Гучаад оны үед сумын наадамд 7 удаа түрүүлсэн бөхөд сумын арслан цол
олгож байсан нэгэн сонирхолтой баримт олдов. Анхных, магадгүй цорын ганц
байж болох энэхүү үнэмлэхийн эзэн Ж.Хавчиг хэмээх хүний охин нь бидэнд
уг баримтыг явуулсан юм. Үнэмлэхийг хуучин монгол бичгээр бичсэнийг
кирил бичигт хөрвүүлэн хавсаргажээ.
Миний аав Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн ард
Жамбаагийн Хавчиг арслан гэдэг хүн нь аймгийнхаа Баянцагаан ,
Баян-Өндөр, Говь-Алтай аймгийн Чандмань зэрэг сумдын наадамд олон удаа
түрүүлсэн учраас урьд удаа дараа шагнагдаж байсан. Начин тулгат цагаан
заан цолон дээр нь Улам нэмэх Арслан цол олгож байсан баримтууд байгаа
юм.
Миний аавын нагац эгч нутагтаа Бөхцоохор гэж алдаршсан маш их тэнхээтэй
хүн байсан гэж ярилцдаг бөгөөд энэ хүний талаар үнээ саалгахгүй байхаар
нь бухаа эврээр нь газар хатгаж тавьчихаад сааж байсан гэхчлэн олон
домог мэт яриа байдаг.
Өдгөө энэ удмаас аймгийн начин М.Төмөртогоо, Б.Адъяа, сумын заан
Дондог, Түвшин, Дамдин, Ёндон, Мөнхбат, Сүхбат, Чадраабал, Т.Амарбаяр,
Д.Мөнх-Эрдэнэ, Норов зэрэг 10 гаруй заан, сумын начин Сэдхүү зэрэг олон
бөх төрсөн учраас нутгийн зон олон манайхныг бех удмынхан гэж хундэлж,
явдаг учраас энэ жил бид "Бөхцоохор овгийн Зааны удмын ургийн баяр
хийхээр төлөвлөөд байгаа юм.
Аав маань малчин, аян жинд их явдаг аянчин хүн байсан бөгөөд
Хөдөлмөрийн хүндэт медалиар 2 удаа шагнуулж байсан, мөн хурдан морь сойж
уралдуулж, олон түрүү айраг авч, жороо морио өөрөө унаж уралдуулж олон
түрүүлж явсан нэртэй уяач хүн байсан.
Уг хоёр үнэмлэхт ийн бичжээ.
1934 оны 8 сарын 05 Дугаар 1
Баян-Өндөр сумын захиргаанаас үүнийг үзүүлэгч Баянцагаан сумын 5 дугаар
багийн ард Хавчиг бол Баянцагаан, Баян-Өндөр сумын баяр наадамд 7 дахин
түрүүлж шалгарсан нөхөр мөн тул урьд удаа дараагийн шагнагдсан Начин
тулгат цагаан заан цолны дээр Улам нэмэх арслан цолоор Баян-Өндөр сумын
23 жилийн ойн баяр наадмын комиссоос шагнал болгон хадгалуулав
Сумын дарга Лхамжав Наадмын комисс Дорж
1937 оны 7 сарын 18 Дугаар 4
Баянцагаан сумын захиргаанаас үүнийг үзүүлэгч Баянхонгор аймгийн
Баянцагаан сумын 5 дугаар багийн ард Хавчиг бол тус сумын 26 жилийн ойн
баяр наадамд 6 давсан хүчит бөх болох учир Арслан цолоор шагнаж энэхүү
үнэмлэхийг үүрд хадгалуулав
Сумын дарга II Наадмын комиссын дарга
гэсэн хоёр баримтыг хөрвүүлсэн юм. Сумын цолтой бөхөд арслан цол олгож
байсан гэдэг ам яриа сонсож байснаас баримтаар олдсон зүйл байхгүй гэж
бөхийн холбооны Р.Нямдорж тэргүүн хэлж байсан. Гэтэл миний аавд
Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан 2 сумаас Арслан цол олгож
байсан байна.
Мөн Баянцагаан сумын 26 жилийн ойгоор түрүүлж Арслан цолоор шагнуулж
байсан тэр жил аавын морь нь түрүүлж шагнуулсан баримт бас байгаа билээ.
Ж.Хавчигийн отгон охин З.Цэнгэлсайхан
Эх сурвалж: "Бөх" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих