Өөрсдийгөө "Ирак, Левантегийн исламын улс” хэмээн нэрлэсэн зэвсэгт дайчид Иракийн Анбар мужийн Рава, Ана, Эль-Кайм хотуудыг эзэлсэн байна. Түүнчлэн дээрх бүлэглэлийн зэвсэгт дайчид анх удаа Сирийн хил рүү довтолсон байна. "Аль-Кайда”-тай нягт холбоотой гэгддэг исламын шашны сүннит урсгалыг дагадаг "Ирак, Левантегийн исламын улс” хөдөлгөөний зэвсэгт дайчид энэ сарын 10-11-нд Тикрит, Мосул зэрэг Иракийн гол хотуудыг эзлээд авсан билээ.
Иракт одоо өрнөөд буй дайныг зарим ажиглагчид исламын шашны сүннит болон шийт урсгалын хоорондын мөргөлдөөн гэж үзэж байна. Энэ сарын 21-нд Иракийн нийслэл Багдад хотод "Ирак, Левантегийн исламын улс” хөдөлгөөний зэвсэгт дайчдын эсрэг тэмцэх шийт цэргүүдийн жагсаал болжээ. Тэд шийтүүдийн оюун санааны лидер Мухтада ас-Садрын зургийг барьж жагссан байна. Шийтүүд амьдардаг Садр-Сити дүүрэгт жагсаалаар явсан сайн дурын шийтүүд гартаа автомат, гранатомёт барьсан байв.
Сүүлийн арваад жил дайны хөлд үрэгдээд буй Иракт одоо шашны урсгал хоорондын мөргөлдөөний гал дүрэлзэж эхлэв. Хэрэв "Ирак, Левантегийн исламын улс” хөдөлгөөний зэвсэгт дайчид шийтүүдийн шүтдэг ариун газруудад халдвал Иран улс ч мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож магадгүй аж.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих