УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний хөтөлбөр 3, 3 жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ аливаа нэг хүнийг шалгаж байх хугацаанд хэрэгтэн болгож, өмнө нь шүүх явдал олон нийтийн дунд бий болоод байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасны дараагаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл гардаг. Иймд АТГ хариу мэдээллийг хийх хэрэгтэй гэж ярьсан. Ажлын хэсгийнхэн хариу тайлбар өгөх боломжтой гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "АТГ төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүстэй тэмцэх ёстой. Гэтэл хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээж байгаа хүмүүс, жирийн албан хаагчдыг л шалгасан явдал их байна. Хувийн хэвшилээс 1342 хүн шалгагдсан байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүсээс буруутай нь тогтоогдсон зүйл алга. Үндэслэлгүйгээр нэр хүндэд нь халддаг. Буруутай нь тогтоогдоогүй байхад мэдээлэл хийдэг. Цагаадсан тохиолдолд нэр төрийг нь сэргээх ямар ажил хийгдэх юм бэ” гэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариулахдаа "Зөвхөн хувийн хэвшлийн албан тушаалтнууд байхгүй. Улсын үйлдвэрийн газрууд мөн бий. АТГ гомдол ирсэн тохиолдолд шалгалт явуулдаг. Цагаатгалын талаарх мэдээллийг гаргадаггүй нь энэ байгууллагыг буруу харагдуулаад байгаа юм болов уу” хэмээлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр "АТГ үндсэн чиг үүрэг нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх. Энэ хөтөлбөрийн үр дүнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа нь илүү өргөжих болно” гэсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн байх юм. Яагаад байнгын хороо дэмжээгүй болохыг УИХ-ын дэд дарга Л.Цог хэлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжиж байгаа. Тухайн үед үдийн цайны цаг болсон, гишүүд цайндаа гарчихсан, мөн техникийн асуудлаас болж байнгын хороон дээр унасан зүйл бий” гэдэг хариултыг өглөө.
Ц.Нандин /uls.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих