УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болсонтой холбогдуулан Ардчилсан намын эмэгтэйчүүдийн дунд ширүүн өрсөлдөөн үүсчээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй томоохон хүчинд тооцдог. Фракцын зарчим үйлчилдэг АН-ын гишүүдийн хувиар эмэгтэй улстөрчид нь мөн л фракц фракцаараа холбооны ерөнхийлөгчийн суудлыг лобби хийж байгаа аж.
Энэ сунгаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг болон Г.Байгалмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа нарын хүмүүс өрсөлдөхөөр болжээ. Харин тэдний дундаас Баянгол дүүргээс сонгогдсон, С.Эрдэнийн хүн гэгддэг С.Одонтуяа гишүүн эмэгтэйчүүдийн холбоог удирдах магадлал өндөртэй байгаа аж. Намын доторх улс төрийн салбар байгууллага гэдэг утгаараа эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч ирэх сонгуульд шууд намын жагсаалтад орно.
Тиймээс фракцуудын эмэгтэйчүүдийн энэ өрсөлдөөн шууд утгаараа дараагийн парламентад орохын төлөөх өрсөлдөөн гэж хэлж болохуйц. Мэдээж хэрэг АН УИХ-ын сонгуульд амжилттай оролцвол тэр шүү дээ.
С.Одонтуяа Шонхор фракц, Ардчилсан хүчний холбооны гишүүн, АН-ын бүлгийн дэд даргаар ажилладаг. Намын даргынхаа үүсгэн байгуулсан фракц, холбоонд харьяалагддаг утгаараа С.Одонтуяа хүчтэй дэмжлэг авч байгаа нь энэ юм. Түүний хамгийн том өрсөлдөгч нь Алтан гадас фракцаас угшилтай, БСШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг гэнэ.
Харин МоАХ эмэгтэйчүүдийн холбоог өөрийн болгохоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон, дэд сайд асан Г.Байгалмааг сойж байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн байгууллагаа гартаа оруулж авахаар АН-ын фракцууд өрсөлдөж эхэллээ. Энэ сунгаанд хэн ялах нь ирэх даваа гаригт тодорхой болно.
politik.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих