Өнгөрч буй долоо хоногийн хувьд манай улстөрийн тогоонд нилээдгүй халуухан зүйлс өрнөж өнгөрлөө. Парламентын хүрээнд авч хэлэлцэх хуулийн төслүүд болон хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан Тахарын албыг татан буулгах эсэхийг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлэг дээр УИХ-ыг дэд дарга Л.Цог уг ажлыг санаачилсан Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинг ширүүхэн шүүмжилсэн бөгөөд "Чи шоронд сууж байх ёстой хүн шүү" хэмээгээд авсан нь тухайн хүний НО-г бас нэгэн талаараа илэрхийлээд авсантай ижил боллоо. Харин энэхүү хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганбат гишүүдийн маргаан нилээдгүй дуулиантай болж өнгөрсөн юм.
С.Эрдэнэ, Д.Ганбат гишүүдийн хэрүүл
Өнгөрч буй долоо хоногийн хамгийн сонирхолтой сэдэв болж С.Эрдэнэ болон Д.Ганбат нарын хэн нь цариайлаг вэ гэдэг байлаа. Тодруулбал, УИХ-ын хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Уг хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Тодруулбал Тахарын албыг татан буулгаж, харьяа байгууллагад нь нэгтгэх тухай ярьсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын хооронд хуулийн төсөлтэй холбоотой ширүүхэн маргаан өрнөлөө.
Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал чухал. Тахарын алба ажиллаад удаагүй байна, үйл ажиллагааг нь 1-2 жил харах ёстой. Хэмнэлтийн тухай ярих нь зөв боловч иргэнийхээ эрхийг хамгаалах асуудалд хэмнэлт ярих нь ач холбогдолгүй. Казино тоглоод хэдэн тэрбумаар нь мөнгө үрж байна, намын байр барихын тулд төсвөөс хэдэн тэрбумаар нь зарцуулж байна, үүнтэй дүйцүүлбэл 16 тэрбум төгрөг зарцуулаад нэг хүний амь аврах нь илүү эрхэм” гэсний дараа УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Хурлыг яаравчлах шаардлага байна. 14:00 цагаас дараагийн байнгын хороо хуралдана, олон юм ярих шаардлагагүй” гэснээр хэрүүл эрчимжлээ.
Хариуд нь УИХ-ын гишүүн Д.Ганбат "Яагаад би үг хэлж болдоггүй юм” гэсэнд С.Эрдэнэ сайд "Чи одоо юу юм, 14:00 цагаас дараагийн байнгын хорооны хурал орох гээд байна” хэмээн уурссан. Харин Д.Ганбат гишүүн "УИХ-ын гишүүнийг загнадаг хэн юм” гэхэд С.Эрдэнэ "Чи хэн юм бэ, дурак чинь” хэмээн маргаан ширүүссэн. Улмаар Д.Ганбат "Дуугүй болчих, би үгээ хэлчихье. Ер нь чамайг огцруулах асуудлыг тавих болно” гэсэн бол С.Эрдэнэ "Чи намайг юугаар айлгах гээд байгаа юм, хачин царайтай юм чинь. Өргөн барь л даа, дурак аа. Чам шиг жижиг гараас гуйхгүй, намайг огцруулдаг хэн юм бэ, чи” гэх зэргээр хэрэлдсэн юм. Ямартай ч С.Эрдэнэ сайд Д.Ганбат гишүүнийг "Чи муу намайг огцруулдаг хэн бэ” гэх зэргээр ам муруйцгаасан байна.
Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал
Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал тавдугаар сарын 11-ний даваа гарагт албан ёсоор эхэлсэн. Тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авлаа. Харин үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхсан.
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр "Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг "Монгол-Болгарын бизнес, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ технологийг нутагшуулах, шинэ зах зээл рүү гарах та бүхний хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана" гэж форумын үеэр онцолж хэллээ. Тус форумд Болгар Улсын 25, Монгол Улсын 60 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.
УИХ-н нэгдсэн чуулган дээр Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ
Өчигдөр буюу баасан гарагт болсон УИХ-ын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж гишүүдийн асуултанд хариулсан юм. Тэрээр "УИХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан "Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 44 хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцүүлэх, шийдвэрлэх шаардлагатай байна.
Мөн эдийн засгийн хүндрэлээс гарахад төрийн өмчит томоохон компаниудыг хувьчлахад улсын төсөвт нийтдээ 172.9 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой ч одоогоор УИХ-д авч хэлэлцээгүй багйаа талаар өгүүлээд засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг удаашруулахгүй түргэн авч хэлэлцэхийг санууллаа."
Ийнхүү өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд болж өнгөрсөн үйл явц улсын төсвийг хэмнэх эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ гэсэн асуултад хариулт хайсан долоо хоног болж өнгөрлөө.
Эх сурвалж www.bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих