Мах, талх, гурилын үнэ өсч байгаа эсэхэд анхаарлаа хандуулах нь ард түмнийх. Харин хэдий хэмжээний алдагдал хүлээж байгаа нь сайд дарга нарынх бололтой. Учир нь сарын цалингаараа амьдардаг долоон буудлын Долгор эмээгийн хувьд хямрал хоолойд тулсан ярвигтай асуудал. Мэдээж үүнийг инфляц гэдэг. Инфляц нь хэдий чинээ өснө. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт тэр хэрээр нөлөөлдөг. Статистикчид инфляцийг өнгөрсөн оноос тогтворжиж ирсэн тухай хэлж байсан юм. Энэ нь гол нэрийн барааны үнэ тогтворжиж буйтай холбоотой ажээ. Тухайлбал, мах, шатахууны үнийн өсөлт эрс буурч энэхүү бүлгийн жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2012 онд дунджаар 5.8 нэгж хувь байсан бол 2013 онд 1.8, өнгөрсөн онд 0.2 хувь болж тус тус буурсан байна. Мөн энэ оны эхний улиралд Монгол Улсын инфляц 9.3 хувь байгааг статистикчид хэлсэн. Ийнхүү хазааргүй морь мэт давхих инфляцийн хурдыг сааруулсан нь Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, бодлогын төвшинд гол нөлөө үзүүлсэн хэмээн зарим эдийн засагч, судлаачид хэлдэг. Хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилготой тус хөтөлбөр хэрэгжээгүй бол шатахууны үнэ хоёр мянган төгрөг гарах байсан талаар салбарынхан хэлж байна. Харин энэхүү хөтөлбөрийг Засгийн газраас үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дээрх зорилтот хөтөлбөр зогссоноор аль давхаргын иргэдэд хүнд тусах вэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Манай улсын хүн амын дөрөвний гурав нь дундаж буюу түүнээс доогуур орлоготой гэсэн судалгаа гарчээ. Гэтэл үнийг цулбуургүй орхисноор эдгээр иргэдэд хүндээр тусах нь дамжиггүй.
Эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаа үед үнийг чөлөөлөх нь хамгийн түрүүнд иргэдийн амьжиргаа, цаашлаад бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай гэдгийг хүмүүс мэднэ. Мэдээж зах зээлийн хуулиар үнийг чөлөөлөх нь зайлшгүй. Гэвч цаг үеэ олоогүй шийдвэр бүсээ ханатал нь чангалсан иргэдийнхээ голыг нь таслахтай ижил болох вий гэх болгоомжлол хүмүүст байна. Түүнээс гадна дундаж давхаргынханы дийлэнх нь орон сууц болон хэрэглээний зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн иргэн Г.Базарсүрэнгийнх ам бүл тавуулаа. Өрхийн орлого сардаа дунджаар 1.3 сая төгрөг. Үүнээс 900 мянган төгрөгөөр банкны зээлээ төлдөг. Үлдсэн 300 гаруй мянган төгрөгөөр нэг сарын хүнсний хэрэглээ болон бусад хэрэглээгээ зохицуулах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс тухайн өрхийн гишүүд бүсээ ханатал нь чангалаад ч хүчрэхгүй, сөхрөх гээд байдгаа хэлж байна. Яагаад гэвэл кг нь 5500 төгрөгөөр авдаг байсан хонины мах өдгөө 6800 төгрөг болсон нь хүндээр тусчээ. Учир нь 10 кг мах авдаг байснаа найман кг болгон бууруулсан хэмээн гэрийн эзэгтэй ярилаа. Тиймээс үнэ чөлөөлөх шийдвэр тийм ч оновчтой биш гэдгийг тэрээр хэлсэн юм.
Ийнхүү 30 хоногийн хэрэглээгээ 400 орчим мянган төгрөгт багтаахаар чардайж буй иргэдийнхээ амжиргааг тооцоолсон эсэхэд эргэлзэж буйгаа энэ мэтчилэн хэлэх хүн олон. Дарга нарын хэлэх дуртай долоон буудлын Долгор эмээгийн амьдрал үнэ чөлөөлсний маргааш ямар болох вэ. Төр төмөр нүүртэй байж болох ч цаг үеэ олоогүй шийдвэр түмэн олныг туйлдуулах вий дээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих