Зайсан орчмын газар бол Монголын хамгийн үнэтэй, баячуудын амьдардаг орон сууцны хороолол болсон гэж хэлж болно. Гэхдээ энэ газарт тэр чигээрээ баячууд байгаа гэвэл үгүй. Олон арван жилийн өмнөөс энэ хэсэг газарт амьдарч, өсч өндийсөн жирийн иргэд ч бий. Тэдний ганц үл хөдлөх хөрөнгө болсон хэдэн га газар луу шунал нь дэндсэн зарим нэг компанийн эзэд дайрч, хөрөнгийг нь "булаах” гэж байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Зайсан орчмын уугуул иргэн Д.Болдын олон жил амьдарсан, газар эзэмших эрхийн хууль ёсны гэрчилгээтэй газрыг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Финанс энд Сервис” компани "булаах” төлөвлөгөөтэй шүүхэд гомдол гаргаад байгаа ажээ.
Д.Болд уг газрыг 2008 онд 15 жилийн хугацаатай авсан бөгөөд газар эзэмших гэрчилгээ нь тамга тэмдэгтэйгээ байгаа аж. Ийнхүү өөрийн эзэмшлийн газартаа байшин барих гэсэн нь "Финанс энд Сервис” компанийнхны дургүйг хүргэсэн бололтой.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР АВСАН ГАЗАРТ 14 ШИРХЭГ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ-
Тус компани анх 2009 онд Хан-Уул дүүргийн Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 3.0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. Улмаар гурван жилийн дараа эзэмшсэн байсан газраа таван жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар дахин гэрээ байгуулсан байна.
Газар ашиглах тухай 2011 оны 12-р сарын 06-нд байгуулсан уг гэрээнд "зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах ёстой гэж бичсэн байх бөгөөд хэрвээ газрыг гэрээний нөхцлийн дагуу ашиглаагүй, зориулалтыг өөрчилсөн, газрын хэмжээг хэтрүүлсэн, Газрын тухайн хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон, Газрын тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн тохиолдолд гэрээг хүчингүй болгож, газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан байх юм. Гэтэл "Финанс энд Сервис” компани энэ хугацаанд аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэж авсан газартаа 14 ширхэг дээд зэрэглэлийн орон сууцны барилга барьсан гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Дээрх гэрээнд орон сууцны зориулалтаар гэх үг огтхон ч байхгүй байгааг та бүхэн харж байгаа биз.
Гэтэл тус компанийнхан иргэн Д.Болдын эсрэг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрсдийн эзэмшиж, ашиглаж буй 3.0 га газрыг аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглахаар БОАЖЯ-наас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу таван жилийн хугаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан” хэмээн бичсэн байна. Түүнчлэн өөрийн эзэмшлийн газартаа байшин барьсан Д.Болдын эхнэр, газар хамтран эзэмшигч н.Цэвэлмааг "Манай захиалгаар баригдаж буй аялал жуулчлал, орон сууцны цогцолборын нэгдүгээр байрны хойд талд 2 метр хүрэхгүй зайд, ямар ч зөвшөөрөлгүйгээр 2015 оны тавдугаар сараас барилгын суурийн нүх ухаж ажил эхлүүлсэн ба удаа дараа шаардлага тавьсан боловч үл тоомсорлон ажлаа үргэлжлүүлсээр байна. Тиймээс иргэн н.Цэвэлмаагийн барьж буй барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж өгнө үү” хэмээжээ.
ӨМНӨ НЬ МӨН Л ШҮҮХЭД ХАНДААД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙЖЭЭ-
Тус компанийнхан өмнө нь мөн ийм аргаар бусдын газрыг "булаах”-ыг завдаад бүтэлгүйтсэн сурагтай. Тодруулбал, өөрсдийнх нь барьсан орон сууцны барилгын баруун талд бас нэгэн барилга баригдаж эхэлжээ. Тус газар нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны унаган иргэн Л.Өлзийбаярын эзэмшлийн 0.07 га газар бөгөөд "Финанс энд Сервис” компани мөн л нар салхийг нь халхаллаа гэх нэрийдлээр 2013 оны долдугаар сарын 26-нд Л.Өлзийбаярыг шүүхэд өгсөн байна. Харин шүүхээс энэ хэргийн үнэн мөнийг тунгааж, иргэн Л.Өлзийбаярын талд шийдвэрээ гаргаж байсныг батлах шүүхийн шийдвэр ч байгаа аж. Ямартаа ч эхний шүүх хуралдаа ялагдсан "Финанс энд сервис” компани дахин иргэдийн эзэмшлийн газрыг "булаахаар” шүүхэд хандаад буй юм байна.
Б.ЦЭЛМЭГ
эх сурвалж: medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих