Харахад сүр бараатай ч хүүхэд шиг гэнэн цагаахан
сэтгэл, нүдэнд дулаахан инээмсэглэлээрээ үзэчдийн сэтгэлд мөнх үлдсэн
уран бүтээлч бол Гүрсэдийн Доржсамбуу агсан билээ. Тэрээр авъяастай
жүжигчин, чадалтай найруулагч байсан юм. Энэ жил уран бүтээлчийн маань
65 насны ой тохиож байна. Аавынхаа мэргэжлийг өвлөж, уран бүтээлийн
замд эргэлт буцалтгүй орсон хүү Д.Цогтыг "Амьдралын тойрог”
булангийнхаа эрхэм хойморт урилаа.
ААВЫНХ НЬ СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ "ТЭНЭГҮҮДИЙН ОРОН”
Найруулагч Д.Цогттой уулзахаар "NTV” телевизийг зорьсон юм. Тэрээр
тус телевизийн ерөнхий найруулагч болон продюсерийн үүргийг гүйцэтгэдэг
ажээ. Биднийг очиход ажлын өрөөндөө угтсан. Найруулагч маань ажлын
өрөө болон нэвтрүүлгийн алба, студиэ бидэнд танилцуулсан юм. Тус
телевизийн уран бүтээл "Ус дээшээ урсдаг” киноны найруулагчаар Д.Цогт
ажиллаж байгаа юм. Кинонд Монголын цагдаагийн амьдралын тухай өгүүлэх
ажээ. Түүнтэй ажил дээр нь уулзсан болохоор бидний яриа уран бүтээлийнх
нь тухай өрнөлөө.
Д.Цогт
найруулагч болох гараагаа "Тэнэгүүдийн орон” киногоор эхэлжээ. Соёл
урлагийн их сургуулийг "Телевизийн найруулагч” мэргэжлээр төгсөөд
ахтайгаа хамт тус киног найруулсан гэнэ. Учир нь аав нь амьд сэрүүн
байхдаа энэ киног хийнэ гэж байсан боловч амжаагүй ажээ. Аавынхаа
сүүлийн хүсэл, уран бүтээлийг нь үргэлжлүүлэхээр хүүхдүүд нь ийнхүү
зүтгэсэн аж. Харин хүмүүс киноны нэрнээс эхлээд амьдарч байгаа орон, ард
түмнээ доромжилсон "хэрэггүй” кино хийх нь гэж шүүмжилж байсан гэдэг.
Харин энэ бүтээлд эсрэгээрээ тэнэгүүдийн оронд хамгийн ухаантай хүмүүс
амьдардаг тухай өгүүлдэг юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг, сүүлийн уран
бүтээлийг гүйцээсэнд уран бүтээлч нөхөд болон аавынх нь найзууд, ойр
дотныхон нь урам өгсөн гэдэг. Харин сайн кино боллоо гэж хэлээгүй, мөн
муу хийж гэж муулаагүй гэнэ. Түүнээс анхны киногоо хийчихээд аавдаа
үзүүлсэн бол юу гэж хэлэх байсан бол гэж асуухад "Магтаалын үг лав
хэлэхгүй байсан байх. Аав минь хүний урмыг хугалахвий л гэж боддог
байснаас хоосон үгээр бялууруулах дургүй байсан юм. Намайг ч тэгж
өсгөсөн. Тиймээс би ч уран бүтээл хийчихээд хүн юу гэж хэлэх бол гэж
санаа зовдоггүй.
Шүүмжлэлийн
үгийг эмзэгээр биш зөвөөр хүлээж авахыг хүсдэг” гэж хариулсан юм.
Д.Цогтын хувьд хэдийнээ үзэгчдэд хүндлэгдсэн, уран бүтээлээрээ өөрийгөө
илэрхийлсэн найруулагч болсон ч хэзээ ч өөрийгөө сайн найруулагч
болчихлоо гэж омогшиж байсан удаагүй гэнэ. Учир нь найруулагч, уран
бүтээлч хүн цаг, минут бүрт суралцаж, өөрийгөө хөгжүүлэх учиртай гэсэн
үзлээс улбаатай гэсэн. Тиймээс "Би одоо ч суралцсаар л байна. Насан
туршдаа сурах байх” гэж хэлсэн юм. Энэ хүмүүжлийг тэрээр аав ээжээсээ
өвлөжээ. Аав нь ард түмний хайртай уран бүтээлч байсан ч хэзээ ч
онгирч, цээжээ дэлдэж үзээгүй гэнэ. Ээж нь ч ялгаагүй тухайн үедээ
Хүүхэд залуучуудын театрын сор жүжигчин байсан ч нэр алдар, шагнал
урамшууллын төлөө зүтгэж явсангүй. Аав ээжийнх нь энэ эрхэм чанар
зөвхөн түүнд ч биш ах, эгч хоёрт нь ч бий. Бидний яриа түүний хүүхэд
насны гэгээн дурсамжаар үргэлжилсэн юм.
АЛГАНЫ АМТТАЙ БАГА НАС
Найруулагч Г.Доржсамбуу 1975-1980 оны хооронд Киев хотод
найруулагчийн сургууль төгссөн билээ. Харин энэ үед амралтаараа гэртээ
ирдэг байсан ч аавыгаа хараагүй удсан бяцхан Д.Цогт бишүүрхээд очдоггүй
байж. Аав нь том биетэй, сүр бараатай хүн байсан тул харах бүртээ
сүрддэг байсан тухай хөгжилтэй дурсамжаасаа хүүрнэсэн юм. Тэдний гурван
хүүхэд үе тэнгийн байсан учир нийлж үймүүлдэг ч аавыгаа ирэх дөхөхөөр
номондоо ордог байжээ. Тоглож байгаад аав нь ирж байвал гэрээ цэвэрлэж,
тоглоомоо далд хийгээд томоотой суучихдаг байж. Аав нь хүүхдүүдээ
загнаад сүйд болдоггүй ч багаасаа хүндэлж сурсан зан нь тэднийг ийнхүү
төлөвшүүлжээ. Тухайн үед тэднийх одоогийн бага тойрууд амьдардаг байж.
Харин Г.Доржсамбуу гуай хүүхдүүдээ хэр баргийн жижигхэн зүйлд загнаад
сүйд болдоггүй ч хэрэг хийгээд түүнийгээ нууж, худлаа хэлбэл уурсан
алганы амт үзүүлдэг байсан гэнэ. Тиймээс аавдаа худлаа хэлдэггүй,
үргэлж үнэнээ хэлдэг байсан гэв. Нэг удаа Д.Цогт гудамжнаас мөнгө олоод
баярлаад иртэл аав нь уурлаад буцаагаад олсон газартаа аваачаад тавь
гэжээ. "Хүний юмыг хэзээ ч авч болохгүй, эзэн нь хайж байгаа” гэж
хүүдээ хэлж байж.
Мөн Д.Цогт өвөө эмээгийн амины хүүхэд байв. Эн
э
тухайгаа "Хааяа аав намайг загнахаар эмээ, өвөө хоёр өмөөрнө. Гэм
хийсэн үедээ өвөө, эмээ хоёр л ааваас битгий өмөөрөөсэй гэж боддог байж
билээ. Учир нь аав "Чи яасан их өмөөрүүлдэг хүнтэй, эрхээрээ хатсан
золиг вэ гээд гөвчихдөг байсан юм. Дараа нь аавд зодуулсандаа биш эмээ,
өвөө хоёр яах гэж өмөөрөв дөө гэж уйлдаг байсан” гэв. Аав нь түүнийг
ингэж л хүмүүжүүлжээ. Аливаа зүйлийг хүнээс туслалцаа хүсэхгүйгээр
өөрөө хийж, үг дааж сурсан эр хүн шиг эр хүн болоосой гэсэндээ ийнхүү
хааяа хатуурахдаг байсан байна. Тэрээр аавынхаа тухай энэ дурсамжийг
ярихдаа дууных нь өнгө аядуу зөөлөн болж хувирав. Хааяа бодолхийлэн
суух нь олон жилийн өмнөх хүүхэд насаараа аялж байгаа нь илт.
НАЙРУУЛАГЧ ААВЫН ЗУРААЧ ХҮҮ БОЛСОН НЬ
Д.Цогт багаасаа зураач болохыг хүсдэг байв. Тэрээр өвөө шигээ шог
зураач болохын тулд "Тоншуул” сэтгүүлийн зургийг дуурайн зурдаг болж.
Зурсан зургаа аавдаа үзүүлэхэд аав нь элгээ хөштөл инээж, хүүгээ урмаар
тэтгэдэг байсан гэв. Харин Д.Цогт дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн
нэг удаа "Тоншуул” сэтгүүл дээр зургаа бариад очиж. Гэвч зураач Б.Байдий
гуай "Ийм шог зураг гэж юу байсан юм” гэж голоод үүдрүү шидчихэж.
Харин хожим нь түүнийг шог зураач Гүрсэд гуайн ач хүү гэж мэдээд
өрөвдсөн ч юм уу нэг зургийг нь сэтгүүл дээрээ хэвлэж өгсөн гэдэг. Тэр
үед Д.Цогт өөрийгөө зураач болчихсон гэж бодон хүүхдийн дэврүүн
сэтгэлээр хөөрч байж. Харин хэд хоногийн дараа зургийнхаа шагналын
мөнгийг ав гэж дуудаад долоон төгрөг өгчээ. Д.Цогт баярласан гэж
жигтэйхэн. Мөнгөө бариад хамгийн эхэнд аавдаа өгөхөөр гэрийнхээ зүг
яарчээ. Гэртээ иртэл аав нь хүүгээ үнсээд "Миний хүүгийн анхны шагнал
юм чинь өөртөө зориул” гэж. Шагналын мөнгөөрөө Д.Цогт хүү найзуудтайгаа
хамт парк дээр очиж шавиагаа ханатал тоглосон гэнэ.
Харин
хүмүүсийн тэр бүр мэддэггүй нэг түүх бол Г.Доржсамбуу гуай Хөгжим
бүжгийн сургуулийн Дүрслэх урлагийн ангид гурван жил сурсан ажээ.
Тиймээс зургийн нарийн мэдрэмжтэй байж. Тэрээр хүүгээ зураг зурж
байхыг хараад хааяа зааж зөвлөн, өөрөө хамт зурдаг байсан гэнэ. Д.Цогт
Хүүхдийн ордны зургийн ангид сурч байхдаа найзтайгаа нийлж үзэсгэлэн
хүртэл гаргадаг догь жаал байв. Наймдугаар ангиа төгсөх жилээ Дүрслэх
урлагийн дунд сургуульд шалгалт өгөхөд аав нь "Чамайг заавал театрын
зураач болгоно” гэв. Гэвч тэр жил нь театрын зураачийн ангид элсэлт
аваагүй ажээ. Харин энэ үед одоогийн "Боролдой” студийн захирал Мягмар
Дүрслэхэд "Хүүхэлдэйн киноны зураач” гэсэн шинэ туршилтын анги нээжээ.
Харин энэ нь хожим найруулагч болоход нь хамгийн их нөлөөлсөн гэв. Учир
нь тэд хүүхэлдэйн кино хийхийн тулд үйл хөдлөл, зан авир, хөдөлгөөн
бүрийг нь судлаж, биеэрээ туршиж үздэг байсан аж. Оюутан насныхаа ихэнх
хугацааг Монгол кино нэгтгэлд өнгөрөөж, энэ үеэс кинонд дурлаж эхэлсэн
байна. Харин сургуулиа төгсөх үед нь хүүхэлдэйн киноны фильмүүд
дампуурч, энэ мэргэжлээр хоолоо олж иднэ гэхэд хэцүү болжээ.
Тухайн
үед аав нь бие нь чилээрхүү эмнэлэгт хэвтэж байсан гэнэ. Төгсөлтийн
баяраараа ангийнхнаасаа хамгийн сайн диплом хамгаалсан гэж Д.Цогтыг
сайшаалын үнэмлэх 5000 төгрөгөөр шагнажээ. Шагналаа аваад аав дээрээ
очтол "Чи тэгээд сургууль төгссөн юм бол хаана ажиллах гэж байна.
Ажилгүй суухгүй шүү нөхөр минь. Би чамайг драмын театрт оруулна” гээд
зураач Б.Доржготовын туслахаар ажиллуулжээ. Тэрээр том зарлалын самбарыг
шөнөжин сууж гараараа зурдаг байж. Анх театрт орчихоод "Яах гэж оров
доо ” гэж харамсдаг байсан гэнэ. Гэвч сүүлд нь театраас олон зүйл
сурснаа ухаарчээ. Харин аав нь ажилчиддаа "Наад Цогтыгоо миний хүү гээд
битгий давраачихаарай. Надад хамаагүй манай ажилтан шүү” гэж захидаг
байжээ. Тэр тусам нь театрынхан түүнийг гар хөлийн үзүүртээ зарна. Тэр ч
театрын даргын хүү гээд ажлаас хойш суухыг хүсдэггүй байсан тухайгаа
дурссан. Театрт ийнхүү жил гаруй ажиллаад "Боролдой” студид очиж. Нэг
удаа ажил дээрээ сууж байтал сахалтай нөхөр орж ирээд "Доржсамбуугийн
Цогт гэж хэн бэ” гээд өрөөндөө ороод ир гэв. Тэр хүн нь Үндэсний
телевизийн уран сайхны удирдаач, найруулагч Г.Энхжаргал байжээ. Тэрээр
"Чи зураач хийх хүн биш. Найруулагч бол. Аав чинь найруулагч байсан.
Чамд найруулагч болох авъяас бий гэж түүний араас уйгагүй явсаар ангидаа
элсүүлж чадсан гэнэ. Найруулагч болчихоод анх удаа аавынхаа бүтээсэн
Арслангийн дүрийг арай өөр нүдээр харжээ.
АРСЛАНГИЙН ЗУЛЗАГА Д.ЦОГТ
Г.Доржсамбуу найруулагчийн бүтээсэн дүрүүдээс сэтгэлд хоногшсон
мөнхийн дүрийн нэг нь "Говийн зэрэглээ” киноны Арслан билээ. Хэдий том
биетэй ч гэнэн хүүхдэрхүү зан нь тэр бүтээлд үлдсэн байдаг. Харин кино
гарах бүрт Д.Цогт хүү ичдэг байж. Учир нь ангийнх нь хүүхдүүд, найзууд
нь түүнийг "Арслангийн зулзага” гэж шоолдог байсан гэнэ. Тэр үед "Аав
яах гэж энэ кинонд тоглов доо” гэж боддог байжээ. Аавтайгаа хамт
явахаар нэг бол ард нь, урд нь эсвэл хоцроод явдаг байж. Нэг удаа
Г.Доржсамбуу гуай ээжээс нь "Энэ Цогтоо надаас ичээд байдаг юм байх
даа” гэж асууж байсан тухай хожим ээж нь дурсан ярьжээ. Нэг удаа Д.Цогт
хүү орцонд нь тагтаа орчихсон байхаар нь гаргахаар гүйж байгаад унаад
хөлөө хугалчихаж. Сургууль нь хуучин гэмтлийн хажууд байдаг байж л дээ.
Өнжөөд очиж боолт хийлгэхдээ аавдаа үүрүүлээд явдаг байсан гэнэ. Харин
ангийнхан нь мэдчихээд явах цаг нь болохоор гарч ирээд "Арслан
зулзагаа үүрээд явж байна” гээд шоолдог байж. Тэр үед ааваасаа ичээд
улам л нуруунд нь шигддэг байсан тухайгаа ярьсан. Эргээд бодоход тэр үе
хүүхэд насных нь хамгийн аз жаргалтай дурсамж нь болоод үлдэж.
Аавынхаа дулаахан, зөөлхөн, түшигтэй нуруунд наалдаад явж байсан тэр
үедээ эргээд ганцхан удаа очихсон, агуу хайрыг нь дахиад мэдрэхсэн
гэсэн гэгээн бодол одоо ч дотор нь ээрэгддэг ажээ. Гэхдээ "Арслангийн
зулзага одоо том болсон” гэж өөрийгөө дүгнэлээ.
Аавынх
нь өмөг түшиг, биеийнх нь нэг тал болсон ээж нь одоо хүүтэйгээ
амьдардаг гэнэ. Аав нь өнгөрсөн хэцүүхэн он жилүүдэд ээж нь гурван
хүүхдээ хүний дор оруулахгүй юмсан, эрдэм мэдлэгтэй хүн болгохсон гэж
зүтгэжээ. Эгч нь дөнгөж оюутан болж, сургалтын төлбөр, хоолны мөнгө,
байрны түрээс гээд бүх зүйл ээжийнх нь нуруун дээр ирж. Тэр бүхэнд ээж
нь шүд зуугаад амьдралын төлөө зүтгэсэн ажээ. Д.Цогт найруулагч
ээжийнхээ тухай "Манай ээж Хүүхэд залуучуудын театрын сор жүжигчин
байсан. Бүх жүжгийнх нь гол дүрийг бүтээдэг байв. Аав тус театрт гурван
жүжиг тавьсан юм. Бүгдэд нь ээж гол дүрийг нь бүтээж байлаа. Найзууд нь
ирээд эхнэрээ тоглууллаа гээд чамайг муу хэлнэ дээ гэхэд тэр театрт
чинь манай эхнэрээс өөр чадалтай жүжигчин хаана байна гэж ам бардам
хэлж байсан. Аав маань шагналд их дургүй хүн байлаа. Ямарсайндаа Алтан
гадас одонгоор шагнуулчихаад буруу харуулж зүүгээд өвөөд загнуулсан
удаатай. Өвөө уурласан чинь өөдөөс нь энэ медалийн чинь нэр хүндийг
бодоод ингээд зүүгээд ирлээ. Алтангадас зүүчихээд автобусанд
гялалзуулаад яваад байх юм уу” гэж байсан. Харин ээжийг 1980-аад оны
үед Гавьяатад тодорхойлсон боловч хэн нэгэн хорлоод намын батлахыг нь
ураад хаячихаж. Гэвч ээж минь одоо хүртэл сэтгэлэдээ нууцхан хардаг юм
шиг байна лээ” гэсэн юм. "Хэдий хүмүүс намайг хөөцөлдөөч гэдэг ч би
цолны араас явахыг хүсдэггүй. Ямар жүжигчин байсныг нь ард түмэн,
урлагийнхан мэдэх учраас төр өөрөө мэднэ биз” гэв. Түүний энэ үгийг
сонсоод аавынх нь зан чанар, үзэл бодол нөлөөлж дээ гэж бодогдсоноо
нуух юун. Харин ээж нь хүнийхээ хувьд их зөөлхөн хүн ажээ. Одоо ч кино
үзээд уйлаад сууж байдаг гэнэ.
АВТОБУС, УНАДАГ ДУГУЙГААР ААВТАЙГАА УРАЛДЖЭЭ
Аав нь үргэлж ээжийг нь цаашлуулдаг, хошин шогийн мэдрэмжтэй хүн
байжээ. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхдөө хамт тоглож, ням гаригийн орой
бүр бяцхан урлагийн үзлэг явуулдаг байсан гэнэ. Энэ үед эгч нь шүлэг
уншиж, ах нь дуулдаг байсан бол бага хүү Д.Цогт нь гарын дүйтэй учир
хуруугаар тоглуулдаг хүүхэлдэй хийгээд орны цагаан даавуугаа уяж байгаад
аавдаа жүжиг тоглож үзүүлдэг байжээ. Тэрээр үргэлж ах эгч хоёроосоо
түрүүлж, ааваасаа шагнал авдаг байсан гэнэ. Тэдний гэр бүл
хүүхдүүдийнхээ төрсөн өдөрт их ач холбогдол өгдөг байжээ. Долоо хоногийн
өмнөөс бэлдэж, том ширээ засдаг байсан гэнэ. Харин төрсөн өдөрт нь
Монголын сор болсон урлагийн алдартнууд ирж, гоё бэлэг өгдөг байсан нь
санаанаас нь хэзээ ч гардаггүй гэв. Зургадугаар ангид орох төрсөн өдрөөр
нь аав нь түүнээс "Бэлгэнд юу авах вэ” гэж асуужээ. Д.Цогт ч дугуй
авъя гээд хэлчихэж. Аав нь юу ч дуугарсангүй. Тэгэхээр нь авч өгөхгүй
юм байлгүй гэж бодож байтал яг төрсөн өдрийнх нь өглөө 1000 нэрийн
барааны дэлгүүрээс украин дугуй авч өгчээ.
Унаад явах гэтэл хөл
нь хүрэхгүй байж. Гэтэл аав нь "Миний хүү автобусанд суугаад явчих. Аав
нь унаад явъя” гэжээ. Нөгөө дугуй нь харин аавд нь дэндүү жижигдэж
байж. Д.Цогт автобусанд суугаад явж байтал хүмүүс шуугилдаад цонхруу
овоороод бөөн юм болж. Гүйж очоод хартал аав нь дугуйгаа уначихсан яг
ард нь явж байжээ. Хүмүүс "Хар даа Арслан дугуй уначихсан явж байна”
гээд инээлдэж байсан гэнэ. Ийнхүү аавтайгаа уралдаж үзжээ. Аав нь
хэлсэн үгэндээ заавал хүрдэг байсан гэж тэрээр онцолсон юм. Нэг удаа
аавынхаа машиныг нууцаар унаж яваад цагдаагаас зугтаж, шон мөргөөд
сэвтүүлчихэж. Ааваасаа айсан гэж жигтэйхэн. Юу л болвол болог гээд
сэмхэн гэртээ ороод унтчихжээ. Өглөө аав нь "Машин хаана байна” гэхээр
нь "Журмын хашаанд байгаа” гэтэл "За за аав нь очоод авчихъя” гэж.
Тухайн үед юм мөргөснөө айгаад хэлээгүй байна. Гэтэл удаагүй байтал
гэрийнх нь утас дуугарч аав нь нэлээд ууртай "Чи яг одоо журмын хашаанд
хүрээд ир” гэжээ. Очтол "Чи яагаад надад худлаа хэлж байгаа юм бэ.
Үнэнээ хэлж бай гэж би чамайг хүмүүжүүлээ биз дээ” гээд машин
тойруулаад хөөсөн гэдэг. Орой нь Д.Цогт гэмшсэн хүн гэртээ сууж байтал
аав нь гарч "Машинаа манаж хонохгүй юу” гэжээ. Хүүхэд байсан учраас
баярлаад л гарч. Тэрээр энэ дурсамжаа ярихдаа "Аав минь ийм л агуу
ухаантай, уужим сэтгэлтэй” хүн байсан юм даа гээд шүүрс
алдсан.
АЛИВААД ШУДАРГА ХАНДАХЫГ ХҮСДЭГ
Г.Доржсамбуу найруулагч харахад ширүүн, ууртай хүн шиг ч дотоод мөн
чанар нь бяцхан хүүхэд шиг гэнэн томоогүй байсан гэж хүү нь дурслаа.
Тэрээр ямар ч хүнтэй харьцаж чаддаг нэгэн байж. Хааяа аавынх нь найз
гээд гудамжны архичин хүртэл гэрт нь ирдэг байсан гэнэ. Харин тэр
хүмүүстэй аав нь хүн гэдэг үүднээс харьцаж нөхөрлөдөг байж. Хүнийг хэзээ
ч ялгаж үзээгүй гэнэ. Гудамжны халтар царайтай хүнтэй ч инээгээд л
нөхөрлөдөг байжээ. "Харин ямар ч дарга сайд нараас айж үзээгүй. Хэлье
гэснээ хэлчихдэг, дургүй хүрвэл салаавч өгчихдөг, нударга зөрүүлчихдэг
шударга хүн байсан” гэж хүү нь хэллээ. Аав нь хүүдээ үргэлж "шударга
байгаарай. Хүнийг ялгаварлаж болохгүй” гэж захидаг байсан гэнэ. Хүү нь
аавынхаа хэлсэн тэр л захиасыг үргэлж санаж, амьдралдаа хэрэгжүүлж
явахыг хүсдэг ажээ. Тэрээр "Аав амьдрал хоёр намайг хүн болгосон учраас
аливаа уран бүтээл, ажил хөдөлмөр, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, шударга
хандахыг хүсдэг” гэсэн юм. Хүнд муу юм хийхгүй, нүгэл үйлдэхгүй, удам
угсаа, аав ээжийнхээ нэрийг хугалахгүй юмсан гэж хичээж амьдардаг гэв.
Хүн бүхэн түүнийг Г.Доржсамбуугийн хүү гэж хүндэлдэг учраас эзэмшсэн
мэргэжил, хийж буй ажилдаа эзэн нь болохсон гэж зүтгэдэг гэнэ. Аавынхаа
нэрийг өндөрт өргөж, хийсэн ажлынх нь үргэлжлэл болж, мэргэжлийг нь
өвлөж яваадаа бахархдаг ажээ.
ААВЫНХАА НАЙЗЫН ХҮҮГ КИНОНДОО ТОГЛУУЛАВ
Г.Доржсамбуу найруулагч жүжигчин Ч.Хүрэлтэй сайн найзууд байжээ.
Гэрээр нь орж гаран аавтай нь уран бүтээлийн яриа өрнүүлж хааяа зуу
татаж, урлагийн тухай сайхан яриа өрнүүлдэг байсан гэнэ. Тэр үед бага
байсан Д.Цогт тэдний яриаг шимтэн сонсч, маргааш нь сонссон сонин
түүхээ ангийнхандаа ярьж өгдөг байж. Харин найруулагч маань "Ус дээшээ
урсдаг” кинондоо жүжигчин Ч.Хүрэлийн хүү Х.Түвшинг тоглуулжээ. Аав нь
уран бүтээлдээ жүжигчин Хүрэлийг тоглуулдаг байсан бол Доржсамбуугийн
хүү Цогт Ч.Хүрэлийн хүү Х.Түвшинг кинондоо тоглуулсан нь бас сонин хувь
тавилан юм. Энэ л жинхэнэ амьдралын тойрог, хувь тавилан гэлтэй.
Д.Цогт анх жүжигчин Ч.Хүрэлийн хүүг жүжигчин гэж сонсоод уулзаж,
танилцах юмсан гэсэн хүсэл тээсээр явж. Харин шинэ кино эхлэх үед хүүг
нь олж уулзъя гэж бодоод таньдаг хүнээрээ дамжуулж Х.Түвшинтэй уулзсан
байна. Анх харахад аавтайгаа дэндүү адилхан, яг л аавынх нь анд, бага
байхад нь гэрт нь ирж, амтан бэлэглэдэг байсан Ч.Хүрэл ах нь зогсож
байх шиг харагджээ.
Х.Түвшин түүний шинэ киноны нэг ангид
тоглосон. Аавынхаа найзын хүүтэй танилцаж, хоёр аавынхаа залгамж халаа
болж яваадаа баярладаг гэнэ. Цаашдаа сайн найз байж олон уран бүтээлд
хамтарч ажиллах байх гэж найдаж байгаа гэсэн юм. Найруулагч хүн цаг
хугацаа өнгөрөх тусам туршлагаждаг гэж дугаарын зочин маань хэлсэн. Аав
нь театрын найруулагч байсан учир хүмүүс түүнээс тайзны жүжиг тавиач
гэсэн саналыг их тавьдаг ажээ. Түүнд ч тайзны уран бүтээлд хүч сорих
бодол бий. Түүнийг нэлээн олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизеээр
гарч байсан "Есөн эрүү” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсныг нь
уншигчид санаж байгаа байх. Энэ нь найруулагч Д.Цогтын телевизийн
урлагтай хувь заяагаа холбох эхлэх болжээ. Тэндээс л телевизийн
урлагийн үнэ цэнийг мэдэрсэн гэнэ. Аав нь түүнд цагийг үргэлж үр
бүтээлтэй өнгөрүүлж байгаарай гэж захидаг байж. Эргээд бодоход
найруулагч хүүд нь хий дэмий өнгөрүүлсэн цаг байдаг учир дахиад тийм
алдаа гаргахгүйн тулд, аавынхаа захиасыг биелүүлэхийн төлөө үргэлж
өөрийгөө цэнэглэж, хожим нь дурсахад хийсэн ажил, хэлэх үгтэй амьдрахыг
зорьж яваагаа ч ярилаа.
СУИС-ИЙН ДЭРГЭДЭЭС ЭХНЭРЭЭ ОЛЖЭЭ
Найруулагч Д.Цогт аавынхаа хүссэнээр сайхан бүсгүйгээр цайгаа
чануулсан азтай залуу ажээ. Түүний хань Гэрэлтуяа Соёл урлагийн их
сургуулийн бүжгийн багш. Д.Цогтыг тус сургуулийн оюутан байхад эхнэр нь
сургуулийнх нь хажууханд байдаг байж. Тэр үеэс л сэмхэн харж эхэлсэн
гэнэ. Түүнийг сургуулиа төгссөн өдөр эхнэр нь төрж хөөрхөн охинтой
болсон байна.Төгсөлтийнхөө өдөр дипломаа сугавчлаад, ромбоо зүүгээд
эмнэлгийн цонхон дээр ангийнхныгаа дагуулаад очжээ. Тэр өдөр амьдралаас
авсан хамгийн том бэлэг нь охин нь ажээ. Одоо охин нь Шинжлэх ухааны
их сургуулийн лицей сургуульд сурдаг гэнэ. Найруулагч маань ханийхаа
тухай "Бид олон жил амьдарсан болохоор харцаараа нэгнийгээ ойлгодог
болчихсон. Хань минь харцаараа надад нэг үг хэлвэл би ч ялгаагүй
харцаараа хариултыг нь хэлчихдэг” гээд инээв. Түүнээс мөнгөний үнэ
цэнийн тухай асуухад "Мөнгөнөөс илүү үнэтэй амьдрал гэж байдаг.
Одооны
залуус мөнгөтэй бол гоё нэвтрүүлэг хийнэ гэж ярьдаг болж. Гэхдээ тийм
биш шүү дээ. Намайг жаахан байхад аав, ээж хоёр минь мөнгө орж л
байдаг, гарч л байдаг гэж сургадаг байсан. Аав хааяа цалингаа буухаар
байрны гадаа тоглож байгаа хүүхдүүдэд мөнгөө тараачихдаг, гудамжинд
таарсан ядарсан хөгшинд цайны сүү аваад өгчихдөг байсан юм. Биднийг
хэзээ ч мөнгө шүтсэн болгож өсгөөгүй ” гэсэн юм. Найруулагч аавын
найруулагч хүү, удам залгасан отгон хүү, аавын хайртай амины хүүхэд
гээд найруулагч Д.Цогтод тодотгол олон бий. Тэрээр аавынхаа дутуу
орхисон урлагийн орон зайг нөхөж, өөрөө өөрийнхөө ертөнцөөр омог бардам
амьдарч явна. Дэндүү даруухан найруулагчийн өрөөнөөс гарч явахдаа
Г.Доржсамбуу найруулагчид талархах сэтгэл төрсөн юм. Тэрээр хүүгээ сайн
уран бүтээлчээс гадна ухаантай, уужим сэтгэлтэй хүн болгон
хүмүүжүүлжээ. Өөрөө тэнгэрийн орноос хүүгээ хараад бахархаж суугаа нь
лавтай.
Ч.ГАНТУЛГА