Чойбалсан хот /Хэрлэн сум/ нь түүхэнд
Санбэйсийн хүрээний суурин дээр 1938 онд Баянтүмэн хот нэртэйгээр
байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотоос 660 км зайтай.
Тус сум 28,3 мянган га газар нутаг, 8,7 мянган өрхийн 37,9 мянган хүн
амтай. Нийт 89,5 мянган толгой малтай. Хүн амын 60,2 хувь нь халх, 10,3
хувь нь буриад, 29,5 хувийг барга үзэмчин зэрэг бусад ястнууд эзэлдэг.
Тус суманд 70 гаруй байгууллага, 400 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.
Засаг захиргааны анхан шатны нэгж болох 10 багтай. Нэг баг дунджаар
900-аад өрх, 3800 гаруй иргэдтэй.
Манай хотод түүхэнд эх орон ард түмнийхээ төлөө гавъяат үйлсийг
бүтээгчид, алдар нэрийг цуурайтуулсан олон сайчууд зочилж байсан
байснаас ЗХУ, БНМАУ-ын баатар, армийн гегерал И.И.Федюнинский, ЗХУ-ын
сансрын нисгэгч В.В.Горбатко, В.А.Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар,
сансрын нисгэгч, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Монгол улсын болон
Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал, Чойбалсан хотын МАХН-ын хорооны
дарга асан 9-р багийн иргэн Д.Намхай, Монгол улсын урлагийн гавъяат
зүтгэлтэн В.Боролдой нарыг Чойбалсан хотын "Хүндэт иргэн”-ээр
өргөмжилжээ.
Чойбалсан хотод БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, жолооч Т.Тангад, Н.Галсан,
геологич Ж.Сүрэнхүү, төрийн шагналт токарьчин Т.Ламжав, гавъяат
уурхайчин Ц.Долгоржав, гавъяат барилгачин Авирмэд, хүний гавъяат эмч
Ч.Орсоо, гавъяат багш Цэдэвсүрэн, Д.Бадарч, гавъяат жүжигчин Ч.Банзрагч,
Д.Жамбал, С.Цэрэндаш, Ц.Дарьсүрэн, Д.Дондог, П.Түвдэндаржаа,
Дугарсанжаа, Т.Рина, урлагийн гавъяат зүтгэлтэн В.Боролдой, хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Дамдинсүрэн, Чойбалсан хот Хэрлэн сумын Засаг
даргаар ажиллаж байсан Ц.Баттөмөр нарын алдар гавъяатай хүмүүс олон
бий.
Тус сумын ард иргэд "Хан-уул” овоог жил бүр тахидаг.
Хотын хэмжээнд ЕБ-ын 12 сургуульд 10300 гаруй сурагч, 10 цэцэрлэгт 1838
хүүхэд суралцаж, хүмүүжиж байна. Тус суманд Монгол мэдлэгийн их
сургуулийн салбар, Шаталсан сургалттай техник технологийн сургууль,
Дорнод дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг
сургуулиудад 900 гаруй оюутан сурагч суралцдаг.
Чойбалсан хот нь үйлдвэржсэн, хүн ам олноор төвлөрсөн томоохон хотуудын
нэг юм. Тус хотод махны үйлдвэрлэл, худалдааны "Дорнод” ХК, нүүрсний
"Адуунчулуун” ХК, "Дорнод гурил” ХК, "Зүүн бүсийн эрчим хүчний систем”
ХК, зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах "Бүсийн оношлогоо
эмчилгээний төв”, Нефьт хангамжийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний
газар зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд ажилладаг. Мөн гадаадын
хөрөнгө оруулалтай даавууны болон аккумляторын үйлдвэр ажилладаг.
Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. ОХУ-тай холбосон төмөр замын
Баянтүмэн тасаг, цагт 60 хүнд үйлчлэх чадалтай олон улсын хэмжээний
нисэх онгоцны буудалтай.
Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг,
Манжуур, Хайлаар, Рашаант хотуудтай найрамдалт хамтын ажиллагааг
хөгжүүлэн ажиллаж байна.
Зүүн бүсийн хэмжээнд баригдсан томоохон үйлдвэрийн газруудтай тул төмөр замаар ОХУ болон бусад улс орнууд руу мах хүнсний болон байгалийн ашигт малтмалыг экспортлох боломжтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих