-Би чамд дуулж өгмөөр байна. Ерөөсөө дуулж өгч байгаагүй гээд эм тариа
нэвт ханхалсан эмнэлгийн өрөөнөөс гарсансан. Такси барих гээд гараа
өргөхөд минь намайг шоолон:
-Танай хот шиг Дарханд таксинд гар өргөдөггүй ш дээ. Чамайг шууд л
Дарханых биш гээд мэдчихнэ гээд инээж билээ. Таксинд суухдаа чи жолоочид
очих газраа хэлээд "Ахаа, та аль болох тойруу замаар яваарай. Энэ хүн
Дарханаар явж үзээгүй" гэж аминчлан гуйж, тэгээд таксины цонхоор өнгөрч
байгаа хорооллууд, гүүр гээд тайлбарлаад л явсан.
Гэхдээ тэднээс нэг нь ч миний ой тойнд үлдээгүй юм байна, одоо бодоход.
Жаахан алхаад л амьсгаадаад, хамаг хөлс нь дааварлаад байгаа хүн надад
Дарханыг ингэж танилцуулахаас өөр яахав дээ. Тийм байж дуулж өгөх гээд
явж байгааг чинь хараад сэтгэл хачин оргиод..., тэгсэн хэрнээ баярлаад
...Ер нь, тэр уулзалт их ер бусын байсан. Жигтэйхэн их бишүүрхэл,
догдлол дүүрэн. Надад дуулж өгөхийн тулд
....... 200 граммыг татчихсан.
Ингэж болж байгаа юм уу гэхэд
-Хоолой сөөчихсөн Цус их алдсан болохоор тамирдаад байна. Гэхдээ
дуулмаар байна гээд бүтэн хоёр цаг дуулахдаа чи дууныхаа хоорондуур (би
ханцуйгүй цамцтай явсан болохоор) мөрөн дээр минь үнэрлээд үнсэж байж
билээ.
Чи дуулж байснаа гэнэт больж над руу тогтож харахад чинь би бас чамд
дуулж өгмөөр санагдсан. Чадахгүй байж шүү дээ. Тэгээд маш аяархан
дуулдах төдий аялж эхлэхэд чи чих тавин чагнаж байснаа "Их аяархан
мөртлөө их зөв өнгөөр дуулах юм. Надад цагаан гитар байгаа. Дараа би
чамд гитар тоглож өгнө. Чи дуулаарай" гэж билээ.
Тэр үед энэ амлалт чинь биелэхгүйг мэдээгүй ээ. Тийм болохоор сэтгэл
нэг л үелзээд л төсөөлөөд л эхэлчихсэн. Миний аав их сайхан дуулдаг хүн
гэхэд минь, намайг харж сууснаа "Намайг танайд очоод аавтай чинь хамт
дуулбал, аав чинь баярлах байх даа" гэж билээ. Тэгж хэлэхдээ чи яг л
миний аавын залуу нас шиг санагдсан сан.
Хачин шүү, чи нээрээ аавтай минь их төстэй. Дуу хоолой чинь, дуулах
чинь, зарим үед гаргадаг ааш чинь. Тэгээд л би чамд илүү итгэдэг байх.
Маргааш нь гараас чинь хөтлөөд замын хажууд ирэв үү, үгүй юу нэг такси
ирээд зогсоход "За, суучих. Болгоомжтой яваарай!" гээд гараас минь
тавихад гэнэтийн энэ бүхэнд тулгамдаад юу ч хэлж чадаагүй.
Эргээд харахад минь чи малгайныхаа саравчийг засангаа "Залгаж
байгаарай!" гэж хачин гунигтай харцаар намайг үдсэн. Нэг л мэдэхэд би
буцаж явлаа. Тэр үед би дотроо "Зогсоорой! Би бууя..." гэж хэдэн мянган
удаа "хашгирсан". Гэхдээ яагаад тэр үед зоригтой чанга дуугаар тэр их
хүслээ хэлчихээд буусангүй вэ гэж одоо харамсдаг, хамгийн ихээр
харамсдаг.
Гүйж очоод хүзүүнээс чинь зүүгдээд их удаан салах ёс хийх ёстой байсан
юм. Хамгийн сүүлчийн удаа ХАЙРТАЙ гэдгээ хэлэх байсан юм. Миний төсөөлөө
ч үгүй хагацлыг чи мэдэж байсан. Намайг өөрөөсөө үүрд үдэж байгаа
гэдгээ чи минь мэдэж байж шүү дээ. Тэгээд л тийм гунигтай ширтсэн байх.
Дарханд такси нь гар өргүүлэлгүй ирээд зогсдгийг одоо үзэн ядаж байна.
Хэрэв такси ирэхгүй удсан бол...
Б.Цэгцүүхэй
Эх сурвалж: "Ганзам” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих