас, цагаан будааг хүнсэндээ хэрэглэж ирснийг дээр дурдсанчлан шавар таваг дээр дүрслэгдсэн зураг тэрхүү загас, цагаан будааны хосолмол аж ахуйн өвөрмөц арга өвийг баталж буй хэрэг.
Тусаж ахуйн түүхэн уламжлалт арга технологийг 2005 онд Дэлхий дахинаа ач холболдол бүхий хөдөө аж ахуйн өвөөр бүртгүүлж, улмаар олон улсын хэмжээнд сурталчлах, тариачдыг үнийн бодлогоор дэмжих, бүтээгдэхүүнийг нь олны хүртээл болгох, аялал жуулчлалыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр мөнөөх загас-будааны хосолмол аж ахуйн өвийг нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөлд зохицуулж хадгалан үлдээж чаджээ. Энэ бол дэлхийд өөр хаа ч байхгүй өвөрмөц нэгэн технологи хэмээн мэргэжилтнүүд тодорхойлж байна.Өөр нэг баримт гэвэл төмсний ургамлын өлгий нутаг Чили Улсын ойн чийглэг дулаан уур амьсгал бүхий өмнөд хэсэг нь ургамлын олон төрөл зүйл ургах таатай орчин болдог. Энд өнөөдөр бусад улс оронд устан үгүй болж байгаа ургамлын төрөл зүйлүүд ч хэвийн ургасаар байгаа гэнэ. Чилийн уугуул оршин суугчид болох чилиточ-хуиличууд аль эрт цагаас уламжлан ирсэн газар тариалангийн тэр аргаа өнөө хэр ашиглан 200 гаруй төрөл зүйлийн төмс тариалдаг байна. Чиличууд энэхүү уламжлалт аж ахуйгаа Даян дэлхий ач холболдол бүхий хөдөө аж ахуйн өвөөр бүртгүүлж амжжээ.
Ер нь хүн төрөлхтний оршин амьдарч ирсэн түүхээс харахад үе үеийн малчид, тариаланчид, цэцэрлэгчид, загасчид гэхчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс,оршин амьдарч буй газар нутгийнхаа өвөрмөц байдал, байгалийн нөөц баялагт тохирсон аж ахуйг хамгийн зохистой байдлаар хөтлөн явуулах, бүтээж олсноо ариг гамтай ашиглах аргыг олж, түүнийгээ боловсронгуй болгох, туршлага хуримтлуулахын төлөө тэмцсээр ирсэн байдаг. Ийнхүү хэдэн зуун, мянганы хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ардын уламжлалт арга технологийн бүхэл бүтэн тогтолцоог бий болгожээ. Дэлхий дахинаа ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уламжлалт өв соёлын тогтолцоог тодорхойлж бүртгэхдээ нэгд: Будаа, эрдэнэ шиш болон үр тарианы аж ахуйд суурилсан агро-эко-тогтолцоо, уламжлалт аж ахуйн арга ажиллагаа; хоёрт: Мөн уулархаг газар цагаан будаа тарих, хүнсний төрөл бүрийн ногоо, жимс, жимсгэнийн ээлжийн тариалалтын аж ахуйг эрхлэх арга ажиллагаа; гуравт: Хуурай газрын усжуулалт, хөрс боловсруулалт, усны эх үүсвэрийн орчинд халгүй арга ажиллагаа; дөрөвт: Бэлчээр сэлгэж нутагладаг нүүдлийн мал аж ахуй; тавд: Өрхийн цэцэрлэгийн аж ахуй буюу олон үе давхаргат цэцэрлэгжүүлэлт, ой мод үржүүлэх, эмийн ургамал олборлох зэрэг аж ахуйн цогц арга ажиллагаа; зургаад: Загасчлал, ан агнуурын жижиг аж ахуйн өв соёлын тогтолцоо зэрэг цөөнгүй салбар чиглэлийг харгалздаг бололтой. Энэ бүхэн нь нутаг нутагт харилцан адилгүй өөр өөр байх боловч ерөнхий нийтлэг үр дүн ач холбогдлоор нь авч үзвэл тухайн ард түмэн бүрийн аж төрөх, амьжиргаагаа залгуулах, урт удаан хугацаанд оршин амьдрахын үндэс болсоор иржээ. Эдгээрийг даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн уламжлалт өв, бүхэл бүтэн тогтолцоо(систем)гэж үздэг бололтой. Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв газар нь дэлхийн улс орнуудын түүх соёлын болон дархан цаазат,мөн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газраас ялгаатай. Нарийндаа бол энэ бүхэн нь хүн-байгалийн бүтээлч харьцаа, хүмүүсийн амьдрах нөхцөл, эко-орчны нөхөн сэргэх чадавх, байгалийн өвөрмөц орчинд тохирч дасан зохицсон цэцэрлэгжүүлэлт, тариалалт, мал аж ахуй, загас ба ан агнуур зэрэг аж ахуйг эрхлэхдээ өөр өөрийн онцлог бүхий арга ажиллагаа, өвөрмөц технологи, туршлагыг хуримтлуулсаар оюуны соёлын өв баялгийг бүтээж, түүнийгээ зуун зууныг дамжуулан төгөлдөржүүлсээр өнөөг хүрчээ. Энэ өв цаашид ч олон мянганы турш оршин амьдарч таарна.Нөгөө талаар хөдөө аж ахуйн өв нутагт хүмүүс он удаан оршин амьдарч, өөрийн эрэл зүтгэл, бүтээлч хөдөлмөрөөрөө тухайн орчиндоо тохирсон үйлдвэрлэл, үйл ажиллагааны давтагдашгүй чанар бүхий цогц арга, эрдэм ухааныг бүтээж, тэр нь дэлхийн хүнсний хангамжид томоохон байр суурь эзэлж тогтвортой эх үүсвэр болдог төдийгүй чухамдаа улс орон, үндэстэн ястан, газар газрын өвөрмөц онцлогийг өөртөө шингээсэн брэнд, өргөн утгаараа дэлхий нийтийн хөдөө аж ахуйн бас нэгэн их өв баялаг юм.Тэгээд ч олон сая ядуу иргэд, жижиг тариачид, малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдралын баталгаа болж байна.
"Даян Дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутгийг судлах, бүртгэх, зарлах, хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх санаачилга” нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих гэсэн хоёр үндсэн зорилгыг өөртөө агуулдаг. Хөдөө аж ахуйн өвийн тогтолцоог хамгаалах, дэмжих санаачилгыг өрнүүлснээс хойш энэхүү өвд багтаж болохуйц зуу орчим онцлог өвийн тогтолцоо,дэлхийн 50 гаруй оронд байгааг урьдчилан гаргажээ. Улс орныхоо түүх, ахуйн уламжлалт соёлыг өөртөө агуулсан, нийгэм эдийн засагт эзлэх байр суурьтай, дэлхий дахинаа танигдах өвөрмөц онцлог бүхий өв соёлоо дэлхийн дансанд бүртгүүлж брэнд болгох, сурталчлах, баяжуулан хөгжүүлэх,энэ бүхэнтэй холбоотойгоор аялал жуулчлалын бүс нутгийг өргөжүүлэх, аялагчдыг даллан дуудах, хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулах олон талт ажил орон бүрд эрчимтэй өрнөж байх шиг байна. Зарим эх сурвалж, мэдээллээс үзэхэд зүүн хойд ба зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойг, Ойрхи дорнод, өмнөд Америкийн тухайлбал Алжир, Азербайжан, Бангладеш, Чили, Хятад, Этопи, Энэтхэг, Индонези, Иран, Япон, Мексик, Морокко, Филиппин, Шри ланка, Танзани, Турк зэрэг орнуудыг багтаан дурдсан байх юм. Эдгээр улс орнуудын Засгийн газар нь ч дээрх санаачилгыг дэмжин идэвхтэй ажиллаж байгаа бололтой. Өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн 31 өв газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад бүртгэгдсэний дотор Хятадын арван гурав, Японы тав, Энэтхэгийн гурав, Солонгосын хоёр, Танзаны хоёр, Тунис, Перу, Филиппин, Кени зэрэг орон тус бүр нэг өвийг албан ёсоор бүртгүүлжээ.
МОНГОЛЫН ОНЦЛОГТОЙ ӨВ
Манай орны хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутгийнхаа байдалд зохицон бэлчээр сэлгэн нүүдэллэдэг мал аж ахуйг эрхэлж ирсэн өвөрмөц талыг юуны өмнө анхаарууштай. Манай монголчууд, цаг агаарын эрс тэс нөхцөл, байгалийн догшин ширүүн ааш авирыг хэдэн мянганы турш туулсан нүүдэлчдийн аж төрөх хэв маяг, байнгын хөдөлгөөн нүүдлээр малаа хариулж малладгаараа бусдаас ялгаатай. Тэгэхдээ мал нь химийн ямар нэг бордоо, зохиомол нөлөөлөлгүй бэлчээрт өнөөгийнхний яриагаар бол экологийн цэвэр өвс ургамлыг өөрийн заяамал зон чадвараар олж хооллож идээшилдэг. Ийм маягаар бэлчээрлэж тарга тэвээрэг авсан малынхаа ашиг шимийг бид мөн л нүүдлийн явцад тусгай багаж хэрэгсэл, оньсон техник ашиглахгүйгээр боловсруулан амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Тухайлбал сүүгээр төрөл бүрийн идээ, ундаа боловсруулдаг олон аргатай бол махыг борцлон хатаах, утах аргаар амт, тэжээллэг чанарыг нь алдагдуулалгүй хэдэн сар, бүр жилээр хадгалж хүнсэндээ хэрэглэдэг. Малчид цаг агаарын нөхцөл байдал, байгалийн болзошгүй үзэгдлийг хэд хоногийн өмнөөс мөн ямар нэг техник хэрэглэхгүйгээр таньж мэддэг арга туршлагатай. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн элдэв тоног хэрэгслийг (Татлага, бугуйл, чөдөр, ногт хазаар, тушаа гэх мэт) малынхаа арьс шир, яс, үс ноосоор хийдэг. Тэр нь олон арван жилийн эдэлгээ даадаг гэхчлэн Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв соёлд багтахуйц шинж чанар, онцлогтой эд зүйл, арга ажиллагаа цөөнгүй байх шиг санагдана. Харин эдгээрийг сайтар судлан баталгаажуулж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагад хандаж "Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв”-д бүртгүүлэн баталгаажуулах, сурталчлах, олны хүртээл болгох ажил өнөөгийн бидний өмнө тулгарлаа. Энэ талаар ямар нэг санал санаачилга байгаа эсэхийг холбогдох газруудаас асууж сонирхоход бас ч гэж анхны алхам, эхлэл ажиглагдаж байгаа нь сайшаалтай. Харин энэ эхлэлийг өргөжүүлэн ажил хэрэг болгох, эрчимжүүлэх шаардлага тавигдаж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санал болгосны дагуу, юуны өмнө үндэсний ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв газар нутгаа тогтоох, хамгаалалтад авах, цаашид даян дэлхийн өв болгон бүртгүүлэх боломжийг сайтар судлах нь зүйтэй юм. Үндэсний ба даян дэлхийн ач холбогдол бүхий газар нутгаа тодруулж, бүртгэлжүүлэх, зарлан мэдээлэх арга хэмжээг дотооддоо, мөн олон улсын хэмжээнд хэрэгжүүлснээр соёлын биет ба биет бус өвийг хамгаалах, аялал жуулчлалыг байгаль, зан заншил, экологийн гэх мэт хэлбэрээр өргөжүүлэх, аялал жуулчлалын шинэ зам, бүтээгдэхүүн бий болгох, улс орныхоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний органик чанар, газарзүйн байршлын заалтыг баяжуулах ажил нэн чухал боллоо. Гэхдээ юуны өмнө бэлчээрийн мал аж ахуйтай шууд ба дам холбогдох өвөө зохих журмын дагуу судлаж тогтоох, Монгол орны нүүдлийн соёл иргэншлийг малчин түмнийхээ олон зуун мянганы түүх, уламжлал, ажил амьдралтай нягт холбон сайтар судалж, түүний унаган төрх, үнэ цэнийг хадгалах, хамгаалах, дархлаажуулах,даян дэлхийн ач холбогдолтой хөдөө аж ахуйн өв газар нутгаар бүртгүүлэх, зарлуулах саналаа бэлтгэж НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагад уламжлах. Зарлагдсан өвийг хамгаалах, дархлаат чанарыг нь хадгалах цогц бодлого хэрэгжүүлэх,хүнс хөдөө аж ахуйн болон соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага бодлогоор зохицуулж удирдлагаар хангах арга хэмжээ ус агаар шиг чухал байна.
Ер нь монгол орны бэлчээрийн мал аж ахуйн уламжлал нь олон зууны турш улам баяжин төлөвшиж эдүгээ хүртэл хадгалагдаж ирэхдээ нийгмийн хөгжлийн хэд хэдэн тогтолцоог дамжсан, эдийн засгийн хямрал, янз бүрийн орчинд амьдрах чадвар дархлаагаа харуулсан,салбарын мэдлэг, туршлага, технологи ажиллагаа нь түүхийн урт хугацаанд амьдралаар шалгагдаж төлөвшсөн, монголчууд түүний дотроос нүүдэлчин малчдын бий болгосон бүхэн маань тэр аяараа үндэсний төдийгүй даян дэлхийн үнэт өв юм биш үү. Манай орны байгаль-цаг уур, мал аж ахуйн байршил, тархалтын онцлогтой аж ахуй, байгалийн нөөцөөс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулалт, хэрэгцээ хангах байдал, олон ястны зан үйл, уламжлалт ажиллагаа, туршлагын хэсэгчилсэн болон тодорхой орон нутгийн шинжтэй өвийн аль аль нь манай аймаг, сум, малын бэлчээр, малчдын хотонд, гэрт нь байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг.Энэ бол манай нэг онцлог яах аргагүй мөн. Тэгэхдээ мал маллаж, газар тариалан эрхлэн амьдардаг айл өрхүүд төдийгүй орон нутгийн бусад иргэдийн хүнсний бүтээгдэхүүний үндсэн эх үүсвэр болдог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийгэм, эдийн засаг, байгаль орчноос үзүүлэх сөрөг нөлөө, аюулгүй нөхцлийг ч бодох учиртай болов уу.
ТӨГСГӨЛ БУЮУ БИДНИЙ ХИЙЖ БУЙ АЖИЛ...
"Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өвийн тогтолцоог судлах, бүртгэх, зарлах, хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх санаачилга” нь монголын хөрсөнд нэгд хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах, хоёрт хөдөөгийн хөгжлийг дэмжих гэсэн үндсэн хоёр агуулга, ач холбогдлыг нэгтгэсэн цогц арга замаар хэрэгжих байх. Азийн эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурай сэрүүн бүсэд мал аж ахуй, жижиг тариалан эрхлэх, өрхийн технологиор хүнсний амт, тэжээллэг сайтай бүтээгдэхүүн боловсруулдаг олон мянганы уламжлалтай арвин баялаг туршлагыг Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өвийн тогтолцоог судлах, бүртгэх, зарлах, хамгаалах, ирээдүй хойч үедээ үлдээх ажилд Монгол Улсыг хамруулахаар төслийн хүрээнд эхний шатны зарим ажил эхлээд байгаа бололтой. Энэ талаар хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн доктор Б.Эрдэнэбаатар гэдэг хүн "Мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагажуулах ажлын хүрээнд ХХААЯ-ны шугамаар гурван ажилтан бэлтгэсэн нь энэ ажлын эхлэл.
Түүнчлэн 2014 оны аравдугаар сард НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас мэргэжлийн зөвлөх ажилтан богино хугацаагаар ажиллуулж бодлого боловсруулагчид, судлаачдад зориулж сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, орон нутагт ажиллаж, өв нутгаар нэр дэвшүүлэх хэд хэдэн нутгийн товч танилцуулга, урьдчилсан тодорхойлолтыг гаргасан. Өв нутгийн асуудлыг зөвхөн олон улс дэлхийн хэмжээнд төдийгүй, үндэсний хэмжээнд авч үзэх боломжтой бөгөөд үндэсний ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутгийг тогтоох ажлыг зэрэг гүйцэтгэхээр төлөвлөж байна” гэж тэмдэглэсэн байна билээ.Эндээс харахад "Даян Дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв нутгийг судлах, бүртгэх, зарлах, хамгаалах санаачилга”-ыг анхааран үзэж дэмжих, хэрэгжүүлэх бодол санаа манайд байх шиг.
Гэхдээ хүн төрөлхтний өмнө тулгамдаж, дэлхий нийтээр анхаарч байгаа энэ чухал ажил,асуудлыг нэг хэсэг нь хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг нь ойлгож мэдэж байгаа ч чухам хаанаас нь эхэлж юу хийх учраа олохгүй мунгинаж, нөгөө зарим нь мэдэмхийрэн номчирхож, салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд тэдгээрийн сайд дарга түшмэд болохоор ажлаа мэдэхгүй, эсвэл үл тоож хамгийн гол нь хийе бүтээе, ажил хэрэг болгоё гэсэн сэтгэл дутаж байгаа тал түлхүү байх шиг. Энэ бүхнийг харж ажиглаад аанайхан хурал, семинар, элдэв сургалт, судалгаа, уулзалт яриа, гэрээ хэлэлцээр, төсөл, гаднаас зөвлөх урих, ажлын хэсэг байгуулах, комисс томилох мэтийн хүрээнд эргэлдсээр цаг хугацаа алдах вий дээ хэмээн сэтгэл зовнисноо нуугаад яахав.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих