Албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ олон
нийтэд ил болгоод байна. Ард түмэн бид төрийн түшээдийнхээ хөрөнгийг
сонсож, гайхан бишрээд л. Сүүлийн хэд хоногт сүрхий л юм болж байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын мэдүүлсэн хөрөнгө
байгаагаасаа хамаагүй бага гарчээ. Хэдхэн хоногийн өмнө дөө, Д.Сугараас
АТГ-ын мөрдөн байцаагч асуугаад л, мань эр хариулаад л... Нэлээн л эд
хөрөнгө илрүүлчих шиг болсон. Гэтэл АТГ яг зарлахдаа Д.Сугарын хамаг
хөрөнгийг "нуугаад” зарлачихсан нь анхаарал татав.
2013 оны
хөрөнгө орлогын мэдүүлэгт Д.Сугар өөрийнхөө жилийн орлогыг 14 сая 735
мянга, гэр бүлийнхийгээ дөрвөн сая 800 мянга гэж бичжээ. 600 сая
төгрөгийн ганцхан орон сууцтай, 170 саяар үнэлэгддэг Lexus-570, Nissan
Murano гэсэн хоёр автомашинтай гэсэн байна. Мөн 100 саяын үнэтэй дөрвөн
адуутай ажээ. Түүнчлэн 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая 187
мянган төгрөгийн хадгаламжтай юм байна. Өргүй, харин авлагатай.
Цэдэнсодном, Дамдиндорж, Ганхуяг, Тогоо, Алтанцэцэг нар Д.Сугарт 35 сая
төгрөгийн өртэй гэнэ.
Д.Сугар "Ай даблю Эн” ХК, "Даблю даблю”
ХК-д хувьтай. Бас 920 м.кв газар эзэмшдэг. Компанийн хувьцаа, газар
хоёроо үнэлээгүй байна.
Тэрээр хөрөнгө орлогын ийм л мэдүүлгийг АТГ-т өгч, нөгөөдүүл нь олон нийтэд ингэж зарлаж байна.
Харин эх сурвалж, хэвлэлүүдээр яваад байгаа мэдээлэл бол арай өөр
байгаа. Д.Сугар АТГ-ын зарласнаас хамаагүй их хөрөнгөтэй гэх мэдээллүүд
байдаг.
Тухайлбал, Д.Сугарын 600 саяын үнэтэй гэчихээд м.кв-ыг
нь бичээгүй орон сууц нь Баянзүрх дүүрэгт байдаг "Алтан тэвш” хороолол
дахь 272 м.кв байр нь бололтой юм. Харин Японд ч билүү, Солонгост
билүү өндөр үнээр авсан орон сууцных нь тухай энд алга. Хонгконгийн
"Эйч Си Би Эс” банкны оффшор дансан дахь мөнгөө мэдүүлээгүй.
Энэ мэтчилэнгээр Д.Сугарын мэдүүлэгт анхаарал татсан зүйл нэлээд байна.
Хамгийн сонирхолтой нэг юм бий. Өнгөрсөн онд Д.Сугарынх гэдэг айлын бүх
орлого нь ердөө л 19 сая 535 мянга байжээ. Д.Сугар шиг олон байшинтай,
газартай, компанитай, машинтай хүн энэ мөнгөөр амьдрах уу, та минь.
Жилийн бүх орлого нь шүү дээ.
Адаглаад л 100 саяын үнэтэй
дөрвөн адуу нь овъёос тэжээл гээд л зовоож өгнөө дөө. Бас Lexus-570,
Nissan Murano машины шатахуун гэж байна. Яаж ч бодсон Д.Сугар Монголын
хуулиар тохуурхаад байгаа нь илт байна. Гоёор хэлбэл, АТГ-ынхан Д.Сугар
гэдэг эрх хүүхэдтэй болоод байгаа ажээ.
Б.Дамдин-Очир ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих