Шөнө л болж байлаа... Цагаан унтлагын торон даашинз. Тэр эмэгтэйг үнэндээ би ч сайн танихгүй л дээ. Ямартай ч түүний гар нь салгалж, өвдөг нь чичрээд шатан дээр суучихсан байсныг л санаж байна. Тэр чичрээд байгаагаа өөрөөсөө хүртэл нуух гэж оролдон өвдгөө тас тэвэрсэн байсан. Шөнө л болж байлаа.
Тэр дараа нь байшингийн хамгийн дулаахан, хамгийн том өрөө рүү ороод суусан. Миний ажигласнаар бол ямар нэг зүйлийг алгаараа халхлан, хэн нэгнээс нуугаад байгаа юм шиг л санагдав. Үе, үе уруул нь чичирсхийн хөдлөөд л агаарт замхрах мэт болсон. Үнэндээ тэр намайг анзаарах ч сөхөө байгаагүй. Би түүнийг ширтээд эсрэг талд нь буйдан дээр сууж байсан. Тэр намайг хараа ч үгүй. Харсан бол хөөж тууж ч мэдэхээр, тийм их айсан байсан.
Ямар нэг урилгагүй зочин хонх дараагүй. Зүгээр л хаалгыг нь эвдлээд л ороод ирсэн. Бүсгүй айсан хэвээрээ өнөөх нуугаад байгаа зүйлээ цээжиндээ наасан. Гэхдээ тийм их ойртуулж болохгүй байсан. Үхчих гээд байсан. Шатчих гээд байсан. Тэгээд чимээ гарсан зүг бүсгүй харсан... Үүдний өрөөнд хэн нэгэн аяархан алхаж эхэлсэн. Бүсгүй үл мэдэг цочсон боловч яагаад ч юм жаргалтайгаар бүдэгхээн инээмсэглэсэн. Энэ мөч хүртэл би түүнийг огт сэтгэл хөдлөлгүйгээр ширтээд л байсан.
Тэр алхаа тодорч эхлэв. Өлмий дээрээ аяар, аяархан алхалсаар өнөөх үл мэдэх хүн үүдний өрөөний гэрлийг унтраачихсан... Бүсгүй гэрэл унтарсныг анзаарсан л даа. Гэхдээ нэг их тоогоогүй. Дараа нь өнөөх хүн хонгилын гэрлийг, тэгээд унтлагын өрөөний гэрлийг бас унтраасан. Тэр хүн алхаад л өрөө бүрээр аажуухан явсан. Асаалттай байсан ширээний гэрэл, бүр сарны гэрэл тусдаг гэгээвчний хөшгийг хүртэл бүр мөсөн хаасан.
Ингэх тусам өнөөх эмэгтэй нөгөө хачин зүйлээ хаана нуухаа олж ядан, байж суух газраа олоогүй. Би түүнд энэ буйдангийн араар нуучих гэж хэлмээр л байсан. Гэхдээ мэдэгдчих л байсан л даа. Өнөөх танихгүй хүн юу, юугүй бүсгүйн байгаа өрөө рүү орж ирэх гээд байсан. Бүсгүй түүнийг орж ирэхийг хүлээгээд л байгаа хэрнээ үхтлээ айсан байсан. Айснаасаа болоод бүсгүй чанга дуугаар ганцаараа ярьж эхэлсэн. Би үхтлээ цочсон. Тэгээд түүний ярихыг сонсох хэрэгтэй гэж өөртөө хэлсэн.
Тэр нэг тийм сөөнгө хэрнээ чанга хоолойгоор "Та нар биднийг юу гэж боддог вэ? Хүүхдийг чинь төрүүлж зөвхөн гэрт чинь суудаг жирийн л нэг сав, суулга төдийхөн зүйл гэж боддог уу? Хамгийн харамсалтай нь бидэнд та нараас илүү хүч чадал байдаг юм аа” Хамгийн харамсалтай нь...” гэж хэлэв.
Гэтэл гэнэт түүний мөрөн дээр өнөөх танихгүй хүн аяархан үнссэн. Яг л бусад өрөөний гэрлийг дуустал нь унтраасан тэр аажуухан хэмнэлээр... Мөрөн дээр нь, хүзүүн дээр нь үнссэн. Бүсгүй түүнийг орж ирнэ гэдгийг мэдэж байсан. Энгэртээ өнөөх зүйлээ барьчихсан хэвээрээ л байсан. Одоо тэр хоёр юу ярилцах бол гэж би аймшигтай их догдлон хүлээсэн. Гэтэл тэр эмэгтэй түүний нүд рүү далдиртал ширтээд...
Эр хүн л анх бидэнд цэцгийн үхлийг бэлэглэж сургасан. Үзэсгэлэнтэй үхэл гэж энэ. Та нар харгис. Тэр харгислалыг бид мэдрэхдээ аз жаргалтай болдог. Тэгэхээр бид бүр ч харгис. Эх хүн хүүхэддээ, эр хүний хайр амлуулдаг. Эр хүний сэтгэл цав цагаан. Бүгдийг хүн болгосон сүү шиг! Тэд яг тийм. Гэвч тэд өчүүхэн. Өчүүхэн гэж хэлсний минь төлөө намайг хараан зүхэх... Тийм өчүүхэн. Адгийн... Адгийн сайн сайхан хүмүүс бол та нар. Эмэгтэй хүний нулимсыг жишим ч үгүй залгиад түүндээ хожим хордохоо мэддэггүй тийм гэнэн. Ээ, Тийм гэнэхэн. Харамсалтай нь... Та нар биднээс гэнэн... гэж хэлэв. Би түүнийг арай ч ингэж хэлнэ гэж санаагүй. Өнөөх урилгагүй зочин гайхсандаа хөшсөн байсан. Тэгээд тэр эмэгтэй цааш...
Бүсгүй түүн рүү хараад ингэж л хэлсэн. Тэгээд чимээгүй болсон. Өнөөх урилгагүй эрхэм юу гэж хэлэхээ мэдээгүй. Байшингийн бусад бүх өрөөнд сүүдэр ч алга. Бүсгүй хэн нэгнээс нуугаад байсан өнөөх зүйлээ энгэртээ тэвэрсэн хэвээрээ л байлаа. Би тэднийг ажиглаад л буйдан дээрээ улам шигдэн суусан. Аймшигтай хормууд өнгөрөв. Залуу түүний нуруунаас тас тэвэрсэн байсан. Тэр бүсгүйн жижигхэн нурууг тэвэрсэн чигтээ түүний алган дээрээ асаасан лааг аяархан үлээгээд унтраалаа. Түүний нуугаад байсан зүйл ердөө л нэг лаа байж шүү дээ. Залуу бүсгүйн хүзүүн дээр үнссэн шиг ээ, яг тэр амьсгалаар л сүүлчийн гэрлийг унтраав. Одоо байшин бүр мөсөн харанхуй болжээ. Бүсгүй ийм зүйл болохыг мэдэж л байсан. Тэгээд арай хийн тэмтчин хамгийн өндөр, хамгийн нарийхан өсгийтэй гутлаа олж өмслөө. Бүсгүй гутлаа өмсөж байх зуур, залуу руу инээмсэглэн хараад... Эмэгтэй хүн хайртай хэдий ч орхин одож, дурлаагүй хэрнээ хайрлаж чаддаг! Эмэгтэй хүн л хадаасан дээр алхаж чаддаг юм даа! гэж хэллээ. Бүсгүй тэндээс гараад байшинг нурам болтол нь шатаачихна гэж хэн санах вэ дээ! Би тэнд буйдан дээрээ суусан хэвээрээ. Өнөөх гунигт залуугын гараас атгаад... Хамтдаа үлдсэн дээ.
Зохиогч: Эмэгтэй хүний зүрх сэтгэлийн тасалгаагаар эр хүн аажуухан алхсаар л байдаг... Хайрлах мэт намуухан хэмнэлээр тэд бүх өрөөний гэрлийг унтрааж дуусгана. Харин эмэгтэй хүнд "Нэг бол хамгийн харгисаар бүхнийг түймэрдчихээд орхин одох" эсхүл "Нурам болтлоо хамт шатах" гэсэн хоёр л сонголт үлдсэн байдаг. Хамгийн аймшигтай нь алийг нь ч сонгосон бай, бид нууцат увидасаар инээмсэглэж чаддагт л бүх учир байгаа юм!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих