Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийгэмд чиглэсэн хүний хөгжлийг дэмжих ажлуудыг хийх зорилтыг аймгийн удирдлагуудын зүгээс баримтлан хүний хөгжлийн гол үзүүлэлтүүд болох эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын ажил, хүүхдийн хүмүүжлийн ажилд хийгдэх ажлуудын талаар санал санаачлагыг авах ажил эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ажилтнууд, сургалтын менежерүүд, цэцэрлэгүүдийн арга зүйчид, боловсролын салбарын ахмад ажилтан багш нарыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.Аймгийн хөгжлийн сан нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай болон аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн хандив тусламжаас бүрддэг юм.Урьд жилүүдэд энэ сангийн хөрөнгийг бүтээн байгуулалт, баяр наадамд ихэвчлэн зарцуулдаг байсан бол одоо хүний хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаануудад зарцуулахаар төлөвлөж ийнхүү иргэд болон мэргэжилтэнгүүдээс санал авч байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтыг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга М.Бадамсүрэн нээж аймгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хүний хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллуулах бодлого баримтлаж байгаагаа танилцуулсан юм.Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд оролцсон боловсролын салбарынхан хүүхдийн хүмүүжил,тэр дундаа суурь хүмүүжлийг олж авдаг сургуулийн өмнөх боловсролд анхаарах, дуу хөгжим, биеийн тамираар дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх арга зүйг боловсруулах, туршлага судлах, хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхтэй хамтран ажиллах, багш нэг бүрийг хөгжүүлэх, нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарах зэрэг саналуудыг тавьж саналаа солилцсон юм.Мөн хүний хөгжлийн гол индексүүд болох эрүүл мэнд боловсрол,урлаг соёлын мэдлэг дадлага чадварыг багаас нь төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж санал нэгдсэн юм.Аймгийн хөгжлийн сангаас хийгдэх хүний хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаануудын талаар бодлогын баримт бичиг гарган олон жил тасралтгүй үр бүтээлтэй явагдах ажил болгохыг зорьж байгааг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга М.Бадамсүрэн онцлож байлаа.
ОТГОНБАВУУ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих