Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай хамтлагын 25 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан гишүүн бүр тоглолтоо хийж байгаа. Энэ уламжлалын дагуу таныг тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгааг дуулаад ярилцахаар ирлээ.
Баярлалаа. Харангийг сонсдог мянга мянган сонсогчиддоо энэ сайхан өдрийн мэнд хүргэе.
Таны амьдрал, уран бүтээлийн гараа хэзээнээс эхлэв, Тэрбээр хөгжмийн урлаг тэр дундаа бөмбөр гэгч энэ хөгжимд хэдийнээс татагдах болсон бэ?
1958 онд Улаанбаатар хотноо төрж бага тойрогт бага насаа өнгөрөөж өссөн. Миний аав ээж хоёр Завхан аймгийн улсууд, 10-н жилийн 5-р сургуульд сурч байсан.
Анх 1971 онд ардын армийн 013-р ангийн хөгжмийн салаанд, Цэргийн бөмбөрчин бэлтгэх 5-н жилийн сургалтанд хөгжимчин сурагчаар томилогдож очоод л миний ажил амьдрал эхэлсэн дээ. Тэгээд 13 настай хүүхэд 20-н настай ах нар дунд ажиллаж, амьдарч жинхэнэ амьдралын амтыг мэдэрч, тэндээс өөрийгөө олж авч, таньж мэдэж хүн болсон доо. Ингээд 1976 онд бэлтгэлээ дуусгаад мэргэжлийн хөгжимчин гэдэг зэрэг дэвийг авч, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчин ахлагчаар томилогдон очиж ажилласан даа.
1976 оноос эхлэн армидаа 19-н жил 8 сар ажиллаад 1989 онд "Харанга” хамтлагт ороод өдийг хүртэл тасралтгүй энэ хамтлагтайгаа хамт, энэ хөгжмийн урлагтаа зүтгэж байна даа.
Харанга хамтлаг байгуулагдаад энэ жил 25-н жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ түүхт ойд оруулсан таны хувь нэмэрийг юутай ч зүйрлэхийн аргагүй юм даа.
Тийм л дээ бид бүгдийн л хөлс, хүч, хөдөлмөр шингэж байж хамтлаг маань энэ олон жил оршин тогтнож байгаа юм. Сонин болгож нэгэн түүх сөххөд хамтлаг маань "Харанга” гэдэг нэрийг авсанаасаа хойш л 25-н жил болж байгаа юм шдээ. Өмнө нь бол 1977 оноос эхлээд Манлай, Оогий, Чука бид дөрөв чинь "Соёмбо” гэдэг нэртэй хамтлаг байгуулаад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжийн дэргэд тоглоод явж байгаад 1989 онд Лхагваа маань нэмэгдэж орж ирээд л "Харанга” гэдэг нэрийг албан ёсоор өгсөн юм. Ингээд бодхоор манай хамтлагийн уран бүтээлээ туурвисан түүх 37-н жил болж байгаа юм. Энэ олон жилийн дараа эргээд хархад, өнөөдрийг хүртэл тасралтгүй явсан бидний хамгийн чухал зүйл бол нөхөрлөл байгаа юм. Бид болвол нөхөрлөлийн тод жишээ юм даа. Энэ дашрамд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд бидний амьдрал, уран бүтээл армитай салшгүй холбоотой. Тодруулбал бид бүгд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орсоноор мэргэжлийн хөгжимчид болцгоосон. Манай Лхагваа хүртэл армийн хүн тэрбээр 1980-аад оны эхээр 029-р ангийн цэргийн хөгжимд нарийн бүрээч мэргэжлээр 5-н жил суралцаж төгсөөд тэгээд Харангад орсон байдаг юм.
Гайхалтай юмаа. Тэгхээр тэр үед хүүхэд залуусыг тэр дундаа авъяаслаг залуусыг бодлогоор дэмжиж сургадаг байсан юмуу? Эсвэл та бүхэн сонирхлоороо армийн хөгжимд орж суралцаад сүүлдээ нийлээд хамтлаг болчихсон уу?
Ер нь бол бодлогоор хүүхэд залуусыг сонгож аваад тэгээд сургадаг байсан. Тэгээд онц сайн дүнтэй төгссөн авъяаслаг залуусаа үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимдөө авдаг байсан юм.
Хичээл сургууль нь үнэхээр чанга ордог байсан. Жишээн өглөө 8-н цагаас хичээл орно. Тэгээд хөгжмийн онолын хичээл, гармонийн хичээл, улс төрийн хичээл, биеийн тамирын хичээл гэх мэт олон төрлийн чанартай хичээлүүд ордог байлаа.
Нэг чухал юм нь хичээл 1 сар ороод л тухайн хичээлээрээ шалгалт авдаг байлаа. Тэгээд шалгалтандаа тэнцээгүй юмуу, муу сурсан хүүхдүүдийн цалинг хасдаг, сайн сурсаных нь цалинг нэмээд жинхэнэ утгаараа урамшууллын систем явагддаг байсан нь их авууштай байж дээ.
Монголын хамгийн анхны бөмбөрчин гэж хэн гэж хүн байсан юм бол? Ер нь монголд хичнээн бөмбөрчин байдаг юм болоо, багцаа байдаг болов уу?.
Анхны бөмбөрчид гэвэл, Батаа ах, Цэнд-Аюуш ах, Баатар ах, Нямбаяр ах, Хүрэлээ ах, Цоомоо, Баяраа гээд үнэхээр гайхалтай түүхийг бичэлцсэн олон арван бөмбөрчид байна.
Аан одоо бол шинэ залуу хамтлагууд олноор төрөн гарч байна. Тэр болгонд бөмбөрчин байгаа гээд бодохоор ер нь бол олон шүү.
Та бөмбөрөө тоглоод 43-н жил буюу хагас зуун жилийг ардаа орхиж явнаа. Энэ өнгөрсөн цаг хугацаанд хэд орчим тоглолтонд оролцсон бол багцаа байна уу. Мэдээж тоймгүй тоо гарах байх даа.
За түүний тоог бол яаж ч бодоод тоолж гаргаж барахгүй байхаа. Учир нь үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд байхад жилд норматив биелүүлэх гэж хэдэн арав тоглодог байсан. Түүнээс хойш хамтлагтайгаа длэхийн өнцөг булан бүрт очиж тоглосон. Тэрбээр эх орныхоо өнцөг булан бүрт очиж хэдэнтэй тоглосон. Ингээд бодхоор энэ бол агуу тоо гарна.
Аан зүгээр төрийн ёслол хүндэтгэлийн албанд буюу гадны орнуудын төрийн тэргүүнийг угтаж авах ажилд би 100 гаруй удаа оролцож дэлхийн 110 гаруй улсын ерөнхийлөгчдийг угтан авч хөгжимчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж төрийн дууг нь эгшиглүүлж байсан байгаа юм. Ийнхүү хамгийн сүүлд 1988 онд хойд Солонгосын удирдагчийг вагоны буудал дээр тосож байлаа.
"Харанга” хэмээх энэ домогт хамтлагын бүхий л дуунууд сонсогч түмний зүрхэнд эгшиглэж байдаг. Танд хамтлагын тань дуунуудаас хамгийн ихээр сэтгэлд хоногшиж чадсан уран бүтээл байдаг уу?
Хөгжимийн зохиолч, ая зохиогч нарт хамгийн хайртай дуу гэж байдаг. Надад бол Харанга хамтлагын бүхий л дуунууд таалагддаг. Яагаад гэвэл ганцхан би тухайн дуунуудыг зүрх сэтгэлээрээ мэдэрч тоглосон болохоор би хамтлагынхаа бүхий л дуунуудад хайртай байдаг. Миний найзуудын бүх уран бүтээл агуу дуунууд болж төрдөг. Түүгээрээ ч дамжуулаад сонсогчдыг хүмүүжүүлж байдаг. Тэр бүгдийг би тоглоно гэдэг нэр төрийн хэрэг юм.
Тоглолт хийнэ гэдэг маш том даваа байдаг. Тэр дундаа хөгжимчин хүний тоглолт гэдэг бол түүнээс ч том даваа байдаг. Төд удалгүй таны бие даасан тоглолт болох гэж байна. Тоглолтынхоо талаар танилцуулаач.
Харанга хамтлагын 25 жилийн ойн аяны хүрээнд хамтлагын уран бүтээлчид тайлан тоглолтоо тавьж байгаа юм. Хамгийн сүүлийнх нь миний тоглолт болж 25 жилийн ойн эхлэл болох гэж байна. Миний уран бүтээлийн хувьд гэвэл би энэ бөмбөрийн хөгжимтэй амьдралаа холбоод 43 жил болж байна. Өөрийгөө илэрхийлэх мөн хэр сайн хөгжимчин бэ? гэдгээ харуулах зорилгоор гоцлол, solo номер багтсан мөн "Haranga & Puje” хэмээх тоглолтоо зохион байгуулж байна. Мэдээж миний болон найзуудын минь гараас чанартай уран бүтээл гардаг. Үүнийг ард түмэн мэднэ тэгхээр миний бие даасан тоглолт үнэхээр сайхан болно. Учир нь тоглолтонд маань "Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн хөгжимчид, бүжигчид, арын алба гээд нийт 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг ажиллана.
Тоглолтын бас нэгэн онцлог нь дуу хөгжим, бүжиг наадам, орчин үеийн хөгжмийн урлагийг хослуулсан үзүүлбэрүүд байгаагаараа ихээхэн онцлог болох юм даа.
Энэ сарын 13-нд тоглогдох тус тоглолт маань таны анхны тоглолт билүү?.
Тиймээ би 43-н жилийн турш энэ хөгжмийн урлагт зүтгэсэнийхээ хүчийг анх удаагаа үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Аан манай хамтлагийнхан бол хэдэнтээ бие даасан тоглолтуудаа хийсэн байгаа. Миний хувьд бол анхны тоглолт юм.
Монголын рок поп, тэр тундаа хөгжмийн урлагт, бөмбөрийн урлагт оруулсан таны хувь нэмэрийг би тодруулж асуумаар санагдлаа.
Миний хувьд бөмбөрийн урлагийг би Рок түвшинд хөгжүүлсэн. Хоёр хөлтэй бөмбөрийг тоглох аргачлал, техникийг би анх оруулж ирсэн. Нэг ёсондоо мэргэжлийн түвшинд хөгжүүлж ирсэн гэсэн үг юм даа. Тэгээд бүх л хүмүүс надаас сурсан, тэр дундаа цэргийн хөгжимчдийн бөмбөрчид надаас сурч байсан юм.
Та энэ олон жилийн туршид энэ урлагт зүтгэж байна. Ер нь хичнээн шавь нар төрүүлсэн бэ?
Шавь нар гэвэл тоогоо алдсан. Учир нь би сүүлийн 10 орчим жил бөмбөрийн сургалт явуулж байгаа. Өнөөдөр монголын хөгжмийн урлагт бөмбөр тоглож байгаа бүхий л залуус миний шавь. Би өөрөө багш хүн залуучуудад бөмбөр гэх энэ хөгжмийг зааж өгөх сонирхолтой. Урлагийн замд нь зөв хөтлөөд оруулчих юмсан гэдэг бодол надад их байдаг. Гэхдээ манай орчин үеийн хүүхдүүд их туйлбаргүй болчихож, зүгээр л анхан шатны юмнуудын сурчаад л хоёр хөл гараа салгачихаад л хаяад явчихдаг болсон. Тэгээд л нэг хамтлаг гээд яваад байна.
Зорилт, зорилго гэж олигтой юм байхгүй, зүгээр л нэг бааранд тоглох гэж хамтлаг байгуулдаг болчихсон. Тэгээд л энэ тэндхийн бааранд нөгөө улиг домог болсон хэдэн гадаад дотоодын дуугаа дуулаад нэг хүний 20-30 мянган төгрөг авах гэж л явж байна. Түүнээс биш өөрсдийн уран бүтээлтэй, өөрсдийн хийсэн зүйлтэй, зорилготой хамтлагууд гэвэл тун цөөхөн байна.
Таны шавь нараас одоо хамтлаг болоод явж байгаа залуус байгаа юм?
Олон бий, түүн дотроос би "Солонго” гэж амьд хөгжмийн охидын хамтлаг байгуулаад хөжгмийн олон төрлөөр тоглодог жинхэнэ гоё хамтлагийг бүрдүүлээд бүх зүйлсийн өөрөө зааж сургаад, бэлтгээд гаргаад ирсэн. Гэтэл охид маань дөнгөж сурч боловсроод ид уран бүтээлээ туурвиж эхлэх цаг дээрээ бааранд дуулна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд л эхэлсэн. Тэгхээр нь би эхлээд өөрсдийн чанартай сайн уран бүтээлүүдээ туурвиад тэгээд түүнийгээ бааранд биш гадна дотны фестивал, арга хэмжээнд дуулдаг байх хэрэгтэй гэж хэлээд дийлээгүй.
Ингээд бодохоор залуучууд маань хөдөлмөрлөх, бүтээх дургүй болчихсон нь үнэхээр харамсалтай байгаа юм. Зүгээр л ингээд энгийн хялбар аргаар хөнгөхөн юм сурчаад түүнийгээ хямдхан газар тоглоод явах хүсэлтэй байна даа хөөрхий.
Танд бөмбөрөөс өөр хөгжим сонирхох бодол санаа төрж байсан уу?
Өдий олон жил би ганцхан бөмбөр гэх энэ хөгжимд дурлаж, шунаж байгаагаас хархад би бөмбөр гэх энэ хөгжимд хайртай байгаа хэрэг юм. Ямарваа нэгэн хөгжимөөр тоглож эхлэхдээ өөрийнхөө чадна гэсэн төрлийг л дагнаж сурах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бөмбөр тоглоод сурчилаа одоо гитар тоглье гэж болохгүй. Өөрийгөө бүхий л хөгжимийг тоглож чадаж байна гэж бодож байгаа хүнийг "Урлагыг завхайруулагч” гэдэг юм. Хүн хархад бүгдийг нь чадаж байгаа юм шиг тэгсэн хэрнээ аль ч төрлөөр нь мэргэшиж чадаагүй олон хүмүүс байна. Яг өөрийнхөө сонирхож тоглосон хөгжимөөрөө салбартаа тэргүүлж чадах нь чухал. Нэгэнт л би бөмбөр тоглоод эхлэсэн хүн бөмбөрөөрөө манлайлаад дуусах нь зөв. Би ямар гитар тоглоод Ц.Манлайгаа гүйцэх биш. Нэгэнт бурханаас чамайг "Чи бөмбөр тогло” гэсэн бол тэрийгээ л тогло. Манай орчин үеийн залуучууд хараад байхад бүгдийг чадаж байвал мундаг хүн болно гэж бодоод байх шиг байна. Тийм биш шүү . Өөрт оногдсон ажлаа хийгээд явах нь жаргал шүү дээ.
Тоглолтын хамтран ажиллагч байгуулага мөн найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?
Намайг тоглолтоо хийх хүсэлтэй байна гэдгээ хэлхэд миний бүхий л найзууд их сайхнаар хүлээн авч дэмжсэн. Тоглолтын найруулагчаар монголын бүхий л томоохон хэмжээний тоглолтыг найруулан тавьдаг "On and Of” продакшны найруулагч С.Ононбат ажиллаж байгаа.
Хамтран ажиллагч байгууллагаар хүнсний манлай үйлдвэр "Талх чихэр” ххк мөн Мэргэн ххк, "Dlitse”, "BSound” нар ажиллаж байгаа юм. Мэдээллийн ивээн тэтгэгчээр Л.Балхжав захиралтай "UBS” телевизи, www.URLAG.mn сайтын хамт олон ажиллаж байгаа. Энэ дашрамд дуулгахад "Талх чихэр” ххк-ны хамт олон Тайвань улсын "Lazer” брэндийн бөмбөрийг зөвхөн надад зориулж тусгай захиалгаар дунд гарийн жийпний үнээр хийлгэж өгсөн.
Намайг хөгжимчин хүнийх нь хувиар хүндэлж ийм сайхан бэлэг өгсөнд "Талх чихэр” ххк-ны хамт олондоо баярлаж байна. Мөн тоглолтнод маань чинь сэтгэлээсээ дэмжиж ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.
Баярлалаа. Таны тоглолтонд мөн цаашдын уран бүтээлд тань амжилт бүхний дээдийг хүсэе.
Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт бүхнийг хүсэе.
Ярилцсан: Э.Цэнд-Аюуш
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих