Халхын Ноён хутагтуудын ҮII дүр Агваанлувсандамбийжанцан нь 1875 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн Амгаабазарын хошууны нутагт төржээ. 1899 онд Манжийн хаан түүнд шавь захирах тамга олгосон боловч, 1908 онд хэргийн учир Хүрээ сайдын газраас зарлигаар цол, тамгыг татгалзуулжээ.
XYI-XX зууны эхэн үед Түшээт хан аймгийн хутагт хувилгаад бүгд-21, тэдгээрийн удаа дараа хувилсан нь 64 байжээ. Эдний нэг нь Халхын Ноён хутагт бөгөөд Манжийн хааны үед шавь захирах тамга, цолоо хураалгасан хэдий ч 1915 онд Шашин төрд туслах сайдуудын газраас YII Ноён хутагтад "Аграмба цорж” цолыг олгосон байна. Удалгүй Монгол орноо үндэсний ардчилсан хувьсгал ялж, 1921 оны оны 11 дүгээр сарын 1-нд Ардын Засгийн газрын тогтоолоор Богдын эрхийг зааглан тогтоосон "Тангарийн гэрээ” хэмээх хуульчилсан дүрэм батлав.
Энэхүү гэрээнд Жибзундамба хутагтыг төрийн хэргээс тусгаарлаж шашны тэргүүн болгож, 1923 онд "Шавийн захиргааны дүрэм”-ийг батлан, шавийн захиргааг өөрчилжээ. 1924 оноос орон нутаг дахь шавь, хамжлага бүхий хутагт хувилгаадын хуучин захиргааг халж 10 өрх, баг, отог, дараа нь хошуу, аймаг болгон зохион байгуулжээ.
Бидний
өгүүлэн буй Ноён хутагт тухайн үед Мэргэн вангийн хошуунд захирагдаж
байв. Энэ хошууны талаар товч дурдвал, Богд хаант Монгол улсын үед
Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Ардын засгийн жилүүдэд
Богд хан уулын аймгийн Хутаг уулын хошуу нэртэй болж уг хошуу нь дотроо
Хутаг уулын хошуу, Их дулаан уулын хошуу гэсэн хоёр хошуу болон
тусгаарлагджээ. Хутаг уулын хошуу нь Баян, Галба, Цээл, Ухаа уулын 4
сумтай, Их дулаан уулын хошуу нь Баян, Дэлгэрэх, Сайхан, Сүмбэр-Цагаан,
Сууж, Чандмань, Эрдэнэ зэрэг 7 сумтай байв. Одоогийн Дорноговь аймгийн
Хөвсгөл, Хатанбулаг, Сулинхээр, Улаанбадрах, Өмнөговь аймгийн Ханбогд
сумд нь Хутаг уулын хошуунаас, Дорноговь аймгийн Алтанширээ,
Сайхандулаан, Өргөн сумдууд Их Дулаан уулын хошуунаас тус тус үүсэн
байгуулагджээ. Их Дулаан уулын хошуу нь 1923 онд Хан-Хэнтий уулын
аймгийн захиргаанд шилжсэн байна. YII Ноён хутагт нь Их Дулаан уулын
хошуу буюу одоогийн Өргөн суманд харьяалагдаж байжээ.
1929 онд
"Хутагт хувилгаадыг тодорхойлон бүртгэсэн маягт”-д, "Алдаршсан нэр: Ноён
хутагт, өөрийн нэр: Наваанлувсан (Агваанлувсан). Урьд эрх мэдэлтэй
байсангүй гагцхүү долоон удаа залагдсан. 55 настай, эхнэргүй. Бусдаас
тэжээсэн 10-аад настай охин хүүхэд хоёр.
Ойр төрлийн садан үгүй,
86 бодтой. Жил бүр татварт төгрөг гурвыг хураалгамой. Сүмбэрцагаан сумын
6 дугаар арван, Өвөрхамарын хийдийн газар дувтам (байнга) суумой. Ойр
үед захирагдаж явсан шавь үгүй. Ноён цорж хутагт цолыг устгуулан гагцхүү
бандийн сэтэртэй үлдсэн” хэмээн өөрийн тухай мэдүүлжээ.
1925 онд
Улсын Бага Хурлаас хутагт хувилгаадын шавь нар гэдэг нэрийг халахаар
шийдвэрлэсэн байна. 1928 онд хуралдсан МАХН-ын YII, Улсын Y их
хурлуудаас YIII Богд Жибзундамба хутагтын зэрэг бусад хутагт хувилгаадын
хойд дүрийг залж тодруулахыг хуулиар бүрмөсөн хориглосон юм. Энэ үед
YII Ноён хутагт "Аграмба ноён цорж” цолоо хураалгажээ.
Мөн Богдын шавийн зохион байгуулалтыг дахин өөрчлөн 80 отог байгуулагдахад Баттулга уулын отгийг Мэргэн вангийн хошуунд нутаглаж байсан Аграмба Ноён цоржийн, мөн Жаран шавийн, Эх Дагины Сант сүмийн, Говийн тайж Ананд-Очирын хамжлага отгуудаар байгуулжээ.
1924 онд Баттулга уулын отгийн бүгд өрх-137, бүх амын тоо-1770, бүх бодын тоо-14172 байжээ. 1929 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газрын Эрхлэх товчооны гишүүдийн хамтран хуралдсан Y хурлын тогтоолоор, олон ардыг дарлан боолчилсон шар, хар феодал нарын зэрэг этгээдүүдийн хөрөнгийг хурааж үгээгүй хоосон ядуусыг тэтгэх туслах нийтийн хөрөнгө болгох бодлогыг хэрэгжүүлэх үйл явц Ноён хутагтыг тойрсонгүй бусад хутагтын адил хөрөнгө малаа хураалгажээ.
1929 онд түүний 192 агт, 132 тэмээ бусад эд хөрөнгийг хурааж, 1931 онд хөрөнгөө нуун дарсан хэргээр баривчлан хорисон байна. 1930 оны 9 дүгээр сарын 29-нд Хэнтий аймгийн Шүүхээс Их Дулаан уулын Шүүхэд илгээсэн бичигт, 169 тоот бичгээр хүргүүлэн ирсэн Наваанлувсандамбийжанцанг хүлээн авсан тухайгаа мэдэгджээ.
Улмаар мөн оны 12 дугаар сарын 25-нд Хэнтий аймгийн Шүүхээс Эрүүгийн хэргийн 47 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 217 дугаарыг баримтлан 5 жилийн ял төлөвлөсөн байна. Ингээд 1930 оны 12 дугаар сарын 29-нд Шүүх Таслах Газраас 867 тоот бичгээр Төв засан сайжруулах газарт 5 жил хорих ял эдлүүлэхээр тогтоожээ.
Феодал Навааныг хорих тухай архивын эх баримт
Ноён хутагтыг цагаатгах ажлын судалгааны явцад Агваанлувсандамбий жанцан буюу Цэрэндэжидийн Лувсанбалдан нь 1910-аад онд 2 охин өргөж авсаны нэг нь Ганжуур овогтой Цэцэгмаа мөн бөгөөд нэхэмжлэгч С.Одсүрэн түүний төрсөн хүү болох нь гэрч С.Зоригтбаатар, З.Алтангэрэл нарын мэдүүлгүүд, ТЕГА-ын лавлагаа, судалгааны материал, дуртгал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2001 оны 6 дугаар сарын 22-ны 5/28 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдсан байна.
Эцэст нь түүний сургаал бүтээлийн талаар цухас дурдахад, YII Ноён хутагт нь Y Ноён хутагт Данзанравжаагийн зохиож ард олноо толилуулж байсан "Саран хөхөө жүжиг”-ийг тоглуулах горимыг дахин бичиж, ойр орчмын айл болон хийдүүдээс дүрд тохирох хүмүүсийг сонгон авч байсан тухай мэдээ баримт байдаг. Энэ тухай судлаач, доктор С.Хөвсгөл судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ.
Түүнчлэн YII хутагтын өөрийнх нь бичсэн "Ноён хутагтын сургаал оршвой” зэрэг олон сургаалын зохиолууд байдаг нь тухайн үеийн эрдэмтэн мэргэдийн нэгэн байсныг илтгэх буй заа.
Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комиссын Эрдэм шинжилгээний ажилтан Хатанбатын Мэндсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих