Өнгөрсөн Ням гарагт манай урд хөрш БНХАУ-ын засгийн газраас Далай ламын айлчлалтай холбоотой хоёр дахь мэдэгдэл гаргасан байна. Өмнө нь Баасан гарагт буюу Далай ламын айлчлал эхлэх өдөр Монголын засгийн газарт хандаж уг айлчлалд хориг тавихыг хатуу шаардаж байсан юм. Мөн Ням гарагт тус улсын гадаад бодлогын дуу хоолой болдог сайтад энэхүү айлчлалтай холбоотой нэгэн жижиг нийтлэл гарчээ.
Ням гарагт гаргасан Хятадын гадаад явдлын яамны мэдэгдэлд Монголын засгийн газрыг Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөг арилгах, Хятад-Монголын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан байна.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монголын тал Далай ламыг хүлээж авлаа” гээд "Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгааг” онцолжээ.
Гэн Шуан "14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм” гээд "Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу эсэргүүцнэ” гэлээ.
Мөн өчигдөр Бээжингийн гадаад бодлогын дуу хоолой болдог Global Times сайтад Далай ламын айлчлалын талаар нэгэн судлаачийн байр суурийг нийтэлсэн байна.
Нийтлэлийн гарчиг нь "Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд хүндрэл учруулж болох ч хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.
Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ "Далай ламын айлалчлаас болоод Хятад-Монголын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дотроо $4.2 тэрбумын зээлийн хэлэлцээр хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр Төвдийн шашны тэргүүний айлчлалыг "цэвэр шашны зорилготой” хэмээн хаягласныг хүлээж авах боломжгүй тайлбар гэжээ.
Гэхдээ "АНУ, Хойд Солонгос, Японтой сайн харилцаатай, Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал оролцоо бүхий Монгол улстай найрсаг харилцаатай байх сонирхолтой Хятад улс уг айлчлалтай холбоотойгоор ямар нэг эдийн засгийн хориг тавихгүй байх” гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Xinhua, Global Times
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих