Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино.
Чой. Лувсанжав
Хэлийн ингэж, тэгж сурна гэсэн яг яс томъёолж тогтоосон арга байхгүй. Тэр арга нь тухайн хүнээс өөрөөс нь гараад ирж ч мэднэ.
Чой. Лувсанжав
Гадаад хэл сурах нь уйгагүй оролдлого, тэсвэр, тэвчээр шаардах хүнд
хүчир зүйл. Үүнийг өөр юмтай зүйрлэвээс элсэн уулын оройд гарахын тул
цуцаж туйлдахаас шантралгүй цөхрөлтгүй мацахтай эгээ ижил. Тэр элсэн
манхан уулын оройд нэг л гарчих юм бол цаашаагаа гулсаад буухад хэцүү
биш. Гадаад хэлийг сурчихаад үр шимийг хүртэж суух үнэхээр сайхан.
Алимны модыг байнгад арчилж тордсоны хүчинд ургуулаад амтат жимс хувааж
идэхтэй адил.
Чой. Лувсанжав
Оролдлого муутай хүний оюун тархи хөгжихгүй байсаар ухааных нь сүв
дорхноо битүүрнэ. Эрдэнэт хүмүүний бие төрхийг олж төрсөн бол ихийг сурч
бүтээх учиртай. Тэрнээс биш зөвхөн баас, шээсний үйлдвэр болж явсаар
нэгэн насыг элээх ёсгүй.
Чой. Лувсанжав
Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах
хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн
тусгүй нүнжиг жудаггүй юм болно.
Чой. Лувсанжав
Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон
сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын
амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний
гадартай болох төдийгүй дотортой болчихож байна. Герман, франц хэлийг яг
ийм маягаар сурсан.
Чой. Лувсанжав
Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай.
Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж
завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих
буюу амралтаа аваад алга болно. Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ
хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчихаагүй байсан цагт уг сурах
гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй.
Чой. Лувсанжав
Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй
байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг
том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж
хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой
адил.
Чой. Лувсанжав
Ихээхэн уншаад байхаар үг аяандаа нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж
тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил
ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс
зайнаас ардаас нь хараад ч "манай нөгөөх" байна хэмээн хэлж чаддагтай
эгээ ижил.
Чой. Лувсанжав
Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох
учир цээжлэх гэж явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авхаар
болчихно.
Чой. Лувсанжав
Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж
байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч
явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх
авхаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй.
Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай.
Чой. Лувсанжав
Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон, дэмий
юм санаж, дамий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий.
Чой. Лувсанжав
Ц.Дашдондов, "Харь хэлний хатуу самар цөмөгчид" номноос...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих