ОХУ-ын нийгмийн хамгийн том
асуудлуудын нэг нь гадаадын ажилчид буюу манайхны хэлдгээр "харласан”
хүмүүс болоод байна. Орост тэднийг гастарбайтер хэмээн нэрлэдэг. Герман
хэлний Gastarbeiter буюу зочин-ажилчин гэдэг үг ч ОХУ-д энэ үг ажлын
зөвшөөрөлгүй, визгүй, ихэнх тохиолдолд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан
улсууд болон Хятад, Вьетнамаас ирсэн ажилчдыг дорд үзсэн хэллэг болон
хэвшжээ. ОХУ-д ялангуяа Москва зэрэг том хотуудад гастарбайтеруудыг эх
орноосоо үлдэн зайлуулья гэсэн хөдөлгөөн сүүлийн үед маш их гарч байна.

Тэгвэл
Орос улс 100 жилийн өмнө хятад ажилчин авч байсан гэдгийг бараг хүн
мэддэггүй. Харин оросууд гадаадын хямд ажиллах хүч ашиглаж байсныхаа
төлөө хатуу сургамж амссан байдаг. Хэдэн арван мянган хятад ажилчин буу
зэвсэг агсан, энгийн иргэдийг хядсан эмгэнэлт түүхийг энд өгүүлье. 
Орост хамгийн анхны хятад цагаачид хэзээ очсон талаар яг таг мэдээлэл байдаггүй ч 1862 онд Орос-Хятадын худалдааны гэрээ байгуулагдахад, эс бөгөөс 1899 онд Ихэтауны бослого гарч, Хятадын цагаачид дэлхийн улс орнуудад зугтан гарч эхэлсэн тэр үед ч байж болох. Энэ бослогын дараа ихэнх нь Америк, Европт гарсан бол Орост ч цөөнгүй цагаач ирсэн байна. Тэдгээр цагаачдыг Орост "Ходя-ходя” хэмээн нэрлэдэг байв. Дараа нь 1905 онд Орос улс Японд ялагдан, Манжуурыг орхин гарахад нутгийн хятадууд орос цэргүүдийг даган явсан байдаг. Гэхдээ хятадууд хамгийн олноор Орост очсон нь Дэлхийн Нэгдүгээр дайны үе юм. Хамаг эрчүүдийг цэрэгт татсан тул ажиллах хүч дутагдан, Засгийн газраас цалин хямдхан хятад ажилчдыг хөлслөх болсон байна. 1915 онд Мурманск-Петроградын төмөр зам, Мурманскийн усан боомт зэрэг улсын онц чухал обьект, Урал, Донецкийн нүүрсний уурхай, Карель, Беларусийн модны үйлдвэрт хятадуудыг дайчлан ажиллуулж байв. Арай боловсролтой хятадуудыг Москва, Петроград, Одесс, Луганск, Екатеринбургийн үйлдвэрт сонгон авч байлаа. 1916 онд Германы фронтод нуувч ухах хятадуудын тусгай анги хүртэл байжээ. "Ходя-ходя”-гуудын тоо геометрийн прогрессоор өсөж, 1915 оны эцэст Орост 40 мянган хятад байсан бол 1916 онд 75 мянга, 1917 оны хавар гэхэд хэдийнэ 200 мянгад хүрсэн байв. Тэр үед буюу 1917 онд Хаант засаг нуран унахад энэ олон мянган хятад иргэд харь оронд ямар ч мөнгө төгрөг, орох орон, ажил төрөлгүй, эх орондоо харих найдваргүй үлдсэн. Ингээд л тэр дороо номхон дорой хөлсний ажилчид аюултай дээрэмчид болон хувирсан юм. "Ходя-ходя”-гууд Оросын хот тосгоноор хэсэн, дээрэм тонуул хийж эхэлсэн байна. Энэхүү засаг захиргаагүй болсон хятадуудыг яаж ашиглахыг большевикууд түрүүлж анзаарчээ. Ядарч зүдэрсэн пролетари гэдэг утгаараа тэд "нэг ангийн нөхөд” байсан тул хятад ажилчдыг тусгай отряд буюу Улаан армийн хамгийн бохир ажлыг гүйцэтгэдэг залхаан цээрлүүлэх ангид элсүүлсэн байна. Ингэхэд хятадууд юугаараа онцгой болоод тэднийг тийм ангид авав? Хятадууд ихэнх нь орос хэл мэдэхгүй, орон нутгийн зан заншил, аж амьдралыг ойлгодоггүй байсан тул зөвхөн хоорондоо нягт харилцаатай, сахилга баттай байв. Орос, украинуудаас ялгаатай нь гэр орон нь алс хол учир ямар нэг юм болоход гэрлүүгээ зугтаад явчихдаггүй. Залхаан цээрлүүлэх ангийн үйлдсэн аймшигтай гэмт хэргийг сонссон цагаантнууд хятадуудыг баривчлахаараа үг дуугүй буудан хороодог тул тэд дайсны талд урвах боломжгүй байлаа. Мэдээж хятадууд хүн алж, хүрээ талах дуртай, эсвэл коммунизмд хайртайдаа биш өлсөж, хөлдөж үхэхгүйн тулд байлдаж байсан юм. Тэр үед Орост байсан Хятадын дипломатуудын Бээжинд илгээсэн захианд "Ли дарга Оросын армид алба хааж байгаа хятад ажилчдыг ЭСЯ-нд урин ярилцахад тэд "Эх орноо мартаж болно гэж үү? Орост ажил олдохгүй байна. Бидэнд эх орондоо харих зардал мөнгө алга. Тийм болохоор л цэрэгт элссэн” хэмээн уйлж байсан” гэж бичсэн байна.

Улаан армийн орос цэргүүд эзлэгдсэн тосгонд залхаан цээрлүүлэх ажил явуулахаас татгалзах явдал бишгүй гардаг байв. Яаж ч архиар угжаад тус болохгүй үед харин хятадууд ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хүмүүсийг алж, шатааж, тамлаж байлаа. Алексей Островскийн алдарт "Болд хэрхэн хатаагдсан нь” романд ч Улаан армид хятадууд хэрхэн байлдаж байсныг бичсэн байдаг. Удалгүй Улаан армид хятад тусгай ангиуд байгуулж эхэллээ. Оросын большевик намын гишүүн Сан Фуян, Шен Ченхо нар энэ үйл хэрэгт ихээхэн зүтгэжээ. Сан Фуян Украинд, Шен Ченхо Москва, Петроград, Луганск, Харьков, Пермь, Казанид хятад цэргийн отряд байгуулсан байна. Шен Ченход Зөвлөлт засгийн газраас Оросын нутаг дэвсгэрт хятад отряд байгуулах онц эрхт комиссарын мандат олгосон байв. Энэ отрядуудаас хамгийн зэрлэг, харгис нь Пау Ти-Саны удирдсан Хятадын нэгдүгээр тусгай отряд байлаа. Энэ отряд Астраханий бослогыг 1919 оны гуравдугаар сард цус урсган дарсан юм. Улаантнуудын харгислалын хажууд ч хятадуудын зэрлэг авир хэт хэрцгий байлаа. Эхлээд хятадууд үйлдвэрийн ажилчдын жагсаалыг зогсоон, тарж явахыг шаардаад татгалзсан хариу сонсонгуутаа буудаж, бүр гранат шидэж эхэлсэн байна. Тэд бүтэн өдөржин ажилчдыг агналаа. Сүүлдээ сумаа хэмнэн, голд живүүлж алж эхлэв. "Гар хөлийг нь хүлээд Ижил мөрөнд шууд живүүлж байлаа, нэг шөнийн дотор 180 ажилчныг голд хаясан” гэж амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг. Таван өдрийн дотор хотод гэр бүлийн гишүүнээ алдаагүй өрх айл байхгүй болж, үйлдвэр ажилд ороход ажиллах хүн бараг үлдээгүй болсон байв.

Гэвч Москва дахь чайна-таун удаан оршин тогтнож чадсангүй. Зохиолч Сергей Голицын "Хятадын генерал Жан Зо Лин Манжуурын нутгаар дайрдаг Дорнод Хятадын төмөр замыг булаан авсан. Оросын хаант засгийн мөнгөөр барьсан энэ замыг алдаад бид хариуд нь Москвагийн бүх хятадуудыг орон даяар цөлсөн” гэж бичсэн байдаг. Астраханий бослогыг дарагч Пау Ти-Сан ч баривчлагдан, 1926 онд цаазлуулсан байна. Хувьсгалын төлөө зүтгэж явсан бусад хятадуудыг ч Зөвлөлт засгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн баривчлан хороожээ. Харин жирийн хятад цэргүүдийг Хятадын улаан армийг байгуулахад туслуулах, олон улсын империалистуудтай Ази тивд тэмц хэмээгээд Хятадад илгээжээ. Ингэж орос коммунистууд нэг сумаар хоёр туулай буудаж чадсан юм. Нэг талаас тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа Хятадын коммунистуудад туршлагатай дайчид илгээж тусалсан, нөгөө талаас хэдийнэ хэрэггүй болсон, аюултай холбоотнуудаасаа ангижирч санаа амарсан байна. 1930-аад оны сүүлч гэхэд Москвагийн хятад хорооллоос юу ч үлдсэнгүй. Гэхдээ оросууд гадаадын энэ олон тооны цагаач ажилчдыг зөвхөн эрүүл саруул, хүч чадалтай, хоол хүнстэй нийгэм л хүлээн авч, шингээж чадах юм байна гэдгийг ойлгож авсан юм. Харин эдийн засаг нь асуудалтай, нийгмийн элдэв зөрчилтэй улс орон олон тооны гадаад ажилчин авбал тэсрэх бөмбөг болж хувирна. Тэгээд эрт орой хэзээ нэгэн цагт тэсгэл алдан дэлбэрч, гадаад ажилчид, тэднийг ажилд авсан эрхмүүдийг ч хамтад нь устгах болно.
Түүхийн энэ хичээлийг ойлгох гэж Орос хэт их үнэ төлсөн юм.
М.Сугар-Эрдэнэ
time.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13260
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих