-Монголчууд нь итгэдэггүй төрд гадныхан итгэх болов уу-
Тавантолгой асуудал хаврын улс төрийг байж болох хамгийн дээд цэгт нь тултал халууруулж байна.Улстөрч болгон дор, дороо тоо бодоостой, энэ ордын эдийн засгийн үр өгөөжийг нь өөр, өөрийнхөөрөө үнэлж, дүгнээд эхэлчихэж. "Apple”-ийн логог ашигласан Л.Эрдэнэчимэг гишүүн алимаа тэр чигээр нь гадныханд өгч байгааг шүүмжилэв. Дэлхийн брэндийг ингэж ашиглаж болж байгаа ч юм уу, бүү мэд.
Өнгөрсөн даваа гаргаас Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг залгуулаад Л.Эрхэмбаяр гээд Монголын улс төр тэр чигтээ нүүрсээр амьсгалж байна. Сүүл, сүүлдээ Тавантолгойг мэдэхгүй хүн ч алга. Мэдээд шийдэх хүн ч алга болж байх шиг.
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Тавантолгойн гэрээг урагшлуулах нь зүйтэй, гэхдээ ордын 51 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд, үлдсэн 49 хувийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад даатгах нь зөв гэж санал нэгдсэнийг Л.Эрхэмбаяр генсек дуулгав. Нэг талаарАН-ынхан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж байгаа нь сайн боловч, нөгөө талдаа тэд асуудлаа мэдэж байна уу гэсэн нэг асуулт тавигдаж байна. Хоёрдугаарт энэ бол АН-ын гүйцэтгэх зөвлөлийн байр суурь болохоос бүлгийн шийдвэр биш гээд хэлчихэд буруудахгүй биз.
Хэрэвзээ улстөрчид УИХ-д өргөн барьсан гэрээний төсөлтэй танилцсан бол Тавантолгой орд зуун хувь төрийн мэдэлд байгааг уг нь олж харсан байх ёстой. Ордын тусгай зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшилд хэвээрээ, хөрөнгө оруулагчид зөвхөн түрээсээр ашиглана гэж ойлгож болно. УИХ-ын 34-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 268-р тогтоол гаргасан бөгөөд үүн дээр "Таван толгойн орд Монгол улсын төрийн өмчит байх ёстой” гэдгийг хатуу зааж өгсөн байдаг.
Тиймээс АН-ын гүйцэтгэх зөвлөлийнхөн асуудлаа сайн ойлгоогүй юу, аль эсвэл Тавантолгойн гэрээний төсөлтэй сайтар танилцаагүй юмуу, ямар байсан тэдний тавьж буй саналаар Монголын төр 51 хувиа эзэмшинэ гэвэл "нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон”-той ялгаагүй дордуулсан хувилбар болно. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад
- Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,
- Нүүрсний орд газарт нэмэлт хайгуулал хийх, нөөцийг нэмэгдүүлэх үүрэг авах,Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах,
- Төмөр замыг барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх. 30 жилийн дараа суурь бүтцийг 51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шижүүлэх,
- 2,5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих,
- Чалкогийн өрийг шийдвэрлэх гэсэн саналуудыг тавьсан. Тиймээс Монголын төр Тавантолгой ордын 51 хувийг эзэмшлээ гэхэд хөрөнгө оруулалтад шаардагдах дөрвөн тэрбум ам.долларын хоёр тэрбумыг нь гаргах шаардлагатай болно.
Улсын төсөв нь улайж, гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсч, цагтаа төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байсан нүүрсний орлого нь байхгүй шахам болж, зээлжих зэрэглэл нь буурч, "Урбаник”-ийн хэлснээр эдийн засгийнх нь улаан гэрэл асчихсан монголчуудад хоёр тэрбум доллар хэн өгөх вэ. Дахиад Оюутолгой шиг жоншуурсан гэрээ байгуулах уу.
Хоёрдугаарт, Тавантолгойн хувьд бол өмчлөл, лицензийн бүх эрх нь "Эрдэнэс Тавантолгой”-д үлдэж байгаа. Уурхай дээр зөвхөн операторын үйл ажиллагаа л явагдана. Тиймээс улстөрчид уул уурхай, улс төр хоёроо ялгаж ойлгох ёстой. Ядаж л гэрээнийх нь төсөл ямар, ямар заалтууд суулгасныг олж харсаны дараа улс төрөө хиймээр байна.
Гуравдугаарт, асуудлаа дотроо ярилцаж, зөвшилцөж чаддагүй Монголын төрд итгэж түншлэх хүн олдох уу. Өнгөрсөн бүхий л хугацаанд Монголын төр засаг ямар найдваргүй вэ гэдэг мессеж гадаадын хөрөнгө оруулагчдад хүрчихсэн шүү дээ. Тэд тэнэг биш болохоороо бидний хэрүүлийг чимээгүй ажиглаад, анаад сууж буй нь ойлгомжтой. УИХ, Засгийн газар нь хоорондоо үг хэлээ ололцож чадахгүй байгаа Монголын төрийн хэнд нь итгэхээ хөрөнгө оруулагчид мэдэхээ байсан. Гадныхан битгий хэл монголчууд өөрсдөө төрдөө итгэхээ байсныг "Сант Марал”-ын судалгаанаас харуулж буй.
Улстөрч нэртэй, сэтэртэй болгон гарч ирээд дур дураараа мэдэгдэл хийгээд байх юм бол улсаараа элэг доог болоод дуусах байх. Бидний энд ярьж буй үг болгон тэнд, хөрөнгө оруулагчдын чихэнд хүрч байгаа шүү гэдгийг улстөрчид маань бодолцох цаг болсон байна.
Ж.НЯМСҮРЭН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих