Д.Зоригтхүү гэх энэ залуу гуч гаруй настай эхнэртэйгээ хоёул гэрээр
хүүхдийн гутал үйлдвэрлэн борлуулдаг. Эднийх 0-10 насны гурван
хүүхэдтэй, ам бүл тавуулаа. Д.Зоригтхүү төмөр замд ажиллаж байгаад эрүүл
мэндийн шалтгаанаас ажлаа хийхээ больжээ. Тогтвор суурьшилтай ажилгүй
болсон тэрээр Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар очсон боловч хэсэг
хугацааны дараа нутагтаа эргэн ирсэн гэх. Харин Улаанбаатар хотоос сурч
мэдэж ирсэн зүйлээрээ ийнхүү өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьдрал ахуйгаа
залгуулж байна. Д.Зоригтхүүгийнх нэг гар оёдлын машинтай үүгээрээ 1-4
настай хүүхдийн гутал оёно. Эхнэр Б.Алтантуяа нь гутлын дээд талыг оёж
нөхөр нь ул зуузай гээд хатуу эдлэлийг нь гараар оёдог аж. Оёсон
хүүхдийн гутлаа зах зээлд 8000-10000 төгрөгийн хооронд бөөнд нь
борлуулна. Харин тэднээс бөөндөж авсан худалдаачид ширхэгийг нь 15000
мянгаар худалдаалдаг байна. Өнөөдөр үүнээс хямд хүүхдийн гутал зах зээлд
байхгүй бөгөөд монгол хүүхдийн гутал хөнгөн, чийг татахгүй, хөлд
эвтэйхэн тулхтай гээд олон давуу талтай. Гутлынхаа гол хэсэг улыг гараар
оёдог учир цаг хугацаа алддаг тал бий. Тиймээс ул оёдог цахилгаан машин
авчихвал хөдөлмөрөө хөнгөвчилж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, тогтвортой
ажлын байр бий болгоно гэж үзэж байна. Цахилгаан машин нэг сая гаруй
төгрөгний үнэтэй байдаг бөгөөд ийм машинтай болчихвол илүү ихийг хийх ур
чадвар, зориг тэмүүлэл энэ залуусд бий. Мөн бүтээгдэхүүнийхээ төрлийг
нэмэгдүүлж хүүхдийн цэмбэн гутал оёх боломжтойг хэлж байлаа. Гутал
үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотоос авдаг бөгөөд өөрсдийхөө
боломжинд тулгуурлан нэг удаадаа 100 гутлын материал авчирдаг аж.
Биднийг Д.Зоригтхүүгийнд очиход 50 гутлын захиалгатай оёж байсан. Үүнээс
харахад гар аргаар үйлдвэрлэсэн чанартай хүүхдийн гутал борлуулах зах
зээл хангалттай байгаа бөгөөд Улаанбаатар хотоос захиалга авах тохиолдол
бий гэх. Д.Зоригтхүүгийн гэр бүл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл тусламж авахаар төслөө
хүргүүлээд байгаа юм байна. Д.Зоригтхүү болон түүний эхнэр Б.Алтантуяа
том ярьж бэлэнчлэх сэтгэлгээгээр аливаа юманд хандсангүй.
Б.Одмаа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9104
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих