УИХ-аар одоо Архины хяналтын тухай хуулийг ид хэлэлцэж гишүүд архины үйлдвэр худалдааг цөөлөх багасгах талаар
буюу архины хэрэглээг хязгаарлах талаар л ярьж байна. Өнөөдөр манай
улсад тэмдэглэж байгаа нийтээр тэмдэглэх баяруудыг хэрвээ найр гэж
үзвэл шинэ жилийн баяраар эхлэсэн энэхүү найр маань одоогоор түр
завсарлаж гадаалж байна. Найр гадаалах зуур хэлэх үг байна.
Үндэсний аюулгүй байдал нийгэмд алдагдах хэмжээнд хүрч буй хурц асуудлуудын нэг бол архидан согтууралт хирээс хэтэрсэн явдал юм. Энэ бол зөвхөн сүүлийн 20 гаруй жилд яригдсан юм биш.Өмнөх тогтолцооны жилүүдэд ч байсан. Тоталитар дэглэмийн үед үзэл суртлын зорилгоор өрсөлдөгч капиталист ертөнцөд өөрийн нйигмийн доторхи булайгаа дэлгэхгүйн тулд тэр бүр ил тод мэдээллэдэггүй л байсан болохоос байсан л асуудал. Гэхдээ өнөөгийнх шиг ингэтлээ гамшгийн хэмжээнд бас хүрч байсангүй.
Өмнөх дэглэмийн үед ч өнөөгийн нийгэмд ч архидан согтуурахтай хийсэн тэмцэл нь түүний хэрэглээтэй л тэмцэж байсан уу гэхээс хэрэгцээтэй огт тэмцэж байгаагүй.
Архины хэрэглээ гэж хүн амын дундах архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүний хирээс хэтэрсэн байдал, архинд донтох явдал насанд хүрэгчдийн дунд газар авч улам бүр залуужсан, согтууралаас үүдэлтэй гэмт хэрэг, осол, зөрчлийн өсөлт зэргийг хэлнэ.
Архины хэрэгцээ гэж архи уух шалтаг шалтгаан болсон хоорондоо хэтэрхий ойрхон болдог олон баяр ёслол, нийгэмд үнэ хүндээ алдсан шагнал урамшуулал, олон шалтагт найр наадам юм. Одоо манай улсад нийтээр тэмдэглэх 8 баяр, 15 тэмдэглэлт өдөр, 10 жилийн давтамжтай тэмдэглэдэг түүхэн 4 үйл явдлын ой, нийгмийн тодорхой салбаруудын хэмжээнд жил бүр тэмдэглэдэг 44 ажил мэргэжлийн тэмдэглэлт өдөр, 10 жил тутамд тэмдэглэдэг орон нутаг / аймаг, нийслэл, сум дүүрэг / байгуулагдсаны тэгш ойн наадмуудыг тус тус тэмдэглэн өнгөрүүлж байна. Бас Ерөнхийлөгчийн зарлигаар шагнадаг 8 одон, 6 медаль, ардын болон гавьяат цол, тухайн салбарын сайд, агентлагын даргын тушаалаар олгодог 44 салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг гээд шагнал урамшуулал байна.
Нэгэнт ингэтлээ архи уух шалтгаан болсон дээрх өгүүлсэн нийтээр тэмдэглэх энэ их баярын болон тэмдэглэлт үйл явдлууд, янз бүрийн шагнал байгаа цагт архины энэхүү хэрэгцээгээ дагаад түүний үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ ч бас хурдан өсч нэмэгдэж байна.
Төр засгийн зүгээс архидан согтуурахтай өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн арга хэмжээ төдийлөн үр дүнд хүрдэггүй харин ч далд эдийн засаг, архины үйлдвэрлэл худалдаа,үйлчилгээний зөвшөөрлөө дагасан авлига, хүнд суртал, хээл хахууль газар авсан гэхэд болно. Аймаг сум дүүргийн ИТХ нь өөрийнхөө төсөвт татварын бус орлого / торгууль / оруулах даалгавар цагдаагийнхаа хэлтэст өгч тэд нь архи ууж халсан биеэ мөрөөрөө авч яваа жирийн иргэдийг хуулиар дарамтлан хоргоож улмаар хүч хэрэглэн эрх чөлөөг нь зөрчих явдал их гардаг.
Манай улсад нийтээр тэмдэглэх баярууд болон аймаг сум, салбар байгуулагын ойн ёслол, одон медалийн цайллага нь зүгээр мөрөөрөө яваа огт амсдаггүй хүнийг хамт олон гэгч бүлэгт хүчээр хамруулан уухгүй бол гомдох тунирахааараа дарамтлан архиар шахаж уулгах замаар архинд аажим аажмаар донтуулдаг зохион байгуулалттай архидалтын нэг хэлбэр архи уух шалтаг болон хэвшсэн. Иймд архидан согтуурахтай үнэн голоосоо тэмцэж түүнийг бууруулая гэвэл архи уух шалтаг шалтгаан болсон нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдийг цөөлөх хэрэгтэй. Мөн шагнуулах гавьяа байгуулж, зүтгэл гаргасан жинхэнэ эзэндээ очихоосоо очихгүй нь их болсон үнэ цэнээ алдсан зохиогүй чимэг одон медаль, цол гуншин, шагнал урамшуулалыг ч цөөлмөөр байна.
Одон медалийн найр нь хувь хүн амьдралдаа тохиолдсон баяр жаргалаа бусадтай хуваалцах баясал цэнгэл гэхээсээ илүүтэй чадуу нь бэл бэнчингээ гайхуулан баярхах шалтаг, ядуу нь нэр нүүрээ бодож нэрэлхэж хийдэг мөнгө санхүүгийн дарамт болсон.
Баяр ёслолын өдрүүдэд эрүүлжүүлэгсэдийн тоо, архидаг согтууралтаас үүдэлтэй хүний амь нас, танхайн гэмт хэрэг жирийн өдрүүдээс илүү өссөн дүн мэдээ гардаг нь нууц биш.
Ийм учраас зөвхөн нийтийн албанд татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр аймаг сум, салбар байгуулагын ойг тэмдэглэдэг явдлыг бүрэн хориглож хуульчлах хэрэгтэй байна.
Хүүхдийн баяраас бусад зарим нэг ач холбогдол багатай, хүйс,нас, мэргэжлийн ялгаа харуулсан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд тухайлбал Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр / уг нь баярлаж байгаа нь энэ гэж архидах бус зөрчигдөж байгаа эрхээ хамгаалан тэмцэх ёстой өдөр баймаар /, Олон улсын Ахмадын өдөр ,Монгол цэргийн өдөр мэтийн өдрүүдийг ч тэмдэглэдэг явдлыг болиулах хэрэгтэй байна. Ердөө дэлгэр зуны цагт зөвхөн 7 дугаар сард ард нийтээр тэмдэглэдэг Үндэсний их баяр наадамтай цуг аймаг, сум, нийтийн албаны салбар байгуулагын ойг хамтад нь тэмдэглэж хэвшүүлвэл зохилтой. Зардал мөнгөнд ч хэмнэлттэй.
Харин даяаршин буй өнөөгийн дэлхий нийтээрээ хамтдаа угтсаар ирсэн шинэ жилийн баярыг зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд л тэмдэглэдэг ялангуяа хүүхэд багачуудаа баярлуулдаг гол баяр болгон бүх нийтээр амардаг өдөр болгон хэвээр нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Мөн эрт дээр цагаас айл саахалт ах дүү хамаатан садан хотлоороо тэмдэглэсээр ирсэн билгийн улирлын цагаан сар шинийн өдрийг уламжлалт баяр хэвээр нь үлдээвэл зохилтой.
Дээр өгүүлсэн шинэ жилийн баяр, Билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмын амрах өдрүүдийн тоог харин ч нэмбэл зохилтой.
Учир юу хэмээвээс дэлхий олон улс орнуудын төр засаг нь өөрсдийн иймэрхүү үндэсний тэмдэглэлт болон шашны уламжлалт баярын өдрүүдэд урт хугацаагаар хүмүүсээ амраадаг нь тэднийг баярлуулан жаргааж байгаа явдал огт биш.Харин ч нийт ажиллагсадын 80 хувь нь ажилладаг худалдаа үйлчилгээний салбарын бараа үйлчилгээний эргэлтийг жирийн өдрүүдийнхээс илүү түргэн нэмэгдүүлэхээр төрөөс дэмжиж буй бодлого юм. Бараа үйлчилгээний үнэ өртөг нь ч энэ өдрүүдэд эрс хямдран ард иргэд жирийн үеэсээ илүүтэй худалдан авч үйлчлүүлэн тэр хэмжээгээр тэдгээр худалдаа үйлчилгээний салбарын ашиг орлого, ажиллагсдынх цалин хөлс нэмэгддэг аж.
Иймийн тулд дээр өгүүлсэн гурван баяраар амрах өдрүүдийн тоог яг баярын өдрийн өмнөх 3 хоног, баярын өдрүүд ороод 4 хоног нийт 7 хоног, гурван баяр нийлээд жилд 21 хоног бүх нийтээрээ амарч заншвал зохистой санагдана. Харин хувийн хэвшлийн бизнесийн болон төрийн бус байгуулагуудын баяр ёслол, сурагч оюутан залуучуудын амралт чөлөөт цаг төрсөн өдрийн баяр, ард иргэдийн ахуйн уламжлалт зан үйлийн хурим найранд төрийн зүгээс оролцон цагдан хорьж хэрхэвч болохгүй.
Зуны дэлгэр цагт олон шалтагт наадам олширсноор малчид тариаланчдын хадлан тэжээл ургацаа бэлтгэх хураах цаг алдагдаж улмаар байгалийн гамшиг зуд турхан болохоор арчаагаа алдан хот суурин газрын эгэл жирийн татвар төлөгчдийн мөнгө, хандив дэмжлэгийг зулгаадаг хариуцлагагүй байдлыг дэвэргэдэг явдлыг таслан зогсоох цаг нь болсон.
Зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр тансаглан аймаг сум, нийтийн албаны салбар, байгуулага нэгжийн ой тэмдэглэдэг үрэлгэн явдлыг хатуу хориглох хэрэгтэй.Бодит байдал дээр нийтийн албаны ажил үүрэг гүйцэтгэдэг анхан шатны нэгж дээр үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хөрөнгө мөнгө байнга дутагдаж л байдаг шүү дээ. Тэгсэн хирнээ дарга нар нь ажилчдаа доод шатны хүмүүсийнхээ ажлын байрны нөхцөлийг сайжруулахын оронд төсвийн мөнгөөр найр наадам баяр ёслол хийж дээд шатны дарга сайд нартаа тал засах дуртай.
Нийтээр тэмдэглэх баяр амралтын өдрийг цөөлснөөр, салбар байгуулагын ой, ажил мэргэжлийн баяр, тэмдэглэлт өдрүүдийг хориглосноор байгуулага хамт олноороо баярлах нэрийн дор зохион байгуулалттай архидан согтуурах явдал багасч тэр хирээр ард иргэдийн ялангуяа залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүд архинд донтох явдал эрс буурна.Нэгэнт архинд их бага хэмжээгээр донтсон хүнд архины үнийн өсөлт төдийлөн нөлөөлөхгүй.Харин ч бүр нэвт донтсон архаг архичдад зориулсан баталгаатай хортой хямд үнэтэй архины ил, далд худалдаа гаарна.Архины үнэ нэмэгдлээ гээд их болон дунд орлоготой иргэдэд хааяа нэг хэрэглэхэд нь тэр бүр нөлөөлөхгүй.Гэвч орлого багатай эгэл жирийн олон иргэдийн хувьд орлоготой сайтай цөөн иргэдийн хөлд чирэгдэн эдийн засгийн хувьд хүнд дарамтанд ордог.
Хамт олон хэмээх аливаа сургууль, байгуулагад хамт сурдаг ажилладаг хүмүүсийн олонлог нь нэг нэгнийхээ амьдралд нэмэр тус болдог хүн ёсны харилцаа нөхөрлөлөөсөө илүүтэй ямар нэгэн баяр ёслолоор далимдуулан зохион байгуулалттай архидан согтуурдаг нийтлэг болсон.
Өнөөдөр нийгэмдээ гэр бүлдээ ад шоо үзэгдэн шаарлагдсан архаг архичид эцсийн эцэст хамт олон гэгч хүмүүсийн нийтлэгийн дундаас л төрсөн.
Нэгэн поп хамтлагийн дуунд гардаг шиг унаган биеийг нь төрүүлж өсгөхдөө ухаант ээжүүд нь тэднийг архиар угжаагүй нь лавтай. Амралт зугаалга, нийллэг салбар байгуулагын ой гэх мэт архидалтанд нь оролцоогүй мөрөөрөө яваа нэгнийгээ ад шоо үзэн хавчин гадуурхдаг хачин муухай явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Бид бүхний байгуулах гээд байгаа тэрхүү зах зээлийн эдийн засгийн харилцаатай ардчилсан нийгэм улс орнуудад хамт олон гэгч хүн сүргээсээ илүүтэй гэр бүл гэгч нийгмийн үндсийг дээдлэн аливаа хувь хүн, найз нөхөд, тэдний гэр бүлийн хэлхээ холбоо нөхөрлөл бүхнээс илүү нандин бат бөх нэр хүндтэй байдаг аж.
Гэр бүлтэйгээ байх цагийг хамт олонтойгоо баяр тэмдэглэж байгаа нэрээр архидан согтуурч оройтох, улмаар гэр орондоо харилгүй гадуур хонох нь гэр бүлийн харилцаанд сэв суулгаж ан цав үүсгэдэг. Айл гэрийн амьдралд баяр хөөр гэхээсээ мөнгө санхүүгийн болон сэтгэл санааны дарамт айдас түгшүүр, хэрүүл зодоон, хардалт сэрдэлт, хагацал салалт, өвчин зовлон авчирдаг элдэв баяр ёслолыг цөөлмөөр байна.
Сүүлийн 22 жилд энэ олон шалтагт найр наадам баяр ёслол хийж уул овоо тахин баярлаж цэнгэснээрээ, олон арван хөшөө дурсгал, суварга босгосноороо бас олон зуун алдартан ардын болон гавьяат цолтон, салбарын тэргүүний ажилтнууд, доктор профессортой болсноороо Монгол Улс хөгжвөл хөгжихөөр л нэг боллоо.
Даан ч хөгжөөгүй л муухай.Юу хөгжсөн бэ гэвэл архины үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ, түүнийг дагаад архинд донтсон золбин тэнэмэл хүмүүс л олширч, аливаа лиценз, зөвшөөрлийг нь хахуулиар өгдөг нийтийн албан дахь авлига л хөгжсөн.
Удахгүй сар шинийн баяр болж бид найраа үргэлжлүүлнэ.Цаашид эмэгтэйчүүдийн болон цэргийн баяр гээд найр үргэлжлэх шалтгаан бий.Цэргийн баяраар найр өндөрлөх байх.Иймд найр буюу баяр ёслолоо жаахан хэмжээ хамжааргатай цөөн тоотой байлгамаар байна.Эрхэм гишүүд архины хэрэглээ болсон үйлдвэрлэл, худалдааг хязгаарлах ус хэрэгцээ болсон баяр ёслол одон медалиа цөөлж төсвийн мөнгөөр аливаа баяр цэнгэл хйихээ багасгаж үлгэрлэвэл архидалт хуультай хуульгүй аяндаа арилна.
Д.ЭНХЧУЛУУН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих