Зам тээврийн яамны өнөөдрийн шуурхай хуралдаанаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Сайдын шуурхайд хоцорсон, тасалсан дарга нарт хариуцлага тооцохоор болжээ. Тухайлбал, тус яамны ТЗУХЭГ-ын дарга Б.Занданбат өглөөний шуурхайд ирээгүйгээс өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд Сайдын шуурхайд танилцуулагдаагүйд ийнхүү арга хэмжээ авахаар болсон аж.
Мөн үүний зэрэгцээ ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа нь Сайдын шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх, МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр ОХУ-ын Новосибирскт гурван цаг саатаж зорчигчдод хүндрэл учруулсан тул МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханд тус тус арга хэмжээ авахаар болжээ.
Түүнчлэн Авто тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэвт ОХУ-ын хилээр гардаг автомашинд олгодог цэнхэр тасалбарын үнэ 15 мянган төгрөг байтал 700 мянган төгрөг болон дамлагдаж байгааг өдий болтол алдааг засаж залруулаагүй тул мөн арга хэмжээ авахаар болж, тус яамны АЗБХЗГ-ын даргад энэ 7 хоногт багтаан цэнхэр тасалбар дамлаж байгаа асуудлыг зогсоох үүргийг өгчээ.
Мөн энэ үеэр Сайдын шуурхайд оролцдог мэргэжлийн дөрвөн холбоодыг дэмжиж, хийж гүйцэтгэх, хариуцуулах боломжтой төрийн ажлуудыг даалгаж эхэлсэн бөгөөд ирэх 7 хоногийн шуурхайд саналаа ирүүлэхийг зөвлөжээ.
Салбарын сайд М.Зоригтын зүгээс шуурхай хуралдааны үеэр Далайн захиргаа Сингапур болон бусад оронд суудаг мэргэжилтнүүдээ бүгдийг эргүүлэн татах, өнгөрөгч 9-р сарын 25-нд усан тээвэр, усан аялал зогссон тул зөрчиж байгаа тохиолдлыг яаралтай мэдэгдэж, хариуцлага тооцохыг холбогдох хүмүүст үүрэгджээ.
Мөн түүний зүгээс "УБТЗ рэйлбусаа яаж ашигтай ажиллуулах талаар ажиллахгүй байна. Зорчигчдоос ашиг олно гэж байхгүй. Явуулын шоу, төрсөн өдөр, найр хурим зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын хэлбэрээр мөнгө олж болох аргуудыг судалж ажилла. Богдхан төмөр төмөр замын асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруул. Одоо ганцхан маршрутын асуудал үлдээд байна. Яаралтай шийдвэрлэ. Яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга ажлаа мэддэггүй юм байна, мэдэхгүй хүн ажил хийхгүй. ТНБД энэ хүндээ арга хэмжээ ав. Авто замыг нээчхээд комисс хүлээж авдаггүй байдлыг дүрмээр яаралтай зохицуулж, Засгийн газраар батлуулах ажлыг яаралтай шийдвэрлэ. Чингис хаан олон улсын нисэх буудал 11-р сарын 1 гэхэд орон нутгийн заалаа олон улсын нислэгт давхар ашиглаж эхэлнэ. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын газрын асуудал шийдэгдсэн тул УБТЗ "Жем нэт"-тэй ярьж тохиролцоод газрыг нь хурдан чөлөөлүүл” хэмээгээд Улаанбаатар хотын утаа, хог хаягдал, тэр дундаа цэвэрлэх байгууламжийн үнэр онгоцны нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг Хотын дарга, удирдлагуудад сануулж, яаралтай арга хэмжээ авахыг даалгажээ.
Р.Улам
TIME.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих