Баасан гаригийн өглөө бид Дорнод аймгийн онцгой байдлын хэлтэс дээр очив. Тэнд бид аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр болон аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газрын мэдээллийг сонссон юм. Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь гал унтраах, эрэн хайх, аврах гэсэн гурван том салбараас бүрддэг. Аймгийн төвөөс гурван улсын хил хүрэхэд 230 км, ОХУ-тай 570 км, БНХАУ-тай 1114 км хиллэдэг. Ой хээрийн түймэрт өртөх магадлалтай бүс нутагт байрладаг. Халх гол суманд түймэр гарлаа гэхэд аймгийн төвөөс 370 км, цаашаа Нөмрөг хүрэхэд 400 гаруй км болдог.
Хүрч очих хурд маань ч энэ хэмжээгээр уртасдаг, бидний унаа ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр ширхэг УАЗ пургон автомашин, зэвсэг маань үлээгч аппарат хэмээн хурандаа Гантөмөр онцолж байв. Мөн тэрбээр "Өвс өндөр ургадаг, хүн ам сийрэг тул дээрх бүс нутагт түймэр гарахад хүрч очих, унтраах ажилд асуудал их гардаг. Тиймээс ард иргэдийн оролцоо чухал хэмээн жил бүр 3-4 суманд иргэдтэй уулзаж, бэлтгэл хийлгэж, үлээгч аппаратаар зэвсэглэж өгч байгаа. Гал гарлаа гэхэд унтраах аргад суралцуулах, унтрааж чадахгүй бол өөрийгөө болон ар гэрээ аврах аргад сургах зорилготой юм. Манай аймагт он гарсаар 22 удаагийн түймэр гарсан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас орж ирсэн Халх голын түймэр маш их хор хохирол учруулсан. Халх гол 2 сая 800 мянган га газартай тэрний 70-80 хувь нь шатсан байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Ононгийн районоос орж ирсэн түймэр асч байгаа. Гарч байгаа гол хүндрэл нь техник тоног төхөөрөмж тааруу байна. Зам муутайгаас пургонууд маань эвдэрч байна. Бусдаар бол гайгүй дээ. Яндагаас нь оч хаядаг машин хэрэглэдэг хүн одоо цагт цөөрсөн ч гэлээ яндангийн хэсэгт өвс ногоо хавчуулагдаж, тэр нь гал гарах нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс замд явахдаа энэ талаар анхаарах хэрэгтэй байна.
Иргэдийн санамсаргүй үйлдлээс үүдэн гал гарж байгаагийн нэг шалтгаан нь малчид залуужиж байна.Зуухандаа хоносон галыг унтарсан гээд цогто нурмаа гадаа гаргачихдаг. Гэтэл тэр нь гал алдах тохиолдол гарлаа. Уг нь хааш хаашаа 50 метр газарт дөрвөлжин нүх гаргаад тэрэндээ үнс нурмаа хийгээд таглачихдаг байвал гал алдахгүй. Өөр нэг аюул нь тамхи татаж, дутуу унтрааж орхисноос гал алдаж байна. Яг одоогийн байдлаар аймгийн төвөөс 250 км –т байрлах Баян-Уул сум түймэртэй байгаа тйишээ хамтдаа очиж газар дээр нь танилцана” гэв. Түүний мэдээллийн дараа Байгаль орчны газар, Цагдаагийн газрын мэдээллийг сонссон юм.
Баян-Уул сумын дархан цаазат ууланд нь түймэр гарчээ
Чойбалсон хотоос 250 км-т байх Баян-Уул суманд бид 16 цагийн орчимд очиж, сумын засаг даргын өрөөнд орж цагийн байдалтай танилцлаа. Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж хэлэхдээ "Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Хэрээн гол талаас ойн түймэр орж ирсэн. Хэнтий аймгийн Дадал суманд ассан уг түймрийг цурманд оруулсан ч салхины хүч их байсан тул алдчихсан. Ой руу явганаар очих боломжгүй, замын хоёр талаараа тариалангийн талбай шиг их өвстэй.
Энгэрээр нь сайн техникээр газрыг нь хагалж, хамгалаалтын зурвас татах л боломжтой. Суманд трактор байхгүй тул "Байдрагийн буудай” компаниас тракторыг ашиглахаар захиралтай нь холбогдож байна. Ойгоо хамгаалах боломжгүй, харин малчны хотыг тойруулан хамгаалалтын зурвас татна. Яг одоо шатаж байгаа уул нь манай нутгийн хамгийн баян дархан цаазат байгалын цогцолбор газар маань юм. Гал унтраах ажилд онцгой байдлын аврагчид, орон нутгийн иргэд гээд 200 гаруй хүн ажиллаж байгаа.
Сумын ИТХ-аас Гамшигийн зардалд 500 мянган төгрөг төсөвлөсөн. Тэр нь гал гарсан эхний өдөр л дууссан.Дөнгөж сая ИТХ хуралдаанаар төсвийн тодотгол хийж, 1.5 сая төгрөг нэмүүүллээ” хэмээн танилцуулсан. Түүний мэдээлэл хийсний дараа хурандаа М.Энх-Амар гамшигийн зардалд маш бага мөнгө төсвөлөсөн байна. Аливаа эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлтгэлтэй байх нь Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гол үүрэг байх ёстой хэмээн шүүмжилж, нэмэлт шаардлагтай төсөв, хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг ажлын хэсэгийнхэнд яаралтай гаргаж өгөхийг сануулсан юм.
Ойн түймэр уул толгод даваад хяналтаас амархан гардаг
17 цагийн орчимд бид Баян-Уул сумаас баруун хойд зүгт байх Түмэн хоньтын зүүн суга гэдэг газарт очив. Биднийг очиход сумын иргэд, Онцгой байдлын аврагчид уулын түймрийг цурманд оруулах бэлтгэлээ хийж байв. Ой дотор орох боломжгүй тул өөдөөс нь салхины чигийг тааруулан гал тавихаар төлөвлөсөн гэнэ. Түймрийн эсрэг гал тавихыг цурав татах, уг галыг унтраан хамгаалалтын бүс тогтоохыг цурам хэмээн нэрлэдэг юм билээ. Энэ үеэр сумын иргэдээс сэтгэгдлийг нь сонсов.
Баян –Уул сумын иргэн Ш.Отгонболд
ОХУ-аас орж ирсэн энэ түймэр Хэнтий аймгийн Дадал сумаас даваад Онон голыг давж орж ирсэн. Далан балжирыг өнгөрөөд манай сумын нутагт ингээд ороод ирлээ.
Нутгийн иргэд бид Онцгой байдлын аврагчидтай хамт түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.
Баян-Уул сумын III багийн иргэн Б.Батмөнх
Энэ хөндийн адаг Бугат гэдэг газарт өнгөрсөн жил бороо хур их орж ногоо их ургасан юм. Гал унтраах ажилд гурав хоног явж байна.
ОХУ-ын Хэрээн голоор 2-3 сумын заагаар орж ирсэн. Унаа машин явах боломжгүй аглаг ой.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар "Түймрийн нөхцөл байдал ямар хүнд байгааг та бид харж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутаг ямар болсныг харсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын хамгийн үзэсгэлэнтэй сайхан газар яаж сүйдэж байна.
Яг энэ бүс нутагт Аврах тусгай ангиас зургаан бүлэг, Багануур, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод Дорноговь, Сүхбаатар аймгийн аврах бүлгүүд түймрийг унтраахаар ажиллаж байна. Хүн хүч хангалттай байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл байдаг гэдгийг үнэхээр мэдрүүлж байна. Түймэр аянга цахилгаанаас гараагүй хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс гарч байгаа юм шүү гэдгийг анхаарч хүн бүр эх орон, амь нас, эд хөрөнгөө хамгаалахад хариуцлагатай байхад л болно.
Хээр хөдөө явахдаа тамхиныхаа галыг унтрааж, аюулгүй болгож сурах, хөдөө амьдардаг айл өрх үнсээ бүрэн унтарсаны дараа эсвэл 50 метр нүх уухаад хийчихдэг байгаасай. Бидний хувьд гамшигийн үеэр ямар тактик баримталдаг вэ тэр л стандартаар явж байгаа. Орон нутгийн иргэд маш идвэхитэй оролцож эх орон, газар нутгийнха төлөө зүтгэж байна. Маш сайн зохион байгуулалтай байна” гэв.
Түймэр салхинд л захирагддаг
Ийнхүү түймрийн голомт дээр очсон бид орон нутгийн иргэд, онцгой байдлын аврагчдаас багахан яриа авч, хурандаа М.Энх-Амараас тодруулга авч дуусахад аврагчид уулнаас минут секундээр доошлох их галын өөдөөс цурав татахаар боллоо.
16:11 цагт Галын шугаманд аврагчид эхлэн зогсож, цурав татах галыг асаахад дараагийн ээлжний аврагчид үлээгч машинаар галыг уулнаас наашлах галын зүг үлээлгэв. Харин нутгийн иргэд цохиураар цуравнаас гадагш асахыг завдсан галыг цохин, уугиж асах магадлалтай өвс, аргал хомоол зэргийг унтрааж, 500 метр шахам газарт цурам үүсгэлээ.
16:18 цагт Гэнэт салхины хүч нэмэгдэн цурав татаж байсан галаас 20 орчим метрт галтай өвс үсэрч төлөвлөөгүй газарт түймэр асч аврагчид болон орон нутгийнхан түүнийг алдахгүйн тулд хамаг хурдаараа очиж унтраахыг оролдлоо. Ийнхүү цурав татах ажил үргэлжилсээр тэд уулын зүүн талаар түймрийн араас явцгаав. Харин үлдсэн нь баруун зүгт цурав татах ажилаа үргэлжүүлсээр
16:59 цагт Зүүн талд цурав татсан аврагчид, орон нутгийн иргэд ирцгээлээ.
17:22 цагт цурамнаас 100 орчим метрт байх Б.Батмөнх гуайн өвөлжөөг хамгаалахаар цурав татаж байгаа нутгийн иргэдийн эр зоригийг гэрэл зурагт буулгасан.
17:47 цагт түймрийг цурманд оруулж эхэллээ.
18:02 цагт баруун энгэр луу явсан аврагчидийн татсан цурав төлөвлөгөө ёсоор уулнаас бууж ирэх галтай нийлж, түймрийг цурманд оруулав.
18:47 цагт зүүн энгэрээс ирж байгаа үндсэн галыг л цурман оруулчихвал уг хэсгийн түймэр бүхэлдээ цурманд орж, бүрэн унтарна гэсэн тул бид Онцгой байдлынхантай хамт хөдлөллөө. Биднийг очиход 2 км орчмын цаана асч буй түмйрийн утаа харагдаж, салхи ч тогтуун байв. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр аврагчдад түймэр унтраах чиглэл өгч, Түмэн хоньтын зүүн суга, Бугатын даваа руу хоёр бүлэг явуулаа.
Тэд галаа унтраагаад хоёр тийшээ явна, түймрээ унтрааж дууссан цагт л уулзалдана. Энэ харагдаж байгаа утаан дотор оросын хил дээрээс түймрийг дагасан Аврах тусгай ангийн хоёр баг ажиллаж байгаа. Салхийг нь тааруулаад цурав татаад цурманд оруулчихвал болох гээд байна хэмээн өгүүлж, зааварчилгаа өгч хэн нь хаана аажиллахыг зааж өгөн аврагчид пургондоо сууж, нутгийн иргэд мотоциклондоо суун утааг чиглэн хөдлөсөн юм.
19:06 цагт Салхины хүч нэмэгдэв. Гэнэт баруун хойноос хүчтэй салхилж түмрийн зүгт давхисан хүмүүст санаа зовж эхэллээ.
19:25 цагт түймэр биднээс 1 км хүрэхгүй орйхон зайд ирсэн байв.
19:47 цагт Түймэр ойртсоор цурав татахаар явсан хүмүүс ирдэггүй удсаар л. Муу л юм битгий болоосой. Энэ гал ямар хурдан наашилдаг юм бэ гэж харж зогссоор л. Ашгүй тэдний машины, мотоциклын гэрэл анивчин утаан дундаас гарч ирсэн тул бид ч өмнө нь цурам татсан уулын хөндий рүү хөдөллөө.
20:10 цагт уулын орой дээр гарахад цурманд оруулсан хэмээн бодож байсан түймэр дахин асаж хэд хэдэн уул дамнан асаж байсан юм. Тэндээс Д.Гантөмөр хурандаагаас заавар авсан тул нутгийн иргэд болон аврагчид баруун зүгт байгаа түймрийн голомт руу хөдлөв.
80 км/цагийн хурдтай машинтай уралдан асах түймэр
Харин бид Д.Гантөмөр хурандаагийн хамт "Байдрагийн буудай” компанийн троктарчин хамгаалалтын зурвас татаж байгааг очиж харах, бусад газруудад байдал ямар байгатай танилцсан юм. Газар хагалдаг анжистай уг трактор газрын хөрсийг эргүүлж, цаг хугацаатай уралдан байсан ч түймрийн хурд илүү байлаа. Гэсэн ч тракторчин залуу жолоогоо залан түймэр ойртох хэсгийн газрыг сэндийлж, уулын араар давахаас нь өмнө түймрийг тогтоон барьсан юм. Гэтэл анжисны ир нь хугарсан тул сэлбэгэнд мотоциклтэй хүн явуулж ирэхийг хүлээх болов.
Тэр газарт нэг хэсэгтээ гал үргэлжлэхээргүй болсон тул дараагийн газарт очиж, цурманд оруулах ажил ямар байгааг харсаар нэг л мэдэхэд 23 цаг болсон байв. Салхи нэмэгдсээр, түймрийн цар хүрээ ч нэмэгдсээр. Трокторын анжисны ирийг авчирсан тул эрэг боолтыг нь тааруулж чангалж байх зуур 500 метрийн зайд харагдах түймэр биднийг хоёр талаас бүслэх маягтай асч байлаа. Трактор ч газар сэндийлэхэд бэлэн болж, бид түймэрт бүслэдэхгүй тулд машиндаа сууцгаалаа.
Бүгд л "Хурдлаарай хурдлаарай, гал ойртож байна” гэж хашгирсаар. Замын бартаа сааднаас болон бид 80 км/цагийн хурдтай давхиж байхад түймэр бидэнтэй уралдан улам бүр дүрэлзэн ассаар л. Энэ үед бидний өөдөөс ирсэн мотоциклтэй хоёр залуу "1 км ийн цаана нэг айл байна. Айлын эхнэр, хүүхдүүдтэйгээ галд өртөх аюул тулгарлаа, хурдлаарай” хэмээн хашгираад хажуугаар зөрсөн тул бид гал түймэртэй уралдан тэр айлынх руу хурдалж, трактортой залуу хамгаалалтын зурвас татсаар биднийг галаас холдох боломж олгов.
Тэгтэл мотоциклтэй залуус эргэн ирж, хоёр дахь трактороор доор байгаа айлыг тойрон хамгаалалтын бүс татсан одоо яарахааргүй боллоо хэмээн хэллээ. Дүрэлзэн асах галыг намжихад бид машинаасаа бууж, түймрийн голомтод ажилласан аврагчид орон нутгийн иргэд дахин цуглав. Ингээд Д.Гантөмөр хурандаа болон сумын Засаг дарга Ж.Дорж нараас даалгавар авч маргааш өглөө болтол цурманд орсон энэ хэсгийг дахин алдахгүй байх үүрэг даалгавар авсан юм.
Тэнгэрийг аргадаж, хур гуйв
Харин бидний хувьд баруун урд зүгт улам бүр нэмэгдэж байгаа түймрийн наахна нэг уулын орой дээр зогсов. Тэндээс түймэр уулаас бууж, хээр талыг хэдийнэ эзэлж, уул, толгодыг галт уулын лав буцлах шиг 4-5 үелэн асахыг харахад үнэхээр аймшигтай санагдаж байлаа. 8 км ийн цаана баг байгаа багт 500 гаруй хүн амьдардаг гэдгийг сонсоод бүр ч ихээр санаа зовж байсан. Гэхдээ тэднийг аюулгүй болгохоор трактороор хамгаалалтын зурвас татахаар явсан гэдгийг сонсоод сэтгэл минь бага ч гэсэн уужирсан.
Хөндийг бүрхсэн их галыг харж зогсохдоо нулимсаа барьж дийлэхгүй "Бороо бороо ороорой, Бороо бороо ороорой” гэж дуулах аядан алгаа тосон тэнгэр лүү харж зогсоходхамт явсан багийнхан маань залбирах нь залбирч, чин сэтгэлээсээ бороог дуудан жаахан хүүхэд шиг уруулаа түргина. Бидний хүслийг сонссон мэт 30 минут орчим бороо дусалсан. Бороо улам их ороосой гэж хүссэн ч дахин ороогүй.
Харин салхи бага зэрэг намжиж бид Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн захирагч хурандаа В.Батжаргалтай хамт анги руу нь хөдөллөө. Биднийг очиход шөнийн 02 цаг болж байв. Ямар ч байсан айлууд руу орох гээд байсан их галыг аюулгүй болгохыг харж, арвагчид, нутгийн иргэд манаанд зогсож үлдсэн гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэл тайван байлаа. Маргааш өглөө 08 цагийн үед сэрэхэд тэнгэр бага зэрэг үүлтэй бороо ормоор ч юм шиг харгдахад ашгүй ингээд үүл нь хуралдчихвал үүлэнд зориудаар нөлөөлөөд ахиухан бороо оруулчихаасай гэж залбирч зогссон.
Түймэр дахин асч, тэд үүргээ биелүүлэхээр үлдэв
Гэвч 10 цагийн үед салхи дахин нэмэгдэж баруун хойд зүгээс дахиад л түймэр асч уулын оройгоор утаа гарч эхэлсэн байлаа. Ажлын хэсгийнхэн ой хээрийн түймрийн аюулд өртөөд байгаа зүүн гурван аймгийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай чухал шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж, ажлын тайлангаа Засгийн газарт танилцуулах үүргийнхээ дагуу баямба гаригийн 11 цагийн орчимд нийслэл хотын зүг хөдөллөө.
Биднийг ийнхүү Дорнод аймгийн Баян–Уул сумаас хөдлөхөд Баян-уул сумы ойролцоо түймэр дахин ассан гэдгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумдад түймэр асч байгааг сонссон.
Харин биднийг хөдлөхөд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр, Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн захирагч хурандаа В.Батжаргал, Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж гурав хүлээсэн үүргээ биелүүлэхээр бидний ард үлдсэн юм.
Хүн бүр эх орныхоо төлөө залбирахыг хүсэж байна
Биднийг ийнхүү сурвалжлага хийж явахад фейсбүүк, твиттерээр энэ түймрийн талаар янз бүрийн мэдээлэл тарж байсан. Халаасандаа тал талхтай, ганцхан дашмагтай аврагч улалзах галыг сөрөн эгшинээр хэмжигдэх амь насаа үл хайрлан түймэртэй эр зоригоороо тэмцэх арвагчид, нутаг орноо гэсэн сэтгэлтэй малчин ардууд, галын аюулаас хүний амь насыг эрсдэлд оруулахгүй, мал амьтаны гарз хохирол багатай гамшигийн эсрэг ажиллаж байгаа сум орон нутгийн удирдалгуудыг юу ч хийж чаддаггүй гэсэн мэдээллүүдийг хараад үнэхээр харамсаж байсан.
"Түнэр харанхуйг зүхэж суухын оронд ганц ч гэсэн лаа асаа” гэдэг хэлц үг байдагсан. Тиймдээ ч хэн нэгнийг онцлон буруутгахыг хүссэнгүй. Гагцхүү та бид бүгдээрээ Монгол гэдэг нэг л овогтой ард түмэн. Монгол Улсын маань газар шороо, байгаль бүхэлдээ та биднийх. Тийм ч учраас монгол түмэн минь өөрөөсөө бусдыг буруутгаж суулгүй эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө сайн сайхныг зүрх сэтгэлээсээ хүсдэг байгаасай. Яагаад гэвэл биднийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй эгэл баатрууд хамгаалдаг юм.
Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт ч гэсэн зүүн гурван аймгуудаар салхи шуурга намжихгүй, салхины хурд 10-25 м/секунд хүрнэ гэж мэдээлж байна. Яг энэ сурвалжлагыг бичиж байхад ч дээрх аймгуудад салхины хүч буураагүй. Түймрийн цар хүрээ улам бүр нэмэгдэж, сум баг руу ойртож байгаа талаар мэдээ ирлээ. Онцгой байдлын аврагчид, Хилийн цэргийнхэн, орон нутгийн иргэд гээд 2000 орчим хүн яг одоо ой хээрийн түймрийн эсрэг тэмцэж байгаа.
Гал түймэр хаанаас гарсан, хэн буруутайг яг одоо, энэ цагт шүүн хэлэлцэхээс илүүтэй тэдэнд та яг одоо очоод тусалж чадахгүй ч гэсэн эрдэнэт хүний амь наснаас холуур өнгөрөөсэй. Салхи шуурга намдаасай. Бороо ороосой гэж чин сэтгэлээсээ залбирч чадна. Монголчууд бид бусдыг буруутгахаас илүү эх орныхоо төлөө, бидий төлөө түймэртэй тэмцэж байгаа эрэлхэг баатруудын төлөө чин сэтгэлээсээ залбирч, тэнгэр газрыг аргадаж, нэгдэх цаг иржээ. Эх орон минь шатаж байна.
Бороо бороо л ороосой…
П.Нарандэлгэр
Shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.












Сэтгэгдэл бичих