Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн "Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын "Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар "Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ.
Ингээд "Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.
- Халхгол сумын Засаг даргын Тамгын газар;
- 300 хүний суудалтай Соёлын төв;
- 20 ортой сум дундын эмнэлэг;
- 650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга. Үүнд: 180 хүүхдийн дотуур байр, урлагийн заал /дотроо цайны газартай/, спорт заал, хичээлийн байр,
- 150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг
Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тус сумын албан байгууллагууд шинэ барилга байгууламжиндаа үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээр төрийн албан хаагчид нь тав тухтай тохилог, дулаахан орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд сурч, хөгжих таатай байдал үүссэн гэлээ.
Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо энэ хичээлийн жилд нэмэгдэн 400 хүрч, есөн шинэ багшийг ажилд авсны гурав нь баруун бүсийн Ховд аймгаас ирж, тус сумын сургуульд багшлахаар болсон гэдгийг сургуулийн удирдлага дуулгаж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол орон өргөн уудам нутагтай учир алслагдмал сумдын хөгжлийг орхигдуулалгүй авч явах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж, Халхгол суманд бүтээн байгуулалтын төсөл амжилттай хэрэгжиж, сумын хөгжлийг бодитоор дэмжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Халхгол суманд амьдардаг ээжүүдэд "Эхийн алдар” одонг нь биечлэн гардуулж, баяр хүргэлээ. Тодруулбал, Халхгол сумаас нэг ээжид "Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, есөн ээжид "Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одон гардуулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих