Зурхайн тоолол жил мэнгэ: XVI жарны гал луу жил. 6 цагаан мэнгэтэй
Унасан газар угаасан ус: Дорнод аймгийн Чулуунхороот сум
Аавын сургаал амьдралын луужин: Санаа зөв бол, Заяа зов
Сурсан сургууль эзэмшсэн мэргэжил: УБИС-ийн Зургийн багш Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын магистр
Ажлын гараа өнөөдрийн бариа: Анх Дашбалбар сумаас бизнесийн гараагаа эхэлсэн. Одоо "Хайтан-Урлал” ХХК-ний Захирал
Хорол тооно тулсан хос багана: Хань А.Ариунтуяа "Хайтан- Урлал” ХХК-ний менежер
Арга бэлгийн заяа алтан аргамж: Хүү А.Моглом ЕБС-ийн сурагч
Эр хүний ноён нуруу намба төрх: Хүн хүнээ хайрлаж, гэр бүл, үр хүүхдээ хайр халамжаар дутаахгүй амьдрах
Ажилч бүтээлч байхын нууц: Өмнөө тавьсан зорилготой, тууштай хөдөлмөрлөдөг, шинийг эрэлхийлэгч, сэтгэгч байх
Магнай тэнийх сэтгэлийн баясгалан: Зорьсон ажлынхаа үр дүнг үзэж, гэр бүлээрээ тав тухтай, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах
Түмэндээ нэртэй олондоо тустай явахын учир: Сайн эцгийнхээ буяныг дааж тэднийхээ нэрийг өндөрт өргөж явах. Мөн аливаад гар татахгүй олондоо тус буян хийж явбал өөрийн ажил бүтнэ гэж боддог.
Номыг бүтээгчид маань нэгэн хүний хөрөг бичих даалгавар өглөө. Нэрийг нь Адилбаяр гэнэ. Танихгүй юм аа. Ямар ч байсан "Хайтан”, Үйтэн”-гийн эзэн гэдгийг нь мэдээд авлаа. Хэд хоногийн дараа Хэрээ багшаас,
-Танд Адилбаяр гуайн утасны дугаар байна уу? гэвэл "Чи ч нэг их гуайлаад байхааргүй залуу хүн байгаа байх аа. Явдал суудал ихтэй байдаг бололтой, ер байж тааралдахгүй юм. Даруйхан олж уулзахыг бодоорой” гэсээр дугаарыг нь өгөв. Залгавал хариу өгсөнгүйд "Хайтан” дэлгүүрт нь явж очин, түрүүнд гуайлах хэрэггүйг ойлгосон учир энэ "Адилбаяр ахтай уулзах гэсэн юм, байна уу” хэмээн сураглахад,
-Дарга амарч байгаа. Үдийн хойно ирэх биз дээ гэв. Үд хэвийх үед холбоо бариваас, амжуулах ажил ихтэй яваа бололтой, маргааш уулзахаар боллоо. Ийнхүү бяцхан хөглөсөөр бид уулзалдвал, үнэхээр гуайлах эртдэхээр, үе тэнгийн залуу байна. Уран зохиолын хэллэгээр бол "ахиулал”-аар ойлгож, "бууруулал”-аар танилцсан бид хоёрын яриа ийн өрнөлөө.
"...Одоогоор би жинхэнэ л хийж бүтээх насандаа, бас шатандаа яваа хүн л дээ. Миний энэ зэргийн нийгмээ гэх сэтгэлтэй, хүнээ гэх сэтгэлтэй, өөрийн хүчээр, өөрийнхөө бүтээсэн ертөнцөд, өөрийнхөөрөө амьдрах энэхүү хүмүүжил боловсрол, хөдөлмөр зүтгэлийг суулгаж агсөн хүмүүс бол аав ижий хоёр минь юм. Бидний энэ сайхан амьдралын гараа түүчээ нь болж, өөдлөн дэвжих замын эхэнд нь хамт байлцаж, заяаг минь хамт түшилцэн, цаашид төрдөө нэртэй, түмэндээ тустай явах бат суурийг нь харж, сэтгэл амар, тайван сайхан амьдарч байсан хоёр буурал маань өнгөрсөн жил их ойрхон, хоёулаа "бурхан болчихлоо”. Олон жил нэгэн бие, нэгэн сэтгэл, нэгэн цул ертөнц болж амьдарсан болохоор бурхны орондоо залрахдаа ч хамт одчихдог юм уу даа. Миний хамгийн эрхэм хүндэтгэл, хамгийн нандин бахархал минь энэ хоёр маань юм” гэсээр бид аав ээжийнх нь тухай ярианд шилжив.
2008 оны тавдугаар сард Дорнод дээд сургуулиас санаачлан зохион байгуулсан "Буриад ертөнц: Хэл соёлын хөгжлийн үзэл баримтлал, стратеги” сэдэвт олон удсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, оройн хүлээн авалтад ханийнхаа хамт оролцон, үндэсний хувцасаараа гангарч харагдсан настан бол Адилбаярын ээж байж. Хоёр буурал нас хэдийгээр дал гарсан ч, хөнгөн шингэн гэж жигтэйхэм бүжгийн талбайд бусад олонтой "бүжин цэнгэж” байсан мөнөөх хоёрыг би зургийн цомгоос нь харж, танив. Тэд бол 1971 онд УБДС- ийн зураг хөдөлмөрийн багшийн ангийг төгсөж, улсдаа тасралтгүй 32 жил ажилласан "Ардын боловсролын тэргүүний ажилтан” Лхамжавын Паршин, мөн УБДС-ийн СӨНХ-ийн сурганы ангийг дүүргэн, 30 жил хүүхдийн байгууллагад хөдөлмөр бүтээлээ зориулан зүтгэсэн, "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” Цэгмэдийн Цэвэлмаа гуай нар байлаа. Тэдний отгон хүү нь Адилбаяр ажээ.
Наймдугаар ангиасаа эхлэн математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, улмаар сургууль, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэгчдийн тоонд багтаж эхэлсэн тэрээр 1993 онд Дорнод аймгийн математикийн олимпиадын гурвын даваанд тэргүүн байр эзлэн, Дундговь аймагт болсон Улсын олимпиадад амжилттай оролцож байжээ. Энэ нь түүний математик сэтгэлгээ хэрхэн хөгжиж, төлөвшиж байсныг гэрчилнэ. Үүнд түүний багшийнх нь нөлөө, хүч хөдөлмөр шингэсэн нь тодорхой.
Тэрээр өгүүлэхдээ, "...Манай ангийг 8-р ангид ордог жил Дашдорж багш /Одоо Дорнод дээд сургуульд ажиллаж байгаа/ маань Чулуунхороотоос шилжиж ирсэн юм. Бидэнд математик орж эхэллээ. Хичээл бүрийнхээ төгсгөлд таван минутын шалгалт авна. Үүнд нь бид янз бүр л дүгнэгдэнэ. Хангалтгүй үнэлэгдэх тохиолдолд ч гарах бөгөөд багшийн маань яг энэ арга барил нь бидэнд өөртөө дүгнэлт хийх боломжийг олгож, математик сонирхох сэдлийг төрүүлж өгсөн гэж би боддог. Туршлагатай багшийн ганц үг, ганц үйлдэл ч хүнд ямар их ухаарал, урам зориг, эрч хүч өгч болдгийг би тэндээс л олж харсан. Энэ цаг үеэс л би Дашка багшийнхаа гарын шавь нь болсон юм. Намайг математикт үнэхээр дур сонирхолтой болгосон төдийгүй бидний математик сэтгэлгээг илт хөгжүүлж өгсөн ачтай, гавьяатай хүн дээ. Ангийнхан маань ч мөн адил, тоо бодоод л ангидаа суучихдаг байлаа” хэмээн дурсав. Унэхээр ч "шавийй эрдэм багшаас” гэдэг энэ лээ.
Гэвч П. Адилбаяр матемасткийн чиглэлээр мэргэжил сонгосонгүй. Төгсөлтийн уоалдаант щалгалтдаа ч матеметикаараа л суурилж бэлтгэсэн тэрээр УБИС-ийн Урлал дизайны ангид элсэн суралцахаар болжээ. Энэ тухай түүний багш Д.Дашлорж ...би тэдний ангийг дааж, 10 төгсгөсөн юм. Хавар Адилбаяр маань математикаараа "конкурс”- тэхээр ирсэн Гэтэл тэр жил, конкурс эхлэхийн өмнөхөн нэг сурагч 2 мэргэжлээр шалгалт өгч болох тухай шийдвэр гарлаа. Ингэж л шавь маань математик, зураг хөдөлмөрийн чиглэлээр шалгалт өгч, хоёуланд нь авах ёстой дээд оноог нь бүтэн авснаар өөрөө аль дуртай мэргэжлээрээ сонгон суралцах эрхтэй болсон юм. Яг энэ сонголт хийх торгон агшинд хуваарийг нь авах тухай надаас асуухад, би түүний аав ээжийн урлан бүтээх их авьяас хийгээд монгол ахуй, үндэсний урлал, соёл сэтгэлгээгээ ихээхэн эрхэмлэн дээдэлдэг болохыг мэдэх учир, бас ч шавь минь чамгүй гарын уртай, тухайн цаг үе маань зах зээлийн нийгэмд нийгэмд байгаа зэргийг бодолцож, урлал дизайны ангиа сонгосон нь дээр биз дээ гэж зовлосон. Энэ үг түүнд нөлөөлсөн ч бай, үгүй ч бай, итгэл даасан шавийн минь хувьд багшаасаа ийн асуусныг би ихэд хүндэтгэл гэж ойлгож, баярлаж билээ” хэмээн бахархан өгүүлж сууна.
Аавынхаа мэргэжлийг өвлөн авснаараа алдаагүй сонголт хийсэн гэдгээ Адилбаяр ажил үйлсээрээ харуулж явна.Тухайн үедээ"товхийсэн” амьдралтай сэхээтний гэр бүлд төрсөн хэдий ч багшийн ажилтай аав ээжийнх нъ цалин нэг л хүрэлцэхгүй байгааг анзаарсан гэрээр оюутан ахуй цагаасаа л фото зураг авах, амралтаараа аавынхаа хамт ан гөрөө хийж, арьс бүтээгдэхүүнийг борлуулах, эд зүйлс хийх зэргээр өөрийн гэсэн орлоготой байх, мөнгө санхүүгийн эх үүсвэр, хэрэгцээгээ хангах боломжуудыг туршин сорьж байжээ. Ингээд 1997 онд сургуулиа төгсөж Дашбалбар сумандаа ирэн хувиараа оёдол жийж эхэлсэн байна. Энэ тухайгаа тэрээр "...Костюм пиджак, малгай куртик гээд оёогүй юм бараг үгүй, өдөр шөнөгүй зүтгэсээр хагас жил болоход би 10 гаруй хоньтой боллоо. Тэр үед бэлэн мөнгө ховор байсан даа. Тэгээд л нөгөө хэдэн хонио хотод аваачиж борлуулчхаад, Эрээн гарч бараа татан, сумандаа хүнс барааны дэлгүүр нээсэн маань миний бизнесийн гараа байсан юм” хэмээн хуучиллаа.
Түүнд бизнес эрхэлэх суурь сэтгэлгээ бүр багаас нь төлөвшсөн бололтой. Миний ийн бодохын учир нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамцын 2007 онд "Шилдэг гэр бүл”-д нэр дэвшүүлж бичсэн тодорхойлолтод "...Зах зээлийн нийгэм эхлэхээс ч өмнө хоёр буурал ногоо тарьж, авсан ургацаа гэрийн нөхцөлд лаазалж нөөцлөх, гахай өсгөн мах комбинатын маханд нийлүүлэх, ан ав хийн махаар нь идээ зууш бэлтгэх, түүхий эдийг нь боловсруулж, арьсаар нь гутал, малгай оёж худалдан борлуулах зэргээр хувийн бизнес эрхэлж байсан юм. Энэ ч уламжлалаараа хүүхдүүдээ зах зээлийн овсгоо, сэтгэлгээтэй иргэн болгон хүмүүжүүлж, одоогийн эрхэлж байгаа бизнесийн ажлын үндэс суурийг тавьж өгчээ” хэмээн тодотгосноос тодорхой харагдана.
П.Адилбаяр одоо "Хайтан” торго, бөс барааны, "Үйтэн” хөшиг тюлийн, "Гурван” аялал, спортын төрөлжсөн дэлгүүрүүдийг ажиллуулж, түмэн олондоо үйлчилж байна. Мөн дэлгүүрүүддээ оёдол үйлчилгээ эрхэлдэг төдийгүй тухайн тухайн чиглэлээрээ дагнасан худалдаа, үйлчилгээ явуулж буй учир байгууллага, хувь хүмүүс тэдэнд их ханддаг, захиалга ч хангалттай байдаг зэрэгтээ түшиглээд оёдол үйлчилгээ, Хайтан урлал” ХХК болж өргөжин, төсөл, тендерийн ажлуудыг гүйцэгтэж байна.
Мөн тэрээр мэргэжил, сонирхлынхоо дагуу урлаг, урлал талдаа элэгтэй, зүтгэлтэй болох нь ажиглагдана. Нийгэм, цаг үеийнхээ өорчлөлт шинэчлэлийг дагаад, орчин үеийн хэрэгцээ хэрэглээ болсон интерьер, экстерьер дизайны чиглэлээр хувь хүн, албан байгууллагуудад мэргэжлийн зөвлөгоө туслалцаа өгч, үүнтэйгэээ уялдуулан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулах зэрэг асуудлыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд анхаарч эхэлжээ, Уг чиглэлээр хамтарч ажилладаг байгууллага, захиалагчдад дотоод тохижилт, зохион байгуулалтын зураг дизайныг гарган, бүрэн хийж гүйцэтгэж байгаа юм байна.
Өөрийн мэргэжилдээ үнэн зүрхнээсээ хайртай” тэрээр цаашид уран зураг, бүтээл гаргах төлөвлөгөөтэй аж. "Миний бизнесд орж, дэмжиж ирсэн шалтгаан бол тухайн цаг үе, эдийн засгийн хэрэгцээ шаардлага байсан л даа, Өөрөө хөгжиж боловсрохоос эхлээд нийгэмдээ хэрэгтэй юм хийж бүтээх, цаашид бүтээл туурвил гаргах, түүгээрээ өөрийгөө таниулахад эдийн бааз суурьтай байх хэрэгтэй гэж бодсон. Ер нь би хэдэн жилийн өмнө бодож төлөвлөж байсан зүйлээ хийж, хэрэгжүүлж д явна. Одоо уран бүтээл тал руугаа илүү анхаарах, урлантай болох эхлэлээ тавьж байна. Манай Дорнод чинь зураачдын нутаг шүү дээ. Уран зургийн галлерейтэй болж ч болох юм” хэмээн хүүрнэх энэ даруухан залууд эгэлгүй холч ухаан, алсын хараа, хэтийн зорилго, төлөвлөгөө байдаг болох нь анзаарагдана.
Энэ хүсэл сонирхоя, ур дүй нь ч мөн аав ээжээсээ өвлөгджээ гэж хэлэхэд болмоор санагдана. Түүний аав ээж өөрийн гэр орноо үндэсний уламжлалт тавилга сэлтээр тохижуулаад зогсохгүй, гэр музейн сийлбэртэй, шургуулгатай ор, модон сандал, ширээ, шүүгээ, жааз, сав суулга, тэвш, эвэр болон модон хундага, аяга үйсэн урлал, морины
Иж бүрэн хэрэглэл, хазаар ногт чөдөр зэрэг төрөл бүрийн эдлэл хийж уралдаан тэмцээнд оролцон олны хүртээл болгодог байсны дээр, уг гэр музей нь 1998 оны "Алтаргана” наадамд алтан медаль, 2000 онд хүрэл, 2002, 2004 онуудад мөнгйн медаль хүртэж байжээ.
Энэ сайхан уламжлалыг өвлөн залгамжилж яваа хүүгийн хувьд тэрээр үндэсний урлал, хээ угалзын талаар судалж, гурван жил дараалан оюутны Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэн, 1997 онд "Үйсэн урлал” сэдвээр баклаврын дипломын ажлыг амжилттай хамгаалжээ. Ер нь Тэрээр өөрийнхөө сурч боловсрох хэрэгцээг ч орхигдуулаагүй явж ирснийг 1999- 2001 онд Удирдлагын хөгжлийн академид суралцан Боловсролын менежер, 2008 онд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан зэргээс харж болно. Мэргэжил боловсролынхоо дагуу 2001-2002 онд аймгийн Боловсрол соёлын газарт дэд захирлын албыг хашиж, богинохон ч гэсэн тодорхой хугацаанд төрийн албанд зүтгэж явсан юм. Гэвч тэрээр хувийн хэвшилд, бие дааж, өөрийнхөө хүч чадлыг сорихоор шийдэн, өргөдлөө өгч гарчээ. Одоо тэрээр ээжийнхээ эхлүүлж, хэвлүүлсэн цуврал номын 2-р дэвтрийг хэвлэлд бэлтгэж байгаагаас үзэхэд боловсролын талаа ч орхиогүй явна.
Аливаа хүний ажил амьдралын түшиг тулгуур, үнэнч зөвлөх нь түүний хань байдаг. Адилбаярынх хэмээх айлын хос баганыг түшилцэж, хөөрхөн хүүгээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ, хотол олондоо үйлчлэх бизнес, үйлчилгээг нь дэмжин тусалж яваа гэргий нь Аюушийн Ариунтуяа гэх сайхан бүсгүй бий. Тэрээр ТИС-ийн ноос, ноолуурын технологийн ангийг дүүргэн, Монголдоо нэртэй "Говь” комбинатад цехийн инженерээр ажиллаж байгаад 2001 онд нөхрийнхөө хамт ажиллаж, амьдрахаар, Дорнод аймагтаа ирж суурьшан байна. Ер нь ч тэр хоёр нэг нутгийнх юм билээ. Ариунтуяагийн хувьд эмэгтэй хүний гярхай нүд, нарийн торгон мэдрэмж, хүнтэй харьцах эв дүй, удирдан эохион байгуулах арга барил, туршлага гээд олон давуу чанаруудаараа ханийнхаа ажилд туслан дэмжиж, зөвлөн гүйцэтгэдэг ажээ.
Ханийнхаа тухайд "Манай Туяагийн цех удирдан ажиллаж байсан туршлага нь их нөлөөлдөг байх. Хамт олноо удирдан нэгтгэх, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх тэр харилцааны нарийн ур дүй, арга барилыг давуу эзэмшсэн гэж би боддог. Бас их торгон мэдрэмжтэй. Яавал илүү зохистой вэ гэж бодон ханиасаа асуухад, тэгвэл л зүгээр юм даа гэхэд яг л тэр нь үнэхээр тохиромжтой болж таардаг тийм нэг гярхай нүд бий шүү” хэмээн Адилбаярын сайшаахад гэргий нь, "Миний хань чинь бас аливаа шинэ санаа сэдлийг олох, хэрэгжүүлэх, бусдад зөвлөхдөө илт давуу, юмыг дандаа зөв өнцгөөс нь харж, сайн сайхнаар төсөөлж чаддаг үнэлүүштэй, эрхэм чанар бий. Үүнийгээ дагаад ажил үйлс нь ч бүтэмжтэй, өөдрөг сайхан байдаг юм аа. Зөнгөөрөө л нэг явахад нь, аандаа л бүтэж байдаг. Тийм болохоор би нэг их ажилд нь оролцоод, шавдуулаад байдаггүй, аяндаа л бүтчихнэ дээ гэж боддог. Ёстой л нэг "санаа сайн бол заяа сайн” гэдэг энэ байх даа” хэмээн бахдан өгүүлэв.
Үүнийг сонсож суусан би Адилбаяраас "Өөрөө залхуурдаг уу?” гэж асуучхаад, "орондоо орох завгүй олзлолдон булаалдах бүлгээ”: гэдэг шиг л амсхийх чөлөөгүй ажилч шаргуу байх тухай ярих байх даа хэмээн бодож суутал, "Би ер нь залхуу шүү. Гэхдээ залхуу байдлаа даврааж, өөгшүүлэхгүйн тулд үргэлжийн ажил төлөвлөж, ундрааж байдаг. Тэгээд түүнийгээ алхам алхмаар хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл сул талаа давуу тал болгон ашигладаг юм” гээд инээж билээ. Ёстой л нөгөө өөрийнхөөрөө байх эрхэм чанар нь энэ биз. Илүү дутуу хиймэл зангүй, гүдэсхэн эр юм. Бас их уян зөөлөн, уужуу тайван, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй нэгэн бололтой. Миний ийнхүү бодсон нь, бусдын хэрэгт дурласандаа бус хүнээ таних нэгэн алхам болгож, түүний хувийн хэргийг өөрөөс нь зөвшөөрөл авч үзвэл тэнд "...Хэрцгий ууртай хүнийг үзэн яддаг байдал ажиглагдана...” гэсэн Дашдорж багшийн маань бичиг дурайж байсныг энэ бүхэнтэй холбон ойлгосноос тэр л дээ.
Нэрт сэтгэгч Демократ "Хүний сайн муу зөвхөн хийж байгаа үйлдлээсээ биш, хүсч байгаа зүйлээсээ ч танигддаг” хэмээн айлдсан байдаг. Тэгвэл Адилбаярын "Хүний соёл дээр амьдрахыг хүсдэггүй. Бэлэн юм бол сайхан юм биш. Тийм болохоор өөрөө зүтгэж, өөрөө хийж бүтээн, өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөөрөө амьдрах нь бүхнээс илүү тааламжтай” гэх энэ үг түүний ухааны цар, сэтгэлийн чанарыг илтгэнэ. Тэрээр зондоо тустай явж, нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг хүсдэг төдийгүй түүнийгээ ч биелүүлж, соёл боловсрол, эрүүл мэнд, халамж асрамж, урлаг спорт гээд нийгмийн янз бүрийн салбарын олон
байгууллага, хувь хүмүүст хандив туслалцаа үзүүлж, жилдээ чамгүй мөнгө хөрөнгө зарцуулдаг юм билээ.
"Аливааг гэрэлтэй сайхнаар харж, гэгээн тунгалгаар төсөөлөн, эерэг бодол, зөв сэтгэлтэй явахад, тэр хэрээр ажил үйлс минь бүтэж, талархан баярласан хүмүүсийн сэтгэлийн сайхнаар бид тэтгэгдэн, өөдлөн дэвжиж, өргөжин тэлж байгаа гэж би ойлгодог” хэмээн өгүүлэх тэрээр саяхан л гэхэд Дашбалбар сумынхаа 10 жилийн дунд сургуулийн ойд зориулан 5 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн хөдөлмөрийн кабинет байгуулж, хүлээлгэн өгсөн, буриад мож харвааг хөгжүүлэхэд санаачилгатай хандаж ивээн тэтгэсэн, аймгийнхаа 80 жилийн ойд зориулан хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан гээд олон зүйлийг хийж амжуулсан байх юм.
Хийж бүтээснээрээ овоглон яваа "Хайтан”-гийн Адилбаяр буюу Паршины Адилбаяр хэмээх энэ эгэл залуугийн тухай цухас өгүүлэхэдийм буюу. "Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч”, сэтгэл зүрх хоёртоо байгаль ээжээ багтаан, түүндээ л ойрхон амьдрах ойрын хүсэл, холын бодолтой түүний санаж сэдсэн бүхэн амжилттай байж, бүтээл туурвил арвин байх болтугай.
"Дорнодын бүтээлч эрчүүд"- номоос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих