Цаг өөр болсон доо. Гэхдээ л хуучин бууны хугархай гэж хаачихав.
Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ "урвах" нь их болжээ. Хэдэн
ноцтой шалтгаан байна гэнэ. Архи их уудаг, ажилгүй, эхнэрээ хайр
энхрийлэлээр их дутаадаг, бүдүүлэг заваан гэж орчин үеийн Монгол
эмэгтэйчүүд маань дүгнэдэг болж.
За архи ч яахав, донтоод удаж байгаагаас гадна эр эмгүй их орж дээ,
архинд. Ажилгүй байх чинь бас л муусайн эрчүүдийн буруу гэж үү? Нэг их
залхуу даа ч биш байхаа. Системтэй, нийгэм улс орны байдалтай илүү
холбоотой биз.
Харин хайр энхрийлэл муутай гэдэг чинь урьд өмнө
сонсогдож байгаагүй "шинэ ял" юм. Монголчууд эр эмгүй ер нь даруу талдаа
улс шүү дээ. Нэг их нүүрэмгий загнадаггүй дээ бараг. Дуу шуу муу
талдаа. Энэ нь ч эр эмийн харилцаан дээр бас мэдрэгддэг. Ямар сайндаа
духан дээр нь үнэрлэж байхав дээ.
Бусад үндэстэн, ялангуяа хар болон цагаан арьстанууд шиг эмэгтэйгээ учир зүггүй үлгээд үнсээд байх нь үгүй. Хушуу амаараа хөхөлцөөд, шүлсэлдээд байх нь бүр ч мэдэхгүй "соёл". Цаг өөр болж, манай эмэгтэйчүүд их нялуун болсон юм даг уу даа. Юм л бол илүүлж таалуулж, ноолуулж үлгүүлж байх сонирхолтой болж. Гэтэл нөгөө эрчүүд нь тэр тал дээр шаардлага хангахгүй учраас гологдох нь мэдээж.
Ариун цэвэр сахих тал дээр бүр ч тааруухан учраас заваан гэж нэр авсан юм биз дээ. Дургүй дээ биш, зүгээр л тэгж заншаагүй, сураагүй л байхгүй юу. Гадны соёлтой орныхон шиг өдөрт 2 удаа, өглөө ба орой болгон усанд орж хэвшээгүй хэрэг. Хүүхнүүд маань хархүүгээ цэвэрхэн байлгаж сургая гэж байгаа бол шахаад шаардаад өгөх хэрэгтэй. Энэ нь хэдийгээр инээдтэй мэт сонсогдож болох боловч үнэндээ эмэгтэйчүүд маань эрчүүддээ хүүхэд мэт анхаарал тавьдаг бол энэ асуудал шийдэгдэх нь амархан. Харин тэр нялуурч үнгэлдэхийг дараагийн шинэ үе маань амархан сурах бизээ.
Эрчүүдээ муулж зүхэж байхаар өөд нь татаад халамжлаад яваасай. Архинд дуртайг нь архинаас гаргая гэж байгаа бол харааж тууж биш, харин хайрлаж ухааруулж өгөөсэй. Муу эр хүн гэж байдаггүй юм. Эр хүн гэдэг чинь өрхийн тэргүүн, улс орны гол багана. Энэ багана нураад унавал эмэгтэйчүүд та нар ч бас ойчоод өгнө. Эрэгтэй хүнийг хайрлавал тэд чинь бас эргүүлээд эмэгтэйчүүдээ хайрлах болно.
Монгол эр хүнийг бүү муул. Сүлд хийморь нь явчихна. Сайн сайхан явъя
гэвэл эрчүүдээ хайрла. Далайсан гарыг нь үнсээд хайрла. Тэгвэл далайхаа
болино.
Хараалын үгээр биш хайрын үгээр тэтгэж, урмын ташуур өгч
зоригжуулж бай. Алдааг нь уучилж, оноог нь магтаж яв. Монгол эр хүн
доройтож явах нэгэн зурвас үеийг сэтгэлийн хатаар, хайраар, ухаанаар
даваад гарчихвал цаашаагаа бүх зүйл сайхан болоод явчих учраас
эмэгтэйчүүд минь хатан ухаанаар хандаарай. Та нарын хайр одоо их дутаж
байгаа шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих